| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0197/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/194 |
| Огноо | 2024-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/194
2024 02 23 2024/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Э.Булганчимэг,
шүүгдэгч, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,
шүүгдэгч, хохирогч Т.М, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Э,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Т.М:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Б.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.......” нэртэй караокед хохирогч Т.Мтой “микрофоны хамгаалалт сольж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар текэн дээрх шилэн суурьтай лааг шидэж эрүүл мэндэд нь биед баруун нүдний салстын үрэвсэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;
Т.М нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.......” нэртэй караокед хохирогч Б.Этэй “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар текэн дээрх шилэн суурьтай лааг шидэж эрүүл мэндэд нь биед зулайд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Э, Т.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч (хохирогч) Б.Э мэдүүлэхдээ: “ ... Бид нар 1 цаг дуулна гэхэд заавал юм ав гэсэн шаардлага тавьсан тул ярилцаад 4 шил пиво авсан. Би тэрнээс уугаагүй. Микрофон хамгаалалтгүй, өмхий байсан тул бид нар шаардлага тавьсан. Гэвч тэр эгч огт хүлээж авахгүй, үглээд загинаад байсан. Бид гарахаар мөнгөө төлж байхад тэр эгч үргэлжлүүлэн загинаад байхаар нь би эсэргүүцлээ илэрхийлээд түүнийг текний ард сууж байхад нь текэн дээр асаалттай байсан шилэн савтай лааг гарынхаа араар түлхэж унагаасан. Ингээд явтал тэр эгч араас лааны шилэн савыг шидэж, миний толгойг оносон. Тэр эгч лааг авч шидэхдээ өөрийнхөө нүдэнд тосыг оруулсан. Гэхдээ лааг унагаагүй бол ийм асуудал болохгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч (хохирогч) Т.М мэдүүлэхдээ: “ ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйл байхгүй ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.......” нэртэй караокед хохирогч Т.Мтой “микрофоны хамгаалалт сольж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар текэн дээр асаалттай байсан шилэн суурьтай лааг түүн рүү түлхэн унагаснаас нь лааны тос үсэрч, эрүүл мэндэд нь баруун нүдний салстын үрэвсэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Т.М нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.......” нэртэй караокед хохирогч Б.Этэй “ ямар их зүйл шаарддаг юм бэ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар шилэн суурьтай лааг шидэж, эрүүл мэндэд нь зулайд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Т.Мын / хх 17-18 /: “...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 16:55 цагт манай караокегоор үйлчлүүлэхээр эрэгтэй, эмэгтэй 8 хүн орж ирсэн. Тэгээд уг хүмүүс нь ВИП өрөөнд орсон бөгөөд эхний захиалга өгөхдөө 4 ширхэг сэнгүр радлер гэдэг пиво авсан. Тэгээд байж байхад нэг эмэгтэй хүүхэд гарч ирээд “ Эгч ээ. Энэ микрофоны хамгаалалт байна уу” гэж асуусан. Тэгэхэд нь би “ Хүргэлтээр хүргэж ирэх хүн маань ирээгүй байна. Эгч нь цэвэрлээд өгье” гэж хэлээд угаадаг салфетка аваад өрөөнд нь ороод тэр хүмүүсийг харж байхад нь нүд нь дээр нь цэвэрлээд өгсөн. Тэгж байхад тэр хүүхдүүд намайг “авгай, арчаагүй гичий” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. Тэгэхэд нь би ерөөсөө сөргүүлж үг дуугараагүй, цагийг нь сунгах гээд байж байсан. Тэгээд би тэр хүмүүсийг намайг хэл амаар доромжилж байхаар нь “Та нар эсвэл цагаа хийлгэхгүйгээр худалдаж авсан пивоныхоо тооцоог хийгээд гарцгаа, та нар над шиг ээжгүй юу” гэж хэлэхэд “бид нар дуулмаар байна” гэж хэлээд цагаа хийлгэсэн. Тэгээд би цагийг нь хийж өгөөд текнийхээ хажууд очоод байж байсан. Тэгсэн чинь тэр хүмүүсийн цаг нь дуусаад гарч ирцгээсэн бөгөөд гарч ирээд надад хандаж нэг нь намайг “хачин авгай, заваан авгай” гээд байхаар нь би “чи зүгээр тооцоогоо хийгээд гар” гэж хэлэхэд “тооцоогоо хийх гэж байна авгай минь” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “чи над шиг ээжгүй юу” гэхэд “би чам шиг арчаагүй ээжгүй” гэж хэлсэн. Тэр үед нэг нь тооцоогоо хийж байсан бөгөөд тэр тооцоогоо хийгээд дуусахаар нь би хурдан гаргаад явуулъя гэж бодоод байж байхад нэг эмэгтэй нь намайг шууд “хачин авгай чинь юу гээд байгаа юм” гээд текэн дээр байсан том шилэн суурьтай лааг аваад шууд миний нүүр лүү шидсэн. Тэгэхэд нь би тэр хүүхдийг байж бай гэж хэлээд байж байхад тэр хүмүүс намайг хэл амаар доромжилсоор л байсан. Тэгж байснаа нэг нь “хурдан гараарай” гэж хэлж байсан. Тэр хүүхдүүдийн нэг нь намайг цүнхээрээ цохиод би газарт унаад тэр хүүхдүүд бүгдээрээ гараад явсан. Миний баруун нүд юм харахад маш хүнд байна. Би 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлэхэд нүдний мах нь тойроод түлэгдсэн байна гэж хэлсэн бөгөөд анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5721 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Т.Мын биед баруун нүдний салстын үрэвсэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэжээ. / хх 36-37 /,
Хохирогч Б.Эгийн / хх 21-23 /: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд найз С , З.Ц , Н.Ц , О.Т , З.Х , О.А , Э.А , Б.О нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оюутны гудамж “.......” гэх нэртэй караокед орж үйлчлүүлсэн. Бид нар 1 цаг авсан ба тухайн нэг цагийг авахын тулд заавал нэг уух зүйл авсан байх ёстой гэсэн. Тэгээд бид нар ярилцаж байгаад дундаа 4 шил сэнгүүр нэртэй пиво авсан. Тэгээд тухайн караокены эгч бид нарт захиалгыг оруулж ирж өгөөд цагаа хийгээд пивоны тагыг нээж өгөөд явсан. Тэгээд бид нар микрофоноо аваад дуулах гэхэд нэг удаагийн хэрэглэл байхгүй тухайн микийг ойртуулахаар өмхий үнэртээд байсан. Тэгэхээр нь манай найз Аз нэг удаагийн хэрэглэл асуухаар явсан. ...Тэгээд бид нар нэг пиво онгойлгосон юм чинь нэг цаг дуулчхаад гаръя гэсэн. Тэгсэн гаднаас нөгөө эгч орж ирээд юу юугүй загнаад “ Би энийг чинь ариутгасан. Юу өмхий үнэртээд байгаа юм “ гээд спирт, алчууртай авчраад арчаад бид нарыг загнаж байгаад гарсан. Тэгээд бид нар нэг цаг дуусаад гарах гээд байж байтал нөгөө эгч дахин загнаад “ Та нар үнэтэй газар орж байгаа юм шиг өндөр шаардлага тавилаа” гэж хэлэнгээ 4 шилийг аваад гарсан. Тэгээд бид нар өрөөнөөс гараад текэн дээр ирээд төлбөрөө төлөх гээд зогсож байсан ба А нь төлбөрийг дансаар шилжүүлсэн. Тэгсэн нөгөө эгч чинь дахиад бид нарыг “ Юундаа муухай хараад байгаа юм бэ. Микрофон өмхий байгаад яадаг юм бэ. Гэр орон чинь амьдрал бүгдээрээ өмхий байгаад байна “гээд тайлбарлаж хэлэх гэхэд тоохгүй уурлаад байсан. Тэгээд манай найзууд “ Та яагаад хүнийг хараагаад байгаа юм бэ” гэсэн. Тэгээд тэр эгч хашигчаад байсан ба бид нар ерөөсөө учраа олохгүй байсан. Бид нар болиод гарах гэхэд текин дээр байсан лаа нь миний гаранд цохигдоод текний доошоо унасан. Тэгээд би гарах гээд хаалга руу явж байсан чинь миний толгой хэсэгт нэг юм ирж хүчтэй цохих шиг болсон. Тэгээд хартал шилтэй лаа байсан ба газар унаад хагарсан. Толгойгоо барьтал миний толгойноос цус гарсан байсан ба миний өмсөж явсан хувцасны ар тал нил цус болсон байсан. ...Тухайн эмэгтэй текний ар талд миний өөдөөс хараад зогсож байсан. Би гарахын өмнө тухайн лааг дургүйцлээ илэрхийлээд баруун гараараа түлхсэн. Тухайн эмэгтэй над руу шилтэй лаа шидэх гээд над руу далайхдаа өөр рүүгээ цацаад шидсэн. Тэгээд нүдэндээ лааны тос оруулсан байх. Намайг шилтэй лааг түлхэх үед тухайн эмэгтэй нь толгой нүүр хэсэгт ерөөсөө оноогүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5709 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Эгийн биед зулайд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэжээ. / хх 38-39 /,
Гэрч З.Ц-гийн / хх 112-113 /: “...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр кароаке орсон. ...Нэг цаг аваад бид нар дуулах гэсэн чинь микрофон нь муухай өмхий байна гэж хэлсэн чинь уурлаад байсан. ... Би тэр эгчид хандаж “ Та бид нарыг яагаад ингэж хэлж байгаа юм бэ. Энэ чинь хараал юм уу, ерөөл юм уу “гээд дургүйцлээ илэрхийлсэн. Тэгсэн чинь манай найз Б.Э текэн дээр байсан лааг нь түлхчихсэн. Тэгсэн чинь тэр эгч текэн дээр унасан лааг аваад Б.Э рүү шидэхдээ лааныхаа тосыг нүд рүүгээ оруулсан. Тэгээд лааны суурийг шидэхэд Б.Эгийн толгойг нь оносон...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.С-гийн / хх 115-116 /: “...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр караоке орсон. ...тэгээд микрофоноо аваад дуулах гэсэн чинь микрофон нь муухай өмхий үнэртэй байсан. Тэгээд бид нар хаалт байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхэд нь бид “ Энийгээ тэгвэл спиртээр арчаад өг “гэж хэлсэн. Тэгсэн чинь “ Та нар ямар их юм шаарддаг юм “ гээд уурласан. ...Бид нар гарахаар үүдэнд тооцоогоо хийх гээд байж байхад тэр эгч ...хараагаад байсан. Тэгэхэд нь Ц тэр эгчид хандаж “ Та хүмүүсийг ингэж хэлж болохгүй. Энэ чинь хараал юм уу, ерөөл юм уу” гэж хэлсэн. Тэгээд бид нар гарах гэж байхад Б.Э яг яасанг юм бүү мэд текэн дээр байсан шилэн суурьтай улаан өнгөтэй лааг текэн дээрээс түлхсэн...” гэх мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 31-33 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э, Т.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгчийн зүгээс “Т.М нь өөрөө лааг авч шидэхдээ өөрийнхөө нүд рүү лааны тос оруулсан, санаатайгаар лаа авч шидээгүй...” гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Б.Э нь дургүйцлээ илэрхийлж гарынхаа араар текэн дээр асаалттай байсан шилэн суурьтай лааг түлхэн унагах үед хохирогч Т.М тэкний ард сууж байх ба лаа түүний өмнөх тавцан руу унаж улмаар түүний өвөр дээр унасныг шүүгдэгч Т.М авч, хохирогч Б.Эгийн араас шидэж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэгээр харагдаж байна. Дээрх лааны шилэн савны амсар ойролцоогоор 4 хуруу хиртэй өргөн байсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд асаалттай байснаас түүний тос хайлсан байсан нь өндрөөс түлхэн унагах үед үсэрч Т.Мын нүдэнд орох боломжтой юм. Энэ нь шүүгдэгч Б.Эгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ.
Харин өндөр тавцангаас унасны дараа авч шидэх үед лааны сууринд тос үлдэх боломжгүй тул унагасан лааг авч шидэхдээ өөрийн нүдэндээ тос оруулсан гэсэн нь үндэслэлгүй, үүнийг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг худал бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байна.
Мөн прокуророос Б.Эгийн үйлдлийг шилэн суурьтай лааг шидсэн гэж ялласан нь дээрх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан бичлэгээр тус тус үгүйсгэгдсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу шүүгдэгч нарын бие биедээ хөнгөн хохирол учруулж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж дээрх гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч Б.Э, Т.М нарт ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Т.М нь нас биед хүрсэн хүний хувьд, үйлчилгээний ажилтны хувьд үйлчлүүлэгч нартай зүй бус харьцсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 500 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Мд 800 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Т.М нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Э, Т.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бие биедээ төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э, Т.М нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.М-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Т.М нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Б.Э, Т.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э, Т.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ