| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 161/2020/00123/Э |
| Дугаар | 2020/ДШМ/28 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Батсүх |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2020/ДШМ/28
М.Х-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Х-т холбогдох эрүүгийн 1913003020184 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч М.Х-, шүүгдэгчийн өмгөөлөгчид Н.Оюунчимэг, Д.Айбек, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч С.Алтай, хэлмэрч А.Еркегүл нар оролцов.
Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1975 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 7 хүнтэй, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдохоос өмнө Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт жолооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч М овогт М-ны Х /РД: БЖ00000000/ нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө 00.00-01.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Ха-ын гэрт хамт архи ууж байсан иргэн Б.Е-тай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний хэвлий руу хутгалж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-т 10/арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд: “1. Анхан шатны шүүх “Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Х-ийн архидан согтуурсан байдал, тухайн цаг хугацаанд үл ялих зүйлээр талийгаач Б.Е-тай маргалдсан байдал энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Ха- нь “М.Х-, Б.Е- нар хоорондоо маргалдаад, бие биеэ заамдаад түлхэлцээд байсан” гэж мэдүүлдэг боловч амь хохирогч Б.Е- 2019 оны 8 сарын 17-ны өдөр хохирогчоор “Х- агсарч Ха-тай маргалдаж эхэлсэн ба Ха- руу сандал шидэж ноцолдож байхаар би салгасан” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Гэрч А.Ха-ын мэдүүлэг нь Б.Е-ын хохирогчоор өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байхад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй “үл ялих зүйлээр талийгаач Б.Е-тай маргалдсан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн” гэж гэмт хэрэг гарах болсон сэдэлт, зорилгыг тодорхойлсон нь гэм буруугийн хэлбэр, зүйлчлэлд нөлөөлсөн. Хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг тогтооход “сэдэлт, зорилго, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хоорондын харилцаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаант холбоо” зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг" бүрэн дүүрэн тогтоосон байх шаардлагатай. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гэмт этгээдийн “шууд ба шууд бус санаатай” хүсэл зоригийн илэрхийллийн шинжээр тодорхойлогддог. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь “хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэсэн үндэслэлүүд тогтоогдож байна.
2. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “М.Х-т холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан”-ыг хийж, шүүгчийн 2019/ШЗ/Э25 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид “эрүүгийн 1913003020184 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 64 дүгээр хуудсанд эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан архины шилнээс авсан 4 ширхэг хурууны хээ, хэргийн газраас авсан арчдас 1 ширхэг зэргийг шүүхэд хэргийн хамт ирүүлэх” гэж зааж өгсөн боловч М.Х-т холбогдох хэргийг шүүхэд дахин ирүүлэхдээ шүүгчийн захирамжид дурдсан эд мөрийн баримтыг ирүүлээгүй болно. Мөн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн зүгээс прокурорт 2020 оны 01 сарын 27-ны өдөр мөрдөн шалгах зарим ажиллагааг хийлгэх хүсэлтийг гаргаснаас “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1х.х 34-35 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2019 оны 8 сарын 22-ны өдрийн тогтоолд /х.х 64 тал/ эд мөрийн баримтаар тооцож, бэхжүүлэн авсан “архины шилнээс авсан 4 ширхэг хурууны хээ”-нд шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасныг прокурорын хариу мэдэгдэх хуудсаар “хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тухай” мэдэгдсэн. Гэтэл “хурууны хээнд шинжилгээ хийгээгүй бөгөөд 4 ширхэг хурууны хээ, арчдас” зэргийг эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 9 дүгээр зүйлд зааснаар “хурууны хээ, арчдас” зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг шинжлэн судлах боломжгүй болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хязгаарласан байдаг. Архины шилнээс авсан 4 ширхэг хурууны хээ нь гэрч А.Ха-ын мэдүүлгийн эх сурвалжийг нотлох ач холбогдолтой гэж шүүгдэгчийн өмгөөлөгч үзэж байгаа.
3. Шүүгдэгч М.Х- нь “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй", 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг” хангалттай нотолж байгаа эсэхэд хууль ёсны дүгнэлт өгөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “гэмт хэрэг гарах үед М.Х- нь үйлдлээ санах чадваргүй байсан, гэрч А.Ха- амь хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй, амь хохирогчийг хутгалсан гэх хутганаас ямар ч ул мөр илрээгүй, архины шилэн дээрээс авсан 4 ширхэг хурууны хээнд шинжилгээ хийгээгүй, гэрч А.Ха-ын хэрэг учрал болсны дараах маршрутыг тогтоогоогүй, М.Х- нь зүүн гараараа амь хохирогчийг хутгалсан гэж А.Ха- мэдүүлэх боловч М.Х-ийн баруун гараас цус илэрсэн, шүүх шинжилгээгээр хутганы ажлын хэсэг ямар байрлалтай хохирогчийн биед нэвтэрсэн” гэх нотолбол зохих байдлыг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Гэмт үйлдэл гарах үед М.Х- болон амь хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, М.Х- нь үйлдлээ хянах мэдэх чадваргүй болсон байсан, хохирогч амь насаа алдсанаас ганц гэрч М.Ха-ын мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэх болсон үйл баримт тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, нотолбол зохих байдлыг хангалттай нотлон тогтоогоогүйгээс шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гэм буруугийн тал дээр эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлээгүй, яллах цагаатгах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт хийгдээгүй гэх үндэслэлүүдэд шүүх дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлтэй байна.
4. Анхан шатны шүүхээс М.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ” гэж дүгнэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 -д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар дүгнэлтээ шүүхэд танилцуулсан. Дээрх хөнгөрүүлэх нөхцөлүүдийг үгүйсгэх үндэслэлийг шүүх шийдвэртээ зааж өгөөгүй атлаа “хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн бодит байдал, “хууль ёсны зарчим”, “шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” үндэслэлийг хуульчлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн Ерөнхий ангийн 1.3-д заасан “Шударга ёсны зарчим”-д заасан “гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” гэсэн зарчимд нийцүүлэхийн тулд шүүгдэгчийн “гэм буруугийн хэлбэр”-ийг нотлон тогтоосон байх шаардлагатай. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт хийгдээгүй, хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг тогтооход эргэлзээтэй байхад “Шударга ёсны зарчимд” нийцүүлэн гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 38,953,578 төгрөгийг төлсөн. Хэдийгээр хор уршгийг арилгаснаар хүний амь насыг хохироосон хохирлыг арилгах боломжгүй ч хор уршгийг арилгасан нь шүүгдэгчид гэм буруугаа хүлээн зөвшөөрснөө илэрхийлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан боломжийг эдлэх эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Иймд шүүхийн тогтоолд заасан дээрх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн “шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-т “Яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа түүнийг гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заажээ. Шүүгдэгч М.Х- нь “Би амь хохирогчийг хутгалснаа мэдэхгүй байна.Би гэм бураагаа хүлээж байна" гэж мэдүүлдэг.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Бейсений “шөнийн 02 цагийн үед байх дуудлагаар очиход хэвлийг нээсэн байсан. Энд хийсэн хагалгаа амжилттай болсон. Гэхдээ гэдэсний өтгөн агуулагдахуун хэвлийд гарснаас халдвар үүсэж болно, цус алдсанаас олон эрхтний дутагдал үүсэж болно, хагалгааны оёдол тавигдаж болно гэдгээс хамаарч амь насанд хүрсэн байж болох юм” гэх мэдүүлэг, гэрч М.Гантулгын “Өвчтөнийг үзэхэд хэвлийн хөндийг нээсэн хагалгааны дараах байдалтай, хагалгааны дараах гэдэсний түгжрэл, бүх биеийн хордлоготой, түгжрэлийн улмаас хэвлийн гялтангийн үрэвсэлтэй байсан тул дахин хагалгаанд орсон” гэх мэдүүлэг, 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 134 дугаартай дүгнэлтэд “Гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 362 дугаартай дүгнэлтэд “Б.Е-ын биед үүссэн гэмтэл нь амь биед аюултай хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлтүүд, Баян-Өлгийн аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүх, Гэмтэл согог судлалын төвийн өвчтөний түүх зэрэг нотлох баримтуудаар амь хохирогч нь хүнд гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж авч эмчилгээ мэс засал хийлгэж байгаад эмчилгээний явцад амь насаа алдсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. “Хүнийг алах”, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг нь шинжийн хувьд ялгаатай байдаг. “Амь биед аюултай гэмтэл” нь учрах үедээ хүний амь насанд аюултай байдалд хүргэсэн, ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэж болох гэмтлүүд, түүнчлэн ердийн явцаараа амь насанд аюултай бусад нөхцөл байдлууд хамаардаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч нь эмнэлгийн тусламж авч хагалгаа амжилттай болж, амь аврагдсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд хагалгааны дараах хүндрэлээс амь нас алдсан нөхцөл тогтоогдож байгаа. Хохирогчийн үхэлд шууд хүргэхүйц амь насанд нэн аюултай гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаанд М.Х-ийг хохирогчтой маргалдсан гэх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, амь насыг хохироох санаатай үйлдэл, сэдэлт, зорилго байсан эсэхийг гүйцэт тогтоогоогүй нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хэлбэрт дүгнэлт өгөхөд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагаанд хангалттай нотлон тогтоогоогүй, 16.15 дугаар зүйлд заасан “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үнэлээгүй”-ээс анхан шатны шүүхийн шийдвэр нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн” гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Х- болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч М.Х- нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө 00.00-01.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Ха-ын гэрт, хамт архи ууж байсан Б.Е-тай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний хэвлий тус газарт хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- М.Х-ийн сэжигтнээр өгсөн “...би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх 115-116, 170-171, 2 хх-ийн 61/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ын “...шууд чи миний дүүг хутгалсан юм уу гэхэд нөгөө залуу тиймээ би хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 78-82, 2 хх-ийн 239-243, 3 хх-ийн 2-3/,
- хохирогч Б.Е-ын “...би явах гээд гал тогооны өрөөний үүдэнд гутлаа өмсөж байхад Х- гал тогооны өрөөнөөс нэлээн урт хутга авч над руу дайрсан бөгөөд би хана руу шахагдсан тул зугтаж чадаагүй бөгөөд энэ үед миний баруун талын хэвлий орчимд дүрээд авсан...” /1хх 71-73/ гэх мэдүүлэг,
- гэрч А.Ха-ын “...зочны өрөөнөөс түрүүлээд М.Х- гал тогооны өрөө рүү алхсан, араас нь Б.Е- алхаад ширээний хажууд очиход М.Х- аль заваараа хутга авсныг мэдэхгүй зүүн гартаа хутга барьчихсан шууд хойшоо хутгатай гараа савах үед Б.Е-ын хэвлий тус газраас цус гарсан...” гэх мэдүүлэг /1хх 91-94, 119-120, 2 хх-ийн 244-245, 3 хх-ийн 10-11, 17-21/,
- гэрч Б.Бейсенийн “...энд хийсэн хагалгаа амжилттай болсон, гэхдээ гэдэсний өтгөн агуулагдахуун гарснаас халдвар үүсэж болно, их хэмжээний цус алдсанаас олон эрхтний дутагдал үүсэж болно, хагалгааны оёдол тавигдаж болно, энэ бүхнээс хамаарч амь насанд нь хүрсэн байж болох юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 101-102/,
- гэрч С.Гантулгын “..манай эмнэлэгт хийгдсэн хагалгаа болохоор гэдэсний түгжрэл болон гэдэсний агууламжийг чөлөөлөх хагалгаа хийгдсэн. Хагалгааны дараах өвчтөнд ерөнхий биеийн байдлын хордлого тайлах эмийн эмчилгээ хийгдсэн боловч үр дүн гаралгүй өвчтөн 08 дугаар сарын 22-ны өдөр олон эрхтний дутагдал буюу ерөнхий биеийн хордлогын улмаас нас барсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 170-171/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 34-40/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-15/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1822 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 147-151/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 35-38/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч М.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэн, хохирогч Б.Е-ын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах үндсэн эрхийг хохироосон нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч М.Х-ийг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар арван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй шүүхээс оногдуулсан хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Х- болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагаанд хангалттай нотлон тогтоогоогүй, 16.15 дугаар зүйлд заасан “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үнэлээгүй”-ээс анхан шатны шүүхийн шийдвэр нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн” тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэх гомдлыг хянан үзэхэд шүүгдэгч М.Х- нь хохирогч Б.Е-ын хэвлий тус газарт хутгалж, хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учруулснаас хохирогч нас барсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч М.Х-ийн баривчлагдсан 1, цагдан хоригдсон 377 нийт 378 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Х- болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ийн цагдан хоригдсон 378 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ