Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/298

 

 

 

 

 

 

 

    2024        03          22                                     2024/ШЦТ/298

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч С.Чимэдцэеэ,

хохирогч Т.Ж,

шүүгдэгч О.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн   хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй,   ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт   ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О.Т нь:  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 34 минутын үед согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....гадаа Т.Ж-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар цээжин тус газарт нь өвдгөөрөө өвдөглөж, гараараа цохьсны улмаас эрүүл мэндэд зүүн 6, 7 дугаар хавирганы далд хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Т.Жын цээж рүү гараараа 2-3 удаа цохьсон. Толгой руу нь цохиогүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ж мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө караокед байж байтал Ё намайг заамдаад автал Х салгасан. Ё  намайг утсаар “гараад ир” гэхээр нь очтол О.Т араас толгой руу гараараа 1-2 удаа цохиход би унасан.  Намайг заамдаад буланд оруулаад гэдэс рүү өвдөглөөд мөн гараараа цохьсон. Би толгойгоо хамгаалаад доошоо суухад толгой руу өшиглөхөөр нь гараараа хамгаалсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Гомдолтой байна. Би жилийн өмнө нурууны 2 ясаа хугалуулж байсан. Тухайн үед уг гэмтэл эдгэсэн байсан” гэв.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 34 минутын үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....гадаа Т.Жыг “ Манай хамтлагийг доромжиллоо” гэх шалтгаанаар түүний цээжин тус газарт өвдгөөрөө өвдөглөж, гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн 6, 7 дугаар хавирганы далд хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

 Хохирогч Т.Жын / хх 14 /: “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би хэсэг найзуудтайгаа шинэ жилээ тэмдэглээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байх Хүүхдийн зууд байрлалтай ...... караокед байж байсан. ...тухайн газрын гадаа би Ё-тай маргалдаад заамдалцаад авсан. ... Хуурай дүү Х  бид хоёрыг салгаад Ё  нэг тийшээ яваад өгсөн. ...Х-гийн утас руу Ё  залгаад “Ж-г дуудаад гаргаад ирээч уучлалт гуйх гэсэн юм” гэж хэлсэн. ...гартал замын цаад талаас Ё , Т , Д , С ,  Г гэх танил хүмүүс бид 2 дээр ирсэн. ...Т  ирээд миний толгой хэсэг гараараа 4-5 удаа цохьсон. Тэгээд би газар унасан бөгөөд тэр үед Х  салгах гэтэл Т  Х-г цохиод унагаасан. Тэгээд би босоод иртэл Т  намайг заамдаад харанхуй булан руу дагуулж очоод миний гэдэс рүү нэг удаа өвдгөөрөө өвдөглөөд гараараа гэдэс рүү 2-3 удаа цохьсон. ...Тэр үед би толгойгоо дараад доош суутал миний толгой хэсэг рүү гараараа нэлээд хэдэн удаа цохих шиг болсон. ...намайг Т  гэх хүн л зодсон...” гэх мэдүүлэг,

 

    Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1161 дугаартай дүгнэлтэд:

“1. Т.Жын биед зүүн 6, 7-р хавирганы далд хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.   

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ.                  / хх 23-24 /,  

 

Гэрч Б.Ё-ын / хх 16 /: “...Би Ж-тай өмнө таарамжгүй харилцаатай байсан учир тэр өдөр маргалдсан. Тэгээд гадаа гарч тамхи татах гээд Ж  болон хамтлагийнхантай нь гарсан. Тэгээд  Ж-тай маргалдаад заамдалцсан. Гэхдээ бид хоёр нэг нэгэндээ гар хүрч цохьсон зүйл байхгүй. ...Би өөрийн хамтлагийнхан дээрээ очоод болсон үйл явдлын талаар хэлтэл манай хамтлагийнхан Ж-тай уулзахаар Хүүхдийн 100-д очсон. Тэгээд би караокены өрөөнөөс Ж-тай уулзахаар дуудаж гаргаж ирсэн. Ж  бид хоёрыг юм яриад зогсч байтал Т  ах Ж-ын цээж хэсэг рүү 2 удаа гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг,  

 

О.Т-ийн яллагдагчаар мэдүүлсэн / хх 33 /: “...Ё  бид нар дээр ирэхдээ Ж-т зодуулчихлаа гэсэн. Тэгээд манай хамтлагийнхан тухайн пабаас гараад Ж-ын байгаа газар руу явсан. Д  Ж-ыг дагуулаад гараад ирсэн. Би бага зэрэг согтолттой байсан тул уур хүрээд Ж-ын цээж бие хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин хохирогч Т.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт “О.Т миний толгой руу өшиглөсөн” гэж мэдүүлсэн нь нотлогдохгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр түүний толгойд гэмтэл учраагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Ж “...Тэр үед би толгойгоо дараад доош суутал миний толгой хэсэг рүү гараараа нэлээд хэдэн удаа цохих шиг болсон“ гэж мэдүүлсний гадна мөн гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн болно.

 

Шүүгдэгч О.Тт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч, гэрч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн О.Тийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч О.Тт ял шийтгэл оногдуулахад хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг  зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчид мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ж “сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна” гэв.  

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгааг тогтоосон байна.  

Иймд Улсын дээд шүүхийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 2.750.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.Т-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төөс 2.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Жт олгосугай.

 

 6. О.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  О.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЧИМЭГ