Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1091

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         12         02                                    2024/ШЦТ/1091

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч: Б.Цэрэнтогтох,

шүүгдэгч: Г.М., түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нар оролцсон эрүүгийн 2409023172031 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н. овогт Г.ын М.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” гэх газарт зөөгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, “...” хотхон, ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М. нь 2024 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны гадна унадаг дугуйн зогсоол дээрээс иргэн Х.Я.ын өмчлөлийн Giant брэндийн Х870 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.    

Эрүүгийн 2409023172031 дугаартай хэргээс:

Хохирогч Х.Я.ын мэдүүлэг /хх-ийн 8/,

Гэрч П.Г.ын мэдүүлэг /хх-ийн 18/,

Д.Г.ын “Хаан” банкны ... тоот данснаас “Голомт” банкны ... тоот данс руу 470.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 20/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 11-13/,

Г.М.ын “Голомт” банкны ... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30/,

Иргэний нэхэмжлэгч П.Г.ын мэдүүлэг /хх-ийн 54/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой /хх-ийн 39-44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Г.М. нь 2024 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20Б байрны гадна унадаг дугуйн зогсоол дээрээс иргэн Х.Я.ын өмчлөлийн “Giant брэндийн “Х870” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Х.Я.ын өгсөн “...Миний бие 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад орой 22 цаг 30 минутын орчимд ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны гадна унадаг дугуйн зогсоол дээр дугуйгаа байрлуулаад, хар өнгийн түгжээгээр түгжээд гэр лүүгээ орж унтсан. Тэгээд өглөө босоод “... байрны оршин суугчид” гэх фэйсбүүк группт “шөнө унадаг дугуйгаа алдсан байна” гэж пост оруулсан байсан. Тэгээд би өөрийн дугуйгаа шалгахад мөн миний унадаг дугуй алга болсон байсан. Миний унадаг дугуй нь Giant брэндийн Х870 загварын улаан саарал өнгийн, Giant гэх бичиглэлтэй, цагаан өнгийн 28 инчийн рамтай унадаг дугуй байсан. Би өөрийн унадаг дугуйгаа 2023 оны 04 дүгээр сард Солонгос улсаас 2.700.000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Гэрч П.Г.ын өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр фэйсбүүкээр унадаг дугуй зарна гэсэн зарын дагуу L.O. Keefer гэсэн фэйсбүүк хаягтай, гар утас нь ... гэсэн дугаартай хүнтэй холбогдож, уг өдөр “Элизабет” хотхоны хойно уулзаж, Giant брэндийн цагаан улаан алаг өнгөтэй унадаг дугуйг 470.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд тухайн хүний “Голомт” банкны ... Мөхбаяр Г. гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд би дугуйгаа унаад явж байхад 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн автобаазын зүүн талд нэг хүнтэй таараад тухайн хүн “энэ миний хулгайд алдсан дугуй байна” гэж хэлээд аваад явсан. Тухайн хүн надад хэлэхдээ миний хийсэн тоноглол таарч байна гээд аваад явсан. Тэгээд би тухайн дугуйг өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр П.Г.ын “Хаан” банкны ... дугаартай данснаас “Голомт” банкны ... дугаартай данс руу 470.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 20/,

          “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...хулгайд алдагдсан гэх унадаг дугуйг 660.000 төгрөгөөр үнэлсэн.” гэх тайлан /хх-ийн 11-13/,

          Иргэний нэхэмжлэгч П.Г.ын өгсөн “...Дугуйг эзэн нь аваад явсан. Би тухайн дугуйг 470.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 56/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М. нь гадаа, байрны унадаг дугуйн зогсоолд дугуй түгжигчээр түгжсэн байсан хохирогчийн унадаг дугуйг түгжигчийг нь эвдлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан талаар хохирогч, шүүгдэгч нараас тодорхой мэдүүлж, уг үйл баримт нь иргэний нэхэмжлэгч П.Г.ын мэдүүлэг, түүний болон шүүгдэгч нарын дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг зөрчиж буюу бусдын эзэмшил, өмчлөлд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.М.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид 660.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч Х.Я. нь өөрийн унадаг дугуйг иргэний нэхэмжлэгч П.Г.аас биет байдлаар буцаан авсан, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Г.М. нь иргэний нэхэмжлэгч П.Г.т хохирол 470.000 төгрөгийг ... тоот дансанд шилжүүлж төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Г.М.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.М.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчийн эд зүйлийг биет байдлаар буцаан өгснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Г.М. нь бүрэн бус дунд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасанд холбогдуулан шүүгдэгч Г.М.ын тухайд гэм буруу дээр маргаагүй, хохирогчид эд зүйлийг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй зэрэг нь түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл бүрдсэн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлсэн, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.М.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” болон мөн хууль, зүйл хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н. овогт Г.ын М.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М.т хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Г.М.т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 8 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” болон мөн хууль, зүйл хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.М.т тайлбарласугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН