| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01574/И |
| Дугаар | 142/ШШ2017/00050 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2017/00050
| 2017 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 142/ШШ2017/00050 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:ГБ хХК
Хариуцагч: Т.Д
Хариуцагч: С.Ц
15 973 738.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , хариуцагч Т.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т овогтой Д , С овогтой Ц нар нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 25 000 000 /Хорин таван сая/ төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй цалингийн зээл, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ***-А тоот цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 5 000 000 төгрөг 36 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй нэмэлт цалингийн зээл тус тус авсан болно. Т овогтой Д нь ажлаасаа гарч цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. *** тоот зээл нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 266 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 14 196 429.89 /Арван дөрвөн сая нэг зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун хорин ёсөн мянга долоон зуун гучин есөн мянга долоон зуун арван зургаан төгрөг ерэн мөнгө/, хүү 1 739 716.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37 591.26, нийт 15 973 738.05 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Т овогтой Д , С овогтой Ц нар нь цалингийн орлогогүй болсон ба зээл төлөх эх үүсвэр тодорхой бус байгаа юм. Иймд Т овогтой Д , С овогтой Ц нарын дээр дурдсан зээлийг нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 15 973 738.05 /Арван таван сая есэн зуун далан гурван мянга долоон зуун гучин найман төгрөг таван мөнгө/ улсын тэмдэгтийн хураамж 237 818.69 /Хоёр зуун гучин долоон мянга найман зуун арван найман төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Цалингийн зээлийн үндсэн зээлдэгч Т.Д гээс уг мөнгийг гаргуулах хүсэлтэй гэв.
Хариуцагч Т.Д , С.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Голомт банкны салбараас 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 25 000 000 төгрөг 1.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг 36 сарын хугацаатай 1.4 хувийн хүүтэй нэмэлт цалингийн зээл тус тус авсан нь үнэн болон. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан болно. Өнөөдрийн байдлаар эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдарч байна. Миний бие болон эхнэр бид хоёр хөдөлмөрийн чадвартай эрхэлсэн тодорхой ажилгүй амьдарч байна. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар хүү нь өсөөд 15 973 738.05 төгрөгний зээлээ 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө бүрэн барагдуулж дуусна. Энэ хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд иргэний хариуцлагын шийтгэл хүлээнэ. Одоогоор өвлийн хүйтэнд хашаа байшингаа зарах боломжгүй тул миний хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Хариуцагч Т.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие алсан зээлүүдийг болон төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор эхнэр бид хоёр ажилгүй, 4 хүүхдийн хамт амьдарч байгаа болохоор зээлийн хүүг зогсоож өгнө үү, дулаан болохоор хашаа байшингаа зарж төлбөрөө төлөх талаар бид ярилцсан байгаа гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагч Т.Д , С.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 14 196 429.89 төгрөг, зээлийн хүү 1 739 716.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37 591.26 төгрөг, нийт 15 973 738.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.Д нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банкны Орхон салбартай ЗГ **** дугаартай зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 16.80 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг нэмж авсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч С.Ц нь Голомт банкны Орхон салбартай батлан даалтын БГ ***-А тоот гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, нэмэлт гэрээ, батлан даалтын гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагч нарыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд гэрээний үүргийг зөрчиж 266 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 15 973 738.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.Д , С.Ц нар зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Т.Д гээс үндсэн зээлийн төлбөрт 14 196 429.89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 739 716.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37 591.26 төгрөг, нийт 15 973 738.05 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгох нь зүйтэй байна.
Батлан даагч С.Ц т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үндсэн зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байгаа гэсэн тайлбар болон үндсэн үүрэг гүйцэтгэгч нь зээлийг төлөх чадваргүй болсон талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч Т.Д үүргийг хариуцна гэж тайлбарлаж байх тул үндсэн үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлж батлан даагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Д гээс 15 973 738.05 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгож, хариуцагч С.Ц т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 818.69 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д гээс 237 818.69 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ