Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/30

 

  М.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Ж-ад холбогдох эрүүгийн 2013000010030 дугаартай хэргийг хохирогчид болон тэдний өмгөөлөгч нарын хамтран гаргасан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, прокурор Б.Ботакөз, шүүгдэгч М.Ж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, хохирогч Х.А, Б.С, хохирогч нарын өмгөөлөгч А.Серикжан, хэлмэрч Б.Арманбек нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 4 хүнтэй, эхнэр, ээж дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Н овогт М-ын Ж /РД: БЗ00000000/нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой гэр бүлийн хүрээнд үүссэн таарамжгүй харилцааны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт орших хадам дүү Х.А-ийн өвлийн байшингийн  цонхоор нэвтрэн орж, 42 инчийн “LG” загварын зурагтыг хагалж, UV инжект 3D обой хэвлэгч  (3D HXS-1800 загварын) төхөөрөмжийг эвдэж, удирдлагын /толгой/ аппаратыг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах/ гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч М. Ж-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ад 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-аас 4.863.930 төгрөг гаргуулан хохирогч Х.А-т, 4.863.930 төгрөг гаргуулан Б.С нарт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч Х.А, Б.С, өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

            Шүүхийн шийтгэх тогтоолоор “...хохирогч Х.А, Б.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг  үндэслэн (1 дүгээр хавтасны 59-60, 61-62 дугаар хуудас) UV uнжект 3D обой хэвлэгч (3D HXS-1800 загварын) төхөөрөмжийн үнэлгээг 17.700.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ” гэжээ. Шүүхээс ингэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдал нийцээгүй гэж үзэж байна. Учир  нь: Хохирогч Х.А-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Асуулт: Танд хэргийн улмаас одоогийн байдлаар нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ? Хариулт: Одоогоор уг хэрэг үйлдэгдсэний улмаас миний хамтрагч Б.С бид хоёрын хувийн бизнест дараах хохирол учирсан. Үүнд, нэгдүгээрт  “3D” обой хэвлэгч машиныг эвдсэн, уг төхөөрөмжийг үнийг 21,719,800 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг нь тогтоосон байна. ... Уг төхөөрөмжийг Б.С бид хоёр 2019 оны 05 дугаар сарын дундуур урьд Хятад улсаас тээврийн зардлыг нэмэхгүйгээр төхөөрөмжийн өөрийн үнэ нь 17,700,000 төгрөгөөр авч байсан, тээврийн зардал 500,000 төгрөг, гаалийн татварт 2,100,000 төгрөг, анх төхөөрөмжийг авчраад мэргэжлийн хүнээр тохиргоо хийлгүүлэхээр 1,500,000 төгрөг гаргасан. Ингээд нийтдээ Б.С бид хоёроос 21,719,800 төгрөг гарсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 59-60-р хуудас/, хохирогч Б.Сын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны үед өгсөн: “...Асуулт: Танд хэргийн улмаас одоогийн байдлаар нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан байна бэ ? Хариулт: Одоогоор уг хэрэг үйлдэгдсэний улмаас миний хамтрагч Б.С бид хоёрын хувийн бизнест дараах хохирол учирсан. Үүнд, нэгдүгээрт  “3D” одой хэвлэгч машиныг эвдсэн, уг төхөөрөмжийг үнийг 21,719,800 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг нь тогтоосон байна. ... Уг төхөөрөмжийг  Б.С бид хоёр 2019 оны 05 дугаар сарын  дундуур урьд Хятад улсаас тээврийн зардлыг нэмэхгүйгээр төхөөрөмжийн өөрийн үнэ нь 17,700,000 төгрөгөөр авч байсан, тээврийн зардал 500,000 төгрөг, гаалийн татварт 2,100,000 төгрөг, анх төхөөрөмжийг авчраад мэргэжлийн хүнээр тохиргоо хийлгүүлэхээр 1,500,000 төгрөг гаргасан. Ингээд нийтдээ Б.С бид хоёроос 21,719,800 төгрөг гарсан” гэсэн мэдүүлэг /XX-ийн 61-62-р хуудас/, гэрч Б.С-ын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Бид нар Хятад улсаас 2019 оны 6 дугаар сард худалдаж оруулж ирсэн ба аймгийн төвд орж ирэхэд нийт 22 сая төгрөгөөр оруулж ирсэн. Түүнээс хойш ажиллуулж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 72-р хуудас/, гэрч Ц.Э-ы 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ”....Баян-Өлгий  аймгийн “Ай Эс Констракшн” гэж компани манай сайтаар дамжуулж дээрх төхөөрөмжийг захиалж авсан нь үнэн ... Монгол төгрөгөөр 395 төгрөгөөр 1 юань бодогдож дүйцэж байсан ба төхөөрөмжийн үнэ БНХАУ-д Монгол төгрөгөөр  23,072,460 төгрөгийн ханштай байсан ... тоног төхөөрөмжийг худалдаж авсан баримт нь байгаа.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 222-225-р хуудас/, эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээч Х.Калиматын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/006 дугаар шинжээчийн дүгнэлтдээ “...”3D HXS-1800” загварын обой хэвлэгчийн үнийг 21,719,793 төгрөг 47 мөнгө” гэж үнэлсэн тухай баримт /ХХ-ийн 82-97-р хуудас/ Монголын хөрөнгө хохирол үнэлгээчдийн холбооны шинжээч хөрөнгийн үнэлгээчид А.Амарбуян, С.Гүрсүрэн, Д.Ганбаатар нарын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтдээ “...UV uнжект 3D обой хэвлэгч 1800 загварын төхөөрөмжийн зах зээлийн үнэ цэнэ Баян-Өлгий аймагт 21,893,888 төгрөг” гэж үнэлсэн тухай баримт /2-р ХХ-ийн 35-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар UV инжект 3D обой  хэвлэгч 1800 загварын төхөөрөмжийн үнэ ханш 21,893,888 төгрөг болох нь тогтоогдсон байдаг. Хохирогч Х.А, Б.С нар обой хэвлэх үйл ажиллагаа ядуулах, бизнесээ өргөтгөх зорилгоор Хаан болон төрийн банкнаас зээл авч байсан ба шүүгдэгч Ж-аас аймгийн Прокурорын газрын хохирлын дансанд байрлуулсан 9,000,000 төгрөгийг авах хүртэл 1,418,011 /1,072,0612+345,399/ төгрөгийг зээлийн хүүд сул төлсөн байдаг. Хэрэв шүүгдэгч Ж- нь 2019 оны 12 дугаар сарын байдлаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулж өгсөн бол хохирогч Х.А, Б.С нар тухайн үед зээлээ хаах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж-ын гэм буруугаас болж хохирогч Х.А, Б.С нар арилжааны банкнаас авсан зээлийн үр шимийг хүртэж чадаагүй сул хүү төлсөн байх тул энэ нь хохиролд тооцогдох ёстой гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар халдлагын зүйл болох UV инжект 3D обой хэвлэгч HXS-1800 загварын төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсон нь тогтоогдсон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан  этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан. Шүүхээс шүүгдэгч М.Ж-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний, улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул хохирогчийн эрх ашиг хамгаалагдах, сэргээгдэх учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...шүүгдэгч Ж-аас 4,863,930 төгрөг гаргуулж” гэснийг “... шүүгдэгч Ж-аас 15,339,759 төгрөг гаргуулж” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

            Шүүгдэгч М.Ж- болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ж- би өмгөөлөгч С.Алтай, Т.Байгонак нарын хамтаар дараах гомдлыг гаргаж байна. Юуны өмнө М.Ж- би хохирогч Х.А-ийн өвлийн байшингийн цонхоор орж обой хэвлэгч машины толгой хэсгийг болон “LG” маркийн 42 инчийн зурагтыг /телевизийг/ тус тус эвдсэн минь үнэн. Энэ тухай үйлдлээ хүлээн мэдүүлж гэм буруутайгаа ойлгож гэмшиж байна. Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Намайг            3 сар буюу 90 орчим хоног /600 цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хүнд болсон гэж үзэж байна. Шүүх эвдэрсэн гэх хэвлэх аппаратыг үзээгүй нь шийдвэр гаргахад дутмаг болсон. Учир нь аппарат нь бүрэн хэмжээгээр бүтэн байсан бөгөөд зөвхөн толгой хэсэг нь эвдэрсэн. Шүүх хэвлэх аппаратыг бүхэлд нь төлүүлэх шийдвэр гаргаж шүүгдэгч намайг хохироосон. Тодруулбал гэм буруутай байсныг минь далимдуулж аппаратыг бүтэн төлүүлсэн бөгөөд нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Шүүх хуралд эвдэрсэн гэх уг аппаратын хэсэг болох толгойг авч ирэхэд нотлох баримтаар үзэж үнэлээгүй. Хохирогч нарт хэвлэх аппаратыг ажиллуулах журмыг тусгасан программтай диск байдаг бөгөөд энэ программыг тэд зориуд нууж өгөхгүй байгаа тухай хэлж, авч өгөхийг хүсэхэд хүсэлтийг хангаагүй программыг гаргуулснаар аппаратыг бүрэн ажиллуулах, зөвхөн эвдэрсэн хэсгийн үнийг төлөх боломжтой байсан. Энэ -учрыг хэлсэн байхад хайхрамжгүй хандаж төлбөрийг бүрэн тогтоолгүй шийдвэр гаргасан. Программд аппаратын марк, үйлдвэрийн хаяг үнэлгээ байгаа. Үнэлгээг бид анхнаасаа зөвшөөрөөгүй байсан. Учир нь: Эвдрээгүй бүтэн хэсгийг ч төлүүлсэн. Зүйрлэвэл машины гэрлийн нэг тал хагарсан байхад бүтэн талыг ч төлүүлсэн мэт болсон. Үнэлгээг Улаанбаатар хотод гаргахдаа шинжээчид нь утсаар хохирогч нартай ярьж, тэдний хэлснээр, мөн хохирогч нарын явуулсан хуурамч баримт бичгийг үндэслэн үнэлгээг хийсэн.

Үнэлгээг хийхэд бусад төрлийн аппаратыг харьцуулж дүгнээгүй. Обой хэвлэх 3 төрлийн аппарат байдаг бөгөөд хохирогчид надаар хамгийн үнэтэй, одоогийн энэ эвдэрсэн аппаратаас өөр төрөл маркийн үнэлгээтэй үнэт аппаратын төрлөөр төлүүлэхээр баримтыг бүрдүүлсэн байхад шүүх эдгээр ялгаж дүгнэлгүй үнэтэйг нь төлүүлэх шийдвэр гаргасан. Хохирогчид хэрэг гараагүй байхад овой хэвлэх аппаратыг 12.000.000 төгрөгөөр худалдана гэж зар тараасан байдаг. Өөрсдөө анх нийт 8.000.000 төгрөгөөр авч ирсэн. Энд ховор болохоор үнэ хүргэж худалдана гэж сайн харилцаж байхад надад хэлж байсан. Энэ байдлыг шүүх хуралд хэлж үнэлгээ буруу боллоо гэж байхад шүүх худалдахаар зар тараасан тухай нотолгоог үнэлээгүй үнэлгээний асуудалд хайнга хандаж шийдвэрлэсэн. Хохирогч нар хуулийн этгээд гэдэг нэрээр обой хэвлэх аппаратыг аймгийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Энэ байдал саяхан шүүх хурлын дараа тодорхой болсон. Улсын бүртгэлд ямар маркийн, ямар үнэлгээтэй, аппаратыг бүртгүүлсэн эсэхийг шүүхийн журмаар авч үзэх шаардлагатай байна. Улсын бүртгэлд үнэн зөвөөр баримт бүрдүүлж бүртгүүлсэн болохоор энэ баримтын дагуу дахин үнэлгээ хийх боломжтой. Ингэсэн тохиолдолд бодит үнэлгээ гарах болно. Нэгэнт гэр бүлийн үл ойлголцсон, цаашид эвлэрэх боломжгүй байдал үүссэн гэж хохирогчид үзэж байгаа болохоор намайг чадах, хорлох талаар улайрч зүтгэж байна. Энэ байдлаас болж хохирогч миний 22.000.000 төгрөгөөр авсан, ганцхан хөрөнгө болох “Альпарт” маркийн машиныг минь авах зорилгоор анхнаасаа улайран зүтгэж байна. Энэ байдлыг ч шүүхэд хэлж машины үнэлгээг дахин хийлгүүлэх хүсэлт тавихад хүсэлтийг хангаагүй. Хохирогч тал одоо ч гэсэн намайг чадах талаар улайран зүтгэж шүүхэд гомдол гаргаж байгаа бөгөөд гомдол нь үндэслэлгүй юм. Иймд обой хэвлэх аппаратын болон миний “Альпард” маркийн машины үнэлгээг дахин хийлгүүлэх, Улсын бүртгэлээс хуулийн этгээд гэж аппаратын бүртгэл хийлгэсэн баримтыг авах, зургийг шүүхийн шатанд хийх боломжгүй тул хэргийг бодит үнэн байдлаар шалгуулах, үнэлгээг тогтоолгох зорилгоор хэргийг нэмэлт шалгалт хийлгүүлэхээр прокурорт буцааж өгч шүүгдэгч миний эрхийг хамгаалж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Ж-ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогч нар болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч М.Ж- нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой гэр бүлийн хүрээнд үүссэн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байсан эхнэр Х.Б-ыг хайж яваад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт орших хадам дүү Х.А-ийн өвлийн байшингийн  цонхоор нэвтрэн орж, 42 инчийн “LG” загварын зурагтыг хагалж, UV инжект 3D обой хэвлэгч  (3D HXS-1800 загварын) төхөөрөмжийг эвдэж, толгой аппаратыг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 7-12/,

- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1  хх-ийн 13-16/,

- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын замын хөдөлгөөнийг хянах хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 22-27/,

- хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 55-56, 59-60/,

- хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 61-62, 72/,

- гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 73-77/,

- эд зүйлсийн үнэлгээг тогтоосон шинжээч Х.Калиматын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/006 дугаартай дүгнэлт /1хх-ийн 82-97/,

- Хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ажлын тайлан /2хх-ийн 37-45/,

- 3D обой хэвлэгчийг захиалсан захиалгын баримт /1хх-ийн 204/,

- гэрч Ц.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн 222-225, 240-241/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогджээ.  

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч М.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэж, хохирогч Х.А, Б.С нарын эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх эрхэд хууль бусаар халдсан нь тогтоогдсон,  анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

                Иймээс М.Ж-ыг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар зургаан зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс UV инжект 3D обой хэвлэгч HXS-1800 загварын төхөөрөмжийг 17.700.000 төгрөгөөр үнэлэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-аас 4863930.00 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Ат, 4863930.00 төгрөг гаргуулан хохирогч Б.С-д тус тус олгож шийдвэрлэхдээ UV инжект 3D обой хэвлэгч HXS-1800 загварын төхөөрөмжийг үнэлсэн “Мөнх-Эстимейт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №20/006 дугаартай дүгнэлт /1хх-ийн 82-98/, Монголын хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбооны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ажлын тайлан /2хх-ийн 35-45/ зэрэг хохирлын хэмжээг тогтоосон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, дүгнээгүйгээс хохирлын хэмжээг дутуу тооцсоныг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар залруулах үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан “Мөнх-Эстимейт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №20/006 дугаартай дүгнэлтээр UV инжект 3D обой хэвлэгч HXS-1800 загварын төхөөрөмжийг 21.719.793.47 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээг шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч С.Алтай, Т.Байгонак нар эс зөвшөөрч  2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүхэд гомдол гаргаснаар 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5/09 дугаар прокурорын тогтоолоор гомдлыг хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/05 дугаар прокурорын тогтоолоор дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргахыг Үнэлгээчдийн холбоонд даалгаснаар Монголын хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбооны хөрөнгийн үнэлгээчин А.Амарбуян, С.Гүрсүрэн, Д.Ганбаатар нарын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ажлын тайлангаар UV инжект 3D обой хэвлэгч HXS-1800 загварын төхөөрөмжийн үнийг 21.893.888.00 төгрөгөөр тогтоожээ.

 

Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үнэлж, дүгнэн хохирогч Б.С, Х.А нарт учирсан нийт хохирлын хэмжээг 22.921.748 төгрөгөөр /UV инжект 3D обой хэвлэгч HXS-1800 загварын төхөөрөмжийг 21.893.888 төгрөг,  LG загварын зурагт 852.360 төгрөг, шинжээчийн хөлс 150.000 төгрөг /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг зардлыг хохирогч нар урьдчилж төлсөн учраас/, Улаанбаатар хот руу явах тийзийг буцаасны торгууль 25.500 төгрөг/ тогтоож, үүнээс шүүгдэгч М.Ж-ын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хохиролд төлсөн 9.000.000 /22хх-ийн 8 хуудас/ төгрөгийг хасаж, шүүгдэгч М.Ж-аас 13.921.248 төгрөгийг гаргуулан хохирогч Б.С, Х.А нарт олгохоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг өөрчилж, хохирогч нарын өмгөөлөгчтэйгөө хамт гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул тэдгээрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Ж-аас 13.921.748 /арван гурван сая есөн зуун хорин нэгэн мянга долоон зуун дөчин найм/ төгрөг гаргуулан хохирогч Х.А, Б.С нарт олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч М.Ж- болон түүний өмгөөлөгч С.Алтай, Т.Байгонак нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.А, С.С, тэдгээрийн өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                               

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

                       

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                       

Д.КӨБЕШ