Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/503

 

 

 

 

 

 

 

     2024        05          10                                     2024/ШЦТ/503

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Э.Булганчимэг,

хохирогч А.Т,

шүүгдэгч А.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, 3 дүүгийн хамт   ял шийтгэлгүй, А.Э нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2024 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “........” бааранд хохирогч А.Ттай үл ялих зүйлээс маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч болсон үйл явдлыг мэдэж байсан. ...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Т мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 12-ны шөнө найз нартайгаа “........” гэх бааранд байсан. Талбай дээр нэг найзтайгаа бүжиглэж байхад шүүгдэгч урдуур явахад нь мөргөлдсөн учраас “холдооч ээ” гэхэд өөдөөс дунд хуруугаа гаргачихаад яваад өгсөн. Тэгээд би найзтайгаа шүүгдэгчийг шоолж байгаа юм шиг харагдсан байх. Тухайн үед шүүгдэгч дахиад найзтайгаа ирчихээд “намайг яагаад шоолоод байгаа юм” гэж асуухад нь миний зүгээс “зайл” гэж хэлсэн. Тийм учраас шүүгдэгч над руу пивоны шил шидсэн, намайг оноод цус их гарсан. Гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн баарны камерын өрөөнд ороод зүгээр ярилцаад шийдэх гэтэл “миний хөх, бөгсөнд хүрсэн” гэж хэлсэн. Одоо сорви арилгуулах лазер эмчилгээнд ормоор байна “ гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Э нь 2024 оны 02 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “........” бааранд хохирогч А.Ттай үл ялих зүйлээр маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь “духанд шарх, зүүн доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч А.Тгийн / хх 9-10 /: “...Суусан чинь нөгөө охин над дээр ирсэн. Ирээд “ Чи яагаад намайг ингээд байгаа юм бэ” гэхээр нь “ Чи зүгээр зайлаа. Битгий ойрхон байгаад бай. Хол бай” гээд хэлчихсэн. Тэр үед охины бас нэг найз охин нь ирээд найзыгаа аваад явах хооронд нөгөө охин над руу пивоны шил шидчихсэн. Шидсэн шил нь миний дух хэсэгт онож гэмтээсэн. Шил нь хагарсан үгүйг мэдэхгүй, ямар ч байсан миний духнаас цус гарч эхэлсэн. Тэгсэн баарны хамгаалагч нар ирээд маргааныг салгаад намайг баарныхаа камер шүүдэг нэг өрөөнд оруулж суулгаад тэр охиныг бас оруулж ирсэн..." гэх мэдүүлэг;

 

Шүүхийн шинжилгээний үндэссний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 02 дүгээр сарын 19-ний өдрийн 2629 дугаартай дүгнэлтэд:

1. А.Тгийн биед духанд шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд  нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ.                    / хх 17-18 /, 

 

 

 

А.Эын яллагдагчаар мэдүүлсэн / хх 44-45 /: “...2024 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө би ажлынхаа хүмүүстэй хамт 05 цагийн үед ........ бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд ороод 4-5 пиво уусан. Тэгээд би зааланд  бүжиглэж байгаад буцаж ширээндээ очсон. Тэгээд босоод нэг найз дээрээ очих замд 2 хүн зогсож байхаар нь голоор нь би зөрсөн. Тэгэхэд тэр Т гэдэг залуу миний хөхнөөс бариад авсан юм. Тэгээд би гарыг нь авч хаяад “ Чи чинь яагаад байгаа юм бэ” гэхэд “ Зайл гичий минь” гэж хэлсэн. Тэгэхэд манай найз С тэр залууд хандаж “ Чи эмэгтэй хүнийг ямар муухайгаар хэлдэг юм бэ” гэж хэлээд намайг татаад аваад явсан. Тэгээд би найздаа энэ залуу хажуугаар нь зөрөөд өнгөрөхөд миний хөхнөөс барьж авсан гэж хэлсэн. Тэгээд би учраа олох гээд Т гэдэг залуугийн сууж байгаа ширээнд нь очсон. Тэгсэн чинь Т нь “ Чи зайлаач ээ. Зайлаагүй байгаа юм уу” гэсэн. Тэр нэг найз нь “балиар тайчигч янхан” гэж хэлээд намайг түлхсэн. Тэгээд би тэр найзад нь “ Наад найз чинь миний хөхнөөс барьчихлаа. Би зүгээр ярилцах гэж ирсэн юм аа” гэсэн чинь “ Чамтай ярилцана гэж юу байдаг юм. Зайл гичий минь” гээд доромжлоод байсан. Тэгээд бөөндөө нийлээд над руу яах аргагүй дайраад байхаар нь би барьж байсан пивоны шилээ шидсэн чинь оногдчихсон. Тэгээд би ухаан мэдрэлгүй доромжлуулчихсан уйлж байсан чинь хамгаалагч нь намайг камерын өрөөндөө оруулсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг пивоны шилээр цохиж гэмтээсэн болохыг хохирогч, шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нь бусдад цохиулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн А.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч А.Эд ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргуулах үндэслэл хэмжээ  нь тогтоогдсон хохирол төлбөр болох эмчилгээний зардал 75.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 3.300.000 төгрөгийг шүүгдэгч А.Эаас гаргуулж хохирогч А.Тд олгож, мөн хохирогч нь сорив арилгах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу ....... дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

 4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эаас 3.375.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Тд олгож, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар А.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 7. А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЧИМЭГ