Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0729

 

 

 

 

 

    2022          10           03                                   128/ШШ2022/0729

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Г.М нарын хооронд үүссэн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тосны хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/*** дүгээр, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/*** дугаар дүгнэлтүүдийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б***, хариуцагч А.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бид холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тосны хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/*** дүгээр, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/*** дугаар дүгнэлтүүдийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 тоот удирдамжийн дагуу шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр “...АИ-92 автобензин, дизелийн түлшийг мэргэжлийн лабораториудаар шинжлүүлсэн үр дүнд дүгнэлт гаргуулах”-аар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсний дагуу тус газрын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/***, 01-07-***/*** дугаар дүгнэлтүүдийг ирүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн Дээрх дүгнэлтүүдэд “...MNS 0216:2017, MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй” талаар тус дүгнэжээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ч.Гд хандаж гомдол гаргаснаар 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын дарга Ч.Эаас 03/2138 дугаар албан бичгээр “...улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна” гэсэн хариу өгсөн байх ба үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...1/ “...Шинжилгээний сорилтын  СШ**/**, дугаарууд бүхий манай “П” ХХК-ийн № ****** кодтой Ай-92 авто бинзен Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид хийсэн сорилгын хариу октаны тоо 95.6 нэгж гарсан. Мөн дээжийг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжлэхэд сорилгын хариу октаны тоо 91.8 гарсан байна.

5. Дээрх 2 Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр төв лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт, тайлан гаргасан.

6. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Улсын байцаагч нь өөрийн хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь өөрийн шалгаагүй асуудлаар, стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан гэх шалтгаанаар стандартуудыг зөрчсөн гэх дүгнэлт үйлдсэн байх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны 01-07-***/***, 01-07-***/*** дугаар  хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэний нисэхийн ерөнхий газрын, оношилгоо хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторийн шинжилгээний үр дүнгээр П ХХК-г чанарын шаардлага хангаагүй бензин оруулж ирсэн гэх дүгнэлтийг гаргасан байдаг. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 259, 260 дугаар дүгнэлтүүдээс аваад үзвэл шатахуун дахь хүхрийн агууламж, бензолын агууламж нь зэс хавтгайн туршилт, өнгө, хувийн жин, хансан уурын даралт, найрлагын бүрэлдэхүүн, ууршилт индекс, давирхайн хэмжээ зэрэг 9 үзүүлэлтийг хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин зэрэгт техникийн шаардлага 2017 стандартыг хангаж байна гэж үзсэн. Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторид хийгдсэн дүнгээр юм. Харин Иргэний нисэхийг ерөнхий газрын, оношилгоо хэмжил зүйн лабораторид хийгдсэн шинжилгээний дүнгээр Аи-92 бензиний октаны хэмжээ дундаж үзүүлэлтээр 91.2-91.9 буюу дунджаар 91.5 гэж тодорхойлогдсон байгаа. Тусгай  кодоор кодчилсон Аи-92 бензиний октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95.75-аар тодорхойлогдсон найрлагын бүрэлдэхүүнтэй байна. Үүнийг Аи-92 автобензиний шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн. Мөн дүгнэлтээр тусгай код бүхий автобензинд механик хольц илэрсэн гэсэн байна. Иргэний нисэхийг ерөнхий газрын, оношилгоо хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхайн газрын тосны газрын төв лабораторийн шинжилгээний хариу нь хоорондоо зөрөөд байдаг. Газрын тосны бүтээгдэхүүний яг ижил дээжийг шинжлүүлсэн байхад үр дүн нь өөр гарчхаад байна. Тийм учраас аргачлалын зөрүүтэй байгаад байна уу гэдгийг нотлох баримт гаргуулан тодорхойлох шаардлагатай гэж үзээд хүсэлт гаргасан. Мөн шинжилгээ хийсэн лаборант нараас яагаад зөрүүтэй байгаа талаар асууж тодруулахаар гэрч асуух хүсэлтийг гаргасан. Аи92 бензиний октаны хэмжээ дундаж үзүүлэлтээр 91.2-91.9 буюу дунджаар 91.5 гэж тодорхойлогдсон энэ нөхцөлд зөвшөөрөгдөх алдааны хэмжээг тооцоод үзвэл чанарын шаардлагыг хангаж байна. Иргэний нисэхийг ерөнхий газрын, оношилгоо хэмжил зүйн лабораторийн шинжилгээний дүнгээр Аи--92 бензиний октаны тоо дунджаар 95.75 гэж гарсан байна. Үүнийг чанарын шаардлага хангахгүй байна гэдэг нь логикгүй байна. Учир нь Аи-92 бензиний октаны хамгийн доод үзүүлэлт нь 92 байна. Хамгийн доод үзүүлэлт нь 92 гэж заасан болохоос 92 ба түүнээс дээш гэсэн үйлдвэрлэгчийн болон Монгол Улсын Этилжүүлээгүй бензиний техникийн шаардлага, MNS2017  зэрэг стандарттай нийцэж байна гэж бид үзсэн. Монгол Улсад Аи-92 бензиний октаны үзүүлэлтийн хэмжихдээ 92 ба түүнээс дээш гэдэг шаардлагыг тавьдаг. Манай бензиний октаны дундаж үзүүлэлт 95.75 байна гэдэг тус шаардлагыг хангаахаас гадна октаны хэмжээ нь 95 бүхий үнэтэй бензинийг Аи-92 бензиний үнээр буюу илүү хямд зарж байна.

Механик хольц илэрснийг ажиглалтын аргаар тодорхойлсон гэж байна. Энэ нь ямар хольц илэрсэн нь тодорхойгүй бөгөөд механик хольцыг ажиглалтын аргаар илрүүлж болох эсэх нь ч тодорхойгүй байна. Нэг дээжээс хийсэн 2 лабораторийн шинжилгээний хариу нь хоорондоо зөрүүтэй зэрэг тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь өөрөө шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд улсын байцаагч өөрийн хийсэн хяналт шалгалтын хүрээн дэх асуудлын нарийн судалж дүгнэлт гаргах ёстой байдаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч лабораторийн зөрүүтэй 2 дүнг үндэслээд чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Тухайн 2 лабораторийн дүн зөрүүтэй байгаа тохиолдолд Улсын байцаагч үүнийг нягтлан шалгаж байж дүгнэлт гаргах үүрэгтэй байдаг. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, газрын тосны хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-07-***/***, 01-07-***/*** дүгнэлтүүдээс П ХХК-д хамааралтай хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, газрын тосны хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/***, 01-07-***/*** дүгнэлт нь хоорондоо зөрчилтэй байна. Нэг дэх хэсэгтээ чанарын шаардлага хангаж байна гэж дүгнэчхээд хоёрдох хэсэгтээ чанарын шаардлага хангахгүй байна гээд дүгнэсэн байна. Энэ нь ямар үр дагавартай вэ гэхээр Паас авсан СШ**/** дугаартай дээжийн Аи92 бензиний октаны тоо  хэмжээ 95.1-96.1 буюу дунджаар 95.75 гэсэн байгаа. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын, оношилгоо хэмжил зүйн лабораторийн дүнгээр 95.6 гэж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь ийм зөрүүтэй үр дүнгээс хамгийн өндөр буюу 95.7 гэдэг утгаар чанарын шаардлага хангаагүй байна гэж дүгнээд байна. Үүнд хувь хүний үзэмжээр хандсан гэж хардах үндэслэл байна. Хавтаст хэргийн 188 дугаар талд авагдсан хүснэгтээс харахад 92-оос багагүй гэсэн тэмдэглэгээ байна. Үүнийг 92-оос их байж болно гэж хараад байна. Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхайн газрын тосны газрын төв лабораторийн шинжилгээний дүнгээр 91.8 буюу бага гарсан байдаг.

Манайх Лекс ойл ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өрөндөө тухайн шатахууныг авсан. Тус компани 3 дугаар сарын 16-ны өдөр гаалиар оруулж ирээд 3 дугаар сарын 17-ны өдөр шинжилгээ хийлгэсэн. Энэ шинжилгээгээр 92.1 гэсэн дүн гарсан байдаг. Шинжилгээний аргаар тооцсон байна. Моторын арга, шинжилгээний арга гэдэг аргууд байдаг юм байна. Амбер ХХК гэх шинжилгээний лаборатори нь шинжилгээний аргаар 92.1 гаргасан байна. Ер нь 92-оос багагүй байна гэсэн шаардлагыг л тавьсан байна. Гэтэл шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хууль дээр улсын байцаагч нь тухайн шинжилгээний хариунуудыг хооронд нь харьцуулж дүгнэлт гаргах ёстой. 2 лабораторид явуулсан нь шинжилгээний хариуг баталгаатай байлгах үүднээс болов уу гэж харж байна. Гэтэл 2 лабораторийн 2 өөр дүнгээс хамгийн сөрөг буюу хамгийн зөрүүтэй үр дүнгээр дүгнэлт бичиж байгаа нь өөрөө Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шударга байх, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байна. Энэ дүгнэлтээс болоод Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн арга хэмжээ аваалд манай компани шийтгэл хүлээлгэсэн байдаг. Энэ нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна. Бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт байна. Хариуцагч хариу тайлбартаа Аи-92 бензин хийх автомашинд Аи-95 бензин хийх нь зохимжгүй талаар дурдсан байсан. Тэр талаар тогтоосон зүйл хавтаст хэрэг байхгүй. Аи-92 бензин хийх автомашинд Аи-95 бензин хийснээр автомашин эвдэрнэ гэсэн тодорхойлолт байхгүй. Хариуцагч өөрөө ийм дүгнэлт гаргаад байна. Бодит байдал дээр бид Аи-92 хийдэг автомашинд Аи-95 хийгээд яваад болоод  байдаг. Аи-95 бензин нь өөрөө илүү чанартай. Аи-92 бензиний шаардлагыг хангасан гэж үзэж байгаа” гэв.

9. Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ажлын хэсэг шатахуун хадгалах, түгээх байгууламжуудаас 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 9-ны өдрүүдэд авто бензиний 60 ширхэг дээж, дизель түлшний 84 ширхэг дээжийг авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн төв лаборатори, Иргэний нисэхийн газрын оношилгоо, хэмжил зүйн лабораториудад тусгай кодоор тэмдэглэж ирүүлсэн байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2021 оны 6  дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр дүгнэлт гаргах хүсэлт гаргасан байгаа. Энэ хүсэлтийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т заасны дагуу хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд Төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэснийг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-07-***/***, 01-07-***/*** дугаартай улсын байцаагчийн дүгнэлтүүдийг гаргасан.

Нэхэмжлэгч талаас 95 нь 92-оос илүү чанартай шатахуун гэж тодорхойлоод байна. Энэ нь мэргэжлийн бус хүний дүгнэлт байна. Миний бие нефтийн инженер мэргэжилтэй. 92, 95 гэдэг нь чанарын үзүүлэлт гэхээсээ илүү тухайн автомашинд тохирох автобензиний төрөл юм. АИ92 автобензин нь тухайн 92 авто хөдөлгүүр бүхий автомашинд тохирно гэдгийн зааж өгсөн тэмдэглэгээ юм. Аи80 хийдэг автомашинд Аи92 бензин хийхэд моторыг эвдэх, өндөр октаны тоотой бензин хийхэд шаталт өндөр явагдаж, халалт их явагдах эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд ард иргэдэд буруу мэдээлэл өгч байна. Чанар гэхээсээ илүү тэсрэлтийн хүч, халалтын температур, цохилтыг илэрхийлдэг зэрэг үзүүлэлт юм.

Мөн 80, 92 автобензин ашиглах автомашинд 95 бензин ашиглуулж байгаа нь хэрэглэгчдийг хуурч байгаа хэрэг юм. Бизнесийн хуулиараа ч өндөр үзүүлэлтэй 95 ангиллын бензинийг 92 ангиллын бензиний үнээр зарах нь бодит байдалд нийцэхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан лабораторийн хариуг алдаатай дүгнэсэн, шинжилгээний аргын стандартын дагуу шинжилгээ хийгээгүй, лаборатори хоорондын хэмжилтийн эргэлзээг тооцоогүй, сорилын үр дүнг зөвшөөрөгдөх хэмжээнд авч үзээгүй, механик хольцыг ажиглалтын аргаар илрүүлсэн гэж тухайн лабораторийн чадамж, аргын стандартын дагуу хийсэн эсэх асуудал нь Мэргэжлийн хяналтын чиг үүрэгт хамааралгүй асуудал байх бөгөөд эрх бүхий лабораторийн ирүүлсэн тоон утгыг улсын байцаагч өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийг тухайн компанитай холбоотойгоор гаргасан 01-07-***/*** дугаар дүгнэлтийн автобензинд хийсэн шинжилгээний дүнтэй маргаж байна гэж ойлгоод байгаа. Механик хольц илэрсэн гэж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 6 сорилын дүн нэг бүрчлэн ирсэн байна. Энэ сорилын дүнг стандарттайгаа харьцуулаад хангах, хангахгүй гэсэн байдлаар шалгаад дүгнэлтэд тусгасан байгаа. Дүгнэлт дээр зарим үзүүлэлтийг хангасан, зарим үзүүлэлтийг хангаагүй гэж бичсэнийг саяныхаар ойлгомжтой тайлбарласан байх. Нөгөө талаар дундажласан гэсэн асуудал байгаа. Дүгнэлт хэсгийн 2 дугаар заалт дээр нийт ЖТ 018, 21, 24, 30, 32 гэх мэт дурдсан сорилын дүнгүүд нь бүгдээрээ чанарын шаардлага хангаагүй бөгөөд энэ хангаагүй заалтуудыг дундажлаад үзэхэд тухайн стандартын шаардлагын хамгийн бага үзүүлэлтийг хангахгүй байна гэдэг утгаар дундажласан утгыг энд зааж өгсөн. Аль компанийн дээж гэдгийг мэдэхгүй боловч энэ үзүүлэлтүүд нь бүгдээрээ стандартын шаардлагыг дундаж дүнгээрээ хангахгүй байна. Нийт 60 дээжээс 12 дээж стандартын шаардлага хангаагүй байна. Үлдсэн 48 дээж шаардлага хангасан байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Дээжүүдэд 2 лаборатори шинжилгээ хийж, үр дүнд шинжилгээ хийсэн шинжээч болон лабораторийн эрхлэгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан бичгээр дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн байгаа. Үүнийг хариуцагч улсын ахлах байцаагч А.Б нь Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд захиргааны байгууллага бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно гэсний дагуу 10.1.2-т үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан гэсэн үндэслэлээр болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т заасан зохицуулалтаар хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэсэнтэй нийцүүлэн нарийн мэргэжлийнхээ хүлээнд дээрх дүгнэлтүүдийг үйлдсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/***01 дүгээр дүгнэлтийн тухайд:

1/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/***01 дүгээр дүгнэлтээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр ирүүлсэн “Зах зээлд чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдаалж байна” гэх мэдээллийн дагуу хамтарсан шалгалтын явцад шатахуун хадгалах, түгээх байгууламжийн хадгалах сав, түгээх хошуунаас авсан дизель түлшний дээжид шинжилгээ хийж гаргасан сорилтын нийт 84 үр дүнг судалсан байх бөгөөд үүнд эдгээр дизель түлшний дээж болон сорилтын дүн нь нэхэмжлэгч П ХХК-д хамааралгүй байна.

2/ Харин нэхэмжлэгч талаас “...тус дүгнэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч манай компанид шийтгэл оногдуулахдаа дурдсан...” гэж тайлбарлан маргаж байгаа хэдий ч бодит байдал дээр тус аж ахуйн нэгжээс дизель түлшний дээж авч, сорилтын дүн гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/*** дугаар дүгнэлтийн тухайд:

 

1/ Нэхэмжлэгч П ХХК-ийн захирал Д.Д тус шүүхэд хандаж “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/*** дугаар дүгнэлтээс П ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2 лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй гарсан, энэ тохиолдолд маргаан таслах шинжилгээг зайлшгүй хийх ёстой байсан..., Улсын байцаагч нь нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй...” гэж тайлбарлан маргав.

2/ Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж болон Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнийг баталсан, тухайн бүтээгдэхүүнээс шинжилгээний дээж авах бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч А.Бийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Дүгнэлт гаргуулах”-аар хандсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 071577 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад “Шатахууны чанарын тухай” албан бичгийн хавсралтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Бийн гаргасан “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/*** тоот дүгнэлтийг хүргүүлсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

3/ Маргаан бүхий захиргааны акт болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Бийн гаргасан “Автобинзений шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/*** дугаар дүгнэлтийн 2 дахь заалтаар “Шинжилгээний сорилтын GT040 дугаар бүхий үр дүнгээр АИ-92  автобинзений актоны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5, СШ 21/88 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 95.1-96.1 уюу дунджаар 95.75 гэж тодорхойлсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бинзен. Техникийн шаардлага” MNS0217:2017  стандартын шаардлага хангахгүй байна гэжээ.

4/ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараах зарчмыг баримтална” 4.1.1-д “зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасан.

5/ Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид нэхэмжлэгч компанийн автобензиний дээжийг ****** кодтойгоор шинжилж СШ**/** дугаар үр дүнгийн тайланд октаны тоо  95.6 гэж, Ашигт малтмал, газрын тосны газар уул уурхай, газрын тосны төв лабораторид GT040 дугаар үр дүнгийн тайланд октаны хэмжээг 91.8 гэж тус тус тодорхойсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017  стандартын 4.1 дэх заалтад автомашины этилжүүлээгүй бензиний төрөл, ангиллыг шинжилгээний аргаар тодорхойлсон октаны тоо болон экологийн ангиллалаас хамааруулан ангилсан, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн АИ-92 автобензиний дугаар бүхий сорилын дүнгээр октаны тоо 95-аас дээш тодорхойлогдсон нь 5.2 дахь заалтын 1 дүгээр хүснэгтийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул Улсын ахлах байцаагч дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

6/ Газрын тосны бүтээгдэхүүн, Дээж авах арга 0218:2008 стандартын 7 дугаар зүйлийн 7.2-т “Газрын тосны болон газрын тосны бүтээгдэхүүний дундаж дээжийг хоёр хувааж нэг дээжийг лабораторид шинжлүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас, тоосноос хамгаалагдсан байранд хадгална...”, 7.7-д “Маргаан таслахад зориулсан, газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална” гэж заасан.

7/ Нэхэмжлэгчээс “шинжилгээний дүн нэг бүтээгдэхүүний тухайд 2 өөр гарсан байхад маргаан таслах шинжилгээг дахин хийгээгүй нь хууль бус” гэж маргасан ба хариуцагч А.Б нь тухайн хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орсон боловч бүтээгдэхүүний дээж авах ажиллагаанд оролцоогүй болох нь тухайн ажлын хэсгийн уулзалтын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон, нөгөө талаар хариуцагч нь нууц кодоор кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн лабораториудын дүнг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар дүгнэлтээ гаргасан байх тул хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь маргаан таслах шинжилгээг дахин хийх эрх, үүрэг бүхий этгээд гэж үзэхээргүй байна.

8/ Түүнчлэн Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хэмжил зүйн төрийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгууллага хэрэгжүүлнэ”, 13.2-т “Энэ хуулийн 13.1-д заасан байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах хяналтыг хэрэгжүүлнэ” 13.2.2-т “хэмжлийн нэгж нь зөвшөөрөгдсөн нэгжтэй тохирч байгаа эсэхэд хяналт тавих” гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх”-өөр, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Мэргэжлийн хяналтын байгууллага нь мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ”, 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт нь түүнд хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд хамаарч байна. 

9/ Нэхэмжлэгчээс маргаж буй өөр үндэслэлээ “...гуравдагч буюу Амбер ХХК-ийн шинжилсэн шинжилгээний дүгнэлтэд манай компанийн зах зээлд худалдан борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартад заасан шаардлагын алийг нь зөрчөөгүй...” гэж тайлбарлаж байх боловч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд шалгалт явуулж “Тод петролиум” ХХК-ийн ШТС болон гадаад вагоноос авсан дээжийн хугацаа дууссан, мөн дахин авч шинжлэх нь маргаан бүхий актыг үгүйсгэхгүй бөгөөд шатахууныг шаардлага хангасан гэж дүгнэсэн Амбер ХХК-ийн шинжилгээний дүгнэлт нь нэгэнт хариуцагчийн хүлээн авсан дээж биш тул шаардлага хангаагүй гэж дүгнэсэн хариуцагчийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй. 

10/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/***, 01-07-***/*** дугаар дүгнэлтүүд нь нэхэмжлэгчид Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд шалгалт хийж, шийтгэл оногдуулсан шийдвэр биш тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримталсан эсэх тухай гомдолд тайлбар хийх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч эрх үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргасан ба харин зөрчил шалган шийдвэрлэсэн захиргааны байгууллага өөр тул тухайн байгууллагын шийдвэртэй холбогдуулан маргахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэхэд тайлбар өгөх боломжтой.

4. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасныг баримтлан П ХХК-ийн гаргасан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-***/***, 01-07-***/*** дугаар дүгнэлтүүдийн П ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

            ШҮҮГЧ                                      Д.ЧАНЦАЛНЯМ