Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0655

 

2022 09 09 128/ШШ2022/0655

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э,

Хариуцагч: Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт хариуцсан мэргэжилтэн Н.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.М /РД:*********/,

Прокурорын дүгнэлт: Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт хариуцсан мэргэжилтний 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э, хариуцагч Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт хариуцсан мэргэжилтэн Н.Э, гуравдагч этгээд Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э би Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Н.Э 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Д.М-г Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2022/0* дугаартай материалыг хяналаа.

Материалд авагдсан бичгийн нотлох баримтуудтай танилцахад холбогдогчийн ....Би 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өөрийн танилынхаа П маркын **-** УБ* улсын дугаартай авто машинтай алт хайхаар явж байгаад харуулын хүмүүстэй уулзаж, ярилцаж байтал тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар ирээд нааш нь хотруу авчирсан..." гэх мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны "...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ноён уулын дархан цаазат газарт хууль бусаар алт хайж олборлох зорилготой явж байсан..." гэх хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны "...Иргэн Д.М нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Н уулын З гэдэг газарт алт ухах зорилготой П маркын **-** УБ* улсын дугаартай автомашинтай явж байгаад байгаль хамгаалагч Ц.Б-тай таарч Улаанбаатар хотод хүргэгдэж ирсэн. Иргэн Д.М нь гаргасан зөрчлөө хүлээж, хуулийн дагуу шийтгэл хүлээнэ гэсэн, мөн алт ухах үйлдэл хийгээгүй завдсан гэх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ. Дээрх бичгийн нотлох баримтуудтай танилцахад эрх бүхий албан тушаалтан Д.М-н Хан Хэнтийн дархан цаазат газарт алт ухах зорилготой явсан үйлдэл" буюу зөрчлийн шинжгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх заалтаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох 11 төрлийн үйл ажиллагааг хуульчилсан байх ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт "газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх-ийг хориглосон байна. Дээрх хориглосон уйл ажиллагааг явуулсан буюу ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулж байгалийн төлөв байдлыг өөрчилсөн тохиолдолд "учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Д.М-н "дархан цаазат газарт алт ухах зорилготой явсан үйлдэл"-д буюу тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэх зохицуулалттай нийцэхгүй байна.

Иймд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Н.Э-н 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Д.М-д ******** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичсэн.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор дүгнэлт бичсэн. Энэ байр сууринд хэвээр байгаа. Тусгай хамгаалалттай бүсийн дэглэм зөрчсөн үйлдлийг нөхцөл байдлыг үнэлж байж болох хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгосон гэсэн. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Онгон бүсэд байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ, 2 дах хэсэгт Онгон бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн гэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн гэж зааснаар горим зөрчсөн үйлдэл байгаа юм. Онгон бүсийн дэглэм дээр байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа шинжилгээний ажил явуулах бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байгаа юм. Тэгэхээр Д.М нь үүнээс бусад төрлийн үйл ажиллагааг явуулсан гэх үйлдэл тогтоогдохгүй байгаа юм. Хэдий энэ хүн алт ухах зорилготой байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч Зөрчлийн тухай хуульд санаа зорилгод шийтгэл оногдуулах заалт байгаа юм. Тусгай хамгаалалттай газар луу зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж үзэж байгаа ч хуульд хориглосон үйл ажиллагааг явуулж болохгүй гэж заасан бөгөөд хамгаалалтын бүсэд нэвтэрч орж болохгүй гэсэн заалт байхгүй байна. 2002 оны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 1** дугаар тушаалд тусгай хамгаалалтай бүсэд нэвтрэн ороход гадаадын иргэнийг 3000 төгрөг, Монгол Улсын иргэнийг үүнээс 10 дахин бага дүнгээр төлбөр хураамж авч нэвтрүүлнэ гэсэн акт байдаг. Хэргийн материалд авагдсан баримтаас үзэхэд нэвтрэх постоор нэвтэрсэн байна уу, өөр замаар орсон байна уу гэдэг нь тогтоогдоогүй байна. Тиймээс эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас нь хүчингүй болгуулах дүгнэлтээ дэмжиж байна. гэв.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон 2022 оны 8 дугаар сарын 15, 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хамгаалалтын захиргааны хариуцсан нутаг дэвсгэрт харьяалагдах Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших З гэдэг газарт 2022 оны 05 дугаар сарын 10 -ны өдрийн 11.30 цагийн орчим Т аймгийн З сумын харьяат Д овогтой М гэгч **-** УБ* улсын дугаартай П маркийн машинтай цахилгаан үүсгэгч зөөврийн мотор, газар ухах 3 төрлийн молотоктой хууль бусаар алт олборлох зорилгоор хамгаалалтын дэглэм зөрчин явж байсныг Ноён-Уул хэсгийн байгаль хамгаалагч Ц.Ба илрүүлж эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж надад хүлээлгэн өгсөн юм. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн бөгөөд байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Э би Улаанбаатар хотод материалыг хүлээж аваад Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт буюу 1.1 тусгай хамгаалалттай газар нутагт хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн, 2 Тусгай хамгаалалттай газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтуудыг үндэслэж шийдвэр гаргасан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлд онгон бүсийн дэглэмийг тодорхойлохдоо 1 Онгон бүсэд байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ, 2 Онгон бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс өөрөөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 10 дугаар зүйлд хамгаалалтыг бүсийн дэглэмийг хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгахтай холбоотой биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ гэж заасан.

Зөрчил гаргагч иргэн Д.М нь хамгаалалтын бүсэд орших "З"-ны орчим хамгаалалтын бүсийн дэглэм зөрчиж том оврын жийп машинтай алт хайж явсан нь өөрөө дэглэм зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм.

Нэмэлт тайлбар: 1/ Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөгц тогтоц, түүх соёл, экологийн онцгой ач холбогдол бүхий Н уулын орчмын газрыг 2020 онд Улсын Их Хурлын 4* дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан юм 2/ Бидний ажилд хамгийн их хүндрэл учруулж байгаа асуудал бол хууль бусаар алт хайж олборлох сонирхол бүхий "нинжа" нарын үйл ажиллагаа байдаг бөгөөд эд нартай 4 байгаль хамгаалагч шөнө өдөргүй тэмцэж үйлдлийг нь таслан зогсоож буцааж явуулж байна. Захиргааны мэргэжилтэн бид ч байгаль хамгаалагч нарынхаа хүч хөдөлмөрийг үнэлж илрүүлж ирсэн аливаа зөрчлийг нь хуулийн дагуу шийдэж ирсэн болно. 3/ "Нинжа" нарт зохих ёсоор торгууль оногдуулж байгаа нь бусад хууль бусаар алт олборлох санаа бололтой хүмүүст ч анхааруулга санамж болж тэр утгаараа урьдчилан сэргийлэлт болох байх. 4/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд 11 төрлийн үйл ажиллагааг хориглосон байдаг бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт "Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох элс, хайрга чулуу авах, мод зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглоно" гэж заасан бөгөөд алт хайж яваа улсуудыг урьдчилан сэргийлж үйлдлийг нь таслан зогсоосон байхад шийтгэл оногдуулж болохгүй болчихоод байна. Шийтгэл оногдуулахын тулд сэмхэн дагаж яваад газар ухуулсны дараа барьж авахаар асуудал болоод байгаа юм. Энэ бүхнийг тунгааж эрхэм шүүгчид та бүхэн нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Тус зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар тусгай хамгаалалтай газар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг утгаар биш тусгай хамгаалалтай газрын дэглэм, горим зөрчсөн гэж үзэж шийтгэлийн арга хэмжээ авсан. Тусгай хамгаалалттай газрын дэглэмийг яаж зөрчсөн байгаа вэ гэхээр хүнд оврын машинтай, тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд алт хайж явсан энэ үйлдлийг зөрчил тооцож шийтгэл ногдуулсан.

Иргэн Д.М-н явж байсан газар нь З-н улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд орж байгаа. 1990-ээд оны үед улсын тусгай хамгаалалтад аваагүй байсан. 2020 онд Улсын Их Хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч дархан цаазат газар болгосон. Өмнө нь орон нутгийн тусгай хамгаалалтад байсан.

З-ны амны баруун хойд талаас нь ороход пост байдаггүй. Зүүн талдаа пост байдаг. Зам дагуу орохыг хориглоно гэсэн 2 самбар байгаа. Энэ самбартай таараагүй бол хуучны шороон замаар явж ирсэн байна. Иргэн Д.М нь хүнд оврын дуу чимээ их авто машинтай, манай байгаль хамгаалагч байрладаг нэвтрэх постоор нэвтрээгүй, өөр газраар орж тусгай хамгаалалттай газрын дэглэм зөрчсөн гэж үзэж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох байсан ч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр өөр заалтаар торгосон. Д.М-н амьдралын бололцоог харгалзаж торгосон. Тухайн үед Д.М гэх хүн нь төлбөрийн чадваргүй, амьдралын боломж, бололцоо муу гэсэн. Тэгээд ямар ч байсан хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж 500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Өөрөө ч зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, ойлгож байгаа. Тухайн үед бид Д.М-д тайлбарлаж өгч байсан. Өөрөө тодорхой хугацааны дараа төлье гээд 2 хоногийн дараа энэ торгуулийг төлсөн. 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох энэ хуулийн заалтыг тайлбарласан. Д.М-н боломжийг харгалзаж үзэж, 500.000 төгрөгөөр торгох заалтыг баримталсан. гэв.

3. Гуравдагч этгээд Д.М шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М миний бие нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өөрийн танилынхаа П маркын **-** УБ* улсын дугаартай автомашинтай С аймаг М сумруу явж байгаад зам дагуу З гэх алтны уурхайн харуул хамгаалалтын хүмүүстэй уулзаж байтал байгаль хамгаалагч таарч Улаанбаатар хотод дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирж уулз гэсэн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирж уулзахад 500.000 төгрөгөөр торгосон. Уурхайн хамгаалалтын албатай уулзъя, болбол уурхай руу оръё гэж очсон. Хамгаалалтын албаны 3 хүнтэй уулзаж байхад тусгай хамгаалалттай газрын албан хаагч ирсэн. Өмнө нь 1990-ээд оны үед очиж байсан. Тэр үед алтны уурхай байсан. Тусгай хамгаалалтай газар байсан талаар энэ явдал болоод байцаагчийн тайлбарлаж өгснөөс мэдэж авсан. Дархан цаазат газар руу нэвтэрч орох нэвтрэх пост гэж мэдээгүй, нэг байшин байсан. Гэхдээ хүн байгаагүй. Пост байсан юм шиг байсан. Орохдоо хараагүй, гарч яваад энэ пост нь байсан гэж харсан. Зам дээр ямар нэгэн хаалт хашлага тэмдэг байгаагүй. З-ны амны баруун хойд талаас нь орсон. Б-с З- явдаг замаас шороон замаар салаад З-ны амны баруун талаас ордог хэсгээр орсон. Засмал зам байгаагүй шороон замаар явсан. Алт ухах зорилготой байсан, тоноглогдсон том оврын машинтай байсан зөрчилд холбогдуулж шалгасан гэсэн тайлбартай маргаагүй. Шалгасан байцаагч Та энэ газар луу орж болохгүй, дархан цаазат газар болсон гэсэн. Дархан цаазат газар болсоныг мэдээгүй. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.М-г 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр С- аймгийн М- сумын нутагт Н- уулын З ам гэх нутаг дэвсгэрт П маркийн **-** УБЦ улсын дугаартай автомашинтай явж байсныг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч зогсоож шалгасан, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт хариуцсан мэргэжилтэн алт ухах зорилготой явсан нь зөрчил гэж үзээд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримталж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хянаад зөрчлийн шинжгүй үйлдэлд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэсэн зохицуулалтад нийцээгүй, шийтгэл нь зөрчлийн шинж байдал, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй, энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хууль ёсны зарчимд нийцээгүй гэсэн үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1* дугаартай дүгнэлт бичжээ.

Хуульд заасан журмаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалд цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр прокурорын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1* дугаартай дүгнэлтийг хангаж, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт хариуцсан мэргэжилтний 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын 2020 оны 4* дугаар тогтоолоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөгц тогтоц, түүх соёл, экологийн онцгой ач холбогдол бүхий Но уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт С аймгийн М сум, Т аймгийн Б, Ба сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/3* дүгээр тушаалаар Н уулын дархан цаазат газрыг хамгаалах чиг үүргийг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан байх бөгөөд Улсын Их Хурлын 2020 оны 4* дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон дархан цаазат газрын хилийн заагийн зургаар зөрчилд холбогдогч Д.М-н зорчиж явсан гэх З ам нь дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд багтаж байна.

Ийнхүү зөрчилд холбогдогч Д.М-н зорчиж явсан газар нь дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд багтаж байгаа талаар болон тэрээр постгүй газраар зөвшөөрөлгүй нэвтэрсэн, машиндаа цахилгаан мотор, молоток, хүрз зээтүү гэх алт ухах багажтай, алт ухах зорилготой явсан талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зөвшөөрөгдсөнөөс өөр үйл ажиллагаа явуулахаар том оврын дуу чимээ ихтэй машинтай, постгүй газраар зөвшөөрөлгүй нэвтэрсэнийг хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн гэж үзсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаар зөрчил гэж үзсэн үйлдлийг нь тайлбарлах ч шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулахдаа мөн зүйлийн 2 дахь хэсэг буюу тусгай хамгаалалттай газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээгээр зөрчлийг шийдвэрлэжээ.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйл нь тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах тохиолдолд хэрэглэх зохицуулалт бөгөөд 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь тусгай хамгаалалттай газар нутагт хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан бол, 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байх тул зөрчил гэж үзсэн үйлдлийг тогтоосон зүйл, хэсэг, заалтаас шийтгэл оногдуулсан хэсэг өөр, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн байна.

Зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулиар зөрчил гэж үзсэн үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоох, нотлогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар зөв зүйлчилж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний шийтгэлийг оногдуулах учиртай. Гэтэл хариуцагч нь тогтоогдсон гэх зөрчил гэж үзсэн үйлдлийг зааснаас өөр зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, 2 дахь хэсгийн зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 4 дэх хэсгийн энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хууль ёсны зарчимд, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд тус тус нийцэхгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн зорилгын нэг хэсэг нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд орших ч зөрчил үйлдэхээс өмнө таслан зогсоосон, хохирол учраагүй буюу хуулиар зөрчил гэж үзэхээр тогтоосон үйлдэл болоогүй байхад шийтгэл оногдуулах үндэслэлгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхой хуульчилсан байх тул тодорхой үйлдэл хийгдээгүй алт ухах зорилготой байсан гэх санаа зорилгод шийтгэл оногдуулсан нь мөн хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1* дугаартай дүгнэлтийг хангаж, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт хариуцсан мэргэжилтний 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА