| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0196/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/222 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/222
2024 03 01 2024/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Ч.А(өөрийгөө өмгөөлж),
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилүй, ам бүл 4, эмэг эх, эх, хүүгийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Ч.А нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ дэлгүүр дотор үйл ажиллагаа явуулах “............” гэх нэртэй дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа хохирогч Д.Б-гээс худалдан борлуулах зорилгоор түүнд хүлээлгэж өгсөн “монетон гинж, ээмэг, бөгж” зэрэг үнэт эдлэл болох бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж завшсаны улмаас 2.262.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажилллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. Би ар гэрээ тэжээн тэтгэх ганц хүн учир торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Ань 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ дэлгүүр дотор үйл ажиллагаа явуулах “............” гэх нэртэй дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа хохирогч Д.Б-гээс худалдан борлуулах зорилгоор түүнд хүлээлгэж өгсөн “монетон гинж, ээмэг, бөгж” зэрэг үнэт эдлэл болох бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 2.262.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Д.Б-н/ хх 6 /: “...Би 2021 оноос хойш .............. дэлгүүрийн 1 давхарт “............” гэх үнэт эдлэлийн лангуу ажиллуулж эхэлсэн. 2023 оны 6 сарын дундуур Ч.А гэх эмэгтэйг худалдагчаар ажилд авсан бөгөөд тухайн эмэгтэйг ажилд авснаас хойш манай үнэт эдлэлүүд дутаж эхэлсэн. Би Ч.А-ыг ажилд орохоос өмнө 2023 оны 06 дугаар сарын 10-ны хавьцаа тооллого хийх үед манай үнэт эдлэлүүд бүрэн байсан. 2023 оны 08 сарын 25-ны өдөр би дэлгүүртээ тооллого хийх үед ...10 ширхэг үнэт эдлэл байхгүй байсан. Худалдагч охиноос дээрх үнэт эдлэлийг асуухад “мэдэхгүй” гэх хариуг өгдөг байсан. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Д гэх /А-ын нөгөө ээлжийн охин/ худалдагч ажлаас буух үедээ надад үнэт эдлэлүүдийн зургийг явуулсан бөгөөд 09 дүгээр сарын 19-ний өдөр Ч.А ажиллаад 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би Д-тай цуг тооллого хийх үед 2 үнэт эдлэл нь 09 дүгээр сарын 18-ны өдөр Д-ын явуулсан зураг дээр байсан. ... Манай лангууны 1 ширхэг түлхүүр байдаг бөгөөд худалдагч нар ажлаас тарахдаа түлхүүрээ дэлгүүр дотор нөгөө ээлжийнхээ худалдагчид үлдээгээд явдаг...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.М-ын / хх 9 /: “...Би тухайн өдөр ажил дээрээ буюу ..... дэлгүүрийн замын эсрэг талд байх барьцаалан зээлдүүлэх газарт байсан. Тухайн өдөр манай барьцаалан зээлдүүлэх газарт нэг эмэгтэй орж ирээд цоо шинэ монетон гинж барьцаанд тавьсан. Тухайн эмэгтэйн бичиг баримтыг шалгахад Ч.А гэж байсан шиг санагдаж байна. Гэхдээ тэр эмэгтэй удаа дараа хэд хэдэн хоногийн зайтай манай барьцаалан зээлдүүлэх газарт орж ирэн 7-8 удаа монетон гинж бөгж зэрэг эд зүйлсийг барьцаанд тавьдаг байсан.Түүний барьцаанд тавьж байгаа зүйл нь дандаа шинэ 18 каратын үнэт эдлэл байгаад байдаг болохоор нь би гайхдаг байсан. Тэгээд нэг өдөр тухайн эмэгтэйгээс “чи лангуун дээр суудаг юм уу” гэж асуухад тэр эмэгтэй хариуд нь “үгүй” гэж хэлж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш удалгүй тэр эмэгтэйтэй цуг цагдаа орж ирэхэд лангуун дээр байсан эд зүйлсийг барьцаанд тавьдаг байсан гэдгийг нь би мэдсэн....’’ гэх мэдүүлэг
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 12-15 /,
Ч.А-ын яллагдагчаар мэдүүлсэн / хх 36 /: “...Би ....... дэлгүүрийн 1 давхарт байх “............” нэртэй үнэт эдлэлийн лангуун дээр 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн худалдагчаар ажиллаж эхэлсэн. Тухайн лангуун дээр Д.Б гэх эмэгтэй байсан. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр утсаа засуулах гээд мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд лангуун дээрээс нэг үнэт эдлэл аваад барьцаалан зээлдүүлэх газар тавьж мөнгөтэй болоод тооллого болохоос өмнө буцаагаад авъя гэсэн бодол төрсөн. Тэгээд 07 дугаар сарын 23-ны өдөр нэг ширхэг монетон гинж лангуун дээрээс аваад ...... дэлгүүрийн замын эсрэг талд байх барьцаалан зээлдүүлэх газар 350.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгөтэй болж утсаа засуулсан. Энэ өдрөөс хойш лангуун дээр байгаа үнэт эдлэлүүдээс аваад барьцаалан зээлдүүлэх газар тавиад Д.Б эгчийг тооллого хийхээс өмнө буцааж аваад лангуун дээр тавьчиж болох юм байна гэж бодсон. ....... дэлгүүрийн замын эсрэг талын барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьсан. ...өөрийн дансаар авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.А-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.А-ын үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.А-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.
Шүүх Ч.А-д тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Хохирогч Д.Б-н“миний бие өөрт учирсан хохирлыг бүрэн хүлээн авсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.Ань цагдан хоригдсон хоноггүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ