Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 0164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч Ц.Идэрмөнх

          Шүүгдэгч С.Анхбаяр

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Анхбаярт холбогдох эрүүгийн 201714000210 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 5-3 тоотод амьдардаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнээс Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдриин 78 дугаартай шиитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овгийн Сүхбаатарын Анхбаяр РД: /ФА86041711/,

 

          Шүүгдэгч С.Анхбаяр нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2., 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдаж ялтай байх хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 16-1 тоот Г.Мөнхбаярын байшинд нэвтэрч 32 инчийн хэмжээтэй Самсунг загварын ЛСД зурагт хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          -Шүүгдэгч С.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр архи уусан байсан. Тэгээд дэлгүүрээс зээлээр пиво авья гэхэд өгөхгүй байсан. Тэгэхээр нь дэлгүүрийн эзэн Мөнхбаяр ахад хэлж зээл авахаар хашааны хаалгаар нь орсон. Байшингийн хаалга нь онгорхой байхаар нь ороход хүнгүй байсан. Тэгээд би зурагтыг нь аваад гарсан. Одоо зурагтыг нь буцааж өгсөн. Мөн үнэлгээний 20.000 төгрөгийг өгсөн. Дахин хулгай хийхгүй. Хоригдож байхдаа их зүйл ойлголоо. Хөнгөн ял шийтгэл оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө Улаанбаатар хотоос ирээд бараагаа дэлгүүр дээр буулгаж байгаад байшиндаа ороход ширээн дээр байсан зурагт алга болчихсон байсан. ...Алдагдсан гэх зурагтыг хүлээн авсан гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,

 

-Гэрч А.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энхболдын шар өнгөтэй суудлын жижиг тэрэгний хажууд ууж байхад машины ар талд хар өнгийн 32 инчийн зурагт байсан. ...Анхбаяр бид хоёр Үүрцайхын байшингаас хар өнгийн зурагтыг аваад Үүрцайхын хашааны урд талаас таксинд суугаад город руу явж байхад 6 дугаар микрийн аюулгүйн тойрог дээр цагдаа нар зогсоогоод Анхбаярыг зурагт хулгай хийчихсэн байна гээд Цагдаагийн газарт авчирсан гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/,

 

-Гэрч Г.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энхболдын машины ард зурагт байна, Анхбаяр гэрийнхээ зурагтыг аваад ирчихсэн байна гэхээр нь би Анхбаяраас юун зурагт юм бэ гэхэд Анхбаяр гэрийн зурагт биш миний өөрийн зурагт гээд байхаар нь би Анхбаярыг гэрийнхээ зурагтыг аваад ирчихсэн юм байх гэж бодоод байшинд оруулчихсан юм гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,

 

-Гэрч М.Эрхэмзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баруун дэнжийн 16 дугаар гудамжинд байх цагаан худгийн харалдаа 2 эрэгтэй хүн сэжигтэй байдлаар зурагт тэвэрчихсэн, замаар явж байсан машинд гар өргөөд хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явахаар нь би араас нь өөрийнхөө машинаар дагаад тухайн үед хөдөлгөөнт эргүүлд гарч байсан ахлах ахлагч Ариунбатад мэдэгдэж нөгөө машиныг зогсоолгон шалгасан. Зурагт авч явсан гэх хүний дунд өмнө Цагдаагийн байгууллагад хулгайн хэргээр шалгагдаж байсан Сүхбаатарын Анхбаяр байхаар нь Цагдаагийн газарт авчирч шалгахад хулгай хийсэн болохыг тогтоож зурагтыг түр хураан авсан гэсэн мэдүүлэг /хх 27 ху/,

 

-Гэрч М.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би гэрээсээ гараад Дэнж багт очоод Үүрцайхтай уулзахад Анхбаяртай хамт явсан найз маань цагдаад баригдсан гэж байна гэж надад хэлсэн. Үүрцайх бид хоёр ашгүй цагдаад баригдчихлаа, ямар ч байсан гэрээр орох уу гээд Анхбаярын гэрт очиход "зурагт нь байхаар нь Анхбаярыг хулгай хийсэн байна” гэж бодсон юм гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,

 

-Гэрч Х.Ариунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хар өнгийн Соната-2 маркын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Дэнж багаас суусан 2 эрэгтэй хүн хар өнгийн 32 инчийн Самсунг маркийн зурагт тэвэрчихсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5, 12 ху/

         -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 11 ху/

         -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13 ху/

                    -Эд зүйлийн үнэлгээ /хх 31, 97 ху/

                    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56 ху/

         -Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоол /хх 72-74 ху/

          -Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 59 дугаартай магадлал /хх 75-76 ху/,

          -Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамж /хх 76-77 ху/,

          -Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоол /хх 79-83ху/,

          -С.Анхбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 49-54 ху/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

         Шүүгдэгч С.Анхбаяр нь ялтай байх хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 16-1 тоот Г.Мөнхбаярын байшинд нэвтэрч 32 инчийн хэмжээтэй Самсунг загварын ЛСД зурагт хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...дэлгүүрийн эзэн Мөнхбаяр ахад хэлж зээл авахаар хашааны хаалгаар нь ороход байшингийн хаалга нь онгорхой байхаар нь ороход хүнгүй байсан. Тэгээд би зурагтыг нь аваад гарсан” гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Мөнхбаяр /хх 15-16 ху/, гэрч А.Эрдэнэсайхан /хх 17 ху/, Г.Үүрцайх /хх 22 ху/, М.Эрхэмзаяа /хх 27 ху/, М.Баярцэцэг /хх 28 ху/, Х.Ариунбат /хх 29 ху/ нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 11 ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13 ху/, хохирлын үнэлгээ /хх 31, 97ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч С.Анхбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

          Шүүгдэгч С.Анхбаяр урьд нь 4 удаагийн ял шийтгэлтэй байх бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 78 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2., 261 дүгээр зүйлийн 261.1., дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3.т зааснаар түүнийг ялтайд тооцох нь зүйтэй.

 

          Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

          Улсын яллагчаас шүүгдэгч С.Анхбаярыг урьд нь хорих ял эдэлж байсан гэж үзэж оногдуулах ялыг чанга дэглэмд эдлүүлэх саналыг гаргаж байх боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн уг хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2.т зааснаар хүндэвтэр төрлийн ангилалд багтаж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

          Энэ хэргийн улмаас хохирогч Г.Мөнхбаярт 520.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 32 инчийн хэмжээтэй Самсунг Загварын ЛСД зурагтыг буцаан өгсөн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

          Шүүгдэгч нь нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Боржигон овгийн Сүхбаатарын Анхбаярыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч С.Анхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч С.Анхбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч С.Анхбаярын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай

 

         5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Анхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

          7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА