Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/29

 

Т.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.А-т холбогдох эрүүгийн 2013001520123 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, прокурор Б.Ботакөз, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 4 хүнтэй, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч М овогт Т-ийн А /РД:БЕ00000000/ нь 2019 оны 3 дугаар сард Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, “Дунд хар өлхөн” буюу Хоромт гэх газраас Монгол Улсын улаан номд орсон нэн ховор амьтан болох 1 тооны цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, уг ирвэсийн арьсыг Буянт сумын 1 дүгээр багт байрлах өөрийнхөө гэрт 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/139 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т. А-ийг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т 10.000.0000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Т.А-ээс амьтны аймагт учруулсан нөхөн төлбөрт 22400000.00 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн Т.А-, түүний өмгөөлөгч Т.Бахыт бид “шүүх зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзээд уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

            Шүүгдэгч Т.А- нь 2019 оны 3 дугаар сарын үеэр тус аймгийн  Буянт сумын нутагт “Дунд хар өлхөн” гэх нэртэй газарт мал хариулж явж байгаад урьд нь чоно идсэн үхрийн сэг дээр зогсож байсан саарал амьтныг чоно гэж андууран Монгол Улсын улаан номонд орсон нэн ховор амьтан буюу 1 тооны цоохор ирвэсийг буудаж, уг ирвэсийн арьсыг Буянт сумын 1 дүгээр багт байрлах өөрийнхөө гэрт 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хавтаст хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба Т.А- нь цоохор ирвэсийн  арьсыг хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр түүнд шүүхээс нэг ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсан юм. Гэтэл анхан шатны шүүхээс Т.А- нь цоохор ирвэсийг санаатай агнасан болох нь нотлогдоогүй байхад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан Т.А-ээс амьтны аймагт учруулсны нөхөн төлбөрт 22.400.000 төгрөг гаргуулсан нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна. Учир нь: Прокурор яллах дүгнэлтдээ: “...Т.А-ийн цоохор ирвэсийг санаатайгаар агнасан нь нотлогдоогүй, халдлагын зүйлийг андуурсан болох нь тогтоогдсон тул ирвэс буудсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй ирвэсийн нөхөн төлбөр төлүүлэх үндэслэл байхгүй” гэж дүгнэж, шүүх хуралдаанд мөн нөхөн төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж мэтгэлцсэн. Гэтэл Т.А- нь цоохор ирвэсийг агнасан нь нотлогдоогүй, байгаль орчинд бодит хохирол учруулсан гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байхад шүүхээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “иргэн... нь байгаль орчны болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө..” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Урьд өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн энэ хэрэгтэй ижил төстэй хэргүүдийн шийдвэрлэлтийг харахад ховор болон нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэм буруутай нь тогтоогдсон хүнд нөхөн төлбөр гаргуулж байсан тохиолдол байхгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Т.А-т холбогдох эрүүгийн хэрэгт гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт үйлдлийн талаар дүгнэлт хийхдээ (1) тус дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, (2) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг баримтлан хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаав.

 

1. Мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Т.А-ээс хураан авсан гэх ирвэсийн арьс нь 2,16 см урттай, 50 см өргөнтэй, сүүл нь 72 см урттай, толгой хэсэг нь 30 см урттай, 4 хөл сарвуутай цоохор ирвэсийн арьс байв” гэх эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[1], гэрэл зургууд[2],  шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаар дүгнэлт[3], яллагдагч Т.А-ийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “2019 оны 3 дугаар сарын дунд үеэр тус сумын Хөх эрэг багийн Хоромт газар мал хариулж яваад, урьд нь чоно идсэн үхрийн сэг дээр нэг саарал өнгийн амьтан зогсож байхаар нь өөрийн үүрч явсан Лосс-800 маркийн калибр буугаар нэг удаа буудахад уг амьтан үхсэн. Би хажууд нь очиж үзэхэд цоохор ирвэс байсан. ... би уг цоохор ирвэсийг цоно болов уу гэж харсан...” гэх мэдүүлэг[4], яллагдагчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “би үхрээ хайгаад явж байхад нэг саарал амьтан нөгөө талын ууланд харагдаад алга болчихсон, ... буугаа нуруунаасаа авч, уг амьтан харагдсан газар руу бууны тусгалыг 200 м дээр тавьж байгаад, шагайгаад сууж байтал чулууны цаанаас нэг саарал толгой цухуйгаад гарч ирэхээр нь чоно юм байна гэж бодоод буудчихсан.” гэх мэдүүлэг[5], 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “... би уулын хадны нөмөрт очиж зогсоод эгц урагшаа харах үед урьд ууланд нэг амьтан үхрийн сэг идэж байсан, ... тэгээд би уг газарт өвдөглөн сууж, бууныхаа тусгалыг 200 м тааруулж байгаад уг үхэр идэж байгаа амьтан руу шагайж байгаад толгой нь цухуйх үед буудсан, ... би уг амьтныг очиж харахад цоохор ирвэс байсан...” гэх яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл[6] зэргийг харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч Т.А-ийн холбогдсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэргийн шинж байсаар атал, анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон уг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч Т.А-ийг “нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ адилхан боловч уг гэмт хэргүүд гэмт үйлдэл болон түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, хүрээлэн байгаа орчинд учруулж буй хор аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ ялгаатай тул тэдгээрийн нотолбол зохих байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар тус тусдаа тогтоох шаардлагатай. Тухайлбал, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх зохицуулалт үйлчлэх бол тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан тохиолдолд дээрх зохицуулалт хэрэглэгдэхгүй юм.

 

Харин хууль бусаар ан агнах нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр /агнасан, түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэх мэт/ хангасан байвал гэм буруутай этгээдийн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг хамтад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцон, ял шийтгэл оногдуулах учиртай.

 

            2. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2013001520123 дугаар прокурорын тогтоолоор Т.А-ийн холбогдсон нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийн зүйлийг хадгалсан үйлдлүүдийг хамтад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан боловч мөрдөн байцаалтыг дуусгах шатанд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/11 дүгээр “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Т.А-ийн холбогдсон “нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ хэргээс зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын талаар дурдсан боловч уг тогтоолын үндэслэл хуульд нийцсэн эсэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлаж хэрэглэх замаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулжээ. Энэ нь “шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарах нөхцөл, шалтгаан болсон байна.

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/11 дүгээр прокурорын тогтоолоор яллагдагчид холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо “яллагдагч нь цоохор ирвэсийг санаатайгаар агнасан нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй”, “...түүний мэдүүлгийг газар дээр нь шалгахад газар орны нөхцөл байдлаар холоос ирвэс байсныг сайтар ялгаж харах боломж муутай байсан нь нотлогдсон”, “...халдлагын зүйлийг андуурсан болох нь тогтоогдож байх тул ирвэс буудсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг илт буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж, 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж, гэм буруугийн санаатай, болгоомжгүй, холимог хэлбэрүүдийн талаар мөн хуулийн 2.3, 2.4 дүгээр зүйлд тодорхой хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг “тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн” гэх мэтээр тусгайлан зааснаас үзвэл, зохих “зөвшөөрөлгүйгээр” нэн ховор амьтан агнасан үйлдэл холбогдол нь хуульд зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.

 

Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд “цоохор ирвэсийг санаатайгаар агнасан нь тогтоогдоогүй”, “ирвэс байсныг сайтар ялгаж харах боломж муутай байсан”, “халдлагын зүйлийг андуурсан” гэж дүгнэхдээ хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх журмыг зөрчсөн, гагцхүү яллагдагч Т.А-ийн өгсөн мэдүүлгүүдийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлалгүйгээр, илүү чухал гэж үзэн, дангаар нь үнэлж, бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ дүгнэлгүйгээр хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна.

Яллагдагчийн мэдүүлгүүдээс үзвэл, Т.А- нь үүрч яваа буугаа нуруунаасаа авч, шагайн, уг амьтан харагдсан газар руу бууны тусгалаа тохируулан буудаж, агнасан үйлдлийг зориуд хийсэн байхад прокуророос “яллагдагч нь цоохор ирвэсийг санаатайгаар агнасан болох нь тогтоогдоогүй, чоно гэж андуурч буудсан” гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нөгөө талаар, гэмт хэргийн халдлагын зүйлийн андуурал нь санаатай үйлдлийг болгоомжгүй гэж дүгнэх, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

 

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулах боломжгүй тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буюу мөрдөн байцаалтыг дуусгах шатанд гарсан хууль хэрэглээний зөрчлийг арилгуулахаар прокурорт буцаав.

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/11 дүгээр прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хэрэгт хамааралгүй “яллагдагч Манжаа овогтой Үнэнбат”-д уг тогтоолыг гардуулсан талаар тусгасан, 7 дахь заалтад оролцогчийн нэрийг тодорхой бичээгүй хоосон зай орхигдуулсан зэргийг дахин ийм төрлийн зөрчил давтан гаргахгүй байх үүднээс тэмдэглэж байна.

 

Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан буюу шүүгдэгчийн гэм буруугийн асуудал шийдвэрлэгдээгүй байхад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх эсэх асуудлаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүгдэгч Т.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

                                    ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                                М.НЯМБАЯР

 

 

 

 

           

              

 

           

 

 

 

 

 

[1] Хэргийн 7 дугаар тал.

[2] Хэргийн 8 дугаар хуудасны ар тал, 9 дүгээр тал.

[3] Хэргийн 48 дугаар тал.

[4] Хэргийн 77 дугаар хуудасны ар тал.

[5] Хэргийн 79 дүгээр хуудасны ар тал.  

[6] Хэргийн 14-15 дугаар тал.