Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2017/00834

 

 2017 оны 04 сарын 11 өдөр

      Дугаар 184/ШШ2017/00834

Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, шүүгч Б.Хишигбаатар, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ...тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт Д-ийн Б /регистрийн дугаар ...

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... байрны .. тоот хаягт оршин суух, эмэгтэй, Ж овогт Л-ын Ш /регистрийн дугаар ..../-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1,629,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Р, хариуцагч Л.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байрны дээд давхарт оршин суугч Я.Ц, түүний эхнэр Л.Шнарын дундын өмчлөлийн байранд удаа дараа цэвэр бохир ус алдагдаж, миний өмчлөлийн орон сууцанд хохирол учруулсан юм. Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба шүүх хариуцагч Я.Ц1.629.000 төгрөг гаргуулан надад олгож, шаардлагаас үлдэх 26.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч Я.Ц нь Монгол Улсын дээд шүүхэд хандаж гомдол гаргасан юм. Гэвч хариуцагч Я.Ц нас барсан үндэслэлээр хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Миний бие одоо орон сууцны хууль ёсны өмчлөгч Л.Ш-аасдээрх гэм хорын хохирол 1.629.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохирлын төлбөр нь 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ус алдсаны улмаас манай орон сууцанд учирсан хохирол бөгөөд урьд өмнө ус алдсаны улмаас учирсан хохирлыг тооцоогүй болно. Хохиролд тооцогдсон 1.629.000 төгрөгийг Итгэлт эстимэйт ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хохирлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа ба энэ хохирлыг орон сууцны хууль ёсны өмчлөгч Л.Ш-аасгаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Шшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны ... байрны ... тоот манай байрнаас удаа дараа цэвэр бохир ус алдаж доод давхарын 109 тоот байранд хохирол учруулж байгаагүй юм. 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр манай байрны гал тогооны өрөөний шугамны труба гэнэт задарч ус алдсан гэсэн. Тэр үед би гэртээ байгаагүй. Энэ труба нь өмнө нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хэвийн байсан юм. Тэр өдөр гэнэт труба задарсан нь хэт өндөр даралттай ус ирсэнээс юм уу эсвэл ус шахалтын хэвийн бус ажиллагаанаас шалтгаалан ус алдсан гэж үздэг. Дээрх гал тогооны труба гэнэт задарч ус алдсан нь миний буруутай ажиллагаанаас үүсээгүй тул нэхэмжлэгч Д.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ус алдсаны улмаас өөрийн өмчлөлийн орон сууцанд учирсан гэм хорын хохирол 1,629,000 төгрөгийг хариуцагч Л.Ш-аасгаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

       Хариуцагч Л.Шнь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. байрны ... тоот орон сууцны өмчлөгч мөн бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр түүний өмчлөлийн орон сууцны гал тогооны хэрэглээний цэвэр усны холигчийн уян холбоо задарч ус алдаж, улмаар нэхэмжлэгч Д.Бын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо, .. байрны .. тоот орон сууцны гал тогооны өрөө, том өрөө, жижиг болон үүдний өрөөний таазны шохойг хуулсан, обой болон ханыг норгож гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан нь М ОНӨААТҮГазрын 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн дүгнэлт, болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх _____ р тал/

       Хариуцагч Л.Шнь дээр дурдсан үйл явдлын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч Д.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... уян холбоо задрах болсон нь хариуцагчийн хүсэл зоригоос гадуур болсон үйл явдал ...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийтийн зориулалттай орон сууцны байшин”-д хамаарах бөгөөд Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар, орон сууцны “гал тогооны хэсэг”, уг хэсэгт байрлах холигчийн уян холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд мөн хамаардаг байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар, эд зүйлийг дангаар өмчилж буй этгээд нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүйгээс гадна бусдын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй байдаг. Түүнчлэн Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэр гарсан тухай бүр оршин суугч буюу өмчлөгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээсэн байна. Хуулийн эдгээр үндэслэлүүдээр орон сууцны өмчлөгч буюу хариуцагч Л.Шнь дангаар өмчилж буй орон сууцны гал тогтооны хэсэг, уг хэсэгт байрлах холигчийн уян холбоо гэмтсэний улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Хариуцагч буюу орон сууц өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ ашиглахдаа анхаарал болгоомжтой хандаж, эд хөрөнгөдөө засвар үйлчилгээ хийлгэх, сольж сайжруулах зэргээр өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан талаараа нотлож чадвал түүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөх боломжтой, түүнчлэн гэм хор учрахад хариуцагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болохыг нотлож чадвал мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирлын хэмжээг бууруулах боломжтой хэдий ч хариуцагч нь энэ үүргүүдээ биелүүлж чадаагүй.

Иймд хариуцагч Л.Шнь Д.Бын өмчлөлийн орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлыг бүхэлд нь хариуцах учиртай.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж үзвэл, нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлын хэмжээг Ашид билгүүн ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, хөрөнгийн бодит байдалтай танилцсаны үндсэн дээр 1.457.000 төгрөгөөр, Итгэлт эстимэйт ХХК нь орон сууцны барилгад засвар хийсний дараа, фото зураг, хуулбар, холбогдох материалийг үндэслэн, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1.629.000 төгрөгөөр тус тус тогтоосон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан ижил төрлийн бичмэл нотлох баримтууд авагдсан байна. Нэхэмжлэгч нь ижил төрлийн эдгээр бичмэл нотлох баримтуудаас Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний дүгнэлтийг сонгож, уг дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлээ гаргажээ.

А ХХК нь хохирлын үнэлгээг гаргахдаа засварын ажлын хөлс, материалын зардал зэргийг засвар хийхээс өмнөх үеийн ханшаар, харин Итгэлт эстимэйт ХХК нь учирсан хохирлыг нэгэнт арилгасны дараа, үнэлгээний дүгнэлт гаргах үеийн зах зээлийн ханшаар тооцсон гэж үзэхээр байна. И ХХК нь сэргээгдсэн буюу засвар хийсэн хөрөнгийг үнэлэхдээ нэгэнт гарсан, бодит зардлыг харгалзаж, “өртгийн арга”-ыг хослуулан хэрэглэх тухай Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчиж, дан ганц “зах зээлийн үнээр” тогтоосон нь учир дутагдалтай болжээ. Иймд И ХХК-ийн үнэлгээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. /хх ____р тал/

Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын хэмжээг өөрөө нотлох үүрэг хүлээдгийн нэгэн адил өмнө тогтоогдсон хохирлын хэмжээг ихэсгэж нэхэмжлэл гаргах болсон үндэслэлийг мөн баримтаар, үндэслэлтэйгээр нотлох үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрөөс гарсан бодит зардлыг бус, эсхүл гарч болох зардлыг тогтоосон А ХХК-ийн үнэлгээ /1.457.000 төгрөг/-г бус, илүү өртөг тооцогдсон И ХХК-ийн үнэлгээ /1.629.000 төгрөг/-г үндэслэн нэхэмжлэл гаргасан шалтгаанаа нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь өөрт учирсан уг гэм хорын хохирлыг арилгах зорилгоор, А ХХК-иас, даатгалын нөхөн төлбөрт 136.400 төгрөгийг авсан талаар маргаагүй тул даатгалаас авсан нөхөн төлбөр /136.400 төгрөг/-ийг учирсан хохирлоос хасаж тооцох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан, бодит хохирлыг арилгах хуулийн зохицуулалттай нийцэх юм.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй тул хэрэгт авагдсан эргэлзээгүй бичмэл нотлох баримтын хэмжээнд буюу АХХК-ийн дүгнэлтэд дурдагдсан 1.457.000 төгрөгийн үнэлгээнээс даатгалын нөхөн төлбөрт авсан 136.400 төгрөгийг хасаж, үлдэх 1.320.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба зохигчдоос гаргасан бичгийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Ш-аасгэм хорын хохирол төлбөрт 1.320.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 308.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ш-аас36.079 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОНБААТАР

                   ШҮҮГЧ                                    Д.УРАНЗУЛ

                                                                   Б.ХИШИГБААТАР