| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00333/И |
| Дугаар | 142/ШШ2017/00021 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2017/00021
| 2017 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 142/ШШ2017/00021 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.А
Хариуцагч: Б.П
Хариуцагч: Б.Б
3 645 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С , хариуцагч П.Б , Б.Б , хариуцагч нарын өмгөөлөгч Я.Э , гэрч Ш.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ш.А нь П.Б түүний нөхөр Б.Б нарын нарын гуйсны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 23-нд 6 000 000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Учир нь тэрээр банкны зээл аваад эргүүлж төлнө гэсэн тул ингэж тохирсон. Урьд нь энэ 2 бас надад хандаж мөнгө зээлж аваад буцаад төлж байсан тул итгэж өгсөн. Тэгтэл 2 хоногийн хугацаанд бүтэхгүй нь нөхрийн нэр дээр байгаа хас банкны зээлээ төлж дуусгавал зээл гаргаж өгье гэж байна гээд нэмж 2014 оны 3 дугаар сарын 20-нд 14 600 000 төгрөгийг авч, эргээд Б.Б нь 430 000 төгрөг дутлаа гээд нэмж авч явсан. Ингэж авахдаа 1 хувийн хүүгээр тооцож авъя гэж хэлж гуйж тохирч өгч авалцсан. Ингээд нийт 21 030 000 төгрөгөө эргүүлж төлөхийг шаардаж, асууж, уулзаж байхад зээл бүтэхгүй байна гэсээр 2014 оны 3 дугаар сарын 20-нд эхнэр П.Б зээлээ авлаа гэж 9 900 000 төгрөгийг нөхөр Б.Б нь авчирч өгсөн. Тэр өдрийн үдээс хойш нь эхнэр П.Б ыг дуудаж зээлсэн мөнгөний тооцоог бодоод үлдэгдэл 13 220 000 төгрөгт зээлийн гэрээгээ хийж эхнэр П.Б зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ гэрээгээр 1 сарын хугацаанд төлж дуусгах, хүүг 15 хувиар тооцох, алданги 0.5 хувь төлөхөөр тохирсон юм. Гэтэл уг хугацаандаа мөнгөө төлөөгүй байж байгаад 2014 оны 8 дугаар сарын 8-нд 8 700 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 11-нд 4 195 000 төгрөгийг тус тус авчирч өгсөн. Уг төлөлтүүдийг би 2014 оны 3 дугаар сарын 20-ны гэрээний дагуу хүлээх ёстой үүрэг 13 220 000 төгрөгний зээл, 1 983 000 төгрөгний хүү, нийт 15 203 000 төгрөгний гүйцэтгэх үүргээс нь хасч тооцсон 15 203 000 төгрөгнөөс 8 700 000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 8-нд өгсөн 6 503 000 төгрөг үлдсэн ба төлөхгүй 3 сар өнгөрсөн тул гэрээний дагуу би 0.5 хувиар алданги тооцоход 3 056 410 төгрөгний алданги гарсан. Гэвч энэ алдангийг би тооцоо хийхдээ П.Б ад хэлж байсан бөгөөд П.Б тухайн үед хашаа байшингаа зарлаа нөхөр ажилгүй би ганцаараа ажилтай тул хүнд хэцүү байна гэдгийг нь харгалзан 6 503 000 төгрөгнөөс 11 сарын 11-нд авчирч өгсөн 4 195 000 төгрөгийг хасч 2 430 000 төгрөгийг сарын хугацаатай төлж дуусга дуусгахгүй бол 1 сарын хүү авна. П.Б 2-3 хоногт цахилгаан бараа лизингээр авч өгнө гээд тэр нь бүтэхгүй гэж бид 2 тохирч гэрээгээ хийсэн. Энэ үедээ П.Б надаас 25 000 төгрөг зээлж авсныг 2 430 000 төгрөгдөө оруулж гэрээгээ хийсэн. 2014 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш уг мөнгөө ер төлөөгүй би 6 сарын дараа цалингийн зээл нэмж авч өгнө, мөн нөхөр бид хоёрт хийлгэх барилгын засварын ажил байвал хийлгээд тооцооноосоо хасуулна шүү гэж ярьж байсан. Ер нь бол төлнө гэдэг байсан. Ингэж явсаар 2015 оны 11 дүгээр сар гарсан. Ингээд би шүүхэд хандсан. П.Б төлөхгүй өмгөөлөгч авна сөрөг нэхэмжлэл гаргана гэх зэргээр хурлыг удаа дараа хойшлуулж 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 15 цагт товлогдсон ба хуралдаа цагтаа очиж туслах Б.Болорцэцэгийг хүлээж байх үед хурлыг хийж нэхэмжлэлийг буцаасан. Иймд одоо дахин нэхэмжлэлээ гаргаж байна. Миний хувьд П.Б , Б.Б нараас 1 жил гаран хугацаа өнгөрч байхад ер алданги тооцоогүй бөгөөд одоо үлдсэн 2 430 000 төгрөгийг алданги 1 215 000 төгрөгний хамтаар нийт 3 645 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч П.Б , Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ш.А нь П.Б , Б.Б нараас 3 645 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хулээн эөвшөөрөхгүй байна. Анх А ээс манай нөхөр бид хоёр хамт очиж 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 6 000 000 төгрөгийг авсан нь үнэн юм. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 600 000 төгрөгийг Б.Б бид 2 зээлж аваагүй бөгөөд зээлийн гэрээ хийгээгүй болно. Энэ өдөр А тэй уулзаа ч үгүй юм. Харин 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Б.Б нь ганцаараа очиж А ээс 14 580 000 төгрөг, тэр өдөртөө нэмээд 441 970 төгрөг нийт 15 021 970 төгрөгийг авсан байдаг. А ээс 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 021 970 төгрөгийг авахад би байгаагүй ажилтай байсан тул нөхөр Б.Б мөнгө олоод эээлээ хаачихлаа гэж утсаар ярьж байсан бөгөөд энэ өдөр зээл хаасан баримтаар дараах байдал нь тогтоогдох юм. Харин тэр өдөр ямар ч зээлийн гэрээг Б бид 2 хийгээгүй юм. Ер нь А ийг би таньдаггүй манай нөхөр Заамрын алтан дээр танилцаж байсан гэсэн. Тийм болохоор А ээс манай нөхөр мөнгө авчихаад эргүүлж өгч байсан нь үнэн. Гэхдээ бид 2 хангалттай мөнгийг төлж барагдуулсан болно. Нөхөр маань утсаар ярьж байгаад очиж авдаг байсан юм. А ээс нийт 21 021 970 төгрөгийг амаар ярьж тохиролцоод авсан ба зээлийн гэрээг бичгээр үйлдээгүй ба хүү, алдангийн талаар дурдаж тохиролцож байгаагүй юм. 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300 000 төгрөгийг анх А т мөнгө зээлснээс хойш төлөлтөндөө өгч байсан юм. 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр "Төрийн банк"-аас миний цалингийн зээл гарсан бөгөөд тэр өдөртөө шууд 9 900 000 төгрөгийг манай нөхер Б.Б нь аваачиж өгөхөд 13 сая гаран төгрөгний үлдэгдэлтэй гэнээ гээд манай нөхөрт хэлсэн байсан болно. Үүнээс хойш 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А бид хоёрыг дуудаж уулзаад хашаа байшингаа зарж борлуул эсхүл надад итгэмжлэл хийж өг яг одоо гээд загнаж дарамталж байгаад хашаа байшингийн гэрчилгээг нотариатаар оруулж баталгаажуулаад гэрчилгээг маань аваад үлдсэн шүү дээ. Тэгээд бид хоёр аргагүйн эрхэнд хашаа байшингаа 9 000 000 төгрөгөнд зарж борлуулаад 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 8 700 000 төгрөгийг А т өгсөн байдаг. Уул нь манай хашаа байшин шинэ бариад удаагүй байсан бөгөөд 15 000 000 төгрөг гарнаар зарах байсныг аргагүйн эрхэнд хямд үнээр зарж борлуулсан байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б миний бие нь цалингийн зээлээ нэмж аваад 4 195 000 төгрөгийг Ш.А т хүлээлгэж өгсөн ба нийт 23 095 000 төгрөгийг төлсөн байдаг. Эдгээр мөнгийг төлөхдөө бид 2 өөрийн амьдарч байсан хашаа байшингаа зарж байж төлөөд одоо айлын карма өрөөг түрээслэж нөхөр хүүхдийн хамт хүнд нөхцөлд амьдарч байна. Гэхдээ бид хүнээс мөнгө авсан болохоор эргүүлж төлье гэсэн чинь сэтгэлээр хандаж өнөөдрийг хүргэсэн байтал А нь бид хоёрыг байнга утсаар дарамталж хэл амаар доромжилдог байсан. Ш.А нь бид хоёртой тооцоо нэг ч удаа нийлж байгаагүй юм. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг би А тэй хийгээгүй бөгөөд энэ өдөр уулзаач үгүй байхад миний гарын үсгийг дууриаж зурсан байна. Энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б бид хоёр одоо А т ямар ч мөнгө өгөхгүй бүрэн төлсөн гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
П.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 13 220 000 төгрөгийг Б.Б бид хоёр зээлж аваагүй бөгөөд зээлийн гэрээ хийгээгүй болно. Энэ өдөр А тэй уулзаач үгүй юм. Би ажилтай байсан болно. Ер нь А ийг би таньдаггүй манай нөхөр Заамрын алтан дээр танилцаж байсан гэсэн. А ээс манай нөхөр мөнгө авчихаад эргүүлж өгч байсан нь үнэн. Гэхдээ бид 2 хангалттай мөнгийг төлж барагдуулсан болно. Нөхөр маань утсаар ярьж байгаад очиж авдаг байсан юм. А ээс манай нөхөр Б.Б нь нийт 21 021 970 төгрөгийг амаар ярьж тохиролцоод авсан ба зээлийн гэрээг бичгээр үйлдээгүй ба хүү, алдангийн талаар дурдаж тохиролцож байгаагүй юм. 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300 000 төгрөгийг анх А т мөнгө зээлснээс хойш төлөлтөндөө өгч эхэлсэн юм. 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр "Төрийн банк"-аас миний цалингийн зээл гарсан бөгөөд тэр өдөртөө шууд 9 900 000 төгрөгийг манай нөхөр Б.Б Ш.А т өгсөн. Үүнээс хойш 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А бид хоёрыг дуудаж уулзаад хашаа байшингаа зарж борлуул эсхүл надад итгэмжлэл хийж өг яг одоо гээд загнаж дарамталж байгаад хашаа байшингийн гэрчилгээг нотариатаар оруулж баталгаажуулаад гэрчилгээ маань аваад үлдсэн юм. Тэгээд бид 2 аргагүй эрхэнд хашаа байшингаа 9 000 000 төгрөгөнд зарж борлуулаад 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 8 700 000 төгрөгийг А т өгсөн байдаг. Уул нь манай хашаа байшин шинэ бариад удаагүй байсан бөгөөд 15 сая гарнаар зарах байсныг аргагүй эрхэнд хямд үнээр зарж борлуулсан байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б миний бие нь цалингийн зээлээ нэмж аваад 4 195 000 төгрөгийг Ш.А т хүлээлгэж өгсөн ба нийт 23 095 000 төгрөгийг төлсөн байдаг. Эдгээр мөнгииг төлөхдөө бид 2 өөрийн амьдарч байсан хашаа байшингаа зарж байж төлөөд одоо айлын карма өрөөг түрээслэж нөхөр хүүхдүүдийн хамт хүнд нөхцөлд амьдарч байна. Гэхдээ бид хүнээс мөнгө авсан болохоор эргүүлж төлье гэсэн чин сэтгэлээр хандаж өнөөдрийг хүргэсэн байтал А нь бид хоёрыг байнга үтсаар дарамталж хэл амаар доромжилдог байсан. Ш.А нь нөхөр, бид хоёртой тооцоо нэг ч удаа нийлж байгаагүй юм. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг би А тэй хийгээгүй бөгөөд энэ өдөр уулзаа ч үгүй байхад миний гарын үсгийг дууриаж зурсан байна. Энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Ш.А сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ өдөр гэрээ хийснийг нотлох гэрч байгаа гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч П.Б , Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 645 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт эвлэрэн хэлэлцээгүй бөгөөд шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэг: Үндсэн нэхэмжлэлийн талаар.
Нэхэмжлэгч Ш.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч П.Б , Б.Б нарын гуйсны дагуу 2 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй 6 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 600 000 төгрөг болон 430 000 төгрөг, нийт 21 030 000 төгрөгийг дээрхи нөхцлийн дагуу зээлдүүлсэн юм. Тэд тохиролцсон ёсоор мөнгөө төлөхгүй байсан ба эхнэрийн зээл бүтсэн гээд 9 900 000 төгрөгийг Б.Б авчирч өгөхөд буюу 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сарын 15 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр үлдэгдэл мөнгө болох 13 220 000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан. Гэрээнд заасан нөхцлөө хариуцагч нар мөн л зөрчиж 8 700 000 төгрөг болон 4 195 000 төгрөгийг тус тус төлсөн учир миний бие 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тооцоо нийлж 2 430 000 төгрөгийг 1 сарын хугацаатай төлж дуусгана, дуусгахгүй бол хүү авна гэхэд П.Б лизингээр компьютер авч өгнө гээд тэр нь мөн бүтэхээ больж бид гэрээ байгуулсан юм. Иймд үндсэн мөнгө 2 43 000 төгрөг, алданги 1 215 000 төгрөг нийт 3 645 000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч П.Б , Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Нэхэмжлэгч Ш.А ээс нийт 21 030 000 төгрөг авсан нь үнэн. 23 095 000 төгрөг болгож буцааж өгсөн нь ч үнэн. Бидний хооронд гэрээ бичгээр үйлдэгдээгүй, хүү алдангийг дурдаж байгаагүй тул зөвшөөрөхгүй. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд П.Б нь гарын үсэг зураагүй, энэ өдөр уулзаа ч үгүй. 2014 оны 01 дүгээр сарын 23-нд авсан 6 000 000 төгрөгийг авахад хоёулаа очсон бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 600 000 төгрөг болон 430 000 төгрөгийг нөхөр Б.Б ганцаараа очиж авсан би байгаагүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Ш.А ээс 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч П.Б болон Б.Б нар 6 000 000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 030 000 төгрөгийг Б.Б нь өдрийн 1 хувийн хүүтэй, 2 хоногийн хугацаатай аман хэлцлийн дагуу зээлдэж авсан болох нь зохигчдын шүүхэд мэдүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч П.Б , Б.Б нар нь 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 9 900 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 8 700 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4 195 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ш.А т өгсөн ба мөнгөн дүнгийн авсан өгсөн талаар маргаагүй хэн аль нь хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээх учир нэхэмжлэгч Ш.А нь шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болон 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээний дагуу үндсэн мөнгө 2 430 000 төгрөг, алданги 1 215 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нар анх мөнгө авахад гэрээ байгуулаагүй учир хүү алданги тооцох учиргүй, 2014 оны 02 дугаар сарын 27-нд авсан 15 030 000 төгрөгийг П.Б гардаж аваагүй тул хариуцан төлөх үндэслэлгүй, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Мөн хуулийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан байна.
Зохигчид 21 030 000 төгрөгийг өгч авалцаж байх үед зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй байх бөгөөд хожим буюу 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар, гэрч Э ын ...хаан банкны шатаар Ш.А тэй хамт бууж байхад П.Б нөхөртэйгөө хамт байж байсан, ...урд нь П.Б надаас мөнгө авдаг байсан тул би сайн танина... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6633 дугаартай 5 бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт зэргээс зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ хариуцагч нар биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсний дагуу хожим хүү, алданги, хугацаа тохирч зээлийн гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Зохигчид 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 13 220 000 төгрөгийг өгч авалцаагүй боловч /тооцоо нийлээд үлдэгдэл дээр гэрээ байгуулсан гэх/ 21 030 000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 300 000 төгрөг, зээл аваад өгсөн гэх 9 900 000 төгрөгийг хасвал 10 830 000 төгрөгт хүү, алданги, хугацаа тооцох боломжтой ба гэрээнд заасан хугацааны хүү 1 624 500 төгрөг нийт 12 454 500 төгрөг болохоос хариуцагч нарын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 8 700 000 төгрөг, 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 4 195 000 төгрөгийг хасч тооцвол төлөх төлбөргүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа ...2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр алданги 3 056 410 төгрөг гарсан боловч П.Б ын ...хашаа байшингаа зарлаа, нөхөр ажилгүй, би ганцаараа ажилтай тул хүнд байна гэснийг харгалзан үндсэн үүрэгээс хамгийн сүүлд авчирсан мөнгийг хасч тооцон 2 430 000 төгрөг үлдсэн гэсэн тайлбараар алдангиасаа татгалзсан байна гэж дүгнэв.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар.
П.Б нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Ш.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн байсан бөгөөд хариуцагч нар үүргээ эс биелүүлсэн учир нэхэмжлэгч хожим буюу 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж бичгийн хэлбэртэй болгосон байна.
Уг гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлэх гэсэн боловч орой ажил тарсан байсан, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хашаа байшин зарах итгэмжлэл хийлгэх үеэр дахин батлуулахаар нотариатад хандахад үйлчилгээний хөлс өндөр гээд батлуулаагүй гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт байгаа 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, гэрч Э ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд гэрээнд П.Б гарын үсэг зурсан байна гэж дүгнэв.
П.Б ын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нөхөртэйгөө цуг байсан ба мөнгө аваагүй, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөнгийг аваагүй, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн тайлбар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарагдахгүй юм.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч П.Б , Б.Б нараас 3 645 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай П.Б ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.А ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 73 270 төгрөг болон П.Б ын урьдчилан төлсөн 224 050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ