Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0645

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э************* овогт Б*************-ийн М************* /РД:*************/,

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын хооронд үүссэн төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М*************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*************, иргэдийн төлөөлөгч Б.А*************, С.А*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М*************т холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Санхүү эдийн засгийн газрын Санхүү, даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн арга, өртгийн тооцоолол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Хоёр: Хэргийн нөхцөл байдал болон процессын түүхийн талаар:

2.1. Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэн орон тооны хязгаар батлах тухай 155 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалаар[1] тус яаманд ажиллаж байсан 97 албан хаагчийг чөлөөлж, мөн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/135 дугаар Албан тушаалд байршуулан томилох тухай тушаалаар[2] чөлөөлөгдсөн дээрх 97 албан хаагчаас 71 албан хаагчийг шинэ бүтцийн дагуу албан тушаалд буцаан байршуулан томилсон байна.

2.2.Харин Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүү, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.М*************ийг дээрх шинэ бүтцийн дагуу албан тушаалд томилолгүй, хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ[3].

2.3.Хариуцагч уг тушаалаа гаргахдаа Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэгт заасныг баримталсан ба Эрүүл мэндийн даатгалын зохицуулалт, хяналт хийх бүтцийн нэгдмэл, оновчтой болгох ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлсэн гэж үндэслэлээ тайлбарлан, түүний эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй ажиллуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасан байна[4].

2.4.Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар[5] Б.М*************ийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эдийн засаг төлөвлөлт, судалгааны хэлтэст мэргэжилтнээр томилжээ.

2.5.Дээрх үйл ажиллагааг нэхэмжлэгч Б.М*************-ээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан[6].

2.6.Төрийн албаны зөвлөл түүний гомдлыг хүлээн авч хянан үзээд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 01/642 дугаар албан бичгээр ...удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй,...Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2.1 дэх хэсэг, 4.1 дэх хэсгийг тус тус ноцтой зөрчсөн байна... гээд Б/136 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг Эрүүл мэндийн яаманд холбогдох албан тушаалд томилсон шийдвэрийг гаргаж ирүүлэхийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэн байна[7].

2.7.Гэвч хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн мэдэгдлийг хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчээс өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийг гаргасан аж[8].

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Б.М************* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн яам нь төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажил үүргээс нь чөлөөлөөд улмаар өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлж Засгийн газрын 155 дугаар тогтоолын бодлогыг сөрж мэргэшсэн, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэнд халдсан учир, үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир аргагүйн эрхэнд нэхэмжлэл гаргахад хүрсэн болно.

...Миний бие анх 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг хүртэл Эрүүл мэндийн яаманд ажиллахдаа яам дотроо 12 удаа томилогдон ажиллаж байсан. Миний хувьд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэг болох Queensland University of Technology-д эрүүл мэндийн эдийн засгаар магистрын зэрэг хамгаалсан.

3.2.Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газрын санхүү даатгалын хэлтсийн тусламж үйлчилгээний төлбөрийн арга, өртгийн тооцоолол хариуцсан мэргэжилтний албан тушаалд намайг мэдлэг, ур чадвар тохирохгүй гэсэн байсан.

3.3.Гэтэл Эрүүл мэндийн эдийн засагт өртгийн тооцоолол ордог. Бодлого төлөвлөлтийн газарт яам байхгүй байхад бид өөрсдөө өртгөө тооцож, Монгол улсад мөрдөгдөж байгаа төлбөрийн аргыг хамгийн анх гардаж боловсруулж батлуулсан миний нэр дээрх тушаал архивт бий. Тусламж, үйлчилгээний төлбөрийн тооцоолол, өртгийн арга нь Эрүүл мэндийн эдийн засгийн салбартаа ордог. Эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн өртөг, төлбөрийн аргатай холбоотой заавар журам боловсруулах нь миний яаманд байхдаа хийж байсан ажил. Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт, зарцуулалт, төлбөрийн арга, өртгийн тооцоолол, дүн шинжилгээ хийх нэгдсэн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангах гэдэг хийх ажлууд нь судалгаа хийж, нэгдсэн арга зүйгээр хангахыг хэлэх ба миний хийж байсан ажлууд. Уг албан тушаал миний мэдлэг, арга зүйд 100 хувь таарч байгаа... гэжээ.

3.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаал Б.М*************ийн дээрх саналыг харгалзаж үзэлгүй шууд шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.М*************ийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хадгалагдаж байсан. Өнөөдөр ч албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг нь хадгалагдаж байгаа. Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газрын санхүү даатгалын хэлтсийн тусламж үйлчилгээний төлбөрийн арга, өртгийн тооцоолол хариуцсан мэргэжилтний албан тушаалд хариуцагчаас уг албан тушаалд хэн нэгэн томилогдоогүй гэсэн хариу албан бичгийг ирүүлсэн, Б.М*************-ийн ажиллаж байсан албан тушаал тул томилогдох боломжтой гэж үзэн уг албан тушаалд томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс дүйцэх албан тушаалд томилох шийдвэр гарсан... гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүл мэндийн яам 2020 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаанд стратеги зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийхэд нэхэмжлэгч Б.М*************-ийн ажиллаж байсан Бодлого төлөвлөлтийн газар татан буугдсан.

...Сонсох ажиллагаагаар Б.М*************-ийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэх талаар мэдэгдэхэд өөрөө саналыг зөвшөөрч байгаа талаараа мэдэгдсэн. Тухайн үедээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэртэй нь ойрхон гэж дуртай байсан гэж сонссон. Эрүүл мэндийн яамны хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг бүрэн баримталж Бодлого төлөвлөлтийн газар татан буугдсантай холбоотойгоор сонсох ажиллагааг хийсэн...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Шүүх дараах үндэслэлээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М*************-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Санхүү, эдийн засгийн газрын Санхүү, даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн арга, өртгийн тооцоолол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.1.Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.М************* нь Эрүүл мэндийн яаманд 2005 оноос ажиллаж байгаа[9] бөгөөд маргаан бүхий актыг гаргахаас өмнө Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүү, зээл тусламж, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.

4.2.Улмаар албан тушаалын чиг үүрэг нь Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тогтоолын дагуу баталсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 118 дугаар тушаалаар[10] батлагдсан бүтцэд Эрүүл яамны бодлого төлөвлөлтийн газар татан буугдаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар[11] Санхүү, даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн арга, өртгийн тооцоолол хариуцсан мэргэжилтний албан тушаал сул орон тоотой батлагдсан нь Б.М*************ийн ажиллаж байсан Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүү, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн албан тушаалын чиг үүрэг, хадгалагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.3.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн[12].

4.4.Уг сонсох ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М*************-ээс Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь заалтад цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатны албан хаагчид бичгээр тавих эрхээ хэрэгжүүлж бичгээр хүсэлт[13] гаргасан боловч хариуцагч уг саналыг харгалзан үзэхгүйгээр түүнчлэн шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлагатай харилцан тохиролцолгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/06 дугаар албан бичгээр тогтоогдсон[14].

4.5.Түүнчлэн түүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар эдийн засгийн үнэлгээ, судалгаа хариуцсан мэргэжилтнээр томилж, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/105 дугаар[15] ТЗ-6-5 ангилал, зэрэглэлд хамруулсан нь албан тушаал болон цалин хөлс буурсан болох нь цалингийн зөрүү олгосон талаар лавлагаа[16] зэргээр тогтоогдож байх тул хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

4.6. Мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болох хэдий ч энэ тохиолдолд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас харахад нэхэмжлэгч нь тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаагүй[17], маргааны үйл баримтаар зайлшгүй шаардлага гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

4.7.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах-аар заасан.

4.8.Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.М*************-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан үзэж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр Албан тушаалд байршуулан томилох тухай тушаалын хавсралтаар Санхүү даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн арга, өртгийн тооцоолол хариуцсан мэргэжилтний албан тушаал сул оронд томилох боломжтой байж.

4.9. Өөрөө хэлбэл Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн арга, өртгийн тооцоолол хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтуудыг[18] харьцуулан үзэхэд албан тушаалын ангилал, зэрэглэл, үндсэн зорилт, чиг үүрэг, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар гэх мэт тусгай шаардлагууд нь нэхэмжлэгч Б.М*************-ийн өмнө нь ажиллаж байсан Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүү, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтоос илтэд зөрүүгүй буюу Б.М*************-ийг тухайн албан тушаалын болзол шаардлагыг хангахгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.10. Энэхүү хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.А************* иргэн Б.М*************-ийг үндэслэлгүй үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байна. Иймээс түүнийг тухайн хашиж байсан ажил мэргэжил болон салбарт нь эргүүлэн ажиллуулах гэж, Б.А************* Би энэ М************* гэдэг хүнийг ямар шалтгаанаар зэрэг дэвийг нь бууруулсан шалтгааныг сайн ойлгосонгүй гэж дүгнэлт өгсөн болно[19].

4.11.Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М*************-т холбогдох хэсэг нь хууль бус захиргааны актын шинжтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн нь тогтоогдож байх тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М*************т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Санхүү, эдийн засгийн газрын Санхүү, даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн арга, өртгийн тооцоолол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.М*************т холбогдох хэсгийг хүчингүй болохыг тогтоож, түүний урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Санхүү, эдийн засгийн газрын Санхүү, даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн арга, өртгийн тооцоолол хариуцсан мэргэжилтний албан тушаалд Б.М*************ийг томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ