| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0121/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/203 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/203
2024 02 27 2024/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Э.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нямдорж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, авто замын ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 1 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23/35 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, бие эрүүл, ухаан бүрэн, Э.Т нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .............жижүүрийн байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.С-гийн хадгалуулсан цохилттой дрилл, молдок, хийн буу, ком багаж, зуурагч зэргийг хулгайлан авч 966.000 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ..................... байрны гаднаас хохирогч М.Г-гийн өмчлөлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 900.000 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ............. байрны гадна байх Н.Д-ын эзэмшлийн “Wake” брэндийн хар ногоон өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 348.000 төгрөгийн буюу бусдад нийт 2.214.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “Тэр байранд өмнө амьдардаг байсан тул надад түлхүүр байсан. Тэгээд тэнд үлдээсэн хувцсаа авах гэж орсон. Багаж байхаар нь аваад гарсан. Мөн тэр 2 дугуйг мөнгөний хэрэгцээ гараад хулгайлсан. Нэг дугуй, багажнуудаа зарсан, нэг дугуйг нь буцааж өгсөн. Мөнгийг нь өрөндөө өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, засрал хүмүүжлийг сайн олно, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ..... байрны жижүүрийн байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн Т.С-гийн хадгалуулсан цохилттой дрилл, молдок, хийн буу, ком багаж, зуурагч зэргийг хулгайлан авч 966.000 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ............. байрны гадна байх иргэн Н.Д-ын эзэмшлийн “Wake” брэндийн хар ногоон өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 348.000 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ..................... байрны гаднаас иргэн М.Г-гийн өмчлөлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 900.000 төгрөгийн буюу бусдад нийт 2.214.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Т.С-гийн / хх 16 /: “...2023 оны 05 дугаар сарын 09-ний өлөө гэрээсээ буюу 9 давхраас буугаад фитнест явах гээд гарч байхад хаалга онгорхой байсан. Онгорхой байхаар нь ортол сүүлд байсан багажууд байхгүй болсон байсан. Молдок, ком багаж прүсний дрилл зэргийг 3-н хоногийн өмнө оруулж тавьсан. Тэгээд бас өчигдөр компрессор авах гээд ороход байгаагүй. Алдсан зүйлээ олж авмаар байна...” мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 18-21 /,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 9-12 /,
Иргэний нэхэмжлэгч П.Г-ын / хх 29-31 /: “...2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн .............тоот гэртээ байхад фейсбүүк дээр шинэ хуучин багаж хэрэгсэл төхөөрөмж авна зарна гэсэн зарын групп дээр .............гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч “цохилттой дрилл зарна, чат бичээрэй” гэсэн зар оруулсан байхаар нь би уг хаягтай хүн рүү “цохилтой дрилл хэд вэ” гэж бичсэн чинь миний асуугаад байсан цохилттой дрилл биш байхаар нь “ Чиний зарах гээд байгаа багаж чинь молдок гэдэг багаж байна. Хаана байгаа багаж вэ” гэж асуухад “32-н тойргийн энд байна. Эндээс ирээд авчих” гээд надад ............. гэсэн дугаар өгсөн. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ................ дугаар луу ярьж байгаад би ...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ............. хашаанд очиж тухайн багаж зарна гэсэн хүнтэй уулзаж молдок авсан. Тэгээд тухайн хүнд компрессор байсан “тухайн багажийг хэдээр зарахын” гэж асуухад 150.000 гэж байсан. Тэгээд “молдок, компрессорыг нийлүүлээд 190.000 төгрөгөөр авуул авахгүй юу даа” гэхээр нь би ...цохилттой дрилл, молдок, хийн буу, ком багаж, зуурагчийг Э.Т хүнээс 440.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг,
Э.Тийн яллагдагчаар мэдүүлсэн / хх 36 /: “...2023 он гараад нилээн хэдэн сарын дараа очиж үлдсэн юмнуудаа жижүүрийн өрөөнөөс авахдаа дотор нь байсан барилгын багажнуудыг аваад явчихсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан болохоор аваад явчихсан. Би тэр эд зүйлүүдийг фейсбүүк дээр зар тавиад ... тойргоос хойшоо ....... сургуулийн ар талд байдаг нийтийн байрны тэнд уулзаад бүгдийг 440.000 төгрөгөнд зарж борлуулсан...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Н.Д-ын / хх 84 /: “...Би 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн унадаг дугуйгаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... байрны гадна цоожлоод өөрийн хуучин гэр болох Орбит-д 3-4 хоноод ирэхэд миний унадаг дугуй цоожилж үлдээсэн газраа байхгүй байсан. ...Манай байрны нэг ах унадаг дугуйгаа алдчихлаа гээд цагдаатай хамт явж байхад нь камер шүүлгэж үзэхэд тэр ахын дугуйг хулгай хийсэн хүн миний дугуйг хулгайлсан гэдгийг мэдсэн. ...Миний алдагдсан унадаг дугуй нь “Wake” брэндийн 27.5 инчийн хойд дугуйны гол төмөр нь 2 талдаа чихтэй хар ногоон өнгийн унадаг дугуй байсан бөгөөд онцлог содон шинж тэмдэг гэвэл дугуйны жолоо хэсэгт 3 ширхэг зурагдаж халцарсан толбо тэмдэгтэй.. ...Би өөрийн алдсан унадаг дугуйгаа 2020-2021 онд 3,4-р хорооллын тэндээс 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна...” мэдүүлэг,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 86-87 /,
Хохирогч М.Г-ын / хх 42 /: “...Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өглөөний 09:00 цагт ажилдаа явахаар гэрээсээ буюу Сүхбаатар дүүргийн ..................... байрны ........ тоотоос гарч ирэхэд миний гадаа цоожилж үлдээсэн дугуй хулгайд алдагдсан байсан. ...2023 оны 08 дугаар сарын 28-ны оройны 19 цагт орцныхоо үүдэнд цоожилж үлдээсэн. Шөнийн 23 цагийн орчимд агаар амьсгалахаар гарахад миний унадаг дугуй байж байсан...” гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 44-45 /,
Э.Тийн яллагдагчаар мэдүүлсэн / хх 62 /: “...2023 оны 08 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчим .............. нуурын ард байрлах хэддүгээр байрыг мэдэхгүй шар хүрэн өнгийн 12 давхар байрны гадна шатан дээрээс Elfama маркийн улбар шар өнгийн том унадаг дугуйг түгжээг нь төмөр хийгээд эргүүлж байгаад мулталж авсан...” гэх мэдүүлэг, хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл / хх 91-92 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Тт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь иргэдийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж дээрх нотлох баримтуудад шүүх итгэж, үнэмшсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсанаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй Э.Тийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Э.Тт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.С, М.Г, Н.Д нарын эд зүйлийг хүлээлгэн өгсөн талаар яллах дүгнэлтийн хавсаралтад дурдсан, иргэний нэхэмжлэгч П.Г-д учирсан хохирол төлбөр болох 440.000 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Тийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Т-г “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийн нийт 99 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Э.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ