| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0270/Э |
| Дугаар | 0064 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 0064
Ё.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.О
Шүүгдэгч Ё.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т, Д.О
Хохирогч Н.Б
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолтой, Ё.Мд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ё.Мын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Л овогт Ё-н М
Шүүгдэгч Ё.М нь 2019 оны 08 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой багийн Тариаланчидын 3 дугаар гудамж 10 тоотод Н.Бтэй хэрэлдэж маргалдан улмаар Н.Бийн цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Л овгийн Ё-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мын эдлэх 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ё.М давж заалдах гомдолдоо:
... Миний бие нь хохирогчийн удаа дараагийн дарамт, доромжлол, дээрэлхдэг үйлдлийг тэвчиж чадаагүй.
Надад хохирогчийг хутгалах гэсэн санаа зорилго байгаагүй, хутгалаагүй.
Маш их уур хүрч, чочролд орж, ноцолдож байгаад би юу болсныг мэдээгүй. Үүнийг нягтлан шалгаж өгнө үү? гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ё.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Ё.М нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчидын 3 дугаар гудамжны 10 тоотод байх гэртээ хохирогч Н.Бтэй архидан согтуурч улмаар маргалдан цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ё.Мын гэм бурууг хянан хэлэлцэж шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзээд хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.
Шүүгдэгч Ё.М давж заалдах шатны шүүхэд хохирогчийн удаа дараагийн дарамт, доромжлол, дээрэлхдэг үйлдлийг тэвчиж чадаагүй, маш их уур хүрч цочиролд орж ноцолдож байсан. Юу болсныг мэдээгүй тул нягтлан шалгаж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Бийн ...М ахын гэрт Э М ах бид гурав архи уусан...Б эгч нөхөр М-тэй орондоо байхад нь аягатай хоолыг нь өгөхөд нь би М ахад хандан та өвчтэй хүн шиг орондоо хоолоо идлээ, бос гэж хэлэхэд М би гэртээ хоолоо хаана идэх нь чамд ямар хамаатай юм бэ гээд надтай маргалдсан. Э бид хоёр хоол идэхээр хашаанд нь байх гал тогооны жижиг амбаарт орсон...хоолоо идээд байж байхад араас М ах аягатай хоолоо бариад амбаарт орж ирсэн...Халуун савтай цай авах гээд миний урдуур М ах гарахаар нь урдуур хөндөлсөөд яах гээд байгаа юм бэ гээд би загнасан. Тэгээд бид хоёр маргалдаж бие биенээ барьж авсан. Тэгээд М ах шүүгээн дээр байсан хутгыг аваад намайг хутгалчихаад амбаараас гараад явсан.Одоо миний биеийн байдал зүгээр болсон ... гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Э-н...М Б бид гурав М-нд архи уусан...Хоол идэж байхад Б гэрийн эзэн -Мг гэрээс нь хөөгөөд байсан. Б М хоёр барилцаад авсан. Би салгах гэсэн боловч салгаж дийлээгүй. Тэгээд байж байтал М шүүгээн дээр байсан хутгыг барьж аваад Б-н аймхай орчимд нь хутгалсан. Тэгээд М гараад явсан... гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Б-н ...Манай гэрт М, Б, Э нар архи уусан. ...Би тэр гуравт цуйван хийж өгсөн. Тэд нар хоолоо гал тогооны жижиг амбаарт идсэн. Орой гадаа хүчтэй салхи шуураад байхаар нь би гэрээс гарч хашаа хорооныхоо юмаа эмхлэн хашааны хаалгаа бэхлэн үнээгээ сааж байтал Э яанаа цус гараад байна гээд намайг дуудсан. Тэр хэдийн байсан амбаарт гүйгээд ороход Б манай гал тогооны жижиг амбаарын бандан сандал дээр суусан аймхай орчмоос нь цус гарч байсан...Би үнээ сааж байсан болохоор тэд нарын хооронд юу болсныг хараагүй... гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ё.Мын ...Хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн ...Э Б бид гурав манай гэрт 3 шил архи хувааж уусан Н.Б бид хоёр согтуудаа маргалддаг, эрүүлдээ зүгээр байдаг. Тэр өдөр согтуудаа маргалдаж барьцалдаж аваад айлгах гэж хутга авсан. Тэгтэл хутгалсан байсан. Санаатай хутгалаагүй. Бид хоёр маргалдан ноцолдож байгаад ийм зүйл болсон. Энэ хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байгаа боловч хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочиролд хоромхон зуур автан сэтгэцийн хэвийн байдал алдагдаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байна.
Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
С.ЦЭЦЭГМАА