Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/18

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, шүүгдэгч О.Ганхуяг, М.Мөнхноров  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Ганхуяг, М.Мөнхноров нарт холбогдох эрүүгийн 201621000286 дугаартай, 153/2017/0018/Э/ индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар  сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Яргай овогт Огжоогийн Ганхуяг, 1971 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 45 настай,эрэгтэй, ПЗ71092114 регистрийн дугаартай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт  Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт  оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ээмдээ овогт Мөнх-Эрдэнийн Мөнхноров, 1971 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин,ПЗ71052514 регистрийн дугаартай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт  оршин суух, ял шийтгэлгүй гэх

                                      Холбогдсон хэргийн талаар:                              

Шүүгдэгч О.Ганхуяг, М.Мөнхноров нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Зэгэстэйн гол гэх газраас тус багийн иргэн Ц.Энхтөрийн 6 тооны үхэр бүлэглэн хулгайлсан  гэмт хэрэгт  холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч О.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би малаа хайж яваад С.Баасангийн хашаанд үхэрнүүд байхыг харсан.Тэгээд мал эргүүлж яваад М.Мөнхноровтой таараад “ тэнд үхэрнүүд хашаанд байна” гэж хэлсэн чинь хоёулаа очоод гаргачихъя гээд бид хоёр 2016 оны 10 дугаар сарын 16-ны орой үхэрнүүдийг хашаанаас гаргасан.Нэг үхэр зугтахаар  араас нь М.Мөнхноров явсан.Би үлдсэн үхэрнүүдийг усалчихаад шахаад байж байсан.Би “ наад үхрээ алдаж болохгүй шүү.Сумын хэсгийн төлөөлөгчид хэлье” гэсэн чинь М.Мөнхноров “би хэлчихье” гэсэн.Тэгээд орой нь хэсгийн төлөөлөгч Б.Гансүх ирээд үхэрнүүдийн зургийг аваад “ эзнийг нь олтол та нар харж ханд “ гэж хэлээд явсан.Би тухайн үхэрнүүдийг цаанаас тууж ирээгүй, хэн тэр пүнзэнд хашсаныг мэдэхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна  гэв.

Шүүгдэгч М.Мөнхноров шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ц.Энхтөрийн 6 тооны үхрийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зэгстэйн голоос тууж авчраад С.Баасангийн хашаанд хашсан байсныг О.Ганхуяг харсан байсан.Би О.Ганхуягт үхэр авчирч хашсан тухайгаа хэлээгүй.Буруу зүйл хийснээ мэдээд тэр оройгоо Б.Гансүхэд хэлсэн.Гансүх “би хэдэн үхэр харж байснаа алдчихлаа, та үзэв үү” гэхээр нь “ О.Ганхуягийн хашаанд байгаа.Нэг нь зугтаад явахаар нь хойно авчирч уячихаад одоо орж ирээд сууж байна.Чам руу ярьж хэлэх гэж байлаа” гээд бид хоёр О.Ганхуягийнд хамт очсон.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй  гэв.  

Хохирогч Ц.Энхтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манайх Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн Зэгэстэйн гол гэх газар намаржиж байхад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай 6 тооны үхэр алдагдсан.Би үхрээ баахан хайсан боловч олдоогүй.Тэгтэл 2016 оны 10 дугаар сарын 20-ны үед Мянгад сумын хэсгийн төлөөлөгч Б.Гансүх над руу яриад  манай хулгайд алдагдсан үхэрнүүдийг хүлээлгэн өгсөн.Манай алга болсон үхэрнүүд нь хар зүсмийн 3 настай эм үхэр, хар халзан зүсмийн 3 настай эм үхэр, хар зүсмийн 3 настай эр үхэр, улаан зүсмийн 3 настай  эм үхэр, улаан халзан 3 настай эр үхэр, духандаа сартай улаан эр бяруу,нийт 6 тооны үхэр байсан. Манай үхэрнүүд дөрөөвч болон хэрчим имтэй байсан  гэжээ. / хх-20-р хуудас/

Шүүгдэгч О.Ганхуяг сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:би 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт малаа хайгаад морьтой явж байтал Шинэ худаг гэх газар С.Баасангийн хаваржааны гэр хэлбэртэй малын пүнзэнд 6 тооны үхэр хашчихсан байхаар нь харчихаад явсан.Тэгээд Цагаан тохой гэх газар мал хариулж явсан М.Мөнхноровтой таараад С.Баасангийн хаваржааны хашаанд 6 тооны үхэр хашчихсан байна гэж хэлэхэд орой очоод авчихъя гэсэн.Бид хоёр орой 18 цагийн үед тухайн амбаар дээр ирэхэд пүнзэн амбаарын хаалгыг гадна талаас нь чулуугаар дарчихсан, төмөр утсаар боосон байдалтай байсан.Би мориноосоо буугаад пүнзнээс үхэрнүүдийг гаргаад  Цагаан тохой гэх газар байх манай гэрийн зүг туугаад явж байтал улаан халзан зүсмийн 3 настай эр үхэр салаад зугтаахаар нь М.Мөнхноровыг араас нь явуулахад “гүйцсэнгүй” гээд буцаж ирсэн. Тэгэхээр нь  олж ирэхгүй бол болохгүй гээд 5 үхрийг малын хашаандаа хашчихаад гэртээ ороод унтаж байтал хэсгийн төлөөлөгч Б.Гансүх ирсэн гэжээ. /  хх- 64-65-р хуудас/

Шүүгдэгч М.Мөнхноров сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэр Гэгээний буйр гэх газар  мал хариулаад явж байтал О.Ганхуяг ирээд Шинэ худаг гэх газар С.Баасангийн хаваржааны гэр хэлбэртэй пүнзэнд 6 тооны үхэр хашчихсан байна гэж хэлсэн.10 дугаар сарын 16-ны орой намайг гэртээ байж байтал О.Ганхуяг ирээд нөгөө үхэрнүүд дээр чинь ерөөсөө хүн ирэхгүй байна гэхээр нь бид хоёр 18 цагийн үед тухайн хашаан дээр очиход хаалгыг нь чулуугаар дарчихсан, төмөр утсаар боосон байдалтай  байсан.Бид хоёр үхрийг гаргаж Цагаан тохой гэх газар байх О.Ганхуягийн гэр лүү тууж явсан. Замдаа би улаан халзан зүсмийн 1 тооны үхрийг салгаж туугаад гэрийнхээ хойд талын түнгэн дотор тушиж байлгаж байгаад 1 цаг орчмын дараа буруу зүйл хийсэн гэдгээ ойлгоод тавиад хөөчихсөн...Би 2016 оны 10 дугаар сарын 10-наас 16-ны хооронд  гэртээ ганцаараа малаа хариулаад байж байсан гэжээ./хх-67-68-р хуудас/

Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11-р хуудас/

Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-13-16-р хуудас/

Малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 17-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт / хх-26-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-73-78-р хуудас/  зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

 

 

Шүүгдэгч М.Мөнхноров  нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч О.Ганхуягтай бүлэглэн иргэн Ц.Энхтөрийн 6 тооны үхэр хулгайлсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.Мөнхноров нь Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Зэгэстэйн гол гэх газраас тус багийн иргэн Ц.Энхтөрийн 6 тооны үхэр хулгайлж Мянгад сумын Цагаанбулан багийн иргэн С.Баасангийн хаваржааны пүнзэнд /нуусан/ хашсанаар хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа шүүгдэгч О.Ганхуяг дээрх нуусан үхрүүдийг авсан үйлдэл нь санамсаргүй олдсон эд хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Ганхуягт эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Мөнхноров нь Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Зэгэстэйн гол гэх газраас тус багийн иргэн Ц.Энхтөрийн 6 тооны үхэр хулгайлж Мянгад сумын Цагаанбулан багийн иргэн С.Баасангийн хаваржааны пүнзэнд нууснаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бий болгосон байна. Иймд шүүгдэгч М.Мөнхноровыг бусадтай бүлэглэн 6 тооны үхэр хулгайлсан гэх үйлдэл нь хавтас хэргийн хүрээнд нотлогдоогүй тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 -д зааснаар хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь хохирол төлбөргүй болох нь малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-17-р/, хохирогчийн ... миний бие О.Ганхуягаас 6 тооны үхрээ бүрэн гүйцэт хүлээн авсан тул  хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй... / хх-184-р/ гэх тодорхойлолт, шүүгдэгч нарын  мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 6 үхрийн үнэ болох 1700000 төгрөгийг шүүгдэгч М.Мөнхноровоос гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнхноровыг төлбөр төлөх хүртэл түүний өмчлөлийн 3 настай алхан тамгатай хээр  морь-1, 1 ширхэг суран хазаар  битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ганхуягийн өмчлөлийн 3 настай алх тамгатай хээр  морь-1, суран хазаар-1, тохом-1 битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,   хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүйг дурдаж, шүүгдэгч О.Ганхуягийг энэ өдрөөс эхлэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч М.Мөнхноровыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290  дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Яргай овогт Огжоогийн Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар, шүүгдэгч Ээмдээ  овогт Мөнх-Эрдэнийн Мөнхноровыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ээмдээ овогт Мөнх-Эрдэнийн Мөнхноровыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О.Ганхуягийг санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Ээмдээ овогт Мөнх-Эрдэнийн Мөнхноровыг 250 / хоёр зуун тавин/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар шүүгдэгч Яргай овогт Огжоогийн Ганхуягийг 02 / хоёр/ сар 10 / арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч М.Мөнхноровт албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч О.Ганхуягт оногдуулсан 02 сар 10 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ 1.700.000 төгрөгийг шүүгдэгч М.Мөнхноровоос гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-д зааснаар шүүгдэгч М.Мөнхноровын 3 настай алхан тамгатай хээр  морь-1, 1 ширхэг суран хазаар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ганхуягийн 3 настай алх тамгатай хээр  морь-1, суран хазаар-1, тохом-1ш эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч М.Мөнхноровт урьд авсан  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч О.Ганхуягт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС