Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02190

 

С.Ө-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01899 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Өы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Гад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 060 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ө түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Г түүний өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гтай 2015 оны 9 сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 850 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 30 хоногт 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, уг өдрөө бэлнээр олгосон. Тухайн үед нөхрийгөө ирэхээр 1 сарын дараа буцаан өгөхөөр амлаж байсан. Гэвч одоог хүртэл зээлдүүлсэн мөнгөө Б.Гаас авч чадаагүй байгаа буюу утсаа салгасан. Гэрээний 2.1, 3.1, 4.1 дэх заалтуудыг зөрчин үүргээ огт биелүүлээгүй өнөөдрийг хүрч хохироосон тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнийт төлбөр 6 060 600 төгрөгийг Б.Гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.  Б.Г нь С.Өтай 2015 оны 9 сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5 850 000 төгрөгийг авсан гэж гарын үсэг зурсан юм. Үнэн хэрэгтээ энэ зээлсэн гэх 5 850 000 төгрөгөөр С.Өы байшингийн дээврийн материалыг авсан.  С.Ө нь нөхөр Г.Гтай 2015 оны 7 сарын 3-ны өдөр амины сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нөхөр Г.Г нь С.Өы амины орон сууцыг барьсан.  Уг барилгын ажлаа хийж дуусаагүй барилгын дээвэр хийх дутуу байхад нөхөр Г.Г нь хийгээгүй хэргийнхээ төлөө урьдчилан цагдан хорих төвд 1 сар хоригдсон бөгөөд одоо уг хэрэг нь цагаатгагдсан болно. Энэ нэг сарын хугацаанд С.Ө нь намайг янз бүрээр дарамталж надаас мөнгө зээлсэн болгож, хүчээр гарын үсэг зуруулж тэр мөнгөөрөө өөрийнхөө амины орон сууцныхаа дээврийг барьсан. Зээлсэн гэх мөнгөнөөс нэг ч төгрөг өөртөө хэрэглээгүй, нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Өы хариуцагч Б.Гад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 060 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 3 370 төгрөг, 2018 оны 6 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 108 500 төгрөг, нийт 111 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 49.6 төгрөгийг нэхэмжлэгч С.Өаас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтууд болон тайлбаруудыг зохих ёсоор үнэлээгүй. Анхан шатны шүүх Б.Гыг өөрийн хэрэгцээнд зориулж, зээл аваагүй гэж үзэж байгаа ч гэр бүлийнхээ гишүүн Г.Гын үүргийг биелүүлэхэд зориулж өөрийн санаачилгаар зээл авсан нь дээврийн материалыг худалдан авагч Г.Г гэсэн нэр дээр захиалснаас харагдаж байна. Анхан шатны шүүхэд ирүүлсэн  баримтыг огт хэрэгсэхгүй, дурьдалгүй орхисон.  Орлогын баримтад 30 ширхэг дээврийн төмрийг нэг бүрийн үнэ 14,000 төгрөгөөр тооцож, нийт үнийн дүнг 420,000 төгрөг гэж бичсэн байх бөгөөд "Т" ХХК бараа материалын буцаалтаас 10% буюу 42 000 төгрөг суутгаж, нийт үнийн дүнг 378 000 төгрөг өгсөн гэж бичсэн байна. С.Ө би Б.Г болон Г нарт хүч хэрэглээд банк, дээврийн компани болон гадуур дагуулаад явах боломжгүй.  Зээл олгох, дээврийн материал авах эдгээр процессуудад инженер Г хамт явж байсан бөгөөд хэргийн, талаар бүх нөхцөл байдлыг мэдэж байсан Гийг гэрчээр асуух боломжтой байхад тухайн үед хоригдож байсан тухайн хэрэгт хувийн ашиг сонирхол, хамаарал бүхий Б.Гын нөхөр болох Г.Гыг гэрчээр оролцуулсан нь хууль бус юм. Нэмэгдүүлсэн хүү 35 100 төгрөгийг хасч тооцон 6 025 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй.

 

Гэрээнд заасан сарын 3 хувийн хүүг төлөх нь Б.Гын үүрэг тул нэхэмжлэлээс 6 025 500 төгрөгийг хангахаар шүүхийн шийдвэрийн 1 ба 2 дахь хэсгийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Б.Гад холбогдуулан зээл, хүү 6 060 600 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “авсан мөнгөө 100 хувь буцаагаад нэхэмжлэгчийн байшингийн дээвэрт зарцуулсан. Б.Гын нөхөр Г.Г нэхэмжлэгчтэй амины сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй байсан бөгөөд дээврийн ажлаас бусдыг бүрэн хийсэн байсан” гэж маргажээ. /хх-ийн 1, 18/

 

Хэргийн баримтаас үзэхэд  Б.Г нь С.Өтай 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 5 850 000 төгрөгийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан ч уг мөнгөө “..,нэхэжлэгчийн байшингийн дээвэрт 100 хувь зарцуулж, нөхрийнхөө гүйцэтгэх ёстой үүргийг өмнөөс нь гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Гэрчээр асуугдсан Г.Г”.., Өтай  амины орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, барилгыг барьж байх хугацаандаа баривчлагдаж хорих газарт хоригдсон. Анх 58 000 000 төгрөгөөр тохирч байшингийн ажил эхлэхэд 23 000 000 төгрөг авсан, дараа нь 23 000 000 төгрөг авсан. 12 000 000 төгрөг аваагүй, үлдэгдэлтэй байгаа” гэжээ. Хариуцагч тайлбарлахдаа” .., миний нөхөр нэхэмжлэгчийн байшингийн дээврийн ажлаас бусдыг хийсэн байсан” гэжээ. /хх-ийн 18, 67-68/

 

Хэдийгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь авсан зээлээ юунд зарцуулснаас үл хамааран буцаан төлөх үүрэгтэй ч зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нэхэмжлэгчийн өөрийх нь барилгад дээврийн материал авах зориулалтаар авч зарцуулсан гэж тайлбарлах бөгөөд үүнийг гуравдагч этгээд Г.Гын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт, өглөг авлагын хэмжээтэй холбон тайлбарласан байна.

 

Шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцаа, нэхэмжлэгч хариуцагчаар хэнийг тодорхойлсон, ямар гэрээний үндсэн дээр шаардлага гаргаж байгаа зэргийг тодруулах нь зүйтэй байжээ.

 

Дээврийн материал авсан гэх 5 681 000 төгрөгийн зардал, энэ үйл баримтад гуравдагч этгээд Г.Г ямар хамааралтай нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргаж байгаа тайлбарт үндэслээд хэрвээ хариуцагч мөнгийг буцааж төлөхөөс татгалзаж, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байгаа тохиолдолд н.Гыг хариуцагчаар татах байсан агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ. /хх-ийн 57 дугаар тал/ Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс хариуцагчаар Г.Гыг нэмж оролцуулах, эсхүл гуравдагч этгээдээр оролцуулах эсэх нөхцөл байдлыг тодорхой болгох нь  талуудын маргааны үйл баримтад ач холбогдолтой.

 

Хэрвээ 5 850 000 төгрөгийг дээврийн ажил гэрээгээр хүлээсэн материал авах зардалд зарцуулсан гэж шүүх дүгнэж байгаа тохиолдолд, өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг биш, харин ажил гүйцэтгэх, барилгын материал авах харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа тохиолдолд Г.Г нь энэхүү дээврийн ажлын материалыг авах үүрэгтэй байсан эсэх, Г.Г, нэхэмжлэгч нарын хоорондын тооцоо, хариуцагч нь Г.Гын үүргийг өөрөө шилжүүлэн авсан эсэх зэрэг нөхцөл байдал тодорхой болох ёстой. Дээрх нөхцөл байдал тогтоогдоогүйн улмаас зээлийн гэрээ зохигчийн хооронд байгуулагдсан эсэх, гэрээний үүргийн биелэлт зэрэгт холбогдох дүгнэлтийг хийх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01899 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Өы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД