Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/32

 

О.Т-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/267 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч О.Т-т холбогдох эрүүгийн 2013001830151 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, прокурор Х.Өрен, шүүгдэгч О.Т-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хохирогч У.К нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Урианхай, 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 4 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт С сумын 5 дугаар багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч У овогт О-ны Т /РД: БИ00000000/2020 оны 5 дугаар сарын эхээр тус аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутаг “Шар хүүш” гэх газарт байрлах “Жи мобайл” ХХК-ийн нарны цэнэг үүсгэгч толь байрлуулсан хашаанаас 1 ширхэг нарны цэнэг үүсгэгч толийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/267 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т-т холбогдох эрүүгийн 2013001830151 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Яллагдагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд: “Захирамжийн зарим хэсэг болох тодорхойлох нь хэсгийн 1 дэх заалтын машин механизм ашигласан гэж, 2 дахь заалтын “орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлан” гэж хүндрүүлэх нөхцөл зааж, буцаасныг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн хугацаанд гомдол гаргаж байна.

Нэг: Хулгайн үйлдэлд “тээврийн хэрэгсэл ашигласан” тухайд 

1.1 Шүүгчийн 2020/ШЗ/267 дугаартай Захирамжийн тодорхойлох нь хэсгийн 1 дэх заалтаар “...хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөхийн тулд машиныг боломжит газар байршуулж, хулгайн эд зүйлийг зөөвөрлөсөн байх боломжтой байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь: яллагдагч О.Т- нь 2020 оны 5 дугаар сарын сүүлээр Сагсай сумын “Шар хүүш” гэх газарт өөрийн өмчлөлийн “Nissan primerа” маркийн 95-81 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр аргал түүх зорилгоор очиж, аргал түүж явах замдаа уулын бэлд байршуулсан “ЖИМОБАЙЛ” ХХК-ны антен бүхий тоног төхөөрөмжийн хашаанаас нарны цэнэг үүсгэгч төхөөрөмж хулгайлсан. Яллагдагч О.Т-ын хулгайлсан нарны цэнэг үүсгэгч төхөөрөмж нь 20 кг жинтэй, овор хэмжээ багатай, явганаар авч явах боломжийн эд зүйл байсан тул 1.2 км газар явганаар зөөвөрлөж, өөрийн аргал түүж, тээвэрлэх зорилгоор унаж очсон машинд ачиж явсан. Улсын Дээд шүүхийн 2006 оны “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг зөв зүйлчлэн ангилах тухай” 28 дугаар тогтоолын 7 дахь заалтад:            “Машин механизм ашигласан” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор “урьдчилан бэлтгэж” ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй” гэж хууль ёсоор тайлбарласан. Энэ тайлбараас үзэхэд машин механизм ашигласан гэдэгт тээврийн хэрэгслийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан бэлтгэсэн байхыг шаардаж байгаа тул О.Т- нь “аргал түүх” зорилгоор тээврийн хэрэгсэл унаж очсон учир дээрх ойлголтод хамаарахгүй гэж үзнэ. Мөн “Хулгайлах гэмт хэрэг” нь эд зүйлийг өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах боломж олж авснаар хэргийн бүрдэл төгссөн гэмт хэрэгт тооцогдох онцлогтой. Яллагдагч О.Т- нь хулгайн зүйлийг эзэмшилд авч, 1,2 км газар явганаар зөөвөрлөж ирсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан яллагдагчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шаалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ нь О.Т-ын хулгайн үйлдэл бүрдэл төгссөний дараа тээврийн хэрэгсэл ашигласан, хэргийн газраас зайлуулсан болохыг нотолж байна.

1.2 Улсын Дээд Шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай тогтоолд "...биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг, “урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан” гэж үзэх нотлох баримтаар тогтоогдоогүй бол ... хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан зүйлийг тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй” гэжээ. Уг тайлбараас үзэхэд яллагдагч О.Т- нь хулгайн хэрэг үйлдэх зорилгоор тээврийн хэрэгслийг урьдчилан зориуд бэлтгээгүй, 1,2 км зам туулж, явганаар зөөвөрлөж ирсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “машин механизм ашиглаж үйлдсэн” хэмээн үзэж, хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан зүйлчлэх боломжгүй.

Хоёр: Орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлсан тухайд

2.1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “Уг төмөр хашаа нь 4x6м орчим харьцаатай, хашааны урьд зүг болон хойд зүг талд хоёр хаалгатай ба урд зүгийн хаалга нь цоожтой, хаалганд ямар нэгэн эвдэлгүй, бүрэн бүтэн, харин хойд талын хаалга нь онгорхой байсан, хаалганы цоож хийх төмөр зүүн тийш тахийсан, цоож хийх төмрийн хаалганы рамын гагнасан хэсэг хугарч унасан байдалтай байв” гэжээ. Үүнээс үзэхэд нэг талын хаалга онгорхой болох нь тогтоогдсон тул орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэж үзэх боломжгүй.

2.2. Хохирогч “ЖИМОБАЙЛ” ХХК-ны тоног төхөөрөмж байршуулсан гэх байр нь 4x6м орчим харьцаатай, задгай хашаа болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. Уг хашааны үндсэн зориулалт нь малын болон зэрлэг амьтдын хөл хөдөлгөөнөөс хамгаалсан, мал амьтан тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэхээс сэргийлсэн хамгаалалтын байр болохоос бус, ухамсарт хүний хулгайлах үйлдлээс хамгаалах хэмжээний шаардлага, стандарт нөхцөлийг хангахааргүй болох нь илэрхий байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэж тооцох, хэргийг хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй.

2.3. Хохирогч Кий мэдүүлэгт “Тухайн байр, тоног төхөөрөмжийг сумын төвөөс очиж, сард нэг удаа тойрч, Улаанбаатар хотод “ЖИМОБАЙЛ” ХХК-ны төвд мэдээлэл өгдөг” гэж мэдүүлсэн байдлаас үзэхэд “үйл ажиллагаа явуулах орон байр” гэх үзэх боломжгүй болно.

2.4. Хохирогч Кий мэдүүлгээр “сард нэг удаа тойрч очдог” гэснийг үндэслэвэл манаач, сахиулгүй, харуул хамгаалалтгүй учир “Тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэж үзэх объект, барилга байгууламжийн шинжийг агуулахгүй байна. Тухайн байр нь 4x6м хэмжээтэй хашаа байх бөгөөд дээвэр, туурга, саравч зэрэг бүтэцгүй задгай хашаа учир орон байр гэх ойлголтод мөн хамаарахгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “Шүүгч захирамждаа “Баян-Өлгий аймгийн Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Турдыбекийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б\21 дугаартай тогтоол ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүйн дээр дээд шатны прокурорын шийдвэрийг үндэслэж гаргасан хяналтын прокурор Х.Өрений 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5\23 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол мөн хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь дээд шатны прокурор 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б\21 дугаартай тогтоолдоо яллагдагч О.Т- нь хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа хулгайлсан нарны цэнэг үүсгэгч толийг тээвэрлэсэн байх тул машин механизм ашигласан гэж үзэхгүй болно гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна” гэжээ. Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч О.Т- нь 2020 оны 5 дугаар сарын эхээр Сагсай сумын “Шар хүүш” гэх газарт өөрийн эзэмшлийн “Nissan primerа” маркийн 95-81 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр аргал түүх зорилгоор очиж, аргал түүж явах замдаа уулын оройд байршуулсан “ЖИМОБАЙЛ” ХХК-ны антен бүхий тоног төхөөрөмжийн хашаанаас нарны цэнэг үүсгэгч төхөөрөмж толийг хулгайлсан байдаг. Яллагдагч О.Т-ын хулгайлсан нарны цэнэг үүсгэгч толь нь 20 кг жинтэй, овор хэмжээ багатай, явганаар авч явах боломжтой болох нь мөрдөгчөөс яллагдагч О.Т-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр тогтоогдсон байна.  Улсын Дээд шүүхийн 2006 оны “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг зөв зүйлчлэн ангилах тухай” 28 дугаар тогтоолын 7 дахь заалтад "Машин механизм ашигласан” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор “урьдчилан бэлтгэж” ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй” гэж тайлбарласан байна. Энэ тайлбараас үзэхэд машин механизм ашигласан гэдэгт тээврийн хэрэгслийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан бэлтгэсэн байхыг шаардаж байгаа тул О.Т- нь /хэрэгт авагдсан нотлох баримт бүхий/ аргал түүх зорилгоор тээврийн хэрэгсэл унаж очсон нь дээрх ойлголтод хамаарахгүй гэж үзнэ. Мөн “Хулгайлах гэмт хэрэг” нь эд зүйлийг өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах боломж олж авснаар хэргийн бүрдэл төгссөн гэмт хэрэгт тооцогдох онцлогтой билээ. Яллагдагч О.Т- нь тухайн объект байрласан уулийн оройд явганаар гарч хулгайн зүйлийг өөрийн эзэмшилд авснаар 1,2 км газар явганаар зөөвөрлөж ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан яллагдагчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. Энэ нь О.Т-ын хулгайн үйлдэлд тээврийн хэрэгслийг хулгайн үйлдлийг хөнгөвчлөх, учрах саадыг арилгах зорилгоор ашиглаагүй болохыг нотолж байна.

Мөн Улсын Дээд Шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай тогтоолд “...биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг, “урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан” гэж үзэх нотлох баримтаар тогтоогдоогүй бол... хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан зүйлийг тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй” гэжээ. Уг тайлбараас үзэхэд яллагдагч О.Т- нь хулгайн хэрэг үйлдэх зорилгоор тээврийн хэрэгслийг урьдчилан зориуд бэлтгээгүй, 1.2 км зам туулж, явганаар зөөвөрлөж ирсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “машин механизм ашиглаж үйлдсэн” хэмээн үзэж, хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан зүйлчлэх боломжгүй юм. Шүүх хэргийг буцаах үндэслэлээ болгосон 2 дахь заалт бүхий “ЖИМОБАЙЛ” ХХК-ийн уг хашаанд байрлуулсан нарны цэнэг үүсгэгч төхөөрөмжүүдийг ямар зориулалтаар ашигладаг болох, тэнд ямар нэгэн үйл ажиллаагаа явуулдаг эсэх нарны цэнэг үүсгэгч тоног төхөөрөмж байрлуулсан хашаа нь тусгай хамгаалсан байр буюу агуулах мөн эсэхийг тогтоох шаардлагатай байна гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “Уг хашаа нь 4x6 м орчим харьцаатай, хашааны урьд зүг болон хойд зүг талд хоёр хаалгатай ба урд зүгийн хаалга нь цоожтой, хаалганд ямар нэгэн эвдэлгүй, бүрэн бүтэн, харин хойд талын хаалга нь онгорхой байсан, хаалганы цоож хийх төмөр зүүн тийш тахийсан, цоож хийх төмрийн хаалганы рамын гагнасан хэсэг хугарч унасан байдалтай байв” гэснээр уг хашааны нэг талын хаалга онгорхой болох нь тогтоогдсон байна. Мөн уг тэмдэглэлээр “ЖИМОБАЙЛ" ХХК-ны тоног төхөөрөмж байршуулсан гэх байр нь 4x6 м орчим харьцаатай, задгай хашаа болох нь тогтоогдсон байна. Тус хашааны үндсэн зориулалт нь малын болон зэрлэг амьтадын хөл хөдөлгөөнөөс хамгаалсан, мал амьтан тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэхээс сэргийлсэн хамгаалалтын байр болохоос бус, бусдын хулгайлах үйлдлээс хамгаалах хэмжээний шаардлага, стандарт нөхцөлийг хангасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэж тооцох, хэргийг хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй юм. Түүнчлэн хохирогч Кий өгсөн “Тухайн байр, тоног төхөөрөмжийг сумын төвөөс очиж, сард нэг удаа тойрч, Улаанбаатар хотод “ЖИМОБАЙЛ” ХХК-ны төвд мэдээлэл өгдөг” гэх мэдүүлгээр давхар тогтоогдсон байна. Тухайн байр нь 4x6 хэмжээтэй хашаа байх бөгөөд дээвэр, туурга, саравч зэрэг бүтэцгүй задгай хашаа учир орон байр гэх ойлголтод хамруулах боломжгүй юм. Захирамжид мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.Т- урьд өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгаж тэмдэглэл үйлдсэн нь хэргийн 16 дугаар талд авагдсан нотлох баримтад тэмдэглэл үйлдсэн огноог 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэж гэмт хэрэг үйлдэхээс өмнөх цаг хугацааг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх ба уг ажиллагаа нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна. Яллагдагчийн мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн байцаалтаар дахин гүйцэтгүүлэх нь зүйтэй гэх боловч үйл баримт бүхий гэмт хэрэг 2020 оны 5 дугаар сарын эхээр үйлдэгдсэн, хэрэг хянан шалгах ажиллагааг гэмт хэрэг үйлдэгдсэн мэдээллийг хүлээн авсан үеэс эхэлж явуулсан байна. Түүнчлэн яллагдагч О.Т-ын урьд өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд яллагдагч О.Т- өөрөө биечлэн оролцсон зэрэг нөхцөл байдлаас үзэхэд тухайн огноо нь техникийн шинжтэй алдаа байх ба үүнийг хэргийн оролцогч нараас шүүх хуралдааны явцад тодруулан асууж нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

Шүүгчийн захирамжийн 3 дахь заалт бүхий “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас эрүүл мэнд бусад эрх чөлөө, эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч” гэнэ. Мөн зүйлийн 3-д “Хохирогч нь энэ эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийн хувьд хохирогч нь нарны цэнэг үүсгэгч самбарын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч “ЖИМОБАЙЛ” ХХК болох нь тогтоогдож байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн талаар гомдол гаргасан этгээд болох У.Кийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан нь дээрх хуульд нийцээгүй байна” гэжээ. Холбогдох хэрэгт хохирогчоор оролцсон У.К нь “Тухайн байр,            тоног төхөөрөмжийг сумын төвөөс очиж, сард нэг удаа тойрч, Улаанбаатар хотод “ЖИМОБАЙЛ” ХХК-ны төвд мэдээлэл өгдөг” гэж мэдүүлсэн ба тухайн мэдүүлгээр У.К нь уг объектын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, аливаа асуудлыг цаг хугацаанд нь зохих байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авах үүргийг хүлээсэн этгээд мөн юм. Энэ нь түүний тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллээр давхар нотлогдож байна. Үүнийг үндэслэж мөрдөгчөөс түүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс нарны цэнэг үүсгэгч самбарын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч “ЖИМОБАЙЛ” ХХК-д албан бичиг хүргүүлж хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохыг мэдэгдэхэд хохирогч хуулийн этгээд нь иргэний нэхэмжлэгчийн хувьд эдлэх эрх үүргээ К.Еркегүлээр дамжуулан эдлэх хүсэлт гаргаснаар түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авч ажилласан, хэргийн хувьд иргэний нэхэмжлэл, хохиролтой холбоотой ямарваа нэгэн маргаан үүсээгүй байна.

Иймд О.Т-т холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/267 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаж үзлээ.

 

            Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 3 дахь заалтад “...Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн байцаалтаар дахин гүйцэтгүүлэх нь зүйтэй.” гэсэн заалтаас бусад, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан үндэслэл бүхий заалтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн, хууль ёсны, үндэслэл бүхий болжээ.

 

Харин мөрдөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд зааснаар явуулсан яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлийн огноо “2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр” гэж буруу ташаа бичигдсэн нь тогтоогдсон боловч тус тэмдэглэлийн удиртгал хэсэгт уг ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр явуулж, тэмдэглэл үйлдсэн талаар тусгагдсан, шаардлагатай гэж үзвэл энэ байдлыг оролцогчоос шүүх хуралдаанд тодруулах замаар залруулах боломжтой байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд огноог буруу ташаа бичсэн мөрдөгчийн дээрх үйл ажиллагааг оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан, эсхүл эрх зүйн зайлшгүй процессыг зөрчсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчилд тооцохгүй бөгөөд үүнийг шүүх хуралдааны шатанд залруулах боломжтой талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

 

            Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг, тодорхойлох хэсгийн 2 дахь заалтад мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн тэдгээр дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаас гадна мөн хэсгийн 1.3 дахь заалтад хамаарахаар байна.

 

            Учир нь Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” 5/21 дүгээр, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”  5/23 дугаар прокурорын тогтоолуудыг гаргахдаа хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар үнэлэх журмыг ноцтой зөрчиж, дээд шатны прокурор оролцогчийн гомдлыг хүлээн авч, хяналтын прокурорын шийдвэрийг хүчингүй болгохдоо, мөн хяналтын  прокурор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа тус тус хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлахгүйгээр илт үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцсэн гэж үзэхгүй.

 

            Түүнчлэн мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор “ЖИМОБАЙЛ” ХХК-ийн гэрээт ажилтан У.Кийг хохирогчоор тогтоож, түүнээс хохирогчоор мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцээгүй бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хууль ёсны болжээ.

 

            Иймээс дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох тухай дээд шатны прокурорын эсэргүүцэл болон яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/267 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцэл, яллагдагч О.Т-, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                    Д.КӨБЕШ