Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/43

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хохирогч Х.Дэлгэрмаа, шүүгдэгч Ж.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Ж.Төмөрбаатарт холбогдох эрүүгийн 201721000114 дугаартай, 178/2017/0043/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Мандах овогт Жанчивдоржийн Төмөрбаатар  1971 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 46 настай, ДП71032911 регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт  оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 02 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жил 05 сарын  хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай  гэх 

      Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд  дурдсанаар/

 

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар  нь ялтай байх хугацаандаа Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Х.Дэлгэрмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:..гэртээ очоод малаа тавиад байж байтал Алтантуяа, Содномдаржаа, Мөнхбаатар нар  замд самбар дээр задалсан 0.75 граммтай архи, 2.5 литрийн пиво авчирсан. Бид нар ууж байгаад тэр гурав явсан. Би тэднийг явсны дараа Ням-Очир гэдэг айлд очиж 0.5 граммтай Ерөөл архи уучихаад ирсэн. Эхнэр бид хоёр бие биенээ үл ойлгоцсоны улмаас хэрүүл маргаан гарч би эхнэрээ хэл амаар доромжилсон. Түүнээс болоод Х.Дэлгэрмаа гэрээсээ гарч явсан.Би хэрэг зөрчил гаргаж цагдаагийн байгууллагаар шалгагдаж шүүхээс 2 удаа тэнсэн хянан харгалзах ял авч байсан.Одоо тэнсэнтэй байгаа.2016 онд Наранчулуун, Баянмөнх нарын гаргасан зөрчлөөс болж сэтгэл санааны хямралаас болж гэр бүлийн маргаан гардаг  гэжээ./хх-78-79-р хуудас/

 Хохирогч Х.Дэлгэрмаа  мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр С.Мөнхбаатар, Алтантуяа Содномдаржаа, манай нөхөр Ж.Төмөрбаатар бид нар архи, пиво уусан.Орой 20-22 цагийн хооронд тэр гурав сум руу буцсан. Тэднийг явсны дараа Ж.Төмөрбаатар зэргэлдээ нутагладаг Ням-Очир гэдэг айлд очоод архи уучихаад ирье гээд манай дүү Эрдэнэтогтохоор мотоцикль бариулаад явсан. Би нөхрөө 01 цаг хүртэл хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь унтсан. Гэтэл 02 цагийн үед Ж.Төмөрбаатар ирэхээр нь унтуулах гэсэн боловч миний цээж рүү гараа атгаж байгаад цохиод намайг хэл амаар доромжилсон.Дахиад миний нүд рүү гараараа цохихоор нь би гэрээсээ гарч яваад манай гэрээс 3-4 км зайд байх байшингийн урд талд дэрсэн дотор хоносон.Маргааш өглөө нь худагнаас ус уучихаад байшингийн цонхоор ороод нуугдаад сууж байтал цагдаа болон хүмүүс ирсэн.Тухайн үед манайд 17 настай том охин Норсонцэрэн, 5 настай бага охин Оюун-Эрдэнэ нар байсан./хх-16-18/..Одоо бид хоёр эвлэрсэн, гомдол санал байхгүй.Цаашид гэр бүлээ цуцлуулах бодолтой байгаа гэв.   

Гэрч Д.Хувцагаан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...манай хүргэн Ж.Төмөрбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө эхнэр Х.Дэлгэрмааг нүдэнд нь цохиж гэмтэл учруулсан байсан   гэжээ. /хх -22-р хуудас/

Гэрч Х.Сувд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай ах Х.Мөнхсайхан над руу яриад Х.Дэлгэрмаа өнгөрсөн шөнө нөхөртөө зодуулаад гараад явсан, одоо болтол алга байна гэсэн. Тэгэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгч рүү ярьж хэлсэн. Ж.Төмөрбаатар нь Ховдод ирээд манайд байх хугацаандаа эхнэр Х.Дэлгэрмааг зодож дарамталдаг байсан  гэжээ. /хх- 20-р хуудас/

Гэрч Ж.Нансалмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед манай дүү Ж.Төмөрбаатар над руу залгаад “ урьд шөнө Х.Дэлгэрмаа бид хоёр жаахан маргаад Дэлгэрмаа гараад явсан. Одоо хүртэл байдаггүй.Ойр хавьд хайгаад олсонгүй, Мөнхөө ахындаа очоогүй байна” гэхээр нь эгч Ж.Цэцэгжаргал бид хоёр Цагдаагийн газар ирж асуухад ”Х.Дэлгэрмаа нь нөхөртэйгөө маргалдаад гэрээсээ гарч яваад ирээгүй, хайгаад олохгүй байна” гэсэн тайлбар өгсөн. Харин маргааш нь хөдөө байдаг байшиндаа нуугдсан байсныг сумаас ажлын хэсэг очиж олж авсан гэсэн  гэжээ. / хх-29-30-р хуудас/

Гэрч Х.Сүхцогзол мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой гэртээ байж байтал манай дүү Сувд над руу залгаад “Дэлгэрмаа эгч өнгөрсөн шөнө 04 цагийн үед гэрээсээ гарч яваад олдохгүй байна гэнэ, та юм сонсов уу” гэсэн.Тэгээд би ийш тийш яриад сураг гаргаагүй.Маргааш нь Дарви сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг байгуулж эрэн сурвалжлах ажил зохион байгуулаад Х.Дэлгэрмаа  хөдөө байшиндаа нуугдаж байсныг оллоо гэхээр нь би Дарви сумын эмнэлэгт очсон. Намайг очиход Х.Дэлгэрмаа зодуулсан байдалтай зүүн нүд нь  хөхөрч хавдсан эмчилгээ хийлгэж байсан. Юу болсныг асуухад уйлаад надтай юм ярьж чадахгүй байсан. Удалгүй сумын хэсгийн төлөөлөгч аймгийн эмнэлэг рүү авч явсан  гэжээ / хх-31-32-р хуудас/

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.Х.Дэлгэрмаагийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний уг, хамрын нуруу, цээжний гадаргууд тус бүр цус хуралтууд, хамрын нуруунд хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо.

2.Х.Дэлгэрмаагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой

3. Х.Дэлгэрмаагийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

4.Х.Дэлгэрмаагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доошгүй буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч цагдаагийн дэслэгч Б.Цэндхүү гэжээ./ хх-36-37-р хуудас

Гэрэл зургийн үзүүлэлт / хх-40-41-р хуудас/ зэрэг  баримтууд хэрэгт авагдсан болно.

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар нь хорих ялыг тэнсэн хянан харгалзсан хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Х.Дэлгэрмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Дэлгэрмаагийн  мэдүүлэг, гэрч Д.Хувцагаан, Х.Сувд, Х.Сүхцогзол нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар нь 02 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 02 жил 08 сарын хугацаагаар хорих ял,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар 230.1-д зааснаар 01 жил 05 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 02 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол /хх-91-97-р хуудас/,Цагдаагийн газрын хяналт тогтоох тухай тогтоол, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтанд өгөх санамж, хяналтанд авсан хүний бүртгэл,гадагш явахгүй байх тухай гаргасан баталгаа, захиргааны хяналтанд байгаа этгээдийн батлан даалтанд хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-98-108-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялтай байдал арилаагүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Төмөрбаатарыг хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа эхнэр Х.Дэлгэрмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”, 56.1.12-д ”шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан буюу ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялаас заримыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулах баривчлах ял дээр нэмж нийт биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдлэх хугацаанд  оруулан тооцож, шүүгдэгч Ж.Төмөрбаатарын өмчлөлийн Портер автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294- 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   

                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мандах овогт Жанчивдоржийн Төмөрбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Мандах овогт Жанчивдоржийн Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 / нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Төмөрбаатарт оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас заримыг буюу 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 01 /нэг/ сарын баривчлах ял дээр нэмж нэгтгээд нийт 01/нэг/ жил 09 /есөн/ сарын   хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Төмөрбаатарт оногдуулсан 01/нэг/ жил 09 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж.төмөрбаатарын цагдан хоригдсон 03 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Ж.Төмөрбаатар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Дэлгэрмаа санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус  дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ж.Төмөрбаатарын өмчлөлийн 43-68 ХОҮ улсын дугаартай Портер маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг  хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС