| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0968/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/176 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 21.10.2., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/176
2024 02 20 2024/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Э.Уранчимэг,
шүүгдэгч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Б нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
.................ажиллаж байхдаа өөрийн шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн ................. дугаартай хэрэгт .................хэргийн газрын үзлэг хийх ажиллагаагаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хураан авч, эд мөрийн баримтаар тооцогдож, сери дугаараар бүртгэгдсэн 30 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 100 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэр, нийт 1.600.000 төгрөгийг ................. эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байсныг 2022 оны 11 дүгээр сард авч завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Ийм асуудал гаргасандаа гэмшиж байна. Өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж ийм үйлдэл гаргасан. Би хохирлоо төлөх гэсэн боловч ажил хариуцсан хүн нь өөрчлөгдөөд төлж чадаагүй. Дээрх мөнгийг буцаан өгөх зорилгоор аваад яаралтай хэрэг гарсан учир тэр чигтээ явсан. Халаасандаа хийж яваад унагасан юм уу. Хаана үрэгдүүлснээ санахгүй байна. Маш их харамсаж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь .................ажиллаж байхдаа өөрийн шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн ................. дугаартай хэрэгт .................хэргийн газрын үзлэг хийх ажиллагаагаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хураан авч, эд мөрийн баримтаар тооцогдож сери дугаараар бүртгэгдсэн 30 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 100 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэр, нийт 1.600.000 төгрөгийг ................. эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байсныг 2022 оны 11 дүгээр сард авч завшсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Гэрч Ө.Б-ын /1хх 30-32 /: “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “мөрийтэй тоглоом тоглосон” гэх гэмт хэргийн талаарх гомдол над дээр цохогдсон. Ингээд уг гомдлыг хүлээж авах үед хэргийн газрын үзлэгээр хураан авсан покерын читон, хөзөр, бэлэн мөнгө, гар утас зэрэг байсан. Тухайн гар утсанд нь үзлэг хийж оролцогч нарт хүлээлгэж өгсөн. Харин бусад бэлэн мөнгө, хөзөр, читон, шоо зэрэгт үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцож хураан авсан. Уг эд зүйлсийг бүгдийг эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалсан. ...би 2022 оны 08 дугаар сарын 01-ний үед ээлжийн амралтаа авсан энэ үед би өөр дээрээ байсан бүх хэргээ мөрдөгч П-д хүлээлгэн өгсөн. Тэгээд би 09 дүгээр сарын 01-нд ажилдаа буцаж орох үед уг хэргийг харьяаллын дагуу эрүүгийн цагдаагийн алба руу шилжүүлсэн байсан. Тэгээд би хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Уг хэрэг эрүүгийн цагдаагийн албан дээр нэгтгэгдэж буцаж харьяаллын дагуу ирэхдээ мөрдөгч Б.Б дээр цохогдож ирсэн байсан. Тэгээд миний санаж байгаагаар би мөрдөгч Б.Бд тухайн хэргийн эд мөрийн баримт болох бэлэн 1.600.000 төгрөг, покер тоглодог читон, шоо, хөзөр зэргийг хүлээлгэж өгч байсан. Би тухайн үед хураагдсан эд мөрийн баримтуудыг ........... Г.Г-д мэдэгдэж эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалсан. Тухайн үедээ хэлтсийн нярваас “хохирол болон бэлэн мөнгө хадгалдаг данс байдаг уу” гэж асуухад “тийм данс байдаггүй” гэж хэлж байсан болохоор уг бэлэн 1.600.000 төгрөгийг нэг бүрчлэн сери дугаараар нь бүртгэж эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалсан...” гэх мэдүүлэг,
Хэрэг бүртгэлтийн ................. дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 46-137 /,
Гэрч Д.Э-ын / 1хх 35-37 /: “...Би 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймагт өөрийн эзэмшлийн адуу руугаа явах болоод 10-ны өдрийн 16 цагийн үед гэрийнхээ хажуу талын Д.Э-ын 1 давхарт байх Голомт банкны АТМ-ээс өөрийн ХААН банкны данснаас малчин болох Б-ийн цалинг өгөх гэж 600.000 төгрөгийг бэлнээр авсан байсан. ...Тэгээд би 19 цаг өнгөрөөд найз Г-ын ..... оффист ажил дээр нь очсон. Тэгсэн Ганболдын дүү нар хоол унд хийгээд авч ирсэн байсан мөн найз Ганболдтой бизнес эрхэлдэг 7-8 хүмүүс цуг байж байсан. Тэгээд бид хоол ундаа идэж байх үед зарим хүмүүс нь хоорондоо 13 тоглож байсан. Тэгээд тухайн үед 20 цаг өнгөрч байхад бөөнөөрөө 13 тоглохоор болж нэг хүнийхээ дансанд мөнгөө хийгээд тоглоомоо эхлэх гэж байсан. Тэгсэн чинь гаднаас гэнэт баахан бамбай камер барьсан хүмүүс орж ирээд уг өрөөнд байсан хүмүүсийг бүгдийг нь газарт хэвтүүлж 30 орчим минут бүх хүний биеийг нэгжсэн. ...миний биеэс хэтэвч авч дотроос нь миний малчиндаа өгөх гэж байсан 600.000 төгрөгийг ширээн дээр гаргаж тавьсан. ...би 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын ойролцоо явж байгаад Б гэх цагдаагийн алба хаагчтай уулзахад “ Таны хэрэг Б гэж алба хаагч дээр очсон байгаа. Та Б-тай уулз” гэж байсан. Тэгээд би Б-тай уулзахад “ Уг хэрэг нь надад ирсэн байгаа. Би энэ хэрэгтэй танилцаж байгаа. Та ямар асуудлаар явж байгаа юм” гэхээр нь “ Ах нь энэ хэрэгт ямар нэгэн хамааралгүй. Би мөнгөө авах гэсэн юм. Прокурор хариу өгнө гэж байсан яаж шийдсэн юм бол” гэж асуухад “ Би сайн мэдэхгүй байна. Уг хэрэгтэй танилцаж байна. Та дараа хүрээд ир” гэж байсан. Тэгэхээр нь би дараа нь он гараад цагаан сарын дараа нь юм уу өмнө нь Б гэх цагдаатай очиж уулзахад “ Танаас хурааж авсан мөнгө болон Г гэх хүнээс хурааж авсан мөнгө энэ хэрэгт ямар нэгэн хамааралгүй юм байна лээ. Харин тоглоом тоглож байсан хүмүүс нь Ц гэх хүний данс руу бүх мөнгөө төвлөрүүлсэн байна лээ. Г болон таны мөнгийг буцаан өгөх үндэстэй юм байна лээ. Тухайн мөнгийг хүлээлгэж өгөх үедээ тань руу залгана” гэж хэлж байсан. Миний хураалгасан 600.000 төгрөгийг цагдаагийн байгууллагаас буцаан хүлээлгэж өгөөгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Г-ын / 1хх 40-41 /: “...Тухайн үед манай дүү, найз нар хөдөө явна гэж манай ажил болох нарны замын ..... оффис дээр цуглаж хоорондоо ярилцаж байгаад манай нэг дүү “ Нүдний хагалгаанд орсон. Нэг 13 тоглоё хөзөр тоглохоор нүдний хараанд сайн байдаг “ гэж байсан болохоор бид нар тоглосон. Цагдаа нар орж ирэх үед бид нар ямар нэгэн тоглоом тоглосон зүйл байгаагүй. Харин цагдаа нар өөрсдөө бичлэг хийж газар хэвт гэх зэргээр орж ирсэн. Тэгээд миний ажлын өрөөний ар талд байх сейф дотор байсан 1.000.000 төгрөгийг хурааж авч байсан. Тухайн сейфэнд байсан 1.000.000 төгрөг нь уг тоглоомд ямар нэгэн хамаарал байхгүй. Бид нар 13 тоглоомыг тоглохдоо нэг нэгнийхээ данс руу 300.000 мянган төгрөг хийж тоглосон. Уг миний хураалгасан 1.000.000 төгрөг тоглоомд хамааралгүй сейфэнд хадгалагдаж байсан мөнгө байсан юм. ...Э бид хоёроос мөнгө хурааж авч, мөнгийг нэг бүрчлэн дэлгэж тавьж байгаад зургийг нь дараад байсан. Цагдаагийн байгууллагад хураалгасан миний 1.000.000 төгрөгийг буцааж хүлээлгэж өгөөгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ү.Б-ы / 2хх 4-5 /: “...2022 оны газрын даргын эд мөрийн баримтын өрөөтэй холбоотой тушаал гарч байсан. Тухайн үед А.А ахлах мөрдөгч Б-д буюу миний биед үүргийг хэрэгжүүлэх талаар цохолт хийсэн байдаг. Энэ цаг хугацаанаас миний бие ахлах мөрдөгчийн хувиар хариуцан ажиллаж байгаа. Эд мөрийн баримтын өрөөний түлхүүр нь 2 хувь байдаг. Уг хоёр хувь над дээр байдаг. Зарим тохиолдолд нөгөө ахлах мөрдөгч болон мөрдөгч нар эд мөрийн баримтын өрөөнд эд зүйл хийх болон авах үедээ надаас авдаг байсан. Тухайн үед надад бэлэн мөнгө хадгална гэж хэлж байсан зүйл байхгүй. Харин тооллого болоход саарал өнгийн хайрцагтай хөзөр, хасаа гэж хаягласан эд зүйл байсан. Бэлэн мөнгө зэргийг байсан гэдгийг мэдээгүй. Тухайн үед надад хэлсэн бол эд мөрийн баримтаар хадгалах хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авах ёстой байсан... Манай Сүхбаатар дүүргийн .......нь бэлэн мөнгө хадгалах тусгай данс байхгүй учраас прокурорын дансанд байршуулсан ганц нэг тохиолдол байгаа энэ хүрээнд мөрдөгч Б.Б нь эд мөрийн баримт хадгалах талаар мэдэгдсэн бол тодорхой арга хэмжээ авч тухайн асуудлыг шийдвэрлэх байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Н-ын / 2хх 125-126 /: “...Би хэргийн талаар мэдэхгүй байна. 2022 оны 12 дугаар сарын эхээр санаж байна. Өглөө өрөөндөө ороод ирсэн чинь Б.Б ах “мөнгө алга болгочихлоо” гэхээр нь “ямар учиртай мөнгө юм бэ” гэж асуухад “хэргийн мөнгө байгаа юм” гэхээр нь “ямар хэргийн мөнгө бэ” гэж асуухад “мөрийтэй тоглоомын мөнгө” гэж хэлж байсан. Би тухайн үед хэдэн төгрөг бэ гэж асуусан шиг санагдаж байна. Тухайн үед надад мөнгөн дүнг хэлж байсан байх. Одоо бол би санахгүй байна. Сая таны асуусан асуултаас 1.600.000 төгрөг гэж мэдэж авлаа. Мөн дээрээс нь “ Хэзээ яаж байгаад ална болгосон юм бэ” гэж асуухад Б.Б ах “ Мэдэхгүй байна. Би энд тэнд тавиад мартсан юм шиг байна” гэж хэлсэн. Б.Б ах алга болгосон мөнгөө эд мөрийн баримтаар тооцоод сери дугаараар нь бүртгээд авсан байгаа талаар хэлж байсан “ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжпэгч Б.Б-ын / 2хх 123 /: “...Цагдаагийн ерөнхий газраас бүх цагдаагийн газар, хэлтсийн арилжааны банк дахь данснуудыг хаалгасан байгаа. Хэрэв мөнгөө өгөх юм бол прокурорын байгууллагын данс байгаа. Тэр дансанд хийх боломжтой. Аль эсвэл манай байгууллагын няравт бэлнээр өгөх боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.Б нь дээрх мөнгийг холбогдогч нарт өгөхөөр аваад санамсаргүй гээж үрэгдүүлсэн гэж мэдүүлсэн боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан мөнгийг эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс авах эрх үүсээгүй буюу хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, буцаан өгөх талаар прокурор санал гаргаагүй байхад өөрийн санаачлагаар мөнгийг авч байгаа нь санаатай үйлдэл бөгөөд хаяж гээснээ нотлоогүй байна. Хэдийгээр гэрч М.Н нь гээсэн гэж надад хэлсэн гэж мэдүүлсэн боловч хэзээ, хаана хэрхэн гээсэн болохыг тодорхойлж гэрчлээгүй. Түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт хамгаалалтыг хариуцна...”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана...”, мөн хуулийн 7 дахь хэсэгт “....хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримт, шинжилгээний объектыг хадгалах хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна...” гэсэн үүргээ санаатай зөрчсөн нь нотлогджээ.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар өөрийн шалгаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.600.000 төгрөгийг хадгалах, хамгаалах үүргээ зөрчиж завшсан Б.Б-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн дахь хэсэгт “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.
Шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон 1.600.000 төгрөгийг Төрийн сангийн ...................тоот дансанд нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-ын нөхөн төлсөн 1.600.000 төгрөгийг Төрийн сангийн ...................тоот данснаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх ...................олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчийн төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-ын нөхөн төлсөн 1.600.000 төгрөгийг Төрийн сангийн ...................тоот данснаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх ...................олгосугай.
8. Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ