Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2022/0372/З |
Дугаар | 128/ШШ2022/0695 |
Огноо | 2022-09-22 |
Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0695
2022 09 22 128/ШШ2022/0695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А*********** СӨХ /РД:*******/,
Хариуцагч: Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо,
Хариуцагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,
Гуравдагч этгээд: Д.З************ /РД:***********/,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дугаартай тогтоолын ** дугаар хорооллын * дугаар байрны ** давхарт байрлах 2 өрөөнд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн Д.З-т 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Н**********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж********, хариуцагч Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*********, хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, Д.Ш******, гуравдагч этгээд Д.З*****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б*******, гэрч Д.Г********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
1.Нэхэмжлэгч А*********** СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Манай А*********** СӨХ нь Б дүүргийн ** дугаар хорооны ** дугаар хорооллын *, *, * дугаар байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий өмчлөгч нарын гишүүнчлэл бүхий холбоо юм. Тухайн *, *, * дугаар байрны сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу * дугаар байрны дээврийн өрөө буюу техникийн өрөөг иргэн Д.З*********** болон түүний гэр бүл нь орон сууцны зориулалттай өрөө болгон ашиглаж, улмаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд хандаж, эзэмших эрхийн бичиг гаргуулахаар хандсан байна.
Ингээд Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дугаартай тогтоолын дагуу иргэн Д.З***********-т орон сууц эзэмших эрхийн бичгийг олгосон байна.
Гэтэл ийнхүү тухайн байрны сууц өмчлөгч нарын дундын өмчийн эд хөрөнгө, талбайг бусдад эзэмшүүлж шийдвэр гаргахдаа бүх өмчлөгч нарын хурлаас гарсан албан ёсны шийдвэр байхгүй атал сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн талбайг хууль бусаар иргэн Д.З*********** эзэмшүүлж, ашиглуулах тухай эрхийн гэрчилгээг олгосон байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт "Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө", гэж заасан бөгөөд Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан дараах эд хөрөнгө хамаардаг. Үүнд: "Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай зэрэг хөрөнгө хамаардаг. Иймд сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг тухайн орон сууцны өмчлөгч бүх гишүүдийн албан ёсны шийдвэрээр өмчлүүлэх, эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой.
Тодруулбал Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт "108.1.Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно" гэж заасны дагуу тухайн техникийн өрөөг сууц өмчлөгчид хуулиар дундаа өмчилж байгаа юм. Мөн хуулийн 108.4-т "Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно" гэж заасны дагуу зөвхөн бүх өмчлөгч хүлээн зөвшөөрснөөр тодорхой нэг этгээдэд тухайн дундын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэх боломжтой. Гэтэл Орон сууц хувьчлах товчоо хууль бусаар өмчлөгч нарын дундын өмчийн эд хөрөнгийг бусдад өмчлүүлэх шийдвэр гаргаж, хууль ёсны өмчлөгч нарын эрх ашгийг ноцтой хохироож байна.
Түүнчлэн Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хуулиар хувьчлах орон сууцыг тусгайлан зааж өгчээ. Гэтэл манай Б дүүргийн ** дугаар хорооны ** дугаар хороололд байрлах * дугаар байрны хувьд хуульд заасан хувьчлах орон сууцанд огт хамаарахгүй орон сууцны байр юм. Гэтэл ямар журмаар, сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч нарын зөвшөөрөл, хууль ёсны шийдвэргүйгээр Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дугаартай тогтоолыг үндэслэж, орон сууцны бус зориулалттай үйлчилгээний өрөөг бусдад эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргаад байгаа нь огт тодорхойгүй. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны хувьд сууц өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчиж, иргэдийн өмчийн талбайг төрийн өмчийн орон сууц гэж үзэж хууль бусаар иргэнд өмчлүүлэх шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02-03/**** дугаартай албан бичгээр уг байрны техникийн давхарт орон сууцны зориулалтаар айл амьдарч байгаа нь Орон сууцны тухай хуулийг зөрчиж байгааг тогтоосон. Харин Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт, тогтоол нь ийнхүү хууль зөрчиж бусдыг тус талбайд амьдрах боломжтой гэж тодорхойлоод байгааг оршин суугчид хүлээн зөвшөөрөхгүй байна.
А сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй тул уг хууль бус шийдвэрийг мэдсэн даруй хуулийн хугацаанд тухайн шийдвэрийг гаргасан байгууллага буюу ОСНААУГ-д гомдол гаргахад 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/3** тоот хариу албан бичгээр гомдлын дагуу тогтоолыг хүчингүй болгуулах арга хэмжээ авахгүй, боломжгүй гэж хариу өгсөн. Мөн харьяалах дээд шатны байгууллага Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гомдол гаргасан боловч хариу өгөөгүй юм.
Хариуцагч нь шүүхэд гаргасан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тайлбартаа "Иргэн Д.З*********** нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууц эзэмших эрхийн бичгийг Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг үндэслэн авсан байна. гэж тайлбарласан байна. Уг тайлбараас үзэхэд магадлах хэсгийн дүгнэлтийн дагуу орон сууцыг эзэмших болсон гэж тайлбарласан байна. Уг тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн Д.З***********-т орон сууц эзэмших эрхийн бичгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон байна. Хариуцагчийн тайлбарын дагуу дүгнэлт нь дээрх захиргааны актын нэг хэсэг бөгөөд энэ хууль бус илт үндэслэлгүй дүгнэлт гарснаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөх болсон нь тодорхой байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж тодруулж байна. Үүнд:
1/ Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дугаартай тогтоолын Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хорооллын * дугаар байрны ** давхарт байрлах 2 өрөө /** тоот/-тэй холбоотой хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
2/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн Д.З-т 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна.
Түүнчлэн Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны 0* дугаартай дүгнэлтийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг хангахгүй бөгөөд тусгайлан уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гуравдагч этгээдэд эрх олгож шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч сууц өмчлөгч нарыг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх бүхий байгууллагын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дүгээр тогтоолын дагуу орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг олгосон шийдвэр гарсан байдаг. Ийнхүү оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргахдаа тухайн сууц өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр, хурал зохион байгуулж, санал хураалт явуулалгүйгээр эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө гэж заасныг зөрчиж байна. Энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаар дээврийн хонгил, дээврийн өрөөг бусдад эзэмшүүлж ашиглуулахдаа сууц өмчлөгчдийн зөвшөөрлийг авах, хурал хийх ёстой. Энэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхийг зөрчсөн. Орон сууц хувьчлах товчоо нь хууль бус шийдвэр гаргахдаа Орон сууц хувьчлах тухай хуулийг баримталсан гэх боловч Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хувьчлах орон сууцны төрөлд тухайн өрөө хамаарахгүй. Энэ байдлыг харгалзан үзэхгүйгээр эрх бүхий байгууллага шийдвэр гаргасан. Сууц өмчлөгчдийн холбооны 3 дугаар байрны дээд давхрын дээврийн өрөөнд дүгнэлт гаргуулж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дүгээр тогтоолын дагуу орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг олгосон шийдвэр гарсан. Мэргэжлийн хяналтын газарт хандаж сууц өмчлөгчдийн холбооноос хүсэлт гаргасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариу албан бичиг ирсэн. Тухайн хариу бичигт уг орон сууцны дээврийн давхарт орон сууцны зориулалтаар айл амьдарч байгаа нь Орон сууцны тухай хуулийг зөрчиж байгаа нь тогтоогдсон. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт хууль зөрчиж бусад оршин суугчдын дундын өмчлөлийн талбайд хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж ирүүлсэн байсан.
Сууц өмчлөгчдийн холбоо нь уг хууль бус шийдвэрийг мэдсэн даруйдаа Орон сууц нийтийн аж ахуйн газар, дээд шатны байгууллага, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газруудад гомдол гаргасан. Гэвч тухайн гомдлын дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг эрх бүхий байгууллагууд гаргаагүй учир хуульд заасны дагуу бид шүүхэд хандсан. Иймд Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дүгээр тогтоол, Улаанбаатар хотын захирагчийн албанаас иргэн Д.З*********** 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* дугаартай орон сууц эзэмших гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн тайлбараас үзэхэд маргаж байгаа тогтоолын дагуу хувьчлах шийдвэр гараагүй. Зөвхөн хүн амьдрах боломжтой эсэх талаар дүгнэлтийг үндэслэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Эзэмшүүлж ашиглуулах зорилготой шийдвэр гаргасан гэж харж байна. Эзэмшүүлж ашиглуулах шийдвэрийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо гаргадаг эсэх талаар ярих хэрэгтэй. Сууц өмчлөгч нар өөрийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад эзэмшүүлэх талаар харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлд энэ талаар зохицуулсан байдаг. Хариуцагч тал өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан. Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшүүлэх талаар шийдвэрийг СӨХ-ийн дарга гаргадаг гэж ойлгосон учир ийм шийдвэр гаргасан гэж гэрч тайлбарласан. Гэтэл энэ нь мөн хууль зөрчсөн асуудал болж байна. Эзэмшүүлж, ашиглуулах шийдвэрийн зорилго нь хувьчлах биш байтал эдгээр төрийн байгууллагууд өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд шийдвэр гаргасан. Цаашдаа эзэмшүүлэх зорилготой эсхүл хувьчлах зорилготой байсан талаар мэдэхгүй гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Орон сууц хувьчлах товчооны үйл ажиллагаа нь хувьчлах зорилгогүй байсан гэх боловч хууль зөрчөөгүй гэж тайлбарлаад байна. Орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн дундын өмчлөлийн талбайг СӨХ нь захиран зарцуулж ажиллана. Магадлан шинжилж дүгнэлт гаргах шаардлагагүй зүйл дээр дүгнэлт гаргаад эзэмших эрхийн гэрчилгээ гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.
3. Хариуцагч Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны буюу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн өмчийн хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/5**, А/** тоот хамтарсан тушаал, захирамжаар байгуулагдсан Магадлан шинжлэх хэсгийн бүрэлдэхүүн Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хорооллын * дугаар байрны ** давхарт байрлах мансардны өрөөнд А сууц өмчлөгчдийн холбоо, Орон сууц нийтийн аж ахуйн "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4"-өөс ирүүлсэн албан бичгүүд, ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэн Д.З***********-н ирүүлсэн өргөдлийг үндэслэн үзлэгт хамруулж хүн амьдрах шаардлага хангана гэсэн дүгнэлтийг гаргасан байна. ИргэнД.З*********** нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууц эзэмших эрхийн бичгийг Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг үндэслэн авсан байна. Харин дээрх мансардны өрөөг иргэнд өмчлүүлэх шийдвэр гараагүй. Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2* дүгээр тогтоолд * дугаар байрны ** дугаар давхрын мансардны өрөөнөөс гадна өөр бусад байрнуудын дүгнэлт хамтдаа гарсан тул хүчингүй болгох боломжгүй.
Иймд мансардны өрөөтэй холбоотой асуудлыг тусад нь шүүхийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Магадлан шинжлэх хэсгийн гишүүд бол орон тооны бус гишүүд байдаг бөгөөд тухайн үед томилогдож ажилласан байдаг. Хуулийн дагуу тухайн орон сууц хувьчлагдаагүй байгаа тул өмчлөлтэй холбоотой асуудал яригдахгүй. Тухайн орон сууц нь өмчлөгдөөгүй бөгөөд өнөөдрийн хувьд зөвхөн эзэмших эрх авсан асуудал яригдаж байгаа. Мэргэжлийн байгууллагын магадлан шинжилсэн дүгнэлт гарсан дээврийн өрөөг Засгийн газрын *** дүгээр тогтоолыг үндэслэн эзэмших эрх олгосон. Түүний дараа иргэн Д.З*********** эзэмших эрхийн гэрчилгээг авсан гэж үзэж байна. Тухайн үед ажиллаж байсан мэргэжилтнүүд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн бусад этгээдийн эрх ашиг хөндөгдөнө гэж үзээгүй учир шийдвэрийг гаргасан.
Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гаргаж бидний амьдралд туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлт ирүүлсэн байсан. Дээврийн хөндий рүү шатаар явахад ил утаснууд байдаг байсан. жаахан хүүхэдтэй айл гэсэн тул тэнд хаалга хийх талаар хэлсэн.
Магадлан шинжлэх хэсэг бусад өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар дүгнэлт гаргадаггүй. Орон сууцны тухай хуулийн дагуу хүн амьдрах шаардлага хангагдсан эсэхийг л дүгнэдэг. СӨХ-ны дарга магадлан шинжилж дүгнэлт гаргахад татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт гаргаснаар дүгнэлтийг гаргасан. Хувьчлагдаагүй бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй зөвхөн эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байгаа. Засгийн газрын ***, ** дугаар тогтоолыг үндэслэсэн. Хүсэлтийн дагуу хүн амьдрах боломжтой эсэх талаар дүгнэлт гарсан. Энэ талбай хувьчлагдаагүй байгаа учир хувьчлалын талаар асуудал яригдахгүй байх гэж үзсэн. Техникийн зориулалттай үйлчилгээний өрөөг хувьчилж болно гэдэг заалттай зөрчилдөж байгаа нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
4. Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдох захиргааны хэрэгт Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/** дугаар тушаалаар иргэн Д.З*********** олгосон ******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Д.З*********** нь 2019 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандаж Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хорооллын * дугаар байрны * дугаар орцны мансардын "**" тоот дахь 2 өрөөг өөрийн хөрөнгөөр засаж, ус дулаан, цахилгааны өр төлбөргүй амьдарч байгаа тул орон сууц эзэмших эрхийн бичиг олгохыг хүссэн өргөдөл өгсөн байна. Өргөдөлд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Б дүүргийн ** дугаар хороо, Х төв-4, А сууц өмчлөгчдийн холбоо нарын Д.З***********-г амьдран суудаг, өр төлбөрийн зөрчилгүй, хувьчлагдаагүй буюу ямар нэг этгээдийн эзэмшил, өмчлөлд байхгүй тухай тодорхойлолтуудыг болон Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар дүгнэлт, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 2* дугаар тогтоол зэргийг хавсарган ирүүлжээ.
Магадлан шинжлэх хэсэг нь Засгийн Газрын 1997 оны 1** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2017 оны А/5**-А/** дугаар тушаал, захирамжаар байгуулагдсан, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн орон сууцны чанар, аюул осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож дүгнэлт гаргах эрх бухий комисс юм. Дээрх Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар дүгнэлтэд үзлэгт хамрагдсан тухайн тоот өрөө нь хүн амьдрах шаардлага хангасан байна гэж дүгнэсэн байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь иргэдэд орон сууц эзэмших эрхийн бичгийг олгохдоо иргэний гаргасан хүсэлт болон холбогдох байгууллага, албан тушаалтнуудын санал, дүгнэлтийг үндэслэн олгосныг хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/** дугаар тушаалын Д.З***********-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт болон холбогдох баримтууд бүрэн гүйцэт ирсэн учир Улаанбаатар хотын ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж тухай асуудлыг шийдвэрлэсэн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн, хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Д.З*********** миний бие 2000 онд С******* аймгаас эхнэр, хоёр охины хамт Улаанбаатар хотод шилжин ирсэн. Тухайн үед ажил олдохгүй, орлогогүй, орон гэргүй маш хүнд үед эхнэр Т.Н******** маань 2000 оны 08 сард Б дүүргийн ** дугаар хорооны харьяа А****************** СӨХ-ны * дугаар байрны жижүүр, үйлчлэгчээр ажилд орсон цагаас хойш 21 жил тасралтгүй, тогтвор суурьшилтай, оршин суугчдынхаа тав тухыг хангаж магтаал сайшаалыг нь хүлээн ажиллаж ирсэн. Тухайн үед манай байр хөлддөг, бохир нь бөглөрдөг, подвал нь усны алдагдалтай, хог ихтэй, хулгайтай, шавж ихтэй гээд орчин нөхцөлийн хувьд хүндхэн байсан. Гэвч бид орон гэргүй, орлогогүй хүндхэн байсан учир ажлыг гололгүй хийж, энэ байрны оршин суугчдын ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх үүднээс орцны цэвэрлэгээг гэр бүлийн хүчээр хийж хогноос нь салгасан.
Миний бие тухайн үед ажилгүй байсан учраас эхнэрийнхээ ажилд туслан бүхий л ажилд нь гар бие оролцон хог цэвэрлэж, шал, шат угаалцаж хамтдаа зүтгэдэг байсны хүчинд тэр их ажлын ард гарч, эмх цэгцэнд нь оруулсан. Манай А******************* СӨХ-ны дарга маш сайн хүн байсан учраас тухайн үеийн Орон сууцны контор болон оршин суугчидтай хэл амаа ололцон сайн ажилласны хүчинд дээрх бүх асуудлуудыг шийдэж өгсөн. СӨХ-ны даргын хувьд урам зориг өгнө, загнах үедээ загнана. Энэ үед манай байрны дарга, Удирдах зөвлөлд сайд агсан Д.С********, С.Л**********, Ц, Д******** гэх мэт том алба хашиж байсан хүмүүс байсан. Тэр хүмүүс байрны цэвэрлэгээ, үйлчилгээ ярихаас биш, одооны энэ хүмүүс шиг мөнгө төгрөг, ашиг хонжоо бодсон зүйл огт хийдэггүй байсан. Ер нь *, *, *-р байр гурвуулаа хүнд байсан үе. Жижүүрийн цалин хүрэхгүй учраас би такси барьдаг болсон. Охид маань ** дүгээр сургуульд орж суралцсан. Жилээс жилд охид маань томорч, 2005 онд ам бүл нэмж хүү маань төрж, ам бүл 5 болсон учир жижүүрийн байрандаа багталцахаа больсон.
Ингээд би СӨХ-ны даргадаа нэг өрөө гаргаж өгөхийг хүссэн. СӨХ-ны дарга маань цаашаа Удирдах зөвлөлд уламжилсан байсан. Удирдах зөвлөлөөс СӨХ-ны даргад "Чи өөрөө мэдээд квадратыг нь гаргаж өг" гэсэн байсан. Ингээд "СӨХ-ны дарга өөрөө одоо бидний амьдарч байгаа ** давхар буюу мансартанд энэ талбайг зааж өгөөд бид өөрсдөө засвараа хийгээд орсон. Биднийг оршин суугчидтай нэгэн адил ус, дулаан, цахилгаан, СӨХ-ны төлбөрөө төл гэсэн учраас бид ч цаг тухайд нь бүх төлбөрөө төлөөд өдий хүрлээ. Оршин суугчдын хувьд ч биднийг ойлгож, олон жил ажилласан жижүүрийнхээ асуудлыг шийдсэн нь зөв байна, лифтэнд нөлөөлөх ямар ч юм алга гээд л дэмжээд явдаг байсан. Тэр үед бид мөнгө байхгүй хэцүүхэн байдаг байсан учир СӨХ-ны маань дарга Д.Г********* нь ** дугаар хороон дээр байгуулагдсан Хоршооноос 1%-ийн хүүтэй зээлийг 2-3 удаа авч өгсний хүчинд бид аюулгүй байдлыг урьтал болгон яг мэргэжлийн хүнээр нь тог, усыг холбуулж, лифтний техникийн өрөөнд нөлөө үзүүлэхээргүй амьдрах өрөө тусгаарлан тохижуулсан. СӨХ-ны дарга маань тухайн үед ОСНАА-н контор, цахилгаан, мэргэжлийн хяналт, ОБЕГ-ын дүгнэлтийг гаргуулж авч байсан. Дүгнэлтээр ус, дулаан, тог цахилгаан, шугам сүлжээ, лифт зэрэгт ямар нэгэн сөрөг нөлөөгүй, хүн амьдрах бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарч байсан. Өмнөх СӨХ-ны даргын ажлыг шинэ дарга авснаас хойш биднийг хөөх гэж цагдаа, мэргэжлийн хяналт болон СӨХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн болох нэр бүхий хүмүүсийг удаа дараа явуулж биднийг дарамталж ирсэн. Мөн оршин суугчдын дундын сошиал хаягаас манайхыг хасаж, нэвтрүүлэхгүй төдийгүй, уг хаягаараа биднийг удаа дараа доромжилж, нэр хүндийг маань гутаан доромжилж байна. Биднийг 3 жил дарамталж байна. Эхнэр маань энэ СӨХ-нд, энэ байрандаа тасралтгүй 21 жил ажиллаж байхад жижүүрийн жижиг өрөө гаргаж өгчхөөд тэрнээсээ сар бүр 40,000 төгрөгийн түрээс авч байгаа. Бид тэвчээд яваад байгаа болохоос биш, цалин авдаг ажлын байрнаас түрээс авдаггүй юм байна лээ. Гэвч бид өнөөдрийг хүртэл тэсэж тэвчээд ирсэн байхад одоо шүүхэд хандаж орон гэрийг маань булааж авахаар санаархаж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь, 1/ манай эхнэр Т.Н************ нь одоо ч энэ * дугаар байрныхаа жижүүр үйлчлэгчээр ажилласаар байгаа.
2/ Энэ амьдарч байгаа хэсгээ бид зээл авч, өөрсдөө тохижуулж, засвар үйлчилгээг нь хийж амьдрах орчноо өөрсдөө бүрдүүлсэн байгаа.
3/ Энэ байранд хүн амьдрах бүрэн боломжтой гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь тогтоогоод бидэнд эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байгаа.
4/ Бид оршин суугчдын нэгэн адил ус дулаан, тог цахилгаан, СӨХ-ны төлбөрөө төлөөд явж байгаа.
5/ Бид Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байр, ** тоот гэсэн албан ёсны хаягтай, хороондоо бүртгэлтэй албан ёсны оршин суугч юм.
Иймд эрхэм хүндэт шүүгчээ, бидний эрхийг сүүлийн 3 жил зөрчиж, эхнэрийн маань ажлын байрнаас түрээс төлбөр авч, хөдөлмөрийн гэрээг нь 2, 2 сараар байгуулан хэзээ ч хөөхөд бэлэн гэдгээ илэрхийлэх, гэр бүлийг маань хөөн гадуурхаж улмаар орон гэрийг маань булаан авч бусдад түрээслүүлэн мөнгө олох гэсэн шунаг сэтгэлтэй шинэ СӨХ-ны дарга, түүний гар хөл болсон хүмүүсээс шударга эзэмшигч бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан шударгаар үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ЖИЧ: СӨХ-ны дарга болон гар хөлүүд нь бид өөрийн шүүгч дээрээ хуваарилуулсан гээд сайрхан ярьж яваа гэдгийг та мэргэн ухаандаа тунгаан шударга хандана гэдэгт гүнээ итгэж байна. гэжээ.
6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: 2017 онд А********* СӨХ-ийн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Сууц өмчлөгчдийн холбооны дарга н.Г********* гэдэг хүн миний үйлчлүүлэгчийг олон жил тогтвор суурьшилтай ажилласан, ам бүл нэмэгдсэнтэй холбогдуулан байрны нөхцөлийг сайжруулж, өрөө гаргаж өгөх үүрэг болгосон шийдвэр гаргасан. Үүний дагуу 2018 оны 10 дугаар сард тухайн өрөөг хувьчлахыг дэмжиж өгнө үү гэсэн албан бичгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд илгээсэн. Түүнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаартай магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд тухайн өрөө нь орон сууцны зориулалтаар хүн амьдрах боломжтой гэж дүгнэгдсэн. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дугаартай Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг баталсан. Энэхүү албан ёсны дүгнэлтийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн Д.З*********** 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* дугаартай орон сууц эзэмших гэрчилгээг олгосон. А************** СӨХ-ийн удирдлагууд солигдсонтой холбоотойгоор миний үйлчлүүлэгчийн эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу гуравдагч этгээдийн эзэмших эрх олгогдсон тул эзэмших эрхийн гэрчилгээ хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
7. Гэрч Д.Г********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2000-2018 он хүртэл хугацаанд А************* СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажилласан. н.Н******* нь 2002 оноос хойш үйлчлэгчээр тогтвор суурьшилтай ажилласан. 2017 онд СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэр гарч, 2018 онд тухайн өрөөг хувьчлахыг дэмжиж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд албан бичиг явуулж байсан. Оршин суугчид маань хэд хэдэн удаа энэ талаар надаас үйлчлэгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байсан. Энэ хүрээнд би амьдрах боломжоор хангаж өгсөн. Эдгээр хүмүүс тухайн байрны бүх асуудлыг хариуцаж хийдэг байсан. Эдгээр хүмүүс миний хамаатан садан биш. Өөрсдөө олон жил хөдөлмөрлөөд олж авсан. Өмнө нь Д.З***********-нх 2 охинтойгоо доор жижүүрийн өрөөнд амьдардаг байсан. Бага хүү нь төрөөд бүл нэмсэн болохоор орон сууцаар хангаж дээврийн өрөө рүү гаргасан. З-нх 2012 онд дээврийн өрөө рүү гарсан. Д.З-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Н.Н********-тэй 2002 онд хөдөлмөрийн гэрээ байгуулж үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. 2002 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн одоог хүртэл үйлчлэгч жижүүрээр ажиллаж байгаа. Олон жил ажилласан тул энэ өрөөг авах хэмжээний ажилтан гэж үзсэн.
Анх 1989 онд тухайн барилгыг барьж байсан орос ажилчдын цай, хоол хийдэг, амардаг өрөө байсан гэсэн. Түүний дараа СӨХ-ны багаж хэрэгсэл, эд зүйлсийг хадгалдаг байсан. Техникийн өрөө биш, дээврийн өрөө. Бид агуулахаар ашиглаж байсан. Бид 2014 онд ашиглалтын гэрээ байгуулаад айл оруулсан. Барилгын бүтэц, зураглалд өөрчлөлт оруулж байгаагүй. Мэргэжлийн хяналтын байцаагч ирж шалгаж үзээд болсон байна гэж хэлээд явж байсан. Орон сууцны иргэдээс цахилгаан техник, байр, бусад зүйлсийн талаар гомдол ирж байгаагүй. Гишүүд өөрсдөө санал гаргаж байсан. Бүх гишүүдийн хурал хийгээгүй. ** давхар гэж нэрлээд байгаа дээврийн хэсэгт лифтний мотортой хэсэг байдаг. Дээшээ нэвт гараагүй цаанаасаа тасалсан салхивчны хоолой байдаг. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А************* сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дугаартай тогтоолын ** дугаар хорооллын * дугаар байрны ** давхарт байрлах 2 өрөөнд холбогдох хэсгийг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн Д.З*********** 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гарган сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хүн амьдрах боломжтой гэсэн дүгнэлт, орон сууц эзэмших эрхийн бичгээр бусдын эзэмшилд шилжүүлсэн нь хууль бус гэж маргаж байх бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
а. Б дүүргийн ** дугаар хорооны ** дугаар хорооллын *, *, * дугаар байрны А********* СӨХ-ны гүйцэтгэх захирал нь 2002 оноос * дугаар байрны жижүүрээр томилогдон ажилласан Т.Н*********-тэй дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээгээр 2014 оны 01 дүгээр сарын 15-наас * дугаар байрны мансарт хэсэгт 30 м.кв талбайтай өрөөг 1 сарын 12,000 төгрөгөөр хөлсөөр ашиглуулж эхэлсэн байна,
б. Тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас * дугаар байрны жижүүр, үйлчлэгч Т.Н******-н нийгмийн асуудлыг дэмжиж байрны нөхцөлийг сайжруулан өрөө гаргаж өгөхийг гүйцэтгэх захиралд үүрэг болгосноор СӨХ-ны гүйцэтгэх захирал 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ** тоот албан бичгээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт Т.Н-нд СӨХ-оос гаргаж өгсөн дээврийн 1 өрөөг магадлан шинжлүүлэх-ээр, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ** тоот албан бичгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 42 м.кв 2 өрөөг хувьчилж өгөх-өөр ханджээ.
в. Т.Н********-н нөхөр Д.З***********-с Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчоонд хандан 2018 оны 11 дүгээр сарын 19-нд СӨХ-ноос өөрсдөө өрөө гаргаж амьдрахыг зөвшөөрсний дагуу 1 өрөө гарган 4 жил амьдарч байна, цаашдаа хувьчилж авах хүсэлтийг СӨХ-оор дамжуулан гаргасан, магадлан шинжлүүлэх хүсэлт гаргасан байдаг.
г. А************ СӨХ-ны гүйцэтгэх захирлын магадлан шинжлүүлэх тодорхойлолт болон оршин суугчийн хувьчилж авах хүсэлт, хорооны даргын ам бүлийн талаарх тодорхойлолт, Х * дүгээр төвийн төлбөр тооцоогүй гэх тодорхойлолтыг үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2017 оны А/5**-А/** дугаар тушаал, захирамжаар байгуулагдсан Магадлан шинжлэх хэсэг Б дүүргийн ** дугаар хорооны ** дугаар хорооллын * дугаар байрны ** давхарт байрлах 2 өрөөг чанар аюул осолгүй байдал, ариун цэвэр эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангагдсан эсэхэд үзлэг хийж 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ** дугаартай дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангана гэж дүгнэж, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дүгээр тогтоолоор Магадлан шинжлэх хэсгийн 02 дугаартай дүгнэлтийг зөвшөөрчээ.
д. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэний өргөдөл, Х * дүгээр төв, СӨХ-ны тодорхойлолт, Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаартай дүгнэлт, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дүгээр тогтоолыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Б дүүргийн ** дугаар хороо ** дугаар хорооллын * дугаар байрны ** тоот 2 өрөө орон сууцыг эзэмших эрхийн ******** дугаартай гэрчилгээг олгожээ.
е. Шүүхээс хийсэн үзлэгээр маргаанд хамаарах магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гарч, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон хэсэг нь ** давхар тус орон сууцны байшингийн дээврийн хонгилд ** дугаар давхар гэж нэрлэгдсэн хэсэгт бөгөөд, энэ хэсэг нь 1.75 м орчим өндөртэй, дотор засалгүй, дулааны ил шугам, цахилгааны шит, харилцаа холбооны шугам, зорчигчийн болон ачааны цахилгаан шатны мотор байрладаг, айлуудын агааржуулалтын хоолойны дээд хэсэг /давхартаа 4 айлтай, 4 агааржуулалтын хоолойны амсар/ гарсан, дээвэр рүү гардаг 2 ширхэг агааржуулалтын хоолойтой, салхивчтай, гуравдагч этгээдийнх рүү татсан бохирын ил шугамтай байх бөгөөд уг 2 өрөө нь дээврийн хонгилын урд хэсэгт байрлах бөгөөд төмөр хаалгатай, дотор засалтай, салхивчийн дотор талаар цонхтой, суултуур, тосгуур, ванн бүхий ариун цэврийн өрөөтэй байна. Уг 2 өрөө байр руу ороход дээврийн хонгилын бусад хэсгүүдээр дайрч өнгөрнө.
Тодруулбал маргаанд хамаарах объект нь тус барилгын техникийн өрөө биш дээврийн хонгилын хэсэг байна.
2. Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээврийн хонгилд байх өрөөг СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хүн амьдрах боломжтой гэсэн дүгнэлт, орон сууц эзэмших эрхийн бичгээр бусдын эзэмшилд шилжүүлсэн нь хууль бус гэж маргаж буй нь дараах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь,
а. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай ... зэрэг хөрөнгө хамаарах бөгөөд 15.4-т зааснаар Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д холбооны дүрэмд дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журмыг тогтоох-оор, 6.2-т дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батлах-аар зааснаас үзвэл дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувьчлах замаар бусдын өмчлөлд шилжүүлэх зохицуулалтгүй байна.
Өөрөөр хэлбэл орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журмыг СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар дүрэмдээ тусгах байдлаар шийдвэрлэх ба бусдын өмчлөлд шилжүүлэх боломжгүй байна.
б. Нөгөөтэйгүүр мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3-т зааснаар холбооны удирдах зөвлөл дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрх хэмжээтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас * дугаар байрны жижүүр, үйлчлэгч Т.Н*********-н нийгмийн асуудлыг дэмжиж байрны нөхцөлийг сайжруулан өрөө гаргаж өгөхийг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон байхад холбооны гүйцэтгэх захирал нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-д заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрхээ хэтрүүлэн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувьчлах үр дагавар бүхий магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус хандсан нь хууль бус болжээ.
в. Орон сууцны тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд магадлан шинжлэх хэсгийг байгуулах болон түүний эрх зүйн байдлын талаарх зохицуулалтгүй, Магадлан шинжлэх хэсэг, Орон сууц хувьчлах товчооны эрх зүйн байдал, үйл ажиллагааг гагцхүү Орон сууц хувьчлах тухай хуулиар зохицуулдаг, өөрөөр хэлбэл хүн амьдрах шаардлага хангасан эсэх магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гаргах, орон сууц эзэмших эрхийн бичиг олгох, цаашлаад хувьчлах эрх зүйн зохицуулалт Орон сууц хувьчлах тухай хуулиар зохицуулагдаж байна.
Орон сууц хувьчлах тухай хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад орших тул орон сууцны байшингийн дээврийн хонгил буюу дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах хэсэгт магадлан шинжлэх хэсэг ажиллуулж дүгнэлт гаргуулах, цаашлаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгох хуульд заасан үндэслэл байхгүй юм.
г. Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлд Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан, үүнд 1/ хувьчлах орон сууцанд магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах, 2/ орон сууцаа хувьчилж авах тухай иргэний өргөдлийг хүлээн авах эрхтэй, өөрөөр хэлбэл магадлан шинжлэх хэсгийг ажиллуулж дүгнэлт гаргуулах нь Орон сууц хувьчлах товчооны бүрэн эрхэд хамаарч байна.
д. Орон сууц хувьчлах тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Магадлан шинжлэх хэсэг нь Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн Засаг дарга хамтарсан шийдвэрээр байгуулагдсан хувьчлах орон сууцны чанар, аваарь осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, орон сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй, орон сууцны ашиглалт, дулаан, цахилгаан, эрчим хүч, гал, ариун цэвэр, барилгын техникийн хяналтын эрх бүхий байгууллага болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага, сууц эзэмшигчдийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус байгууллага ба 14 дүгээр зүйлд зааснаар дүгнэлт гаргах байдлаар ажилладаг.
Өөрөөр хэлбэл орон сууц хувьчлахын өмнөх үе шатанд магадлан шинжлэх хэсгийг дүгнэлт гаргах буюу орон сууцыг хувьчлах замаар өмчлөлд шилжүүлэхийн тулд хүн амьдрах шаардлага хангасан эсэхэд магадлан шинжлэх хэсэг дүгнэлт гаргадаг.
Тиймээс ийнхүү орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг магадлан шинжлэх хэсгээр дүгнэлт гаргуулахаар тус СӨХ-ны гүйцэтгэх захирал эрхээ хэтрүүлэн хандсанаар Магадлан шинжлэх хэсгийг томилж ажиллуулан, улмаар дүгнэлтийг зөвшөөрсөн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны тогтоол хууль бус болжээ.
е. Хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хувьчлах шийдвэр гаргаагүй, зөвхөн эзэмшиж байгаа гэж тайлбарлах ч орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг зөвхөн эзэмшүүлэх, ашиглуулах, түрээслүүлэх тохиолдолд тухайн СӨХ нь шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд Магадлан шинжлэх хэсэг, Орон сууц хувьчлах товчоо шийдвэр гаргах эрх хэмжээгүй болно. Өөрөөр хэлбэл Магадлан шинжлэх хэсгийн хүн амьдрах шаардлага хангасан гэх дүгнэлт, дүгнэлтийг зөвшөөрсөн Орон сууц хувьчлах товчооны тогтоолын хууль зүйн үр дагавар буюу зорилго нь хувьчлах бөгөөд гуравдагч этгээдийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчоонд хандсан хүсэлтэд дурдсанчлан орон сууц хувьчлах зорилгоор Магадлан шинжлэх хэсэг ажиллаж дүгнэлт гаргасан, улмаар дүгнэлтийг Орон сууц хувьчлах товчоо зөвшөөрсөн байна.
ё. Орон сууц хувьчлах тухай хуулийн үйлчлэх хүрээ буюу зохицуулах харилцаа нь төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцаа бөгөөд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэхгүй юм.
ж. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар орон сууцыг эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр хувьчлах бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэний орон сууц хувьчилж авах хүсэлт, СӨХ-ны орон сууц хувьчлуулах тодорхойлолт, Магадлан шинжлэх хэсгийн * дугаартай дүгнэлт, уг дүгнэлтийг зөвшөөрсөн Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2018 оны 2* дүгээр тогтоолыг үндэслэн орон сууц эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ Д.З*********** олгогдсон байх бөгөөд дээр дүгнэсэнчлэн мөн адил орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрх хэмжээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд олгогдоогүй байна.
з. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2003 оны ** дугаар тогтоолоор төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгаж, мөн төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгох явдлыг таслан зогсоох арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгасан.
Хариуцагч нар болон гуравдагч этгээд дээрх тогтоол, энэ тогтоолын дагуу гарсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн тайлбарладаг ч энэ маргаанд хамаарах өрөө нь техникийн зориулалттай өрөө биш, дээврийн хонгилын 1 хэсэг болох нь шүүхийн үзлэгээр, шүүх хуралдаанд тус СӨХ-ны захирлаар 2002-2018 онд ажиллаж байсан Д.Г********-н мэдүүлгээр тогтоогдож байх тул ийнхүү магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлж болох техникийн өрөөнд хамаарахгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр А************* СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дугаартай тогтоолын ** дугаар хорооллын * дугаар байрны ** давхарт байрлах 2 өрөөнд холбогдох хэсгийг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн Д.З***********-т 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч тус бүрээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
А******** СӨХ дундын өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшүүлэх, ашиглуулах, түрээслүүлэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.2, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4, Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А сууц өмчлөгчдийн холбооны гаргасан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2* дүгээр тогтоолын ** дугаар хорооллын * дугаар байрны ** давхарт байрлах 2 өрөөнд холбогдох хэсгийг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн Д.З*********** 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч А************ сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос 35100 төгрөг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА