| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/265 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/265
2024 03 13 2024/ШЦТ/265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Э.Мөнхболд (томилолтоор),
хохирогч А.М (цахимаар),
шүүгдэгч Х.М , түүний өмгөөлөгч Б.Ариунтуяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт , урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Х.М нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө хохирогч А.М-ын итгэмжлэн хариуцуулж өгсөн ...... улсын дугаартай “......” загварын тээврийн хэрэгслийг буцааж өгөлгүйгээр бусдад барьцаанд тавьж, хохирогч А.М-ид 17.187.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.М мэдүүлэхдээ: “Би Киргиз руу машин гаргаж байсан. Орос руу машин гаргасны дараа Х.М д 1.500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Би Х.М д “......” маркийн машин өгсөн. Над руу Х.М залгаад машин гаргадаггүй гэж ярьсан. Би буудалд хоносон ба Х.М машинд хонож байсан. Тэгээд өглөө сэрэхэд Х.М хот руу явсан байсан. Би цагдаагийн байгууллагад хандахад машиныг ломбардад тавьсан байсныг 8.360.000 төгрөг төлж машинаа буцаан авсан. Би ломбардад төлсөн мөнгөө нэхэмжилж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2022 оны 10 сарын 05-06-нд шилжих шөнө хохирогч А.М-ын итгэмжлэн хариуцуулж өгсөн ...... улсын дугаартай “......” маркийн тээврийн хэрэгслийг буцааж өгөлгүйгээр бусдад барьцаанд тавьж, хохирогч А.М-ид 17.187.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч А.М-ийн / хх 27-28 /: “...2022 оны 10 дүгээр сарын 05-06-ны шилжих шөнө ОХУ руу гаргаж зарах гэж байсан ...... улсын дугаартай тээврийн хэрэгслээ Х.М д өгөөд хил рүү явуулсан боловч гарч чадсангүй гээд эргээд ирсэн. Тухайн үедээ Х.М нь гадаа машинд унтлаа гэж .... дугаарын утсаар залгаж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш сураггүй болж, миний тээврийн хэрэгслийг аваад явчихсан...” гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 16-19 /,
Гэрч Э.Э-ын / хх 31 /: “...2022 оны 10 дүгээр сарын 04-ний оройн 23 цагт Киргизстан улсын 3 иргэний хамт Улаанбаатар хотоос нэг “Кровн 204” маркийн тээврийн хэрэгсэл, хар өнгийн “Фит”, “Соната-8”, саарал өнгийн “Соната-8”, “CHR” маркийн 5 тээврийн хэрэгсэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу хөдөлсөн. ...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ...... суманд дээрх хүмүүстэй хамт очиж шөнийн 00 цагийн үед алга болсон гэх “204 кровн”-ыг ОХУ-н хил рүү гарна гэж Х.М авч явсан. 2022 оны 10 дугаар сарын 06-ны 01:40 минутад “хилээр гарсангүй, “машиндаа унтлаа” гэж хэлээд явсан. Өглөө сэрэхэд Х.М болон түүний машин байхгүй байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Э-ны / хх 36-37 /: “...Үл таних эрэгтэй зээл авах гэсэн юм гэж хэлсэн. ...Тэгээд би тээврийн хэрэгслийн гэрчилгээг харахад тухайн залуугийн нэр дээр арлын дугаар таарч байсан. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өмчлөлд нь байсан. Бичиг баримтыг нь үзэхэд хүчинтэй байсан тул зээл олгох боломжтой байсан. Авто тээврийн үндэсний төв рүү албан бичиг бичээд байгууллагын гэрчилгээгээ хамтад нь хүргүүлж, нэрээ шилжүүлсэн. Тэгээд 2 талаасаа гэрээнд гарын үсэг зуруулаад 8 сая төгрөгийн зээлийг “Голомт” банкны ............... тоот дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлж дуусгасан...” гэх мэдүүлэг,
Зээлийн гэрээ, бусад баримтууд / хх 57-66 /,
Х.М-ын яллагдагчаар мэдүүлсэн / хх 111-112 /: “...А.М-ын машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ОХУ-ын хилээр нэвтрүүлээд өгөх юм бол 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. ...7-уулаа болоод ...... боомт руу 3 машинтайгаар Улаанбаатар хотоос ...00:00 цагийн орчим хөдөлсөн бөгөөд үүрээр 07:00 цагийн орчим ...... боомтод очсон. Боомт дээр очиход тээврийн хэрэгсэлтэй хүнийг хилээр нэвтрүүлэхгүй гээд намайг гаргаагүй. Гаргаагүй шалтгаан нь машинаа ОХУ-д очоод зарах гээд байна гээд байсан. Тэгэхэд нь би Е-тай уулзахад “ Орой дахиад оролдож үзье “ гэж хэлсэн. Тэгээд орой дахиад оролдож үзэхэд мөн л хилээр нэвтэрч чадалгүй буцсан. Тэгээд төлбөр мөнгө дээрээ Е-тай жаахан маргалдсан. Тэгээд би машиныг нь аваад Улаанбаатар хотод ирээд авто ломбардад тавьсан. Мөнгийг нь хувьдаа зарцуулсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.М д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох ...... улсын дугаартай “......” маркийн тээврийн хэрэгсэлийг Х.М-ын нэр дээр шилжүүлэн итгэмжлэн хариуцуулан өгснөө, шүүгдэгч нь бусдын итгэмжлэн хариуцуулсан тээврийн хэрэгслийг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон, хууль бус захиран зарцуулалт хийснээ хэн аль нь тодорхой мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь хохирогчийн мэдүүлэг болон “......” ХХК-ний зээлийн баримтаар тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Х.М д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.М-т 17.187.500 төгрөгийн хохирол учирсан / хх 19 / ба дээрх тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч ломбардад тавьсан байсныг хохирогч А.М нь 8.360.000 төгрөгийг төлж, өөрийн машинаа буцаан авсан болох нь шүүгдэгчийн зүгээс гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.
Иймд хохирогч А.М-ийн төлсөн 8.360.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирол төлбөрт 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул үлдэх 6.360.000 төгрөгийг шүүгдэгч Х.М ас гаргуулж, хохирогч А.М-т олгож, нэхэмжлэлээс 8.827.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.М нь цагдан хоригдсон хоноггүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ас 6.360.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.М-т олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.М нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Х.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ