Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2022/00371

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2022/00371

Дорнод аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС             

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хорооллын 7-13 тоотод бүртгэлтэй, Баянтүмэн сумын нутаг “ Хирстэйн нуур” гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн Гантулгын нэхэмжлэлтэй,

*******иуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 10-21 тоот хаягт бүртгэлтэй, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хүлэмжийн 7-713 тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох

Автомашины моторын үнэ 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.*******,

*******иуцагч О.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд,

Гэрч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч О.*******т холбогдуулан Автомашины моторын үнэ 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022 оны 01 сарын 31-ний өдөр буюу битүүний өдөр миний хүү Г.Баганүүнээ нүүрс авахаар найзтайгаа хамт Портер-2 маркийн машинаа аваад явсан. Манай хүү өөрөө машин барьж чадахгүй болохоор өөрийн найзаараа машинаа бариулаад явсан юм. Уурхай дээр ирээд буцах гэтэл машины масло гоожчихлоо гээд над руу утсаар ярьсан. Тэгэхээр нь би тэгвэл унаа олоод машинаа чирүүлээд ирээ гэсэн. Манай хүү орой очихдоо нөгөө найзаараа бариулаад нэг Пикап гэдэг загварын машин унаад ирсэн байсан. Энэ машинаар Портер машинаа солихоор  боллоо,  та  харах  уу  гэхэд  нь  би  орой болчихсон болохоор өглөө гарч машиныг харъя гэсэн. *******ин хүүтэй хамт жолоо барьж ирсэн нөгөө хүүг би тэр Пикап машинаар гэрт нь хүргэж өгөөд гэрийнхээ гадаа машиныг авчраад орхисон. ******* нь манай хүүтэй хамт явж байсан найзтай нь найз юм билээ, би бол *******ыг танихгүй. Гэтэл шөнө нэг цагийн үед ******* залгаад манай хүүтэй утсаар ярьсан. Утсаар ярихдаа машин чинь унтарчихлаа, ирээд чирээд өг гэсэн байсан. Манай хүү шөнө болсон байна, тэгээд ч би машин барьж чадахгүй гээд тухайн үед утсаа салгаж байсан. Өглөө үүрээр машины дуу сонсогдоход нь би ойр хавиар машин явж байгаа юм байх гээд анзаараагүй юм. Гэтэл өглөө эхнэр маань гадаа байсан машин байхгүй байна гэхэд нь гараад хартал машин чирсэн мөр байсан бөгөөд ******* машинаа аваад явсан байсан... Би Портер машинаа *******ын гаднаас чирж авчраад асаах гэхэд машин маань асахгүй, доголдоод унтраад байсан. Одоо мотор нь эвдэрчихсэн манай дүүгийн хашаанд байгаа. Миний машины мотор хуучин мотор байсан бөгөөд 2021 оны намар 10 сард би мотороо боолгосон байсан. Шинэ мотор авах гэтэл 3 200 000 төгрөгийн үнэтэй байсан учраас шинээр авч чадаагүй. ******* миний машиныг унаж явж байхдаа моторыг нь цохиулсан гэж бодож байна. Машины моторыг засварчинаар үзүүлж харуулаагүй. Би өөрөө бодохдоо мотор нь цохисон байх гэж бодоод байгаа. Би энэ машиныг удаан хугацаанд барьж байгаа дуу нь шал өөр байхаас гадна машин асахгүй унтарчихаад байгаа. Мотор эвдэрсэн учраас л машин асахгүй унтрана. Портер машины мотор их үнэтэй байдаг. Намар Улаанбаатарт мотор 3 200 000 төгрөг байсан, цагаан сарын дараа асуухад 3 500 000 төгрөг болсон байсан. Тиймээс би *******аас өөрийн машины моторын үнэ болох 3 500 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. ******* наймаа хийсэн ч бай, үгүй ч бай айлын гаднаас ирж машин хулгай хийх нь болохгүй зүйл. Баганүүнээ бол миний том хүү тул машиныг захиран зарцуулах эрхтэй. Гэхдээ машиныг бүр мөсөн солиогүй байсан гэв.

*******иуцагч О.******* болон түүний өмгөөлөгч Д.Урансувд нар хариу тайлбартаа: Би жижиг засварын газарт ажилладаг бөгөөд машины засвар хийдэг. 2022 оны 01 сарын 31-ний өдрийн өглөө 10 цагийн үед энэ ахын хүүгийн найз Мөнх-Оргил буюу тухайн үед машиныг нь барьж явсан залуу над руу залгаад уурхай дээр нүүрс авахаар ирсэн боловч машины бүх масло нь гоожчихлоо, чи ирээд чирээд өгөөч гэсэн юм. Би тэр үед нь ажилтай байсан болохоор ажлаа дуусгачихаад очиж уурхайгаас машиныг чирж гаргасан. Машиныг чирээд хаашаа явах вэ гэж асуухад, чи гэр рүүгээ авч яваад машиныг үзээд өгөөч гэсэн. Би сайн мэдэхгүй, гэхдээ хараад үзье гээд машиныг үзэхэд маслоны труп нь цоороод бүх масло нь гоожсон байсан. Би энэ талаар өөрт нь хэлэхэд намайг маслоны трупыг нь янзлаад, бөглөөд өгөөч гэсэн. Би 6 литр шинэ масло аваад ирээ гээд машины цоорсон трупыг нь бөглөж өгөхөөр болсон юм. Удалгүй энэ ахын хүү нь би яараад байнаа, чи өөрийнхөө машиныг надад өгөөд явуулж болох уу гэхэд нь би зөвшөөрсөн. *******ин өөрийнхөө машиныг засаж дуусаад араас авчраад өгөөч гээд орхиод явсан юм. Тухайн үед би хүү Баганүүнээгээс нь машиныг чинь үзээд засвар аваад гайгүй байвал хоёулаа машинаа солих уу гэж асуусан юм. Гэтэл манай аав мэднэ гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл чи нэгэнт миний машиныг унаад явж байгаа юм чинь аавдаа харуулаад, асуугаад үзээрэй гээд явуулсан, яг ч солих дээрээ тохирсон юм байхгүй. *******ин энэ ахын хүү нь тэр үед машинаа солихоор бол зөрүүнд нь унагатай гүү өгье, энэ талаар аавд битгий хэлээрэй гэж ярьсан. Машиных нь трупыг засаж дуусаад ер нь хулгайн юм аваад ирэх вий, хэрэг төвөг болох вий гэж бодоод машинаа солихоо болихоор шийдэж, 9 цагийн үед утсаар хүү рүү нь залгаад машиныг янзалж дууссан, одоо машиныг чинь хүргэж өгье, аймгаас гарах гэж байна гэдгээ хэлсэн. Замдаа явж байтал миний аккумлятор муу болохоор хөндийрөөд, хүч алдан машин унтраад буцааж асааж дийлээгүй. Тэгээд би хүү рүү нь утсаар яриад машин унтарчихлаа, ирээд чирээд өгөөч гэсэн боловч ирж чадахгүй гэсэн. Би ямар ч байсан тэр өдөртөө очиж өөрийнхөө машиныг авна шүү гэдгээ хэлсэн байсан. Хэсэг хугацааны дараа дахиад залгасан боловч утсаа бүр унтраачихсан байсан. Ингээд би аймгийн төвөөс жижиг тэрэгтэй найзыгаа дуудаад хамт энэ ахын гэрийнх нь гадаа очоод үүдний амбаарын хаалгыг нь цохьсон боловч хаалгаа тавиагүй. Машинаа аваад явлаа шүү гэж гэрийн гаднаас нь бахирч хэлээд байхад хүртэл хүн гарч ирэхгүй байхаар нь би тэндээс өөрийн машинаа чирээд аваад явсан. Гэтэл өглөө нь над руу залгаад машин авч явлаа, цагдаад өгнө гээд хэл ам болсон. Цагдаагаас энэ хэрэгт миний буруу биш гэж шийдэгдсэн. Би зөвхөн тэр машины тосны трупыг нь бөглөөд масло гоожихгүй болгож л өгсөнөөс өөр юм засаагүй, оролдоогүй. Миний машины хуучин аккумлятор муу байсан учраас машин хүч алдан унтраад дахин асаагүй. Гайгүй сайн аккумлятор тавихад асах машин. Ийм л юм болсон. Намайг цагдаад 2 сарын 5-ны үед өгсөн байсан. Тухайн үед манай хашаанаас машинаа авах үед би одоо машин чинь түлхүүрээр зүгээр аснаа, машинаа асаагаад аваад яваа гэсэн. Гэтэл зүгээрээ гээд нэг цагаан машинтай ирээд чирээд аваад явсан. Чухам яагаад асахгүй унтраад байгааг би мэдэхгүй, миний буруугаас болж машины мотор эвдрээгүй тул би моторын үнийг төлөх боломжгүй.

... Нэхэмжлэгчийн хувьд уг Портер машины юу эвдэрсэн, яг мотор нь эвдэрсэн юм уу, эвдэрсэн гэж үзэж байгаа бол энэ нь *******тай холбоотой юу гэдэг асуудлуудыг хамгийн түрүүнд нотлох үүрэгтэй. Гэвч энэ талаараа юу ч нотлоогүй байдаг. Мөн моторын үнэ 3 500 000 төгрөг нэхэмжлээд байгаа боловч энэ мөнгөн дүн юугаар, яаж нотлогдоод байгаа юм бэ гэдэг баримт байхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчээс шүүхэд Хюндай Портер-2 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг бичгийн баримтаар гаргаж өгсөн. *******иуцагч талаас бичгийн баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

Шүүх хариуцагч талын хүсэлтээр ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авах ажиллагааг явуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Гантулгын хариуцагч О.*******т холбогдуулан гаргасан Автомашины моторын үнэ 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...2022 оны 01 сарын 31-ний өдөр хүү маань найзаараа миний Портер-2 маркийн автомашиныг маань бариулж яваад уурхайгаас нүүрс авах үед миний машины масло гоожсон нь үнэн. Түүнчлэн би 2021 оны 10 сард сайн мотор авч чадаагүй тул машиныхаа моторыг боолгоод ирсэн байсан. ...******* миний хүүтэй машинаа солилцох тухай хэлэлцээ хийхээр тохироод машинаа миний хүүд өгч явуулсан боловч би машиныг солихыг зөвшөөрөөгүй байсан. Миний хувьд *******тай машинаа солих талаар тохироогүй. Гэвч ******* миний машиныг буцаан өгөх гэж унаж яваад моторыг нь цохиулсан байсан. ..2021 оны намар Улаанбаатараас моторын үнэ асуухад 3 200 000 төгрөг байсан, цагаан сарын дараа асуухад 3 500 000 төгрөгийн үнэтэй болсон байсан. ...Машинаа би засварын газарт үзүүлж оношлуулаагүй. Гэвч миний машины моторын дуу нь өөр сонсогдоод асаад унтарчихаад байгаа тул мотор цохисон байна гэж би өөрөө бодоод байгаа ” гэж тайлбарладаг.

*******иуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Портер-2 маркийн автомашиныг би тэр өдөр уурхайгаас чирж авчраад масло гоожоод байсан моторын трупыг нь бөглөж масло хийж өгсөн л үйлдэл болсон. Түүнээс би энэ хүний машинд өөр засвар үйлчилгээ хийгээгүй. Портер машины мотор нэг өдөр унаж яваад цохидоггүй, уг машины моторыг би цохиулаагүй, мотор цохисон уу, юунаас болоод машин асахгүй байгаа болох нь тодорхойгүй, Портер-2 маркийн автомашины мотор 3 500 000 төгрөгийн үнэтэй талаарх баримт хэрэгт байхгүй байна. ...Машиныг үзэж байхдаа би энэ хүний хүү болох Г.Баганүүнээгээс танай машин гайгүй байвал миний Пикап машинтай солих уу гэж асуусан нь үнэн. Баганүүнээ ааваас асууна, машиныг чинь унаж яваад аавд үзүүлье гэхэд нь би зөвшөөрсөн бөгөөд Портер машиныг би авч үлдсэн. ...Тэр орой нь би машиныг нь хүргэж өгөхөөр явж байхдаа өөд газар миний аккумлятор муу байсан тул хүч алдаад машин унтарч дахин асаагүй. ... Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргадаг.

Нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар хариуцагч О.******* нь 2022 оны 01 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Л.Гансүхийн Хюндай Портер-2 маркийн автомашины моторын масло нь гоожсон гэмтлийг засах явцдаа уг машиныг өөрийн Пикап маркийн автомашинтай солилцох талаар нэхэмжлэгчийн хүү болох Л.Баганүүнээтэй тохирсон, улмаар Г.Баганүүнээ нь хариуцагчийн Пикап маркийн автомашиныг унаж явсан, нэхэмжлэгчийн Хюндай Портер-2 автомашин хариуцагчийн эзэмшилд үлдсэн гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн дээрх Хюндай Портер-2 автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр уг автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч Л.******* байх боловч түүний зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн хүү Г.Баганүүнээ нь хариуцагчийн автомашинтай харилцан солилцохоор хариуцагч О.*******тай тохирсон, улмаар автомашинуудыг харилцан өөр өөрийн эзэмшилд шилжүүлсэн, тухайн өдөртөө өөр өөрсдийн автомашинуудыг харилцан буцаасан үйл баримтууд тус тус тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

*******ин зохигч талууд автомашинуудыг харилцан буцаах үед нэхэмжлэгчийн автомашины моторыг цохиулж гэмтээсэн, уг гэмтлийн улмаас автомашин асахгүй болсон тул үнийг нэхэмжилнэ, хариуцагч моторыг гэмтээгээгүй тул үнийг төлөх үндэслэлгүй талаар тус тус маргадаг.

Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Л.******* болон хариуцагч О.******* нарын дунд эд хөрөнгийг арилжих буюу автомашин солилцох тухай гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байх ба Иргэний хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг буюу үндэслэлгүй олж авсан эд хөрөнгийг гэмтээснээс үүсэх хохирлыг хариуцагч нөхөн төлөх үүрэг байгаа эсэхийг шүүх шалгах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд ийнхүү буцаан шаардахын тулд 1-рт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх, 2-рт үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байхыг тус тус шаарддаг.

Тухайлбал зохигч талуудын хооронд ямар нэг хэлцэл болон гэрээний харилцаа үүссэн эсэхийг дүгнэвэл нэхэмжлэгч Л.******* нь өөрийн өмчлөлийн Хюндай Портер-2 автомашиныг хариуцагчид шилжүүлж өгөөгүй боловч түүний хүү уг машиныг хариуцагчийн автомашинтай солихоор тохирч, нэхэмжлэгчийн автомашиныг хариуцагч О.*******ын эзэмшилд үлдээсэн талаар талууд маргадаггүй.

Иймд  өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг нь өөрийн эзэмшилд олж авсан хариуцагч болон хөрөнгийн өмчлөгч нарын хооронд үүрэг үүсээгүй гэх нөхцөл хангагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 492-496 дугаар зүйлүүдэд зохицуулсан “үндэслэлгүй хөрөнгөжих”-тэй холбоотой зүйл заалтууд нь тухайн хөрөнгө шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүй олж авсан хөрөнгийг буцааж тухайн этгээдэд олгох зорилготой байдаг.

Нөгөөтэйгүүр эрх бүхий этгээдийн ухамсартай шилжүүлгийн үндсэн дээр бусад хэлбэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүү түүний зөвшөөрөлгүйгээр автомашиныг хариуцагчтай арилжихаар тохирч, хөрөнгийг харилцан шилжүүлснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь үндэслэлгүй олж авсан хөрөнгийг харилцан буцаах үүргийг хүлээдэг.

Дээрхээс үзвэл хариуцагч О.******* нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр бусдын /нэхэмжлэгчийн хүүгийн/ ухамсартай шилжүүлгийн үндсэн дээр олж авснаар түүний хувьд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх бөгөөд тэрээр нэхэмжлэгчийн автомашиныг буцаан шилжүүлсэн үйл баримт маргаангүй.

  Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7-д зааснаар эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй.

Гэвч хариуцагч О.******* нэхэмжлэгчийн өмчлөлийн Хюндай Портер-2 автомашиныг буцаан шилжүүлэхдээ эвдэж гэмтээсэн буюу уг автомашины моторыг цохиулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагад түүний автомашинд ямар гэмтэл учирсан, автомашин асахгүй унтраад байгаа шалтгаан нь юу болох, уг автомашины мотор цохисон эсэх, түүний автомашин эвдэрч гэмтэхэд хариуцагч О.*******ын ямар буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох нь тус тус тодорхойгүй байгаагийн зэрэгцээ Хюндай Портер-2 автомашины моторын зах зээлийн ханш 3 500 000 төгрөг болох талаарх бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өөрийн шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч О.******* нэхэмжлэгчийн автомашиныг буцаан шилжүүлэхдээ автомашины моторыг цохиулан эвдэж, гэмтэл учруулсан болох нь нотлогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгч Л.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.*******т холбогдох автомашины моторын үнэ 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН