Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/226

 

 

 

 

 

 

 

     2024         03             01                                   2024/ШЦТ/226

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Э.Булганчимэг,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч М.Билгүтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн   хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тээврийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт  улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, О.С нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн .................” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байх үедээ өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 60 ширхэг гар утас, 2 ширхэг ухаалаг цагийг завшиж 311.978.000 (гурван зуун арван нэгэн сая есен зуун далан найман мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С мэдүүлэхдээ: “Гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Хүүхэд маань төрөөд дөнгөж 2 сар гаруй болж байна. Найз нөхдийнхөө үгэнд орж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн түрхэн зуурын бодлоосоо болоод ийм зүйлд хүрчихлээ. Хорих ял л биш бол өөр ямар ч ял байсан би өөрөө хичээж байгаад хөлс хүчээ дуслуулж байгаад бүгдийг нь төлж барагдуулна. Хорих ял авчих юм бол дөнгөж төрсөн хүүхэд маань эхнэртэйгээ орох газар ч үгүй үнэхээр хэцүү байдалд орох гээд байгаа болохоор харж үзнэ үү”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ: “...Манай компанид 311.978.000 төгрөгний хохирол учирснаас 180 гаруй сая төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Түүний ломбарданд тавьсан утсуудыг авсан.  Бид хохирлоо бодитоор нь төлүүлэхийг хүсэж боломж олгосон боловч төлөөгүй. Тийм учраас үнэлгээгээр гарсан хохилоо нэхэмжилж байна. Өнөөдөр гаргаж өгч байгаа Төв аймгийн ........ суманд байгаа газрын эрхүүдийг өөр дээрээ шилжүүлж авсан баримтууд хэлбэр төдий гэж харагдаж байна. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.С нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн .................” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байх үедээ өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 60 ширхэг гар утас, 2 ширхэг ухаалаг цагийг завшиж 311.978.000 (гурван зуун арван нэгэн сая есен зуун далан найман мянга) төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Б.Бын / хх 8-9 /: “...О.С нь “.................” ХХК-д харилцагч хариуцсан менежер албан тушаалд ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 46 ширхэг ай фоне маркийн гар утас, 14 ширхэг самсунг маркийн гар утас 1 ширхэг ай воч маркийн ухаалаг цаг, самсунг гар утсыг дагалдуулж өгч байсан воч 5 маркийн ухаалаг цаг нийтдээ 62 ширхэг гар утас төхөөрөмжийг 2023 оны 08 сарын 31-ээс 2023 оны 09 сарын 19-ний өдрийн хооронд манай ах төв аймгийн ...... сумын засаг дарга. Төв аймгийн 100 жилийн ойгоор хүмүүст өгөх гэж байгаа бэлэн борлуулалт хийнэ гэж хэлж өөр дээрээ программаар захиалж аваад дундын шүүгээнээсээ авч гарсан байсан. Тэгээд бэлэн мөнгө орж ирэхгүй байхаар нь О.Стай уулзаж асууж тодруулахад би тухайн гар утаснуудыг хүнд өртэй болохоор ломбарданд тавьчихсан гэж хэлсэн. Тэгээд өөрийг нь дагуулж яваад ломбарднуудаар явж үзэхэд нэр бүхий 8 ломбарданд 18 ширхэг гар утас төхөөрөмж барьцаанд тавьсан байсан. 2023 оны 09 сарын 25-ны өдөр О.С нь өөрийн ээж болох ах нарын хамтаар байгууллага дээр ирээд ломбарданд үлдсэн байсан 18 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн харин үлдсэн гар утаснуудын барыдааны хугацаа дуусаад алдсан гэсэн тайлбар өгсөн. Мөн бэлнээр 20 сая төгрөгийг байгууллагын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 79-88/,

 

Гэрч Б.Н-ын / хх 130-131 /: “...Би “.................”-д 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаа. О.С бол 2017-2018 оны орчим манай байгууллагад ажилладаг байсан ба тэр үеэс хальт мэддэг байсан. Тэгээд ажлаас гараад дахин орж ирсэн байдаг. О.Сын хувьд бол харилцагч хариуцсан менежерээр ажиллаж байсан, энэ нь бараа материал шууд хариуцдаг, хариуцлагын гэрээтэй, борлуулалт мөн хариуцдаг бөгөөд хэрэглэгч нартай шууд уулзаж асуудлыг шийдвэрлэдэг ажилтан. Тэгээд өөрт байсан бараануудаа л хэлэхгүй ийм зүйл болсон. Энэ талаар бараа материалуудыг өөр салбар руу шилжүүлэх 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тоолох гэтэл О.С шүүгээний түлхүүрээ гэртээ үлдээсэн гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирээд менежер О-д бараа материалыг барьцаанд тавиад алдчихсан гэж үнэнээ хэлсэн байсан. О.С нь урьд нь 2023 оны 08 дугаар сард Төв аймгийн ........ газарт манай ах ажилладаг ахтайгаа ярьсан тэнд олноор гар утас борлуулах гэж байгаа юм би утаснуудаа бэлдчихсэн байгаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ц-ын / хх 137-139 /: “...Би Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “..... барьцаалан зээлдүүлэх газрыг 1, 2 жил ажиллуулж байна. О.С гэх хүнийг таньж мэдэхгүй, ямар нэгэн танил найз нөхдийн харилцаа байхгүй. О.С нь манай барьцаалан зээлдүүлэх газар 2023 оны 08 дугаар сарын 30-нд “Самсунг эс 23 улыра” гар утас 1 ширхэг, “IWatch ser8” маркийн ухаалаг цаг 1 ширхэг, “Самсунг галакси Вотч5” маркийн ухаалаг цаг 1 ширхэг зэрэг 3 ширхгийг 3.700.000 төгрөгт өөрийнхөө бичиг баримтаар тавиад 2023 оны 09 дүгээр сарын 24-нд буцааж авсан. Дээрх эд зүйлс бүгд хайрцагтай шинэ эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг,

 

 

О.Сын яллагдагчаар мэдүүлсэн / хх 124-125 /: “...Би 2023 оны 01 дүгээр сард М-д харилцагч хариуцсан менежерээр ажилд орсон. Харилцагч хариуцсан менежер нь харилцагч байгууллага хариуцан ажилладаг ба давхар борлуулалт, үйлчилгээ хариуцдаг байсан. 2023 оны  08 дугаар сарын сүүлээр байх Onexbett гэх бооцооны сайтад S гэх нэрээр аккаунт үүсгэж ордог болсон. Тэгээд талбайн теннис, сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд бооцоо тавьж эхэлсэн юм. Тэгээд би мөнгөгүй болоод 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд өөр дээр борлуулахаар хүлээн авсан байсан нийт 60 ширхэг гар утсыг нэг дор авч гараад 7-9 ширхэг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан. ...тэгээд 60 ширхэг гар утсыг ойролцоогоор 90 гаран сая төгрөгт барьцаанд тавьж бүх мөнгийг Onexbet-д хийж тоглох, бооцоо тавих зэргээр алдчихсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Ст холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, О.Сыг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ, тэдгээрийн үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, байгууллагаас албан ажлын шаардлагын дагуу эд хөрөнгийг шилжүүлж өгсөн болохыг, шүүгдэгч нь байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу барьцаалан зээлдүүлэх газар тавьж борлуулсан, хяналт шалгалт, тооллогоор байгууллагын эд хөрөнгө дутагдсаныг тогтоосон ба шүүгдэгч нь өөрөө эд хөрөнгө авснаа хэлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү О.С нь “.................” ХХК-ний харилцагч хариуцсан менежерээр ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглаж “.................и” ХХК-ний дансанд бүртгэлтэй эд хөрөнгө болох 60 ширхэг гар утас, 2 ширхэг ухаалаг цаг зэргийг хувьдаа авч захиран зарцуулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж  их хэмжээний хохирол учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ст ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөөс зарим хэсгийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор санаатаай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн  дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Улсын яллагчаас О.Сыг 20.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял оногдуулах саналыг тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нь бусдад их хэмжээний хохирол учруулсан, учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй, түүний өмнөөс эцэг, эх нь 20.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болно.

Бусад асуудлаар:

Мөрдөн байцаалтын шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол төлбөр болох 311.978.000 төгрөгөөс 126.962.000 төгрөгийн хохирлыг хохирогчид нөхөн төлсөн байх тул үлдэх хохирол төлбөр болох 185.016.000 төгрөгийг шүүгдэгч О.Саас гаргуулж хохирогч “.................” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн зүгээс төрсөн эцэг, эхийнхээ эзэмшлийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн ба дээрх газар дээр газар тариалан эрхэлж олсон ашгаараа хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч хохирогчийн зүгээс хохирол төлбөрөөсөө 70 хувийг төлсөн тохиолдолд үлдэх хохирлыг хугацаа тогтоож төлүүлэх боломжтой гэдэг байдлаар шүүгдэгчтэй тохиролцохоор уулзсан ч тохиролцоонд хүрээгүй болохоо шүүхэд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тухайн газрыг шүүгдэгч өөрийн нэр дээр шилжүүлсэн нь хохирол төлбөрөө төлөх баталгаа гаргасан гэж үзэх боломжгүй байх тул хохирогч байгууллагын зүгээс хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлсэн баримтын хүрээнд шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх хүсэлт үндэслэлтэй байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.С нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч О.С-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ст оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Саас 185.016.000 төгрөгийг гаргуулж хохирогч “.................” ХХК-д олсугай.   

6. О.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ