Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 0165

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Т.Гантөмөр, Б.Бадрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гантөмөр, Б.Бадрах нарт холбогдох 201714000159 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 8 сарын 3-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж дүү ахын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 40-02 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Дөнгөл овгийн Төмөр-Очирын Гантөмөр РД:/ ОЮ89080310/,

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1974 оны 08 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг баруун задгайгийн 21-08 тоотод оршин суух, урьд нь 2014 оны 04 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Сум дундын 14 дүгээр шүүхийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Батмөнхийн Бадрах, РД: /ФА74081384/,

 

Шүүгдэгч Т.Гантөмөр, Б.Бадрах нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 39-08 тоотод оршин суух Д.Өнөржаргалын байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн Тошиба маркын зурагт хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.Гантөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохиролд 150.000 төгрөг төлсөн. Би буруу зүйл хийсэн. Хоригдож байхдаа их зүйл ойлгосон. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Бадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед Гантөмөр бид 2 согтуу байсан. Уг нь тэр айлд золгох гэж очоод хүнгүй байсан болохоор нь зурагтыг нь аваад гарсан юм. Дахиж ийм зүйл хийхгүй. Ойлгож гэмшиж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Өнөржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад 12 цагийн үед ээжийнхээ хамт гэрээсээ гараад төрсөн эгч Мөнхцэцэгийнд очиж золголт хийсэн юм. Тэгээд орой 17 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн цонхоор хулгайч орж гэрт байсан 32 инчийн “Тошиба” маркын зурагтыг аваад явсан байсан. Тэгээд нэг дэхь өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж өгсөн юм. ...Би Бадрахыг нь танина, Бадрахын ээж нь манай ээж Долгорсүрэнтэй хамт нэг газар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэсэн. Би хулгайч нарыг нь баригдсан гэж сонссон,  хохирлыг минь яаралтай барагдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,

 

-Гэрч Т.Цэцэгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бадрах нь миний төрсөн хүү байгаа юм. Зан байдлын хувьд даруухан зантай хүүхэд, уг нь байнга надтай хамт байдаг, миний гар үзүүр болдог хүүхэд байгаа юм. Цагаан сараар Гантөмөр гэж залуу орж ирсэн, ээжтэйгээ золгуулна гээд аваад гарсан, тэр өдөр болсон гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх 15 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23, 43 ху/

-Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 27-28 ху/

-Б.Бадрахыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 64-67 ху/

-Т.Гантөмөрийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 73-76 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.Гантөмөр, Б.Бадрах нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 39-08 тоотод оршин суух Д.Өнөржаргалын байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн Тошиба маркын зурагт хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Өнөржаргал /хх 9 ху/, гэрч Т.Цэцэгээ /хх 12 ху/ нарын мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Гантөмөр, Б.Бадрах нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бадрах урьд нь 2014 оны 04 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Сум дундын 14 дүгээр шүүхийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан бөгөөд түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

Энэ хэргийн улмаас хохирогчид 300.000 төгрөгийн хохиол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч Т.Гантөмөрийн 18 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Бадрах нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Дөнгөл овгийн Төмөр-Очирын Гантөмөр, Боржигон овгийн Батмөнхийн Бадрах нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Т.Гантөмөр, Б.Бадрах нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар Т.Гантөмөр, Б.Бадрах нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Т.Гантөмөрийн цагдан хоригдсон 18 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бадрах нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.т зааснаар шүүгдэгч Т.Гантөмөр, Б.Бадрах нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гантөмөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Б.Бадрахад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА