| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0048/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/47 |
| Огноо | 2017-05-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/47
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л., шүүгдэгч М.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 201721000106 дугаартай, 178/2017/0048/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******, 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай,эрэгтэй, ******* регистрийн дугаартай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 6-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, 1991 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ******* регистрийн дугаартай, ам бүл 8, эцэг, эх, ах эгч, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын Талын булаг багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.*******, Б.******* нар нь бүлэглэн, машин механизм ашиглан, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн тоотод оршин суух иргэн Ц.ийн гэрээс 32 инчийн НК гэсэн бичигтэй LSD зурагт хулгайлж 360000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагийн үед Б.*******той уулзаад гэдэг айлд очсон.Гэрт нь ороход хүн байсан.Тэгээд орчихоод гарч яваад 12 цагийн үед буцаж очоод зурагтыг нь авсан.Уг зурагтыг ломбарданд тавиад мөнгө авсан.Зөвшөөрөлгүй айлаас эд зүйл авсан буруу зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна.Би хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ах гийнд манай ахын хүүхэд ирсэн байсантай уулзах гээд очсон чинь байхгүй байсан.Уг нь тэр хүүхдээс мөнгө авах гэж очсон юм. Тэгээд мөнгөний хэрэг болоод байхаар нь ахын зурагтыг авч яваад ломбарданд тавьсан.Зах дээр хүнээс мөнгө зээлчихсэн байсан, тэр хүнд 50000 төгрөг өгсөн.Хулгайн хэрэг хийсэн буруугаа хүлээж байна.Ломбардны 100 000 төгрөгийг төлөөд зурагтыг нь буцааж авч өгсөн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Хохирогч Ц. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:Манай хүүхдийн амралт 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тавиад бид нар гэр бүлээрээ хөдөө яваад 03 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирсэн чинь манай хаалганы цүүг оролдсон байдалтай байсан.Би нөхөртэйгөө хамт хаалгаа онгойлгоод гэр лүүгээ ороход манай гэрт байсан 32 инчийн зурагтыг хулгайлаад аваад явчихсан байсан.Манай зурагтыг манай ээжийн дүүгийн хүүхэд болох Б.*******, найз М.******* нар нь хулгайлсан байсан. Манайх алдсан зүйлээ эргүүлээд авсан болохоор одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ. / хх-37-р хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манайх гэр бүлээрээ хөдөө яваад 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад эхнэртэйгээ хамт гэртээ ирсэн чинь манай гэрийн цоожийг гөнжиж оролдсон байдалтай байсан.Тэгээд гэрээ онгойлгоод орсон чинь манай гэрийн хойморт байсан 32 инчийн хар өнгийн зурагтыг тооноор ороод хулгайлаад аваад явсан байсан. Манай гэрийн тоононы будаг халцарсан багананд өлгөөтэй байдаг дэгээ төмрийг унагаагаад хаясан, гэр дээр хүний гутлын улны мөр хагас дутуу гарсан байдалтай байсан.Манай гэр лүү хадам дүү Б.******* найз М.*******ийн хамт орж зурагт хулгайлсан байсан гэжээ. /хх -39-р хуудас/
Гэрч Ш. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай ломбарданд 2 залуу орж ирээд 32 инчийн зурагт байна, 140 000 төгрөгөөр тавимаар байна гэсэн.Тэгэхээр нь би 100 000 төгрөгөөр тухайн зурагтыг авсан.Хулгайнх гэдгийг мэдээгүй. 100 000 төгрөгний хохирлоо авсан, одоо надад гомдол санал байхгүй гэжээ. /хх 40-р хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би нөхөр Алтангадасын хамт Эрдэнэбүрэн сумаас ирээд ахын гэрт ирээд байж байтал тэднийд М.*******, Б.******* нар ирсэн. Тэгээд удалгүй нөхөр бид хоёр зах руу явахаар гарсан. М.*******, Б.******* хоёр эмнэлэг явна гээд явсан. Намайг ахынд очиход гэрийнх нь эд зүйл хэвийн байсан гэжээ./ хх43-р хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр захын дээд талын зогсоол дээр ХОҮ улсын дугаартай Короно маркийн машинтайгаа зогсож байтал 2 залуу ирээд намайг таксинд явах уу гэсэн. Тэгээд тэр хоёрыг суулгаад Ахуйн үйлчилгээний ар талын гудмаар өгсөж байгаад нэг цэнхэр даамантай хашааны гадна ирж зогссон. Намхан залуу нь буугаад тэр айлын хашаа руу ороод 5-10 минутын дараа цагаан бүтээлгэнд боосон хар өнгийн зурагт аваад гараад ирсэн.Тэгээд Сонголт төвийн тэнд ломбарданд орчихоод гараад ирье гээд удалгүй гарч ирээд надад таксины мөнгө 2000 төгрөг өгөхөөр нь би явсан гэжээ. /хх 46-р хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-16-р хуудас/
Хүн таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 23-26-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх27-28-р хуудас/
Хураан авсан зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-30-31-р хуудас/
Эд зүйлс үнэлсэн тухай тайлан /хх 52-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч М.*******, Б.******* нар нь бүлэглэн, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн тоотод оршин суух иргэн Ц.ийн гэрээс 32 инчийн НК гэсэн бичигтэй LSD зурагт хулгайлж 360000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ц.ийн мэдүүлэг /37-р/, гэрч Б. /хх-39/, Б. /хх-43/, Ш. /хх-40/, Б. /хх-46/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6 /,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,хүн таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /хх- 52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирол төлбөргүй болох нь хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-30-31-х/, хохирогч Ц.ийн... алдагдсан зүйлээ буцааж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.*******, Б.******* нар нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн болох нь ЦЕГ-ын МБНГ-ын лавлагааны сангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-81-82/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь хохирлоо төлсөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ болох 360 000 төгрөгийг шүүгдэгч Б.*******, М.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ын 21 инчийн зурагт, шүүгдэгч М.*******ийн 2 хаалгатай хөргөгчийг тус тус битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн нэг хос гутлыг шүүгдэгч М.*******ид буцаан олгож, шүүгдэгч нар цагдан хоригдоогүйг дурдаж, шүүгдэгч нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* овогт *******ийн ******* нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 / хоёр/ жил 06 / зургаа/ сарын хугацаагаар, М.*******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 02/ хоёр/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч М.*******ид оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц. нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 01/ нэг/ жил 06 / зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч М.*******ид оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01/нэг/ жил 06 / зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч М.*******, Б.******* нарт хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнийг шүүгдэгч Б.*******оос 180 000 төгрөг, шүүгдэгч М.*******оос 180 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.*******ид буцаан олгосугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ын 21 инчийн зурагт, шүүгдэгч М.*******ийн хөргөгч тус тус битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үргэжлүүлсүгэй.
11. Шүүгдэгч Б.*******, М.******* нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС