| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0164/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/151 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/151
2024 02 07 2024/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Э.Мөнхболд (томилолтоор),
шүүгдэгч Е.Б (өөрийгөө өмгөөлж),
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд:
-Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тэнсэж суллагдсан,
-Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөг торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Өмнөговь аймгийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/72 дугаар тогтоолоор эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Е.Б нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ..............гэх бааранд зүс таних хүн болох хохирогч Э.М-тай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар толгой хэсэгт аягаар цохиж духны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун мөрний үений мултрал, зөөлөн эдийн няцрал, зуун шанааны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2.500.000 төгрөг төлсөн. Дахин ийм алдаа гаргахгүй” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Е.Бнь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “......” бааранд хохирогч Э.М-тай үл ялих зүйлийн улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт аягаар цохиж духны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун мөрний үений мултрал, зөөлөн эдийн няцрал, зуун шанааны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Э.М-ын / хх 5 /: “...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед манай ажлын шинэ жил “..........” гэдэг газар болсон. Тэндээс гараад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, ..............бааранд ажлынхантайгаа орсон. Миний хажууд сууж байсан Н гэдэг залуу дээр Е.Б ирээд маргалдаад байсан. Е.Б миний толгой дээр гараа тавиад Н-тай юм яриад байхаар нь “ахын дуу гараа авчаач ээ” гээд гурван удаа хэлсэн. Е.Б тэгсэн чинь миний урдаас хэгжүүрхээд байсан. Тэгэхээр нь нь би Е.Б-ы зүүн хацар луу нэг удаа алгадсан. Е.Б зөрүүлээд намайг пиво ууж байсан аягаараа толгой руу нэг удаа цохьсон. Тэгээд бид хоёрыг ажлынхан салгасан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 327 дугаартай дүгнэлтэд:
Э.М-ын биед духны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун мөрний үений мултрал, зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.
Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 12-13 /
Е.Б-ы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 52-53 /: “...2023 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ажлын газрын шинэ жил болсон ба ..............бааранд орж үйлчлүүлж байгаа С ээлжний танил ах Н-тай мэндлэх гээд очоод тэдний ээлжний Э.М-тай маргалдаж хундагатай гараараа толгой руу нь цохьсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Е.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Е.Б-ы үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч Е.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Е.Б-д ял шийтгэл оногдуулахад эмчилгээний зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Е.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.
Шүүгдэгч Е.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Бусад асуудлаар:
Хохирогч Э.М нь “...цаашид гомдол санал байхгүй...” гэх байр суурийг илэрхийлсэн баримт хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдав.
Шүүхээс шүүгдэгч Е.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Е.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Б-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Е.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Е.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ