Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0680

 

 

 

 

 

 

    2022         09          15                                     128/ШШ2022/0680

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т****

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э********** нарын хоорондын “А****** ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болгосон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т****,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч А********* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “А********* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болгосон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгуулах” гэж өөрчилжээ.

             2. Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3/3527 тоот албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 9/3623 тоот албан бичгүүдээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандахад мөн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/4335 тоот албан бичгээр авсан тул 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

             3. Нэхэмжлэгчээс А********** ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг дараах үндэслэлээр хууль бус гэж үзжээ. Үүнд:

             1) Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сумын Засаг даргад хүргүүлж батлуулах гэсэн боловч татгалзсан хариу өгсөн тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалаа хуульд заасан хугацаанд бүрдүүлэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай болсон тул Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх тайлбараа удаа дараа гаргаж байсан,

             2) Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахаас хууль бусаар татгалзсан тухайн сумын Засаг даргатай шүүхээр маргаан үүсгэж байхад цаг үеийн нөхцөл байдлыг хариуцагч байгууллага хүлээн авахгүй зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийг баримтлан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байгаа гэв.

             4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А********* ХХК нь Г******* аймгийн Т**** сумын И*** Б**** нэртэй газарт 15956,56 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-****** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу эзэмшдэг. Манай компани нь хайгуулын ажлын төлөвлөгөөг холбогдох албан тушаалтнуудаар шалгуулж, батлуулсан. 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Г-****** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнээр хянуулж батлуулсан. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар “тус байгаль орчин менежментийн төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байршиж байгаа сумын Засаг даргад хүргүүлж батлуулна” гэж заасны дагуу батлуулахаар хүргүүлсэн боловч татгалзсан хариуг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. Ингээд холбогдох материалуудыг бүрдүүлэн Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн боловч бүрдэл дутуу материалыг хүлээн авахгүй гэсэн шалтгаанаар буцаагдсан ба “...тус материалыг хүлээж авах боломжгүй, шүүхээр шийдвэрлүүл...” гэж хэлсэн.

             Үүний дагуу 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Г-****** аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж өгөхөд захиргааны хэрэг үүссэн.  Ингээд шүүхэд хандсан учраас 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болон 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрүүдэд Ашигт малтмал, газрын тосны газарт “...Тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд сунгуулах боломжгүй байна...” гэж тайлбарлаад мөн Г-******** аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүссэн учраас тус хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг хойшлуулах тухай хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн. Дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байхад манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа эс үйлдэхүй байна гэж үзэж байна. Хариуцагчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн болон 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгүүдээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн эс үйлдэхүйг эс зөвшөөрч тус газрын даргад хандсан боловч мөн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “...Боломжгүй...” гэсэн хариуг мэдэгдсэн. Эдгээр нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагадаа хавсаргаж өгсөн.

             Хариуцагч байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6, мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.5-д заасныг зөрчиж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж үзэж байна. Иймд А******** ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах болоогүй байхад хариуцагчид хандсан байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө материалаа өгсөн боловч хүлээн аваагүй” гэв.

             5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******** шүүхэд ирүүлсэн  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбараа шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч компани нь Ашиг малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 4 материалыг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Анх Г-******* аймгийн Т******* сумын нутаг И*** Б***** нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-******  дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын  газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр “Э*******” ХХК-д олгож, мөн даргын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр А******** ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах...”-аар, 22.2-д “...нөхцөл шаардлагыг хангасан ...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэх”-ээр хуульчилсан байна.

4. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч А******** ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө гаргахаар байх бөгөөд хэрэв энэ хугацаанд гаргаагүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж зааснаар түүний тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болохоор байна.

5. Гэвч нэхэмжлэгч компаниас “...Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн хайгуулын талбайн байрших сумын Засаг даргаар батлахаас хууль бусаар татгалзсан тул шүүхээр маргаж байх хугацаанд дээрх хуулийн хугацаа дууссан, энэ талаар захиргааны байгууллагад удаа дараа хүсэлтүүдийг гаргасан...” гэж тайлбарлан маргаж байна.

6. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч А******** ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын хууль эрх зүйн хэлтэст 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 21/10 дугаартай, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 21/12 дугаартай албан бичгээр хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын хууль, эрх зүйн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 9/3626 дугаартай албан бичгээр “...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэсэн хариу өгч, харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн болон 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийн хариуг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/3527 дугаартай, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/4335 дугаартай албан бичгүүдээ хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна.

7. Дээрх хуулийн заалтуудыг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох материалуудын хамт төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоор заажээ.

8. Харин төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд аливаа шийдвэр гаргах талаар хуульчлаагүй байна.

9. Мөн нэхэмжлэгч А********* ХХК нь “...хариуцагчийн тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй байна.

10. Эс үйлдэхүй гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтан үүргээ гүйцэтгэхгүй байх, хийх ёстой үйлдлээ хийхгүй байхыг ойлгохоор байх бөгөөд тухайн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтэд “татгалзсан” хариуг тухай бүр хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эсэх талаар баримт байхгүй тул хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтныг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж тогтоох боломжгүй байна.

11. Хэдийгээр шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр Г-* аймгийн Т сумын Засаг даргын “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдэл нь хууль бус болох”-ыг тогтоосон боловч нэхэмжлэгч А********* ХХК нь үүнээс хойш хариуцагч захиргааны байгууллагад хандсан талаар баримтаар тогтоогдохгүй байна.

12. Иймд хариуцагчийг А********* ХХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдэх гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон                                                         

ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэг, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан А******** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “А******** ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болгосон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                     ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ