Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/169

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2024           12           20                                        2024/ШЦТ/169

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2404001520183 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.*******

 Улсын яллагч                                               Б.Баттуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Б.Бүжингоо

 Шүүгдэгч                                                    Э.******* нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн Батширээт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 16 дугаар гудамжны 1 тоотод оршин суух,

урьд Багануур дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгох ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овогт *******ын ******* (РД:*******)

Яллагдагч Э.******* нь согтуурсан үедээ 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 05 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 22 дугаар гудамжны 3 тоот хашааны гадна байрлуулсан Н.*******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг модоор цохиж урд салхины шил, урд улсын дугаар, нүүр лого, баруун талын дохиотой толь, зүүн талын дохиотой толь, баруун дээд мөр, зүүн дээд мөр, дотор голын гол, зүүн урд хаалганы шил, зүүн хойд хаалганы шил зэрэг эд ангийг зэрэг эд, ангийг санаатай  гэмтээсний улмаас түүнд 1,750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсгийн 16 дугаар гудамжны 01 тоот хашаандаа байсан машин дотор 1 шил архи уусан, архиа уучихаад унтаад өгсөн, тэгээд шөнө босоод найз Пүрэвсүрэнгийн аавынд очихоор явсан. Тэднийд орчихоод гарахад хашааны үүдэнд сааран өнгийн машин байхаар нь би хашаанаас гарахдаа авсан банз модоор урд талын салхины шилийг банз модоор цохьсон, мөн эргэн тойронд нь бас хэдэн удаа цохьсон тэгээд тэндээсээ өглөө үүрээр хариад машиндаа ороод унтаж байхад цагдаа ирж авсан” гэх мэдүүлэг (хх-ийн 46, 60, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Ц.*******ын “...Би Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 22 дугаар гудамжны 03 тоотын харалдаа хашаатай нь зэрэгцүүлээд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед орхисон. Тэгээд өглөө 08 цаг 30 минутын үед машинаа авах гээд очтол машины маань урд салхины шил хагарч дотогш цөмөрсөн, 2 толь сууриараа хугарсан, кабины дотор талын толь бас сууриараа хугарсан, урд хойд номерыг голоор нугалаад дарчихсан байсан, мөн машины урд хайрцаган дотор байсан эд зүйлүүдийг гаргаад дотор нь байсан 107,000 төгрөг байсан нь байхгүй болсон байсан. Би өчигдөр тэнд 10,000 төгрөгийн дэвсгэрт, 5000 төгрөгийн дэвсгэрт болон 1000 төгрөгийн дэвсгэрт, 500 төгрөгийн дэвсгэрт мөнгөнүүд хийсэн. Би таксинд явдаг болохоор бэлэн мөнгөтэй байсан тэр алга болсон байна. ...уг тээврийн хэрэгсэл миний охин Н.*******ийн нэр дээр байдаг юм. Тэрнээс миний өөрийн эзэмшлийнх юм. Охин анх авсан байсан надад өгсөн. Улаанбаатар хотоос 2001 онд 16,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...би эвдэрсэн эд зүйлээ янзлуулмаар байна, мөн алдсан мөнгөө нэхэмжилнэ. Өөр санал хүсэлт байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 29),

Хохирогч Ц.*******ын дахин өгсөн “...Би нарны шилээ нэхэмжлэхгүй. Эд зүйлийн үнэлгээ гаргуулахгүй. Алдагдсан 107,000 төгрөг, мөн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 31),

Гэрч Д.ын “...Би эхнэртэйгээ шөнө гэртээ унтаж байхад өчигдөр буюу шөнө дунд 05 цагийн үед хашааны гадна хүн хаалга нүдээд ...тас няс, түс гээд хүн юмаар юм цохиод хагалаад байсан. Тэгээд сэрээд байж байтал гадна хүн орилоод манай хаалгыг татсан. Тэгэхэд /буурал гэж хочилдог/ нилээн согтуу орж ирсэн. Намайг “ааваа машин чирээд оруулаад өг, би сая цонхыг нь хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь энэнд ямар машин байдаг юм гээд тоохгүй орхисон юм. ...Эхнэр босоод хашаанаас гаргасан эргэж орж ирэхдээ нээрээ машиныхаа цонхыг хагалчихсан байна гэж хэлж байсан. Би өглөө босоод харахад хашааны гадна байсан саарал машины цонхыг юу ч үгүй хага цохичихсон байсан. Би гийн өөрийнх нь машин юм байх гэж бодсон хүний машин байсан юм байна. Манайд орж ирээд цамцнаасаа юм авах гэж байхдаа мөнгө унагаагаад тэрийгээ түүгээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33),

Гэрч Ц.ийн “...Э.******* гэх хүнийг танина. Манай нөхрийн хүргэнийг таньдаг гээд зүс мэддэг болсон. Тэрнээс садан төрлийн холбоо байхгүй. Би Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 22 дугаар гудамжны 3  тоотод оршин суудаг. 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 05 цагаас хойш гадаа юм түчигнээд пүр, няр гээд байсан. Тэгж байгаад манай хашааны хаалгыг 1 хүн нүдээд байхаар нь сэрж байтал гаднаас хүн орж ирээд хаалгыг татаад байхаар нь хаалгаа онгойлготол гэгч нь байсан. Манай хүнийг аав гээд л байсан. Тэгснээ машин чирээд оруулаад өгөөч, машинаа будаа болгочихлоо би цонхыг нь хагалчихлаа гээд байхаар нь бид хоёр гараагүй. 5 минут болоод буцаад гараад явсан. Тэгснээ эргээд орж ирсэн. Тэгэхээр нь би г гар гээд гаргасан. Хашааны гадаа гаргаад харахад хашааны урд талд зогсож байсан саарал өнгийн машинд суусан. Наад талын урд хаалгаагр нь дотор нь ороод суучихсан. Тэгээд харахад машины урд талын цонхыг юу ч үгүй хагалсан байсан. Тэгэхээр нь би өөрийнх нь машин юм байна гээд тоогоогүй орхисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 35),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд “Иргэн Г.аас гаргасан “Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсгийн 22 дугаар гудамжинд байсан машины цонхыг хагалж хулгай орсон байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 18 минутад хүлээн авав” гэжээ (хх-ийн 2),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Хэрэг учрал болсон газар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсгийн 22 дугаар гудамжны 22 тоотын хашааны гадна, ертөнцийн зүгээр байрууун тийш харсан байдалтай саарал өнгийн ******* улсын дугаартай “ маркийн тээврийн хэрэгсэл зогсож байв” гэжээ. (хх-ийн 17-20),

Эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэлд “бүртгэлийн 974 дугаартай гомдол мэдээлэлд хэргийн газрын үзлэгээр хураан авсан банк модны хэсэг 8 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 24),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр “Үзлэгээр 89х11 см, 40х11 см, 43х3 см, 63х5 см, 113х11 см, 35х2 см, 58х5 см-ын хэмжээтэй банз моднууд байв. Дээрх моднууд шинээр хугарсан цуурсан байдалтай, уг банз модон дээр биологийн гаралтай ул мөр цус болон бусад мөр байхгүй байв, хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл байхгүй байв” гэжээ (хх-ийн 25),

Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний төвийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “... маркийн авто машин ******* улсын дугаартай, мөнгөлөг өнгийн 2013 онд үйлдвэрлэгдсэн. Урд салхины шил 300,000 төгрөг, урд улсын дугаар 25,000 төгрөг, нүүр лого 30,000 төгрөг, баруун талын дохиотой толь 350,000 төгрөг, зүүн талын дохиотой толь 350,000 төгрөг, баруун дээд мөр 40,000 төгрөг, зүүн дээд мөр 70,000 төгрөг, дотор голын гол 30,000 төгрөг, зүүн урд хаалганы шил 20,000 төгрөг, зүүн хойд хаалгын шил 20,000 төгрөг, өнгө гаргах будаг 60,000 төгрөг, эвдэрсэн эд анги солих 55,000 төгрөг, будах зардал 400,000 төгрөг, нийт шууд зардал 1,295,000 төгрөг, шууд бус зардал 455,000 төгрөг, нийт 1,750,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 39),

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ЦХШЗ/33 дугаартай шүүгчийн захирамж, тэмдэглэл (хх-ийн 63-69),

******* овогтой хоригдол *******ийн ялын тооцооны тодорхойлолтод “2024 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар биеэр 1 сар, хоног, бүгд 1 сар 04 хоног, үлдэгдэл 1 сар 16 хоног” гэжээ (хх-ийн 74),

Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тухай тэмдэглэлд “******* овгийн *******ын ******* урьд 6 удаагийн ял шийтгэлтэй” гэх тэмдэглэл болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 82-109, 111-121),

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ХМШЗ/65 дугаартай торгох ялыг хорих ялаар сольсон тухай шүүгийн захирамж, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 125-132),

2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Эрүүгийн шийдэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолд “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ХМШЗ/65и дугаартай шүүгчийн захирмажаар Э.*******ийн 1.200.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 2 сар 20 хоногийн хорих ялаар сольж эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсугай гэжээ” (хх-ийн 134),

2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дусгавар болсон тухай тогтоолд “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхөн шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялын 22 цагийн ялыг хэсэгчлэн эдэлсэн бөгөөд үдэгдэл 328 цагийн ялыг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өрийн 2020/ХМШЗ/20 дугаартай захирамжаар 41 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн. Э.*******т холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тооцсугай” гэжээ (хх-ийн 135),

2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дусгавар болсон тухай тогтоолд “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхөн шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор ******* овогтой ******* нь торгуулийн ялын төлбөр болох 1.350.000 төгрөгийн үлдэгдэл 1.150.000 төгрөгийн ялыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 76 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн байх тул эрүүгийн шийдвэр гүйцтэтгэх ажиллагааг дууссанд тооцусгай” гэжээ (хх-ийн 136),

Оргодол эрэн сурвалжлах тухай тэмдэглэл (хх-ийн 146-150),

Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 151),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 161) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 05 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 22 дугаар гудамжны 3 тоот хашааны гадна байрлуулсан Н.*******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг модоор цохиж урд салхины шил, урд улсын дугаар, нүүр лого, баруун талын дохиотой толь, зүүн талын дохиотой толь, баруун дээд мөр, зүүн дээд мөр, дотор голын гол, зүүн урд хаалганы шил, зүүн хойд хаалганы шил зэрэг эд ангийг зэрэг эд, ангийг санаатай  гэмтээсний улмаас түүнд 1,750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

-шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хууль мэдэхгүйн улмаас ийм зүйл хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,  мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******ын мэдүүлсэн “машинаа авах гээд очтол машины маань урд салхины шил хагарч дотогш цөмөрсөн, 2 толь сууриараа хугарсан, кабины дотор талын толь бас сууриараа хугарсан, урд хойд номерыг голоор нугалаад дарчихсан байсан, мөн машины урд хайрцаган дотор байсан эд зүйлүүдийг гаргаад дотор нь байсан 107,000 төгрөг байсан нь байхгүй болсон байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.ын “...өглөө босоод харахад хашааны гадна байсан саарал машины цонхыг юу ч үгүй хага цохичихсон байсан. Би гийн өөрийнх нь машин юм байх гэж бодсон хүний машин байсан юм байна. Манайд орж ирээд цамцнаасаа юм авах гэж байхдаа мөнгө унагаагаад тэрийгээ түүгээд байсан гэх мэдүүлэг, гэрч Ц.ийн “...Хашааны гадаа гаргаад харахад хашааны урд талд зогсож байсан саарал өнгийн машинд суусан. Наад талын урд хаалгаар нь дотор нь ороод суучихсан. Тэгээд харахад машины урд талын цонхыг юу ч үгүй хагалсан байсан. Тэгэхээр нь би өөрийнх нь машин юм байна гээд тоогоогүй орхисон...” гэх мэдүүлэг, Хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан болохыг тогтоосон “” хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээл авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээсэн тухай хүний тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбарууд, согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эд хөрөнгө устгах гэмтээх гэдэг нь .........................................үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.******* нь хохирогч Ц.*******д 1.750.000  төгрөгийн хохирол учруулсан байна.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Шүүхээс Э.*******ийг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар 16 хоногийн хорих ял шийтгэл оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруутай маргаагүй, миний үйлчлүүлэгчид зорчих эрх хязгаарлах ялыг 3 сарын хугацаагаар оногдуулж, эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэхгүйгээр тусад нь эдлүүлэхээр оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс тусгайлан санал гаргаагүй болно.

Э.******* нь “урьд 9 удаагийн ял шийтгүүлж байсан, ам бүл 8, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******т 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.******* нь шүүхээс оногдуулсан 3 (гурван) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн байнга оршин суух Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, *******ын 16 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.*******т Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ХМШЗ/65 дугаартай “Торгох ялыг хорих ялаар солих” тухай шүүгчийн захирамжаар оногдуулсан 2 (хоёр) сар (20) хоногийн хорих ялаас энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Э.*******ийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 22 (хорин хоёр) хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.*******оос гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1.750.000 (хоёр сая долоон зуун тавин мянган) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.*******д олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 8 ширхэг банз модны хэсгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Э.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА