Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02278

 

Д.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02386 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ст холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус цэцэрлэгт 2018.01.04-ний өдөр жижүүрээр ажилд орсон. Жижүүрээр ажиллах тушаал, ажлын байрны тодорхойлолт ч гарсан, архив, бичиг хэргийн мэргэжилтэй болохоор эрхлэгч Ц.Жгийн тавьсан саналаар  байгууллагын архив, бичиг хэргийн ажлыг 2018.05.23-ний өдөр хүртэл хийсэн, давхар жижүүрийн ажлаа  гүйцэтгэсэн. Ажилд орсон 17 багш, ажилчдын хөдөлмөрийн гэрээг ажилд орсон өдрөөс эхлэн 2018.06.01 хүртэл байгуулж, гарын үсэг зуруулсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр хийхгүй юм уу, хугацаа заадаг нь ямар учиртай юм гэж багш, ажилчид асуухад Ц.Ж хичээлийн жил дуусах гэж байна, ирэх хичээлийн жил эхлэхээр дахин гэрээ хийнэ гэсэн. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан ба улсад 30 жил ажилласан тул амралтын нэмэгдэл 11 хоног  юм. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дуудуулж,ажлаас халах мэдэгдэл өгсөн. Би ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаагүй, ёс зүй, мэргэжил, ур чадварын алдаа зөрчил гаргаагүй. Харин ч жижүүрийн  хажуугаар архив, бичиг хэргийн ажлыг цэгцлэх гэж амралтын өдөр ч хамаагүй ажиллаж байсан. Үүрэг даалгаврыг хугацаанд нь хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн. Албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэж, хууль бус томилгоо хийж, дур зоргоороо аашлан авирлаж, “зайл”, “гар” гэж хөөж удаа дараа дарамтлан доромжилдог.

Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, СӨБ-ийн тухай хууль удирдах ажилтны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй, архив албан хэрэг хөтлөлтийн заавар журам стандарт ажлын байран дахь стандарт, бусад хууль тогтоомж, дүрэм журмуудыг зөрчдөг. Өөрт таалагдаагүй хэн нэгнийг мөрдүүлж, хяналтын системд байлгадаг. Амралттай байх хугацаанд ажлаас халсан, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж хууль бус хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Мөн ур чадварын нэмэгдэл 5 сарын 103 500 төгрөг, 4, 5 сарын үр дүнгийн урамшуулал 124 500 төгрөг хуулийн дагуу олгогдоогүй.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал, нэмэгдэл цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулахаар 2017 оны 12 дугаар сард  сонинд архив, бичиг хэргийн мэргэжлийн хүн авах зар өгч, цэцэрлэгт архив, албан бичиг хэргийн батлагдсан орон тоо байдаггүй тул Д.Нг жижүүрийн орон тоон дээр авсан. Жижүүрийн орон тоонд туршилтын журмаар ажиллах учир байдлыг Д.Нд анхнаасаа хэлж танилцуулж, саналыг нь сонсож зөвшөөрсөн учраас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Дүүргийн архивын газрын дарга,2 мэргэжилтний хамт  2018.05.08-нд ирж, архив, албан хэргийн хөтлөлттэй танилцаад маш их алдаа зөрчил гарч, нэн даруй засаж,сайжруулах үүрэг, ахааруулга өгсөн. Иймд 5 дугаар сарын урамшуулал өгөөгүй. Д.Нг энэ жилийг дуустал буюу 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллуулан, ажилласан хугацааны амралтыг бүрэн эдлүүлсний дараа мэдэгдэл өгсөн. Д.Н ажлаа хангалтгүй гүйцэтгэж, алдаа зөрчил, ёс зүйн зөрчил гаргасан, ажиллах хугацаандаа дарамтад орсон тохиолдол огт байхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан О овогт Д-ийн Нг Сийн жижүүрийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 1 265 813 төгрөгийг хариуцагч Сээс гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэлээс үлдэх нэмэгдэл хөлс, урамшуулал 228 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Нгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Сээс улсын тэмдэгтийн хураамж 105 129 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж болон түүний өмгөөлөгч Ч.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Д.Нгийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссаны дараа ээлжийн амралт эхэлсэн бөгөөд ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “мэдэгдэх хуудас”-ыг өгсөн нь дээрх хуулийн заалтыг зөрсөн гэж үзэх үндэслэлгүй.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш цэцэрлэгийн ажилчид бүх нийтээр амарсан байсан тул Д.Н нь нэг ч өдөр ажил хийгээгүй. Д.Н нь архивын ажилтны 10 хувийн нэмэгдэл цалин хөлсийг ажилд орсон сараас эхэлж авсан бөгөөд жижүүрийн ажил, үүргийг огт хийж гүйцэтгэж байгаагүй анхнаасаа л архив, бичиг хэргийн ажилтнаар орсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа. Гэрээнд заагаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаардсан нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Дүүргийн архивын газрын 2018 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн шалгалтаар   “хангалтгүй” үнэлгээ авсан зэргийг харгалзан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.4 дэх заалтийг баримталсан.

Цэцэрлэгийн багш, ажилчдын  зуны 3 сар буюу 06 сарын 01-нээс 09 сарын 01 хүртэл хугацааны амралтад цалин хөлс төсөвлөгдөөгүй. Энэ хугацаанд цалин хөлс гаргуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Д.Н нь ажлаас халагдаагүй тохиолдолд ч цалин хөлсгүй амрах байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ст холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор , нэмэгдэл цалин, урамшуулал гаргуулах, нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “... хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар ажлаас чөлөөлсөн тул тушаал  үндэслэлтэй ” гэж маргажээ. /хх-1-2, 15-17/

 

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсч, ажил олгогчийн Б/03 дугаар тушаалаар Д.Нг жижүүрийн ажилд авсан нь тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-20-22, хх-41/

 

Д.Н нь хариуцагч байгууллагад жижүүрээр ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/57 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ажил олгогч тушаалдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн гэрээний 6.3.3, 6.3.16, Байгууллагын дотоод журмын 11.2.7 дахь хэсгийг тус тус үндэслэл болгожээ  /хх-40-41/

 

Хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, архивын ажлыг сайжруулж чадаагүй, зөрчил дутагдал гаргасан гэж тайлбарлаж байна. / хх-15-17, 73-76 хуудас/

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг 2018 оны 1 дүгээр сарын 5-наас 6 дугаар сарын 1 хүртэл гэж заасан, ажилтанд хөдөлмөрийн гэрээг сунгагдахгүй болсон тухай мэдэгдэх хуудсыг уг хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гардуулсан,ажлаас чөлөөлөх тушаал 2018 оны 08 дугаар сарын 16-нд гарсан үйл баримт тогтоогдсон.  /хх-19-22/

 

Хэргийн 42 дугаар талд Д.Нд архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн хариуцуулах, нэмэгдэл 10 хувийг сар бүр үндсэн цалингаас бодож олгох тушаалыг 2018 оны 02 дугаар сарын 13-нд нөхөн гаргасан байх боловч хэргийн 67-68 дугаар талд авагдсан ажлын байрны тодорхойлолтод зөвхөн жижүүрийн ажлыг хийхээр зааварчилгаа,тодорхойлолт өгч хөдөлмөрийн гэрээг жижүүрийн ажлын байранд байгуулсан. Хэдийгээр ажилтан архив, бичиг хэргийн ажлыг тодорхой хэмжээнд давхар хариуцан ажиллаж байсныг үгүйсгэхгүй ч түүнтэй энэ ажлын талаар ямар нэгэн бичгээр байгуулсан үүрэг хариуцлагын талаарх тохиролцоо, гэрээ байхгүй, хэргийн 57 дугаар талд авагдсан Архивын тасгийн даргын зөвлөмжид давтан сургах, мэргэшүүлж, туршлагажуулах талаар зөвлөсөн болохоос уг ажлыг эрхлэх чадваргүй, ажилтныг халах чөлөөлөх талаар агуулга байхгүй байна.

 

Нэгэнт ажил олгогч ажилтныг чөлөөлсөн үндэслэлээ гэрээний хугацаа дууссанаас гадна ажилтны архивын ажлын мэргэжил ур чадвар, зөрчилтэй холбон тайлбарласан тул анхан шатны шүүхээс бичгийн гэрээ, зохих байгууллагын дүгнэлтгүйгээр ажлаас чөлөөлсөн, тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, мөн хуулийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж үзсэн нь зөв болжээ. / хх 77-79 дүгээр хуудас/

 

Түүнчлэн талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй.  Хариуцагч нь жижүүрийн ажил дээр ямар нэгэн алдаа зөрчил гаргасан гэх үйл баримт байхгүйгээс гадна  Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэж зааснаар  талуудын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үргэжилж байсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэх   анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-77-79/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан тул анхан шатны шүүхээс 3 сар 1 хоногийн цалин олговор тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Хариуцагч талын дээрх үндэслэлүүдээр гаргасан давж заалдах гомдлыг хангах  үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч “С”-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД