Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2019/00091/И |
Дугаар | 134/ШШ2019/00105 |
Огноо | 2019-07-22 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 134/ШШ2019/00105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, С овогт З.Х /РД:..........., утас:................/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........................тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, Улаанбаатар хотод түр оршин суух, ............. ажилтай, С овогт Ж.З /РД:............., утас:................../-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Х, хариуцагч Ж.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З.Х миний бие Ж.Зтой 2007 онд танилцаж, 2009 оны 08 сарын 03-ны өдөр хүү З.Ч төрж, хамтран амьдарч эхэлсэн. 2011 оноос нөхөр бид хоёрын харилцаа муудаж, хардалт бий болж, нэг нэгнээ ойлгох нь ховор болж, үл ойлголцсоор хоёр талд амьдраад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Бидний сэтгэл холдсон эргэн хамт амьдрах боломжгүй болсон. Ингээд бид тусдаа гэр бүл зохиож, амьдран 6 жил болж байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие З.Хын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Х нь хариуцагч Ж.Зд холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.Х, хариуцагч Ж.З нар нь 2008 онд гэр бүл болж, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү З.Ч төрсөн болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ...........захирлын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 89 дүгээр тодорхойлолт, З.Чий №0287319 тоот төрсний гэрчилгээний хуулбар, Ж.З, З.Х нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр талууд цаашид эргэж эвлэрч хамтран амьдрах боломжгүй гэсэн хүсэлт гаргасан үндэслэлээр дуусгавар болгожээ.
Хариуцагч Ж.З нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчдийн хооронд зан харилцааны таарамжгүй байдал үүссэний улмаас цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлж, гэрлэгчид харилцан тохиролцсон, тодорхой хугацаанд тусдаа амьдарсан зэрэг байдлыг үндэслэн тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Гэвч шүүхээс хүүхэд амьдрах газрыг тогтооход шаардлагатай нөхцөл байдлууд болох эцэг, эх нь хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх боломж, ахуйн нөхцөл бололцоо, өөрсдийн ёс суртахууны болон хувийн шинж чанарууд, хүүхэд хэндээ илүү ээнэгшин дассан байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн нөхцөл бололцоо зэргийг харгалзан үзэж хүү З.Чийг эх З.Хын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар С овогт Ж.З /РД:........./, С овогт З.Х /РД:ВБ91071904/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү З.Чийг эх З.Хын асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бат-Оргилд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Згоос 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Хд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА