Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/27 

 

У.Б, Ж.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/148 дугаар цагаатгах тогтоолтой, цагаатгагдсан этгээд Ж.А, У.Б нарт холбогдох эрүүгийн 2013000450050 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 хүнтэй, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан Б овогт Ж-ны А /РД: БЖ00000000/,

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1 хүн, Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ш овогт У-ны Б /РД: БЙ00000000/ нар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах иргэн М.Х-гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 3 кг ууттай гоймон, 1 уут давс хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/148 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр  зүйлийн 1.1 дэх хэсэгт зааныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, У.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013000450050 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.А, У.Б нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Яллагдагч Ж.А, У.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах иргэн М.Х-гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар,  хууль бусаар нэвтэрч 3 кг ууттай гоймон, 1 уут давс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгасныг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуульд хуульчлахдаа “... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан бол...” гэж заасан ба мөн хуулийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун хэмжээний нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тодорхойлсон байдаг. Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй  бол...” гэж заасан. Хулгайлах үйлдлийг дээрх байдлаар Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд ялгаатай зохицуулсан байдаг ба хохирлын хэмжээ нь бага  хэмжээ буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээ байвал өмчлөх эрхийн эсрэг зөрчил, хохирлын хэмжээ нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ байвал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Монгол Улсын Үндсэн хуульд хүний орон байрны халдашгүй эрхийн талаар зохицуулсан байдаг ба энэ эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалах үзэл баримтлалыг 2015 оны Эрүүгийн хуульд тусгасан. Энэ ч үүднээс 2017 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хууль тогтоогч тайлбар нэмж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтрэн үйлдэж байгаа хэмжээний хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байхаар хуульчлан тайлбарласан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг хохирлын хэмжээнд хүрээгүй боловч орон байранд нэвтэрсэн хулгайн үйлдлийг үйлдлээр нь хүндрүүлэн зүйлчлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ.Гэтэл анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч У.Б, Ж.А нар нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, шүүхээс хөнгөн ял оногдуулахыг хүссэн байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 148 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж дүгнэв.

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 61/А дугаар яллах дүгнэлтээр Ж.А, У.Б нарын холбогдсон 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах хохирогч М.Х-гийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 3 кг хэмжээтэй гоймон, 1 уут давсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримуудыг, тухайлбал 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд , 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, мөн өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч М.Х-гийн “Би анх мэдүүлэг өгөхдөө хүү Ад сургамж болог гээд хэд хэдэн зүйлсийг нэмээд хэлчихсэн юм. ... тэр өдөр манайхаас 3 кг савлагаатай задлагдаагүй шинэ гоймон болон 1 кг хэмжээтэй 1 уут давс алдагдсан байна. ... Уг цоожнуудыг аваад удаж байгаа, ... тус хоёр цоож нь чангаар татахад онгойчихдог бөгөөд одоогоор цоожлоод болж байгаа.” гэх мэдүүлэг, яллагдагч Ж.А-ын “Байшин руу Б бид хоёр хамт орсон. Миний бие байшингийн хаалганы цоожийг пүрш төмрөөр цохиж эвдэх үед Б миний хажууд байсан. Дараа нь хоёулаа цуг байшин руу ороход Б миний хажууд байсан ба би ... гал тогооны хэсгээс гоймон, давс аваад гарсан...” гэх мэдүүлэг, яллагдагч У.Бийн “Би хашааны гадна 30 гаруй минут зогссон бөгөөд А ... ирэхгүй байхаар нь байшин руу ороход гаднах хаалга болон дотор хаалганы цоож нь эвдэрсэн байдалтай байсан ... би доторх хаалгыг татах гэж байтал цаанаас нь А гараад ирсэн. Тухайн үед А-ын гарт Лапша нэртэй гоймон, 1 ширхэг бүтэн гоймон байсан” гэх мэдүүлэг  зэргийг харьцуулан дүгнэвэл, цагаатгагдсан этгээд Ж.А, У.Б нарын хохирогч М.Х-гийн байшингийн цоожийг хадааснаас нь сугалж эвдэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна.

 

            Учир нь (1) цагаатгагдсан этгээд Ж.А нь хохирогч М.Х-гийн хүү нь бөгөөд түүний яллагдагчаар өгсөн “Б анх захаас тааралдаад надад архи уумаар байна, ганц юм байна уу гэхээр нь би түүнд “хоёулаа цуг манай гэр лүү очъё, тэндээс нэг юм олдох байх гэж хэлээд, түүнийг дагуулаад явсан. Гэтэл манай ээжийн гэр цоожтой байхаар нь цоожийг нь эвдэж орсон” гэх мэдүүлгээс дүгнэвэл, Ж.А, У.Б нар бусдын орон байранд нэвтэрч, хулгай хийнэ гэсэн сэдэлтээр бус, харин Ж.А нь өөрийнхөө ээжийн байшинд орж байна гэсэн сэдэлтээр хохирогч М.Х-гийн байшинд нэвтэрсэн, (2) байшингийн хаалганы цоож, бэхэлгээний талаар хохирогч “чангаар татахад онгойчихдог” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь хэргийн газрын үзлэгээр авсан гэрэл зургаар батлагдсан, (3) хохирогч М.Х нь анх цагдаагийн байгууллагад гомдол гаргах үед түүний орон байранд нэвтэрсэн хүнийг өөрийн хүү Ж.А гэдгийг мэдээгүй байсан талаар мэдүүлэг өгсөн, (4) түүний байшингаас Ж.А, У.Б нар 3 кг ууттай гоймон, 1 уут давс авсан зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нийгмийн аюулын хэр хэмжээ нь хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “өмчлөх эрх”, “орон байрны халдашгүй дархан байх үндсэн эрх”-д бодит хохирол, хор уршиг учруулаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан ялимгүй хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан Ж.А, У.Б нарын дээрх үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ойлголт, шинжийг удирдлага болгож зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын хууль хэрэглээтэй холбоотой гаргасан эсэргүүцлийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/148 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                                   

Д.КӨБЕШ