Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/31

 

М.Ж-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/266 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч М.Ж-т холбогдох эрүүгийн 2013001760149 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, прокурор Х.Өрен, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Нургайып нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 3 хүнтэй, хүүхдүүдийн хамт А сумын 1 дүгээр багт оршин суудаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд  Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Н овогт М-ын Ж /РД: БГ00000000/нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэн Ж.А-ийн тус сумын Хаш багийн “Шар нуур” гэх газарт байсан 1 тооны морийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/266 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж-т холбогдох эрүүгийн 201300176149 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Өмирханы “ ... М.Ж- миний ямааг хариулж өгдөг болохоор надаас мөнгө зээлж авдаг байсан. М.Ж- надаас бага багаар нийт 3 сая төгрөг зээлж авсан. Энэ жил миний бие хашаандаа байшин барьж байгаа болохоор мөнгөний хэрэг гараад М.Ж-ээс зээлж авсан 3 сая төгрөгийг асуухад яг одоо бэлэн мөнгө байхгүй байна, ямаа самнах үеэр таны мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа утсаар холбогдож надад тарган адуу байна, 1 сая төгрөгөөр үнэлээд, нөгөө 3 сая төгрөгөөс хасаад авах уу гэхээр тарган адуу байвал 1 сая төгрөгөөр авъя гэж хэлсэн. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны үед байх шөнийн 2-оос 3 цагийн үед М.Ж- ганцаараа нэг морь авч ирсэн. Яагаад шөнийн цагаар ирсэн талаар асуухад орой мал янзлаад гэрээс оройтож гарлаа гэж хэлсэн. Тэр манайд хонож, өглөө 8 цагийн үед авч ирсэн морио нядалж өгөөд, хазаар, эмээл болон морины арьсыг аваад яваад өгсөн болно. Тухайн морь нь бор хээр зүсний морь байсан бөгөөд им, тамгыг нь анзаараагүй болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/, гэрч Ш.Бын “... М.Ж- манай нөхрөөс 3 сая төгрөг зээлж авсан гэсэн. Энэ жил манайх байшин барьж байгаа болохоор мөнгөний хэрэг гараад М.Ж-ээс зээлж авсан 3 сая төгрөгийг асуухад яг одоо бэлэн мөнгө байхгүй байна, ямаа самнах үеэр өгье гэж хэлсэн байна. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны үед байх шөнийн 2-оос 3 цагийн үед М.Ж- ганцаараа нэг морь авч ирж, манайд хоноод, өглөө 8 цагийн үед авч ирсэн морио нядалж өгөөд, хазаар, эмээл болон морины арьсыг аваад яваад өгсөн болно. Тухайн морь нь бор хээр зүсний морь байсан бөгөөд им, тамгыг нь анзаараагүй болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/, яллагдагч М.Ж-ийн “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Харин уг тогтоолд миний бие бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн байсан. Би тухайн үед бусдад өгөх өрний оронд Ж.А-ийн нэг тооны адууг бэлчээрээс хулгайлж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...би ганцаараа байсан. А.А-ийн гэр нь манайд ойрхон байдаг. Өөрөөр хэлбэл бид хоёрын гэр 2-3 км-ийн зайтай бөгөөд хамаатан хүмүүс болохоор ойр ойрхон манайд ирдэг байсан. А.А манай гэрт ирж явж байх үед өмсөж байсан малгайг манай гэрт мартаж үлдээсэн байсан ба би адуу хулгайлах үед А.А-ийн малгайг өмсөж гарсан. Тэгээд шөнө дунд адуу хөөж явж байх үед малгайгаа унагаасан байсан ба хайж олоогүй болно” гэх /хх-ийн 79-80/ мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар М.Ж- нь А.А-тэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр А.А-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжид дурдсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий гэрч Ж.Р, гэрч Х.М, гэрч Х.А, гэрч Ш.Х нарын мэдүүлэг нь шууд бус нотлох баримт өөрөөр хэлбэл М.Ж-, А.А нар “иргэн Ж.А-ийн 1 морийг хулгайлсан талаар сонссон”, “М.Ж- А.А нар иргэн Ж.А-ийн 1 морийг хулгайлан авч аймгийн төв аваачиж нядлан худалдсан талаар ярьсан” гэж мэдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг, хохирогч Ж.А-ийн өгсөн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж А.А нь М.Ж-тэй тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээ гарсан байх тул хяналтын прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Түүнчлэн хэргийг шалгах явцад мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Ердост холбогдох асуудлаар өмгөөлөгч С.Нургайып ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэст 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан байна. Иймд мөрдөгч Т.Ердосын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тусад нь шалган шийдвэрлэх боломжтой юм. Хохирогч Ж.А-ийн хулгайд алдсан морь хурдан удмын морь мөн эсэхийг тогтоох зорилгоор түүний мал тооллогын баримтаар нотлох шаардлагатай гэх боловч энэ нь үндэслэлгүй байна. Мөн Ж.А-ийн хоч нэр Е болохыг өөрөө хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хэлж мэдүүлсэн, энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Хохирогч Ж.А- нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцож хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж гарын үсэг зурсны дараа хоч нэр нь Ербол болох, алдсан морь нь хурдан удмын морь болохыг хэлж мэдүүлэн, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийн аль нь зөв болохыг тодорхой мэдүүлэн, хэргийн талаар мэдэх зүйл, өөрт учирсан хохирол, цаашид нэхэмжлэх зүйлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байхад үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд М.Ж-т холбогдох 2013001760149 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/266 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Яллагдагч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:

“1. Анхан шатны шүүх өөрөө санаачлан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, дангаараа хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлалаа хэмээн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь хуульд нийцээгүй. Яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй байж шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн санаачилгаар ганцаараа шинжлэн судалж "яллагдагч М.Ж-ийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" гэж дүгнэсэн байна. Гэм буруугийн шүүх хуралдаан болоогүй байхад шүүхээс М.Ж-ийг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэлт хийж яллагдагчийн эрх зүйн байдлыг доордуулж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 1-т "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй", 2-т "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно", 3-т "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" хэмээн тус тус заасан. Мөрдөн байцаалтын шатанд М.Ж-ийг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон тул прокурор эрх хэмжээний хүрээнд түүнд сонсгосон ялыг хөнгөрүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 1-т "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй", 2-т "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэдэгт нийцсэн. Зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн бусдад ял халдаах асуудал байх ёсгүй. Тэгээд ч хохирогч Ж.А- нь эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх тул зөвхөн түүний мэдүүлгээр М.Ж-ийг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Мөн тус хэргийн бусад гэрчүүд болох Ш.Х, Ж.Р нар нь хохирогч Ж.А-ээс сонссон гэсэн утгаар нь мэдүүлэг өгсөн байх ба тэдгээр гэрчүүд болсон явдлыг өөрсдөө шууд үзэж хараагүй бөгөөд бусдаас сонссон дамжмал нотлох баримт юм. Мөн гэрч яллагдагчийн эцэг Х.М, А.А-ийн эцэг Х.А нараас хууль журмын дагуу мэдүүлэг авсан эсэх нь эргэлзээтэй. Тэдэнд гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн талаар сануулсан эсэх, мөн монгол хэл бичиг үсэг мэддэг эсэх нь ч эргэлзээтэй байна. Хохирогч Ж.А-ээс мөрдөгч Т.Ердос 2 удаа авсан мэдүүлгээс мөрдөгч Т.Нурболатын авсан мэдүүлэг нь өөр өөр байх юм. Хохирогч Ж.А- нь мөрдөн байцаалтын шатандаа болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ мөрдөгч Т.Ердос миний хэлсэн санааг буруу ойлгож бичсэн хэмээн урьд өгсөн 2 удаагийн мэдүүлгээ үгүйсгэсэн байна. Яллагдагч М.Ж- нь мөрдөгч Т.Ердосыг өөртэй нь зүй бусаар харьцсан, эрх чөлөөнд халдсан гэх асуудлаар Цагдаагийн ерөнхий газарт хүртэл гомдлоо гаргаж байжээ. Чухам яагаад мөрдөгч Т.Ердос нь М.Ж-тэй зүй бусаар харьцсаныг мэдэх боломжгүй ба хувийн өс хонзонтой байх магадлалтай байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж шүүх өөрийн санаачилгаар хэлэлцэн шийдвэрлэсэн ба уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж прокурорт буцаасан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж аль нэг талаас /өмгөөлөх болон яллах талаас/ хүсэлт гаргаагүй байхад шүүхийн санаачилгаар нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр болсон нь учир дутагдалтай болжээ. Учир нь нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай эсэх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл тухайн асуудлыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судалж, шийдвэр гаргахад холбогдох оролцогчдын санал, хүсэлт, байр суурийг зайлшгүй сонсох, тэднээс хэрэгт ач холбогдол бүхий зарим зүйлийг тодруулах буюу асуудлыг шүүх хамтын зарчмаар хянан шийдвэрлэх шаардлагатай байсан юм. Гэтэл шүүх өмгөөлөх болох яллах талаас нотлох баримт шинжлүүлээгүй байхад нэмэлт ажиллагаа хийлгэхээр, мөн ялыг хүндрүүлэхээр буцаасан нь хууль бус болжээ.

3. Улсын яллагчаас М.Ж-ийг бусадтай бүлэглэн хулгай хийсэн гэдэгт эргэлзэж түүний ялыг хөнгөрүүлж тогтоолд нь өөрчлөлт оруулсан. Тухайн тогтоолд хэн нэгэн гомдол гаргаагүй байх ба дээд шатны прокурор хянаж, хуульд нийцсэн гэж үзсэн бөгөөд хүчин төгөлдөр болсон. Тэр байтугай шүүхийн шатандаа улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө шүүгдэгчийг яллахаас татгалзаж болохоор хуульчилсан. Энэ тохиолдолд шүүх хэргийн талаар урьдчилсан дүгнэлт хийхгүйгээр хэргийг прокурорт буцаадаг. Прокурор нь яллагдагчид нэмж ял сонсгох, хүндрүүлэх үндэслэл байхгүй гэдгээ өөрөө илэрхийлсээр байхад шүүхээс яллах чиг үүргийг хэрэгжүүлж, ялыг нь хүндрүүлэн авчраарай хэмээн урьдчилсан дүгнэлт хийж байгаа явдал нь хууль бус юм.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх зөвхөн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөх эрхтэй. Гэтэл шүүхээс хэргийн бодит нөхцөл байдалтай танилцахгүй байж нэмж ажиллагаа хийлгүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлийг баримтлан яллагдагч М.Ж-ийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхээр буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд хэргийг прокурорт буцаах тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 266 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаж үзлээ.

            Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дахь заалтад “...хэргийн материалд хохирогч Ж.А-ийн мал тооллогын баримт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байна.” гэх дүгнэлтээс бусад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн, хууль ёсны болжээ. Харин хохирогч Ж.А-ийн мал тооллогын баримтыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх замаар хэрэгт цуглуулах, бэхжүүлэх шаардлагагүй бөгөөд энэ нь түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчоор тогтооход шууд хамааралтай, ач холбогдолтой баримт биш юм. Энэ талаарх прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэл зөв байна.

            Харин анхан шатны шүүх хэрэгт цугларсан зарим нотлох баримтуудыг үндэслэн,  тухайлан дурдаж, “2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2013001760149 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан А овогтой А-ийн үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэргийн шинж байсаар атал 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 5/14 дүгээр прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/20 дугаар прокурорын тогтоолоор яллагдагч М.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй” гэж нотлох баримтад үндэслэгдсэн, хууль ёсны дүгнэлт хийжээ.

Прокурорын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор А.А-т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо прокурор хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг /хэргийн 35, 37, 40 дүгээр талд авагдсан хохирогч Ж.А-ийн мэдүүлгүүд, 41 дүгээр талд авагдсан гэрч Ж.Р-ийн, 42-43 дүгээр талд авагдсан гэрч Х.М-ын, 44-45 дугаар талд авагдсан гэрч Х.А-ийн мэдүүлгүүд, 48-49, 58-59 дүгээр талд авагдсан гэрч Ш.Х-ын мэдүүлгүүд/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй, тэдгээр нотлох баримтуудаар тогтоогдох нөхцөл байдлуудыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад тогтоолын үндэслэлд “бусдын малыг хулгайлсан гэх үндэслэл нотлогдон тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” гэж нотлох баримтад тулгуурлахгүйгээр илт үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

            Прокурорын эсэргүүцэлд гэрч Б.Ө-ны “М.Ж- ганцаараа нэг морь авч ирж, маргааш нь нядалж өгөөд явсан” гэх, гэрч Ш.Б-ийн мөн агуулгатай өгсөн мэдүүлгийг иш үндэс болгосон боловч эдгээр баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар бусад нотлох баримтуудтай харьцуулан үзвэл, тухайн гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож буй үйл баримтууд нь яллагдагч нарын холбогдсон “бусдын малыг бүлэглэж хулгайлсан” гэх үйлдэл холбогдолд шууд хамааралгүй байна. Иймээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хуульд заасан тодорхой нөхцөл байдал тогтоогдвол, эсхүл хэргийн бодит байдлыг тогтоох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн зарчмыг хангуулахын тулд урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх өөрийн санаачилгаар, хуульд заасан тодорхой үндэслэл, шаардлагаар хэргийг прокурорт буцаах асуудлыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн бүрэн эрх  байхаар хуульчилсан тул яллагдагч болон түүний өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцэл болон яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/266 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, яллагдагч М.Ж-, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                    Д.КӨБЕШ