Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2018/00318

 

 

 

 

  2018 оны 02 сарын 20 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00318

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Х.Э

 

Хариуцагч: Ж.Ө

 

  5.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашины гаражийг Ж.Ө-т өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагч Ж.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Э нь анх Ж.Өын эзэмшилд байсан Дархан-Уул аймаг, Дархан сумын  дугаар багт байрлах 17-р бракийн залгаа байрлах 18 м.кв талбай бүхий 1 машины гаражийг 1996 онд 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тус гараж нь бетон шалтай, 2 талын хана болон арын ханыг бусад барилгын хананаас залгаж барьсан, модон хучилттай, гэрэл цахилгаан дулаанд холбогдсон байсан боловч одоогоор дулаангүй, угольникоор рам зангидаж банзаар хийсэн, гөлмөн төмрөөр өнгөлсөн хаалгатай байсан. Гэтэл тухайн гараж 2017 оны 10 сарын байдлаар айлын хашаанд байрлах бөгөөд 2006 онд иргэн С, З.И нарт 1.200.000 төгрөгөөр зарсан тухайгаа надад хэлээгүй, мөн тухайн гараж, газрын хамт бичиг баримтаа өгөхгүй байсан учир Дархан-Уул аймгийн шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 08 сарын 03-ны өдрийн 829 тоот шийдвэрээр иргэн З.Игийн өмч болохыг анх мэдэж авсан. Ж.Ө нь өнөөг хүртэл худалдан авсан гаражийг нэр дээр маань шилжүүлж өгөлгүй худал ярьж, өнөө маргаашгүй шилжүүлнэ, С.Нтой би ярьсан, та очиж уулзаад гаражаа газрын хамт салгаж ав гэж хэлдэг. Улмаар С.Нтой Х.Э нь ярьж гаражаа авмаар байна гэж хэлээд шүүхэд нэхэмжлэл гаргахад С.Нийн ээж болох З.И нь 2006 онд тухайн хашаа байшинг иргэн Н-с 1.200.000 төгрөгөөр авсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан учраас 2017 оны 08 сарын 03-ны өдрийн 829 тоот шүүхийн шийдвэр гарч Х.Э нь шүүх хуралд ялагдах үндэслэл болсон юм. Иймд 2017 оны 09 сарын 25-ны өдөр “К” ХХК-д хандаж гаражид жишгээр үнэлгээ хийлгэсэн ба 6.000.000 - 8.000.000 төгрөгийн дундаж үнэ ханштай байх тул 5.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашины гаражийг Ж.Өт өгөхийг даалгах, эсвэл 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ө миний бие Дарханд 1999 онд өөрийн эзэмшилд байсан 1 машины гаражийг газрын хамт Х.Эт зарсан нь үнэн. Тэр үед 1999 онд миний барьж эзэмшсэн 4 гараж, брак байрны үндсэн булангийн 1 өрөөг өргөтгөж сунган ундааны цехийн зориулалттай 2 өрөө болгосон ажлын байрыг бүгдийг нь 3 хүнд тус бүрд нь хувааж зараад гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжиж ирсэн. Х.Эт 1 машины гаражаа, Даваа гэдэг хүнд 2 машины гаражаа зарсан ба одоо Даваагийн талаар одоо хаана байгаа, утас холбоо барих тухай мэдээлэл байхгүй. Ундааны цех 2 өрөө, 1 машины гаражаа өөрийн багын найз Нэргүй болон түүний эхнэр Байгалмаа нарт зарсан ба тэд одоог хүртэл Дархан-Уул аймагт “Ц” ХХК-ийг байгуулан ажиллаж байгаа. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн бүртгэлийн систем байгаагүй юм уу, бүгд л мөнгөө өгөөд аваад л зардаг явдал нийтлэг байсан. Зарснаас хойш энэ байр, гаражтай ямар ч нөхцлөөр дахин холбогдоогүй. Нэхэмжлэлд дурдагдсан С, З.И, С.Н гэх хүмүүсийг би огт танихгүй, тэдэнтэй ямар ч наймаа хийх боломж байгаагүй. Нэргүй ундааны цех, гаражийг цааш зарсан гэсэн. Ундааны цех нь Эын гаражтай залгаа байсан. Нэргүйгээс ундааны цех худалдаж авсан хүмүүс газраа авахдаа Эын гаражийн хавийн газрыг авсан, тэгээд л маргасан юм шиг байгаа юм. Би анх тэр 3-т гараж, цехээ худалдахдаа газраа татаж ав гэж хэлж байсан, Э өөрөө хөөцөлдөөгүй, газар нь өөр хүний нэр дээр гарсан юм шиг байгаа юм. Газрын алба намайг дуудаад би ирээгүй юм шиг зүйл ярьж байна. Надад тэгж мэдэгдээгүйн гадна Эаас бусад нөхдүүд миний оролцоогүй газрыг өөрийн болгосон байсан. Газраа авч чадаагүй нь өөртэй нь л холбоотой. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн өөрийн нь тайлбарт тусгагдсан байгаа, 2012 онд газрын алба дээр очиход тухайн газарт кадастрын зураг байгаагүй, 2014 онд очиход Нямдорж газрыг авсан байсан гэж. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, үнэлгээний тайлан, иргэний үнэмлэхний хуулбар нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч Х.Э хариуцагч Ж.Өт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын нутагт 5.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашины гараж авч өгөхийг даалгуулах буюу 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ гараж бүхий газраа өөр бусдад зарсан, гаражийн газар өөр хүний эзэмшилд байна гэжээ.

Х.Э нь Ж.Өаас 1996 онд Дархан-Уул аймаг, Дархан сумын  дугаар багт байрлах 17-р брак, 52 м.кв талбай бүхий ундааны цехийн барилгатай хил залгаа орших автомашины гаражийг 1.000.000 төгрөгөөр худалдан авч, одоо ч ашиглаж байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэ тухай Х.Эын Д.С, С.Н нараас газар гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн шийдвэрт тусгагдсан байна.

Ж.Ө нь дээрх хаяг бүхий газарт 4 автомашины гараж, түүнтэй хил залгаа ундааны цехийн барилгатай байсан ба ундааны цехийн барилгаа Н гэгчид, түүнтэй хил залгаа орших 1 автомашины гаражийг нэхэмжлэгч Х.Эт худалдсан байх бөгөөд ундааны цехийн барилга нь цааш дамжин худалдагдаж иргэн С, түүний хүү Н, эхнэр И нарт шилжсэн байна.  

Х.Э Ж.Ө нар автомашины гараж худалдахаар өгч авалцсан байдал тогтоогдож байх ба газар худалдсан байдал харагдахгүй байна. Автомашины гаражийг одоо Х.Э эзэмшин ашиглаж байна. Түүнчлэн Х.Э нь иргэн Ж.Өыг газар худалдах эрхгүйг мэдэх боломжтой юм.

Х.Эын Д.Сэргэлэн, С.Н нараас газар гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн шийдвэрт тусгагдсан талуудын тайлбараас үзэхэд 2012 оноос өмнө дээрх гаражийн газар ямар нэг өмчлөл, эзэмшлийн бүртгэлгүй байсан, харин 2014 оноос С.Нийн эзэмшлийн газар болсон нь харагдаж байх ба одоо ч үүнийг талууд ярьж, үүнийг үгүйсгэхгүй байна. Зүй нь автомашины гараж эзэмшигч Х.Э газраа хөөцөлдөн эзэмшилдээ авах байжээ.

Талуудын хооронд үүссэн маргаан нь худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол нэхэмжилсэн маргаан байх ба гэрээний харилцаанаас үүссэн шаардлагыг 3-6 жилийн дотор гаргах байхад 13 жилийн дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

 

  1.  Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-ийг баримтлан Х.Эын хариуцагч Ж.Өт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сумын нутагт 5.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашины гараж авч өгөхийг даалгуулах буюу 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД