Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/02229

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02754 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нт холбогдох,

 

Шын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.А нь Б.Бд итгэмжлэл олгосны дагуу өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол 36б байрны 41 тоот хаягт байрлах 65.28 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Э-д зээлийн барьцаанд тавсан боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар Б.Б, Ц.А нараас 60 860 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Тус ажиллагаанд Ц.А өөрийн дүү Ц.Ат итгэмжлэл олгон төлөөлүүлэн оролцуулж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус орон сууцыг шинжээч томилон 110 976 000 төгрөгөөр үнэлж түүний 70 хувь буюу 77 683 200 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр оруулсан боловч дуудлага худалдаа явагдаагүй. Ийнхүү 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор хоёр дахь дуудлага худалдаанд 55 488 000 төгрөгөөр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр оруулахаар шийдвэрлэжээ. Төлөөлөгч Ц.А нь тухайн орон сууцны үнийн санал өгсөн, шинжээчийн гаргасан үнэлгээний талаарх мэдээллийг надад мэдэгдээгүй бөгөөд Ц.А нь өөрийн өмчлөлийн орон сууцыг багаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхээс томилсон хөрөнгийн үнэлгээний компани орон сууцыг 111 718 100 төгрөг гэж үнийг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй тул Нын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Б, Ц.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 41 дүгээр байр 36б байрны 41 тоот 65.28 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр битүүмжилж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар дуудлага худалдааны санал болгох доод үнэд тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 319 тоот шинжээч томилох тогтоолоор томилсон. Шинжээч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөрөнгийг 110 976000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлснээр төлбөр төлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/28553 тоот албан бичгээр үнэлгээний 70 хувь буюу 77 683 200 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу мэдэгдсэн. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасны дагуу шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж уг саналыг хүлээн авч төлбөр төлөгчид нэг сарын хугацаа өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 7 хоногийн дотор гаргах байсан. Энэ хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани мөнгөө авч чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох Шын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй. Иймээс шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ. /хх-ийн 1-2, 18/

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2105 дугаар захирамжаар Ц.А, Б.Б нар 60 860 000 төгрөгийг “Э” ХХК-д хувиарын дагуу төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Y-2204067058 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол, 36-б байрны 41 тоот 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 20-21 дугаар хуудас/

 

Төлбөр төлөгч Ц.А нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

 

Дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагчид харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймд хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-ийн 31, 34/

 

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02754 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Ч.ЦЭНД

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД