| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2019/00106/И |
| Дугаар | 134/ШШ2019/00120 |
| Огноо | 2019-08-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 134/ШШ2019/00120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ….. онд төрсөн, .. настай, эмэгтэй, Г аймгийн С сумын 0 дугаар баг, 0 дугаар байрны 0-00 тоотод оршин суух, Д овогт Р-ийн Ариунаа /РД:АА0000000, утас: 00000000/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /РД:0000000, утас 00000000, 00000000/-т холбогдох
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилд эгүүлэн томилох хүртэлх буюу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 179 987 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбат бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.А миний бие аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 00025 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 00528 дугаар тогтоолоор намайг эгүүлж ажилд тогтоож өгсөн. Одоо миний бие аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар ажилдаа эргэн томилогдсон тул 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цалин 5 179 987 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлттэй байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Р.А-ийн гаргасан Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 5 179 987 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Р.А нь зөрчлийн улмаас тус хэлтсийн даргын тушаалаар 2018 оны 06 дугаар сарын 29-нд ажлаас халагдсаны дараа, ажилгүйдлийн тэтгэмж хоёр сая гаруй төгрөгийн тэтгэмжийг Г аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс авсан байна. Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 216/МА2018/00025 дугаар магадлалаар 1 615 950 төгрөгийг Улсын бүртгэлийн байгууллагаар төлүүлэх шийдвэр гарсан. Түүнчлэн нэхэмжлэгч Р.А нь Гаймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар Бичиг хэрэг, нярав, архивын эрхлэгчээр томилогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд тэрээр улсын төсвөөс цалин авсан байх тул төсөвт байгууллага болох Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 5 179 987 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа дахин ажил хийж цалин авч болохгүй. Р.А нь манайхаас 2018 оны 07-10 дугаар сард ажилгүйдлийн тэтгэмж авсан бөгөөд 12 дугаар сард ажилд орсон байна. Тиймээс давхардаагүй гэж үзэж байна. Даатгуулагч хууль бусаар ажлаас халагдсан гэдэг нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд ажил олгогч түүний ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг төлсөн тохиолдолд түүнд олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг манайд буцааж олгохоор заасан байгаа гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.А нь Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Р.А нь ажлаас халагдсаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авсан, мөн Г аймгийн Байгаль орчин, жуулчлалын газарт ажилд орсон, энэ хугацаанд улсын төсвөөс цалин авсан, харин хариуцагчийн хувьд цалингийн зөрүүг олгох боломжтой гэж тайлбарлана.
Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2018/00025 дугаар магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46.2-д заасныг баримтлан Р.А-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 615 950 төгрөгийг олгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00528 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх6-14/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно хэмээн заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Р.А-г урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ба тэрээр ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй, нөгөөтэйгүүр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан ажил олгогч ажлаас буруу халсан үеийн олговрыг нөхөн төлөх учиртай тул хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь хуульд нийцнэ.
1. Нэхэмжлэгч Р.А-г шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар 1 өдрийн цалинг 25 650 төгрөг гэж тогтоосон байх /хх-14/ ба түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д зааснаар тооцож олгов.
Үүнд: 2018 оны 10 дугаар сард ажлын 23 хоног, 2018 оны 11 дүгээр сард ажлын 22 хоног, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажлын 15 хоног, нийт ажлын 60 хоногоор тооцож, олговорт 1 539 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. /60 х 25 650 төгрөг=1 539 000 төгрөг/
2. Нэхэмжлэгч Р.А-г Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар Бичиг хэрэг, архивын эрхлэгч, няравын ажилд томилсон ба 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлсөн байна. /хх-45, 84/
Улмаар Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Р.А-г архивчаар томилжээ. /хх-45/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ... хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж цалингийн зөрүүг олгох нь зүйтэй гэж үзэв. /хх-45/
Нэхэмжлэгч Р.А-г Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар үндсэн цалинг 545 075 төгрөг гэж,
Шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар 1 сарын дундаж цалинг 551 477 төгрөг гэж тогтоосон байх тул цалингийн зөрүү болох 32 010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. /551 477-545 075=6402 төгрөг, 6402 төгрөг х5 сар=32 010 төгрөг/
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд, нэхэмжлэгч Р.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгов.
Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлнө гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 830 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 40 086 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 539 000 /нэг сая таван зуун гучин есөн мянган/ төгрөг, цалингийн зөрүү 32 010 /гучин хоёр мянга арван/ төгрөг, нийт 1 571 010 /нэг сая таван зуун далан нэгэн мянга арван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Ариунаад олгож, үлдэх 3 608 977 /гурван сая зургаан зуун найман мянга есөн зуун далан долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Р.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 830 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 40 086 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА