| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0119/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/179 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/179
2024 02 21 2024/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгч, хохирогч З.З (өөрийгөө өмгөөлж),
шүүгдэгч, хохирогч Б.Б (өөрийгөө өмгөөлж),
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, З.З,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Б нар нь:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
З.З нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр .......... байрны орчимд иргэн Б.Б-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар хоорондоо харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд зүүн гарын дунд хурууны алганы ясны хугарал, дух баруун нүдний гадна булан, хацар, зүүн мөр, суга, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ..........байрны орчимд иргэн З.З-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хоорондоо харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хамар, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, чихний ард зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос З.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч (хохирогч) З.З мэдүүлэхдээ: “Хамар мурийлттай, дундын таславч тасарсан, бяцарсан гэсэн гэмтэлтэй байгаа. Өөр гэмтэл байхгүй. Хамрын асуудалтай байгаа. Эмчилгээний зардал болон нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч (хохирогч) Б.Б мэдүүлэхдээ: “Надад гомдол санал байхгүй. Миний гарны шилбүүр яс хугарсан, одоо бороолоод эдгэрсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.З нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ..........байрны орчимд иргэн Б.Б-тэй таксины мөнгөө дутуу өглөө гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хоорондоо харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд зүүн гарын дунд хурууны алганы ясны хугарал, дух баруун нүдний гадна булан, хацар, зүүн мөр, суга, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ..........байрны орчимд иргэн З.З-тай илүү мөнгө нэхлээ гэж цохиж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар хоорондоо харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хамар, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, чихний ард зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч З.З-ын / 1хх 22-24 /: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг 40 минутын үед гараа өргөж байсан хүнийг ШУТИС-ын сургуулийн урд зам дээрээс авсан. Тэгээд тэр хүнийг машиндаа суулгаад 100 айлын иргэний бүртгэл мэдээллийн төвийн арын гудамжинд хүргэж өгсөн. Тэгээд тооцоогоо хийх болсон чинь 2.3 километр явсан байсан байхаар нь 4600 төгрөг болсон байна гэж хэлсэн чинь 3000 төгрөг өгчихөөд буугаад явсан. Тэгэхээр нь би “ Мөнгөө гүйцэт өгөөрэй. Дутуу байна “ гэхэд 3000 төгрөг гардаг гээд томроод байсан. Би өөрт нь явсан километрийг нь харуулаад мөнгөө гүйцээж өг гээд нэхэхэд шууд намайг зодоод манай найз машинаас бууж ирээд салгасан. ... Доод уруулын дотор тал сэтэрсэн, хамар цохиулаад битүү болсон, зүүн чихний ард талд маажуулсан, толгойны ар хэсэгт хавдсан. Үснээс зулгаагаад байсан, хуйхаар өвдөөд байсан. Энэ гэмтлүүд өмнө надад байгаагүй. Тэр такси барьсан залуу л учруулсан. Би нэрийг нь ч мэдэхгүй байна. Одоо хамар битүүрээд хөндүүртэй болоод амьсгалж чадахгүй, толгой үе үе өвдөөд байгаа. Зодуулж, доромжлуулсандаа гомдолтой байна. Цаашдаа суурь өвчинтэй болох магадлалтай байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14687 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. З.З-ын биед хамар, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй гэжээ. / 1хх 47-48 /,
Хохирогч Б.Б-ийн / 1хх 27 /: “...Би тэр шөнө 00.00 цаг өнгөрч байхад МУИС-н 2 дугаар байрны урд талын “Цэ” пабад найзтайгаа уулзах гээд гэрээсээ таксидаж очсон. Энэ үед таксины хөлсөнд 3.000 төгрөг өгсөн. Тэгээд найзтайгаа уулзчихаад буцаад гэр лүүгээ харих гээд тэр газраас такси бариад 64-р дэлгүүрийн “Си Юу”-гээс 1 шил пиво аваад эргээд таксиндаа суугаад гэр лүүгээ харьсан. Таксины жолооч надаас илүү 4.000 төгрөг нэхэхээр нь би тэрийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Хажууд нь би 3.000 төгрөг үлдээгээд буусан. Жолооч нэхсэн мөнгөө өгөхийг шаардаж бууж ирсэн. Намайг гэр лүү ороход миний замд саад болоод түлхээд татаад байсан. Энэ үед 2-лаа буугаад ирчихсэн, жолооч мөнгөө өгөхийг шаардахаар нь маргалдсан. Удалгүй жолоочтой маргалдсан. Тэгээд хамт явж байсан хүнтэйгээ намайг боож зулгаасан. Намайг үсдээд толгойг минь доошоо дараад толгой руу цохиж эхэлсэн. Би болиулахыг хичээж чихнээс нь зулгаасан, гараараа саваад цохьсон. ... Жолооч болон хамт явж байсан этгээд бид 3 л байсан, өөр хүн байгаагүй. Би шил пиво уусан байсан. Дахиж нэгийг уух гээд задалсан байсан ууж амжаагүй. Би эрүүл байсан. Нөгөө 2 хүн маань эрүүл байсан байх.... Тухайн үед үсдүүлсэн, боолгуулсан, толгой руугаа цохиулсан, гарын дунд хурууны яс хугарсан гэмтэл учирсан. Миний толгойн дагзны ар хэсэг, баруун нүдний дээд хэсэгт хавдсан, миний гар хугарсан байгаа юм. Энэ гэмтлүүд надад байгаагүй. Одоо би гараа гүйцэт атгаж чадахгүй байна. Бусдаар зүгээр байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14689 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Б-ийн биед зүүн гарын дунд хурууны алганы ясны хугарал, дух, баруун нүдний гадна булан, хацар, зүүн мөр, суга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад тогтмол нөлөөлөхгүй гэжээ. / 1хх-ийн 40-41/,
хэргийн материалаар хийсэн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 722 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Б-ийн биед зүүн гарын дунд хурууны алганы ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний гадна булан, хацар, зүүн мөр, суга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 2023.06.23-ны зүүн сарвуу, бугуйн үений давтан рентген зургаар 2022.10.25-ны зүүн сарвуу, бугуйн үений рентген зурагт тогтоогдож байсан дунд хурууны алганы ясны хугарал нь бороололт үүсч эдгэрсэн байна.
3. Зүүн гарын дунд хурууны алганы ясны хугарал нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Урьд гаргасан №14689 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт зүүн сарвууны ар тал овойж хавдсан гэжээ. ...Уг зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэсэг газар мохоо зүйлийн нэг удаагийн хүч үйлчилснээр үүсгэгдэнэ. Энэ үед дээрх хугарал гэмтэл үүсэх боломжтой” гэжээ / 1хх 222-224/,
Мөн хэргийн материалаар хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 805 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Б-ийн биед учирсан зүүн гарын дунд хурууны алганы ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад дух, баруун нүдний гадна булан, хацар, зүүн мөр, суга, цээжний цус хуралтууд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
2.3. Б.Б-ийн зүүн алганы 3 дугаар шивнүүр /зүүн алганы дунд хурууны ясны/ хугарал нь хатуу зүйлийг цохих үед үүсэх боломж муутай, харин мохоо зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой.
4. Зүүн гарын дунд хурууны алганы шивнүүрийн хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ / 1хх 244-248 /,
Гэрч Э.М-ын / 1хх 35 /: “...тооцоо хийх болсон чинь маргаан үүсээд таксины мөнгө 3000 төгрөг өгөөд машинаас буусан. Тэгэхээр нь манай найз буугаад “үлдэгдэл мөнгөө өг” гээд хэлэхэд тэр 2 муудалцаад маргалдаад байхаар нь би бууж очоод “ Мөнгөө өгчихөө. Бид 2 явмаар байна” гэсэн. Тэгээд түд удалгүй найз З.З-ын нүүр рүү цохьсон. Би тэр хоёрыг салгах гээд цохьсон залууг тэврээд авсан...” гэх мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 194-198 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч З.З , Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу шүүгдэгч нар нь харилцан зодолдож З.З нь Б.Б-ийн биед хүндэвтэр хохирол учруулж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, Б.Б нь З.З-ын биед хөнгөн хохирол учруулж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж дээрх гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч З.З , Б.Б нарт ял шийтгэл оногдуулахад тэдгээр нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 500 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч З.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 700 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З , Б.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч З.З , Б.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх байр суурийг илэрхийлсэн тул бие биедээ төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.З-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”,
Шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч З.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З , Б.Б нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Б.Б, З.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, З.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ