Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2017/00088/И |
Дугаар | 104/ШШ2017/00090 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 104/ШШ2017/00090
2017 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 104/ШШ2017/00090 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн *******,*******, 8 тоотод оршин суух Гүнт овгийн Өсөхийн М******* /РД:/
Хариуцагч: Налайх дүүргийн *******-гээс
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.М*******, хариуцагч Ц.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Бид хоёр 1999 оны 01 дүгээр сард гэр бүл болж 2000 оны 02 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Том хүү М.Т 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 2002 онд дунд хүү М.М*******, 2007 онд М.Т******* нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд Ц.Б******* гэрээсээ дайжаад 1-3 сар сураггүй алга болчихдог байсан. 2010 оны 10 дугаар сард бага хүүхэд 4 настай байхад хаяад хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Би аргаа бараад шүүхэд нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжлуулсан. Налайхын цагдаа надад олж өгөөгүй. Тэгэхээр нь сураггүй алга болгуулахаар шүүхэд хандсан. Тэр үед би хаана байгааг нь өөрөө олж мэдсэн. 2016 оны 12 дугаар сард Ц.Б******* өөрөө гэрлэлтээ цуцлуулна гээд шүүхэд нэхэмжлэл өгснөө шүүх хуралд ирээгүй. Шүүх миний хүсэлтээр нэхэмжлэлийг буцаасан. Хэдэн жил ор сураггүй алга болчихоод гэнэт гарч ирээд хүүхдүүдийг минь авчихсан. Өөрийн гэсэн гэр оронгүй, ажилгүй, байнга гэрээсээ дайждаг хүнд хүүхдүүдээ өгнө гэхэд би итгэхгүй байна. Миний хүүхдүүд эх шигээ хүн болчихвий гэж би сэтгэл зовж байна. Би улирлын чанартай ажил хийдэг. Өнгөрсөн 12 дугаар сараас энэ оны 03 дугаар сарыг дуустал би ажилгүй байгаа. Гэхдээ манай ажил энэ сарын 18-наас эхэлнэ. Би Өмнөговь аймаг руу 3 сарын хугацаатай ажилд явах учраас өөрийгөө эзгүй үед хүүхдүүдээ ээж дээрээ үлдээнэ. Ц.Б******* өөр хүнтэй хамт амьдарч амьдрал зохисон учраас би эргэж эвлэрч амьдрахгүй. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, эхээс нь тэтгэлэг гаргуулна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ц.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хамт амьдрах хугацаанд Ө.М******* намайг байнга зоддог байсан. Хэд хэдэн удаа бие махбодид минь гэмтэл учруулж байсан. Энэ тухай хорооны нийгмийн ажилтанд хэлдэг байсан. Ө.М******* архи ууж хүчирхийлж байсан учраас би тэвчилгүй 3 хүүхдээ орхиод 2012 оны 10 дугаар сард гэрээсээ явсан. Хүүхдүүдээ чирээд очих газаргүй учраас тэднийг эцэгт нь үлдээсэн. Тухайн үед үүнээс өөр арга надад байгаагүй. Би найзындаа 7 хоноод сонингоос ажлын зар харж байгаад Хэнтий рүү барилгын тогоочоор ажиллахаар явсан. Манай эгч Налайхад байдаг учраас эгчтэйгээ холбоо барьж хүүхдүүдээ асуудаг, утсаар ярьдаг байсан. Бид Ө.М*******аас энэ бүгдийг нуудаг, мэдчихвий гэж айдаг байсан. 2016 оны 10 дугаар сард хүүхдүүд аав байнга архи ууж биднийг зодоод байна гээд гурвуулаа над дээр гүйгээд ирсэн. Одоо би өөрийн гэсэн гэр оронтой. “*******” ХХК-д тогоочоор 2013 оноос хойш тогтвортой ажиллаж байгаа, сарын 600.000 төгрөгний цалин авдаг. Би хаягаа хэлэхгүй. Хэлэх юм бол Ө.М******* ирээд агсан согтуу тавиад хүүхдүүдийг айлгаад амгалан тайван байдлыг алдагдуулна. Би өөр хүнтэй ханилан суусан. Ө.М*******тай эвлэрч амьдрахгүй. Гэрлэлтээ цуцлуулна. Ө.М******* байнга архи уудаг, хүүхдүүдтэй зөөлөн харьцдаггүй, байнга л зандарч загнаж, заналхийлдэг. Хүүхдүүд ааваасаа айдаг, түүний асрамжид байх дургүй, аав байнга утсаар согтуу яриад харааж зүхэх юм гээд утасны дугааруудаа өөрсдөө сольсон. Биднийг байнга элдэв үгээр доромжилж харааж зүхдэг. Хүүхдүүдээ Ө.М*******ын асрамжид өгөхгүй, би өөрийнхөө асрамжид авна. Тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.М******* хариуцагч Ц.Б*******гээс “олон жил үр хүүхдээ хаяад ор сураггүй болсон, өөр бусадтай ханилан суусан” үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 3 хүүхдийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Ц.Б******* нөхөр Ө.М*******ыг хамт амьдрах хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэдэг, эрх чөлөөнд нь халдаж хүчирхийлдэг байснаас үр хүүхдүүдээ орхин олон жил тусдаа амьдарсан, одоо өөр бусадтай эр эмийн харьцаатай болж ханилан суусан үндэслэлээр гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Ө.М*******, хариуцагч Ц.Баасанүрэн нар нь 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болж 2000 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2012 оны 10 сар хүртэл нэг гэрт ханилан сууж, 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү М.Т, 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү М.М*******, 2007 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү М.Т******* нар төрж эрүүл саруул өсөн торнисон байна. /хх-6-11/
Гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр Ө.М******* архи согтууруулах ундаа хэрэглэж эхнэр Ц.Б*******гийн эрх чөлөөнд халдаж хэрцгийн догшин авирласан, эхнэр Ц.Б******* үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарсан талаар зохигч хүлээн мэдүүлсэн.
Тэд Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан “бие биедээ үнэнч байх, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүй нь олон жил тусдаа амьдрах шалтгаан нөхцөл болсон байна.
Эхнэр Ц.Б******* шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид энэ асуудлаар хандсан боловч ажиллагаа амжилтгүй болж 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр шүүх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 138/ дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна. /хх-8/
Гэрлэгчид энэ хугацаанаас хойш эвлэрч амьдраагүй, цаашид эвлэрч амьдрах сонирхолгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүн гарахгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул шүүх гэрлэлтийг цуцлах нь хүүхдүүдийн болон гэрлэгчдийн эрх ашигт нийцнэ гэж үзсэн.
Гэрлэлт цуцлахтай холбогдуулан нэхэмжлэгч хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээх, эх Ц.Б*******гээс тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Ц.Б******* нэхэмжлэгч Ө.М*******ыг архи согтуруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ догшин ширүүн зантай, хүүхдүүдтэй зүй бус харьцаж, тэдний эрх чөлөөнд халдах, бүдүүлэг үгээр доромжлон хараан зүхэх зэрэг хүүхдийн амь, нас эрүүл мэндэд хор уршиг учруулж болзошгүй, түүний харилцаа хандлага нь хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулна” гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч хариуцагч Ц.Б*******гийн тайлбарыг баримтаар няцааж холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгч Ө.М*******, хариуцагч Ц.Б*******г эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн гэр оронгүй, хүүхдүүдийг асран хамгаалж тэжээн тэтгэж чадахгүй гэсэн.
Үүнийг хариуцагч Ц.Баасанүрэн няцааж өөрийгөө эрхэлсэн тодорхой ажилтай 600.000 төгрөгний цалин орлоготойгоо нотолж “******* ХХК-д тогоочоор сүүлийн 3 жил тогтвор суурьшилтай, сарын 600.000 төгрөгийн цалинтай” гэсэн “*******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09/17 дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлсэн. /хх-9/ Мөн тэрээр 3 хүүхэдтэйгээ өөрийн гэсэн орон гэртэй тухтай амьдарч байгаа талаар мэдүүлж гэрийн гадна болон дотор талыг фото зургаар баримтжуулж шүүхэд ирүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч баримтаар няцааж мэтгэлцээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү М.Т, М.М*******, М.Т******* нараас асрамжийн талаар асуусан. Тэд эхийн асрамжид үлдэх саналаа илэрхийлсэн.
Хариуцагч Ц.Б******* тус шүүхийн архивт хадгалагдаж байсан өөрийнх нь нэхэмжлэлийг буцаахдаа шүүхээс хийсэн ажиллагаатай холбогдолтой баримтуудын энэ хэрэгт нотлох баримтаар гаргуулахыг шүүх хуралдааны өмнө бичгээр гаргасан. Шүүх түүний хүсэлтийг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн хүсэлтийг хангаж шүүхийн архивт хадгалагдаж байсан индекстэй 1 хавтас 28 хуудас баримтыг хэрэгт нотлох баримтаар авч шинжлэн судалсан.
Энэ баримтанд хүү М.Т, М.М*******, М.Т******* нараас асрамжийн талаар асуусан тухай тэмдэглэл /хх-11-14/-үүд байгаа бөгөөд хүүхдүүд мөн л эхийн асрамжид байна, эцэг Ө.М*******ыг архи согтууруулах ундаа хэрэглэдэг, тэдний эрх чөлөөнд халддаг, сургуулиас гадуурх дугуйланд явахад татгалздаг тухай мэдүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч Ө.М******* 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймагт томилолтоор явж ажиллах шаардлагатай байгаа учраас шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зарлан хуралдуулахыг хүссэн. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг зарлан хуралдуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд архи согтууруулах ундаа хэрэглэн согтуурлын зэрэг 0.29 хувьтай хүрэлцэн ирсэн. /хх-18-19/ Энэ шалтгаанаас шүүх хуралдаан 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшилсон. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.М*******ын биеэ авч яваа байдал, архи согтууруулан ундаа хэрэглэдэг нь хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн хүүхдүүдийг өөрийнх нь асрамжид үлдээх, эхээс тэтгэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д зааснаар ...хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг.
Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй, хариуцагчийн хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээхгүй өөрийн асрамжид авна гэж маргасныг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар баримтаар нотлож чадаагүй, хүүхдүүд эхийнхээ асрамжид үлдэх саналтай байгаа зэргийг харгалзан 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү М.Т, 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү М.М*******, 2007 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү М.Т******* нарыг эх Ц.Б*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар эцэг хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т зааснаар гэрлэлт цуцлагдсан ч энэ үүрэг хэвээр үлдэх учраас энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр эцэг Ө.М*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж насанд хүрээгүй М.Т, М.М*******, М.Т******* нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагч Ц.Б******* хүүхдүүдэд олгогдож байгаа тэтгэлэгийг энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулах, энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д зааснаар эцэг Ө.М******* хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлж байгаад дүүрэг, хорооны Засаг дарга, дүүргийн Хүүхэд хөгжлийн төв хяналт тавихыг даалгав.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээн хуульд заасан журмын дагуу эцгээс сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар хариуцагч Ц.Б*******гээс гэрлэлт цуцлах шаардлагад төлөх 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг, зохигч гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй зэргийг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-д заасныг баримтлан Гүнт овгийн Өсөхийн М******* /РД:/, Баядууд овгийн Цэвээний Б******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү М.Т, 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү М.М*******, 2007 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү М.Т******* нарыг эх Ц.Б*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү М*******ын Т*******ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү М*******ын Т, 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү М*******ын М*******, 2007 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү М*******ын Т******* нарыг энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Гүнт овгийн Өсөхийн М*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Алтанцэцэгт, энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д зааснаар эцэг Ө.М******* хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлж байгаад нь хяналт тавихыг Налайх дүүргийн Засаг дарга, 3 дугаар хорооны Засаг дарга, Налайх дүүргийн Хүүхэд хөгжлийн төвд тус тус даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар хариуцагч Ц.Б*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.,-т зааснаар нэхэмжлэгч Ө.М*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ