Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/986

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Т.*******  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001637 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 14-нд ******* аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн 31 дүгээр сургуульд туслах багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын *******ийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн *******ны *******ны од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ИУ/   овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ын эзэмшлийн УБЭ улсын дугаартай “Toyota Tundra” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хагалсан бөгөөд бусдын эд хөрөнгийг устгаснаар бага хэмжээнээс дээш буюу 1.600.000 төгрөгийн үнэ бүхий хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Т.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогч намайг 1.200.000 төгрөг өгчихөд болно гэсэн тэгэхээр нь 1.200.000 төгрөг шилжүүлсэн.” гэв. 

Гурав: Эрүүгийн 2405000001637 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “Би өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өглөө өөрийн эзэмшлийн 72- УБЭ дугаартай “Toyota Tundra” маркийн машинтайгаа хамт ажилладаг гэх хүний хамт Хан-Уул дүүргийн Имарт дэлгүүрээс гараад Энхтайваны гүүр даваад нарны замаар 10 дугаар хороолол орохоор зүүнээс баруун чиглэл рүү явж байхад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу дүүргийн тамгын газрын харалдаа зам дээр явж байхад миний урдуур хар өнгийн “Toyota crown” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдуур орж ирээд зогсоод жолооч нь гэх 30 орчим насны залуу бууж ирээд намайг хэл амаар доромжлоод надтай маргалдаад байхаар нь би хаалганы цонхыг хаахад тэр залуу гараараа нэг удаа цохиж миний машины урд салхины шилийг хагалчхаад машиндаа суунгуут нь би бууж очиж нөгөө залууг саатуулаад цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхийг хүлээгээд байж байсан чинь нөгөө залуу хөдлөөд яваад өгсөн. Би тэр залуугийн биед нь хүрээгүй. Би машинаар явж байгаад тэр машины урдуур нь эгнээгээ сольж орсон. Тэрнээс болоод тухайн залуу араас давхиж ирээд миний урдуур орж ирж зогсоод хэрүүл маргаан үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.ын гэрчээр өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би хамт ажилладаг гэх хүний хамт Нарны замаар зүүнээс баруун чиглэлд Жаст ойл ШТС-ын жоохон зүүн талд ын УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр бид хоёр явж байхдаа хар өнгийн “Toyota crown” маркийн машин урдуур орж ирээд огцом тоормослож зогсоод бууж ирээд ыг машинаас татаж буулгах гээд татангуут хаалгаа хааж авахаар нь тэр залуу машины урд салхины шилийг гараараа нэг удаа цохиход машины урд салхины шил нь цуурсан. Тэгээд жоохон байж байгаад тэр залуу яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

3. “Хас Үнэлгээ” ХХК-ийн “Салхины шил 1.500.000 төгрөг, ажлын хөлс 100.000 төгрөг нийт 1.600.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.*******гийн яллагдагчаар өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн - улсын дугаартай хар өнгийн “Toyota crown” маркийн тээврийн хэрэгсэлтэй нарны замаар зүүнээс баруун чиглэлд вокзалын харалдаа явж байсан чинь хагас ачаатай жип машин жижиг зайнд урдуур шахаж орохоор нь би огцом тоормослосон. Тэгэхэд арын суудал дээр сууж байсан манай 7 настай, 2 настай хоёр хүүхдийн бага нь суудлын түшлэг мөргөөд уйлсан. Тэгээд би гэрлэн дохио өнгөрөөд тэр машины хажуугаар нь ороод цонхоор та яаж яваад байгаа бэ гэхэд тухайн машины жолооч нь над руу дунд хуруугаа гаргахаар нь би урдуур нь зогсоод бууж очоод яаж яваад байгаа юм бэ хүүхэд гэмтчихлээ гэхэд тэр хүн чи тэгээд мөргөчихгүй яасан юм гэсэн. Тэгээд би хаалгыг нь татсан чинь онгойлгохгүй байхаар нь би хаалгыг нь түлхчихээд урд шилний багана руу нь гараараа нэг удаа цохичихоод яваад өгсөн. Тэгсэн тэр хүн араас хүрч ирээд чи цонх хагалчихлаа гээд цагдаа дуудаад байсан. Тэгээд манай хүүхэд дух нь улайгаад хонхойсон уйлаад байхаар нь би явж хүүхдээ үзүүллээ гээд яваад өгсөн. Тэгээд би Д. /2 настай/ хүүхдээ Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд дух нь цөмрөөгүй байна, тархи нь доргиж гэмтсэн байж болно 3, 4 өдөр ажиглана гэсэн. Тэгээд дахиж үзүүлээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  - улсын дугаартай хар өнгийн “Toyota crown” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон  замын хөдөлгөөнд оролцож явахдаа “гэнэт урдуур дайрч орлоо” гэх шалтгаанаар маргалдаж ын жолоодож явсан  72- УБЭ дугаартай “Toyota Tundra” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохисны улмаас хагалж бага хэмжээнээс дээш буюу 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

ын хохирогчоор өгсөн: “...миний урдуур хар өнгийн “Toyota crown” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдуур орж ирээд зогсоод жолооч нь гэх 30 орчим насны залуу бууж ирээд намайг хэл амаар доромжлоод надтай маргалдаад байхаар нь би хаалганы цонхыг хаахад тэр залуу гараараа нэг удаа цохиж миний машины урд салхины шилийг хагалчхаад машиндаа суунгуут нь би бууж очиж нөгөө залууг саатуулаад цагдаад дуудлага өгчхөөд цагдаа ирэхийг хүлээгээд байж байсан чинь нөгөө залуу хөдлөөд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал), М.ын гэрчээр өгсөн: “Toyota crown” маркийн машин урдуур орж ирээд огцом тоормосолж зогсоод бууж ирээд ыг машинаас татаж буулгах гээд татангуут хаалгаа хааж авахаар нь тэр залуу машины урд салхины шилийг гараараа нэг удаа цохиход машины урд салхины шил нь цуурсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), “Хас Үнэлгээ” ХХК-ийн “Салхины шил 1.500.000 төгрөг, ажлын хөлс 100.000 төгрөг нийт 1.600.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 12-13 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би хаалгыг нь түлхчихээд урд шилний багана руу нь гараараа нэг удаа цохичихоод яваад өгсөн. Тэгсэн тэр хүн араас хүрч ирээд чи цонх хагалчихлаа гээд цагдаа дуудаад байсан...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 20-21 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Хэргийн хохирогчийн эд хөрөнгийн үнэлгээнд нэрлэн заасан нийт 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгч Т.*******гийн үйлдлийн улмаас үүссэн гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Шүүгдэгч Т.*******гийн дээрх гэмт үйлдэл нь Баянгол дүүргийн прокуророос “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

Хэргийн шүүгдэгч Т.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Т.*******г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс 1.200.000 төгрөг ын данс руу шилжүүлсэн Хас банкны цахим гүйлгээний мэдээллийн баримтыг,  хохирогч аас “...автомашины салхины шилний хохиролыг барагдуулсан тул гомдолгүй” гэсэн бичгийн хүсэлтийн хамт гаргаж хэрэгт хавсаргуулав.  Хохиролыг автомашины шил 1.500.000 төгрөг, ажлын хөлс 100.000 төгрөг нийт 1.600.000 төгрөгөөр тогтоосон эд зүйлийн үнэлгээгээр тооцох боловч хохирогч нэхэмжлэлээсээ татгалзах, багасгах нь өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл учир шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун тавин мянган төгрөгөөр ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үйлдсэн хэргээ хүлээн гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүхээс шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Т.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт *******ын *******г “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.*******г Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт Т.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ