Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 293

 

                                                              Б.Б-т холбогдох эрүүгийн

                                                                        хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалтай, 1725002220039 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2010 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Боржигон овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-т 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, Б.Б-т оногдуулсан торгох ялыг 2 жил 10 сарын хугацаагаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 28 хоног цагдан хоригдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хорих ялыг торгох ялаар сольж шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцолгүй Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 28 хоногийг торгох ялаас хасч тооцоогүй байх тул энэ талаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч Г.Пүрэвхүүтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй зэргээс гадна шүүгдэгч нь биеийн эрүүл мэндийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй зэргийг харгалзан үзэж хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хорих ялыг торгох ял болгож өөрчлөхдөө түүний 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 хоногийг торгуулийн ялаас дүйцүүлэн хасч тооцоогүй нь буруу байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалд “Шүүгдэгч Б.Б-ийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 28 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй дүйцүүлэн 420.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялаас хасч, Б.Б-ийн эдлэх торгох ялыг хэмжээг 9.580.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн заалт нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН