Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/479

 

 

 

 

 

 

 

    2024        05            03                                    2024/ШЦТ/479

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогч Ц.О, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч С.Батцэрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт   урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О.Г нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ........ орцонд хохирогч Х.У , Ц.О нартай “айл бүрийн хаалганы хонх дарсан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулан уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд Э.У-д 200.000 төгрөг, Ц.О-т 800.000 төгрөг төлсөн, ойрын хугацаанд үлдэх хохирлыг төлнө...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О мэдүүлэхдээ: “ ...Э.У гэдэг хүнд хүргэлтээр бараа өгөхөөр очсон. Тэгээд орох гэтэл орцны үүдэнд байсан эмэгтэй оруулахгүй байсан. Би Э.У руу залгаад дуудсан. Тэгж байтал нэг эрэгтэй, эмэгтэй 2 нэмэгдэж ирсэн. Тэр 3 нийлж бид хоёрын биеийн бүх хэсэг рүү өшиглөж, гараараа цохьсон. Ингэж байтал Э.У нь хаалганы чипийг онгойлгоод бид 2 тэднийд орж нуугдсан. Тэгж байгаад буцаад гартал үстэж дараад нүүр ам руу цохьсон. Надад гэмтэл учруулсан хүн О.А мөн. Би хамрын хагалгаанд орсон төлбөр 2.340.000 төгрөгөө нэхэмжилнэ. Гомдолтой байна гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.А нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ........ орцонд хохирогч Э.У , Ц.О нартай “айл бүрийн хаалганы хонх дарсан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож, тэдгээрийн эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

 Хохирогч Э.У-н / хх 18-24, 70, 90-91 /: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед миний гар утас руу хүн залгаад “Бараа захиалсан уу“ хүргэлтийн хүн байна. ...Танай орцонд ирсэн чинь нэг эмэгтэй оруулахгүй байна“ гэж хэлэхээр нь би “За. Би өөрөө шатаар доошоо буугаад бараагаа авчихъя“ гэж хэлээд гэрээсээ гараад 5 давхраас шатаар буухад орцны гадаа цэнхэр куртиктэй эгч орцны гадаа зогсож байсан. Хажууд нь үл таних согтуу 2 эмэгтэй, 1 эрэгтэй зогсож байсан. Би цэнхэр куртиктэй хүргэлтийн эгчид мөнгөө өгч бараагаа авч байхад хажуугаас үл таних согтуу хүмүүс нь “Орцны хаалга эвдлээ“ гэж хэлэхээр нь би “Энэ хүн чинь хүргэлтээр бараа хүргээд явж байна. Оруулчихгүй яасан юм бэ. Та нар чинь эрүүл юм уу. Согтуу юм уу“ гэж хэлэхэд үл таних залуухан эмэгтэй нь “Чи муу гичий миний ээжийг юу гэж хэлээд байгаа юм бэ“ гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа 1 цохиод ардаас нь ээж нь гэх үл таних эмэгтэй ирээд тэр хоёр нийлж үсдэж намайг зодсон. Хамт явж байсан согтуу үл таних залуу нь тэр хоёр эмэгтэйг болиулаад байж байтал тэр гурван үл таних хүн нь хүргэлтийн ажилтан гэх цэнхэр куртиктэй эгч рүү бас дайраад байхаар нь би хүргэлтийн ажилтныг дагуулаад гэртээ орж гутлаа өмсөөд, гар утсаа авч цагдаад дуудлага өгчихөөд гэрээсээ гарахад 4 давхрын орцонд халаасанд байсан 70.000 төгрөг алга болсон байсан. Согтуу үл таних хөгшин эмэгтэй нь миний куртикнээс татаад байхаар нь би куртикээ тайлсан ба тэр үл таних хөгшин эмэгтэй нь миний халаасыг ухаад байсан. Би АТМ-ээс 100.000 төгрөг аваад хүргэлтийн 30.000 төгрөг өгч надад 70.000 төгрөг үлдсэн байсан. ... Ээж охин хоёрын охин нь халдаж зодсон...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  419 дугаартай дүгнэлтэд:

1. Э.У-н биед ам, зүүн шанаа зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.   

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой.  

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. / хх 26-27 / 

 

Хохирогч Ц.Оийн / хх 36, 39, 42-43, 74-75 / “ ...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах ....... байрны орц руу орох гэтэл үүдэнд 55 орчим насны согтуу эмэгтэй ганцаараа байсан ба надаас “ Ямар айл руу орох гэж байгаа юм бэ “ гэж асуусан. Хариуд нь би орох гэж айлынхаа тоотыг хэлсэн. Дараа нь би бараа захиалсан эмэгтэй рүү залгаад “ Гараад ирээрэй. Намайг орц руу оруулахгүй байна “ гэж хэлсэн. Удалгүй бараа захиалсан эмэгтэй орцны гадаа гараад ирсэн. Удалгүй уг эмэгтэй дээр зам дээрээс 30 орчим насны эмэгтэй, эрэгтэй 2 хүн хүрч ирсэн. Дараа нь бараа захиалсан эмэгтэй бид 2-ыг “ Манай ээжийг юу гээд байгаа юм бэ “ гээд зодож эхэлсэн. Тэгээд У бид 2 арай гэж зугтаагаад У-ын гэр рүү орсон. Миний нүүр болон хамар нүд хэсэг рүү цохиж, биед учирсан гэмтлийг Ц болон түүний охин зодож учруулсан.  ...Миний биед учирсан гэмтлийг согтуу 2 эмэгтэйгийн охин нь гээд байсан том биетэй эмэгтэй нь цохиж зодсон. Тухайн эмэгтэй миний хамар хэсэгт гараараа цохьсон. Мөн дээрээс нь толгойн хэсэгт баахан цохиж, үстсэн” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  417 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Оийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины дотор буланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. / хх 45-46 /,

 

мөн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчдийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 480 дугаартай хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 480 дугаартай дүгнэлтэнд: 1.2 Ц.Оийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины  дотор буланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 417 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэжээ.

 

О.Агийн яллагдагчаар мэдүүлсэн / хх 102-103 /: “... Тухайн өдөр миний бие дэлгүүр орчихоод буцаад ирж байхад манай гэрийн үүд буюу 2 дугаар байрны ........ орцны үүдэнд манай ээж болон үл таних 2 эмэгтэй байсан. Тэгээд очоод юу болсон талаар сонссон чинь нөгөөх эмэгтэйчүүдтэй хонх дарах асуудлаас болж маргалдсан. ...тухайн үл таних эмэгтэй нь хаа сайгүй айл руу залгаж айлын амгалан тайван байдлыг алдагдуулж байгааг манай ээж түүнд хэлэхэд тэр эмэгтэй дургүйцээд хэрүүл маргаан эхэлсэн байсан. Тэгээд нөгөөх эмэгтэй нь манай ээж рүү дайраад байсан ба тухайн эмэгтэй нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд манай ээж рүү дайраад агсраад байсан. Миний бие түүнээс нь болж уур хүрээд ээжийгээ өмөөрч тухайн хүмүүсийг алгадсан байгаа. Тухайн өдөр манай гэр бүлд зочин ирээд манай ээж болон би архи согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. ...Тэгээд би тухайн 2 эмэгтэйтэй ноцолдоод дээр доороо ороод байж байтал цагдаа ирж салгасан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогч нарыг цохиж зодсон болохыг  хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нар нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу Э.У , Ц.О нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан О.Агийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн” шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ад ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, согтуугаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж, эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч О.Аг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно “ гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзаад ялыг хөнгөрүүлсэн бөгөөд ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол төлбөр болох эмчилгээний зардалд хохирогч Э.У-д 200.000 төгрөг, хохирогч Ц.От 3.244.840 төгрөгийг тус тус шүүгдэгч О.А нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.А-гХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 5. О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ