Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/33

 

Р.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолтой, цагаатгагдсан Р.А-д холбогдох эрүүгийн 2013000000002 дугаартай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, прокурор А.Турдыбек, цагаатгагдсан Р.А-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б, хэлмэрч А.Еркегүл нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1964 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, ам бүл 2 хүнтэй, хүүхдийн хамт Б сумын 3 дугаар багт оршин суудаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай У овогт Р-ийн А /РД: БЮ00000000/ 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед, өөрийн гэрт нөхөр Т.С-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолоор Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р. А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар хэрэгсэхгүй болгож, Р.А-ийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “1. Яллагдагч Р.А- нь нөхөр Т.С агсам тавьж догшин авирласан үед нөхрөө айлгах, өөрийгөө хамгаалах гэсэн санаа зорилгоор үйлийн хайч гартаа барьж ноцолдож байхад хайч нь Т.Сийн цээжинд орж, улмаар түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон. Учир нь гэрч С.Нгийн “...Намайг гал тогооны өрөөнд орж ирэхэд ээж баруун гартаа улаан өнгийн иштэй хайч барьсан байсан бөгөөд аав маань бүр их уурлаж чанга дуугаар орилж байсан юу гэж хэлж орилж байсныг нь одоо санахгүй байна. ... Тэр үед ээж айж сандраад байсан газраасаа хөдөлж чадаагүй, аав надад хүч өгөлгүй намайг түлхэж холдуулан ээж рүү урагшаа дайрахад би аавын ар талд үлдсэн юм. Тэгээд эргэж харахад аавын биеэс доошоо хулдаасан шал руу цус дусаж байхаар нь би ээж рүү уйлаад харахад ээж мөн над руу сонин айсан байдалтай болсон байсан, нүүр царай нь цайрсан харцаар хараад надад би албаар хийгээгүй санамсаргүй орчихлоо өөрөө дайрч ирээд хайч руу орчихлоо гэж надад хэлсэн. ...Тэгээд хэсэг сууж байтал ээжийн орилох чимээ бүдэгхэн сонсогдох шиг болохоор нь унтлагын өрөөнөөс гарч ирэхэд өвөө, ээж хоёр гал тогооны өрөөний зүүн урд буланд угаалгын өрөөний үүдэнд зогсож байсан ба ээжийн гарт улаан бариултай хайч байсан, хайчны төмөр нь цустай байсан. Харин ээжийн хажууд өвөө зогсож байсан ба өвөөгийн цээжний хэсгээс цус гарч, доошоо хулдаас руу дуссан. ... ээж би санаатай хийгээгүй гэж хэлсэн. Аав чинь өөрөө над руу дайрч хайчинд орсон гэсэн. ... Хайч хаана байсныг тэр өдөр хараагүй. Ихэнхдээ оёдлын машины хажууд байдаг байсан. Тухайн үед ээж хаанаас авсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн “...надад “би чамайг бодоход шоронгийн амьдрал үзсэн хүн, чамайг алсан ч гэсэн маргааш би гараад ирнэ” гэхээр нь би гэрийн зүүн урд талын жижиг мухар хаалгагүй өрөөнд орж нэг гутлаа өмсөж аваад нөгөө гутлаа өмсөх гэж байтал С буйдангаас босож ирээд гартаа сандал барьж аваад надад “чамайг сандлаар нам цохъё” гээд ирж байтал нь би тус жижиг өрөөнд байсан гутлын тавиурын доод талаасаа хоёр дахь хэсэгт нь улаан өнгийн бариултай хайч байхаар нь өөрийгөө хамгаалах санаатай, гэхдээ нөхрийгөө алах санаатай аваагүй, хайчийг гартаа барьж аваад жижиг өрөөнөөс гараад ирсэн. Тэр үед нөхөр над руу ирж байгаад жижиг өрөөний үүдний хэсэгт байдаг багана төмөрт найгаж байгаад биеэрээ мөргөсөн, тэр үед түүний гарт байдаг цэнхэр өнгийн модон сандал гараас нь мултарч, шаланд унасан. Тэр үед С миний гарт байсан хайчийг хараад над руу “чи эхлээд намайг алчих, дараа нь би чамайг ална” гэж дайраад, тэгээд бид хоёр хэсэг ноцолдсон. Нэг мэдэхэд Сийн цээжний хэсэгт миний гарт байсан хайч хатгагдаж орох шиг болсон. Яг яаж хатгагдсаныг санахгүй байна. Тухайн үед миний нэлээн сандарч байсан. Яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд түүний цээж рүү миний гарт байсан хайч хатгагдаж орох шиг болсон. Тэр үед түүний цээжнээс цус гарсан. Би цусыг хараад шоконд орж сандарсан. Тэгээд гартаа байсан хайчийг жижиг өрөөний үүдэнд хананд тулгаж тавьсан угаалгын машины дотор хийчих шиг болсон. Тухайн үед угаалгын машины хувцас угаах хэсэг нь таггүй байсан, харин хатаах хэсгийн таганд жижиг саван байх шиг харагдсан. Би тэр үед нэлээн сандарч, орилсон. ...бид хоёр хэсэг ноцолдсон, нэг мэдэхэд Сийн цээжний хэсэгт хайч хатгагдаж орох шиг болсон. Яг яаж хатгагдсаныг санахгүй байна, тухайн үед миний бие нэлээн сандарч байсан, яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд түүний цээж рүү орсон хайчнаас би барчихсан байсан. Тэр үед түүний цээжнээс цус гарсан. Би цусыг хараад шоконд орж сандарсан. Тэгээд хайчийг аваад жижиг өрөөний үүдэнд хананд тулгаж тавьсан угаалгын машины дотор хийчих шиг болсон.” гэх мэдүүлгээс үзэхэд үйлийн хайчийг барьсан бөгөөд ир үзүүртэй зүйл хүний биед хүрвэл амь нас эрүүл мэндэд гэмтэл учруулах боломжтой гэдгийг мэдсэн ба мэдсээр байж барьж авсан үйлдлийн сэтгэхүйн хандлага нь болгоомжгүй байна. Өөрөөр хэлбэл нөхрөө алчихна чинээ бодоогүй, тийм аюулд хүрч болзошгүй гэж төсөөлөөгүй буюу өөрийн үйлдэлдээ хөнгөмсгөөр хандсан гэж үзэж байна.

2. Яллагдагчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “...би гутлаа өмсөх гэж байхад С гал тогооны өрөөний аяга тавгийг дугаргах шиг болсон.... тэгээд унтлагын өрөө рүү орох шиг болсон. Би жижиг өрөөнөөс гарч ирэхэд С улаан бариултай хайчийг бариад миний урдаас ирээд “би чамайг бодоход шоронгийн амьдрал үзсэн хүн, чамайг алсан ч гэсэн маргааш би гараад ирнэ, чи явах гэж байгаа юм уу эхлээд чамайг ална, дараа нь өөрийгөө ална” гэж хэлэхээр нь би барьж аваад хэсэг ноцолдсон” гэсэн бол 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... гутлаа өмсөх гэж байтал С буйдан дээрээс босож гартаа сандал барьж аваад “чамайг сандлаар нам цохьё” гэж ирж байгаад найгаж үүдний хэсэгт байдаг төмөр баганыг мөргөсөн гэснээр илт зөрүүтэй тул, мөн “...цээжинд орсон хайчнаас би барьчихсан байсан. Талийгаач цээжнээсээ хайчийг татаж сугалж авсан... талийгаач өөрөө хүчтэй сугалж авсан”, “...түүний гараас хайчийг арай гэж булааж авсан, талийгаачийн хоёр гар нь хайчаас нэлээн чанга зуурчихсан байсан... талийгаачийн цээжнээс хайчийг би сугалж авсан” гэх мэдүүлгүүд илт зөрүүтэй тул тус тус үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

3. Яллагдагчийн “... ах чинь агсам тавиад өөрийгөө хайчаар гэмтээсэн хурдан ир гэж дүү Бд хэлсэн. ...би эмч нарт талийгаач өөрийгөө хайчаар хатгасан талаар хэлсэн” гэх мэдүүлгүүд нь хохирогч Т.Б, гэрч А.Т, Ө.А, 3.Х нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл тэрээр талийгаач өөрөө өөртөө хайчийг дүрсэн бол тэр талаар ах дүү нарт нь эсхүл эмчид шууд хэлж өөрийгөө ямар ч буруугүй гэдгээ ойлгуулах байсан. Эмчид шууд хэлж амь насыг нь аврах яаралтай арга хэмжээ авхуулах талаар санаачилга гаргалгүй уг үйлдлийг эмчээс нуусан байдаг. Шилний хагархайгаар зүссэн буюу бага хэмжээний шарх мэтээр эмч болон ах дүү нарт нь ойлгуулсан байдаг. Ийм учраас шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, Р.А-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

            Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р. А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь гэм буруугийн болон хууль ёсны зарчимд нийцсэн боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс хэргийн жинхэнэ байдлыг буруу тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байна.

 

            Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллагдагч Р.А-д холбогдуулан, түүний “2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед өөрийн өвлийн байшинд нөхөр Т.С-тэй “архи уулаа” гэж маргалдаж, нөхөр нь цайны данх, ширээ, сандал, ус буцалгагч зэрэг эд зүйлийг авч шидэн, агсам тавих үед нөхрөө айлгах, өөрийгөө хамгаалах гэсэн зорилгоор үйлийн хайч гартаа барьж аван, ноцолдож байхад хайч нь нөхөр Т.С-ийн цээжинд орж, улмаар түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон”[1] гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Харин шүүх хэргийн үйл баримтыг “...шүүгдэгч Р.А- нь нөхрөө айлгах, өөрийгөө хамгаалах санаа зорилгоор улаан өнгийн иштэй хайчийг олж аваад гартаа барьсан, улмаар нөхөр Т.С-тэй ноцолдсон, ноцолдож байхад гарт нь байсан хайчийг амь хохирогчийн цээж тус газар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хатгасан нөхцөл байдал тогтоогдоогүй ...” гэж дүгнэжээ.

 

            Гэтэл хэргийн газраас эд мөрийн баримтаар хурааж авсан улаан өнгийн бариултай үйлийн хайчийг[2] хэрэг учрал болох үед “Р.А- анх олж авч, гартаа барин хохирогч Т.С-тэй ноцолдсон” талаар гагцхүү түүний 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн “...би гэрийн зүүн урд талын жижиг мухар хаалгагүй өрөөнд орж, нэг гутлаа өмсөх гэж байтал С буйдангаас босож ирээд гартаа сандал барьж аваад надад “чамайг сандлаар нам цохъё” гээд ирж байтал нь би тус жижиг өрөөнд байсан гутлын тавиурын доод талаасаа 2 дахь хэсэгт нь улаан өнгийн бариултай хайч байхаар нь өөрийгөө хамгаалах санаатай, гэхдээ нөхрийгөө алах санаатай аваагүй, хайчийг гартаа барьж аваад жижиг өрөөнөөс гараад ирсэн. Тэр үед нөхөр над руу ирж байгаад жижиг өрөөний үүдний хэсэгт байдаг багана төмөрт найгаж байгаад биеэрээ мөргөсөн, тэр үед түүний гарт байдаг цэнхэр өнгийн модон сандал гараас нь мултарч шаланд унасан. Тэр үед С миний гарт байсан хайчийг хараад над руу “чи эхлээд намайг алчих, дараа нь би чамайг ална” гэж дайраад тэгээд бид 2 хэсэг ноцолдсон, нэг мэдэхэд Сийн цээжний хэсэгт миний гарт байсан хайч хатгагдаж орох шиг болсон” гэх мэдүүлэгт[3] тэмдэглэгджээ.

Т.А-ийн зөвхөн дээрх мэдүүлгийг үндэслэж, хэргийн үйл баримтыг прокуророос “нөхрөө айлгах, өөрийгөө хамгаалах гэсэн зорилгоор үйлийн хайч гартаа барьж аван, ноцолдож байхад хайч нь нөхөр Т.С-ийн цээжинд орсон” гэж, анхан шатны шүүхээс “Р.А- нь нөхрөө айлгах, өөрийгөө хамгаалах санаа зорилгоор улаан өнгийн иштэй хайчийг олж аваад гартаа барьсан, улмаар нөхөр Т.С-тэй ноцолдсон” гэж тус тус дүгнэж, хэргийн жинхэнэ байдлыг бодитой тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцээгүй ба шүүх мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулж үнэлэх журмыг баримтлаагүй байна.

           

Харин хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн гэрч С.Н-гийн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр[4], 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр[5], 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр[6], 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр[7] мөрдөн шалгах ажиллагааны явцад, 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр[8] анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, цагаатгагдсан Р.А-ийн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр[9] сэжигтнээр өгсөн, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр[10], 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр[11], 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр[12],  2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр[13] тус тус яллагдагчаар, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр[14] анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл[15], мөн өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл[16], 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл[17], шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4 дүгээр Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт[18] зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хооронд нь харьцуулан дүгнэвэл, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Сийн өвлийн байшинд амь хохирогч Т.С нь гэртээ архи ууж ирэн “архи өгсөнгүй” гэж агсам согтуу тавьж, гэрийн эд хогшил, сандал ширээг эвдлэн шидэж, улмаар унтлагын өрөөнд байсан оёдлын машины тавцангаас улаан бариултай, хурц үзүүртэй үйлийн хайчийг авч, гартаа барин, цээж нүцгэн байдалтайгаар эхнэр Р.А-ийг байшингаас гаргахгүй гэж түүн рүү дайрах, довтлох үед Р.А- нь өөртөө болон нөхөр Т.Сийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор амь хохирогч Т.Сийн хайч барьсан гарыг барьж авч, улмаар Т.С болон Р.А- нар хоорондоо ноцолдох үед амь хохирогч Т.Сийн гарт байсан үйлийн хайч түүний зүүн талын өвчүүний ойролцоох шугамаар, 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндийд хатгагдаж нэвтрэн, уушгины артерийг гэмтээснээс Т.С нь дотуур цус алдалтын хүчтэй цочрол /шок/-д орсны улмаас нас барсан үйл баримт тогтоогджээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл явдалд эрх зүйн дүгнэлт өгвөл, амь хохирогч Т.С нь цээж нүцгэнээр, гартаа хурц үзүүртэй хайч барин Р.А-д дайрах үед Р.А- нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан аюулыг зайлуулах, хайчийг аюулгүй болгох зорилгоор Т.Сийн хайч барьсан гараас нь барьж, ноцолдох үед нөхөр Т.Сийн биед түүний гартаа барьсан хурц үзүүртэй хайч хатгагдаж нэвтэрсний улмаас Т.Сийн амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч, Р.А- нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хохироож болох хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг үйлдэл хийсэн байх тул түүний дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж, гэмт хэрэгт тооцохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Р.А, Т.С нарын хооронд “архи өгсөнгүй” гэснээс болж үүсэн ахуйн шинжтэй маргаан нь даамжирч нөхөр Т.С нь цайны данх, ширээ, сандал, ус буцалгагч зэрэг эд зүйлийг авч шидэн, агсам тавих, улмаар эхнэр Р.А-ийг гэрээсээ гаргахгүй гэж хурц үзүүртэй хайч барин түүн рүү дайрах, довтлох үед, эхнэр Р.А- нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нөхцөл байдалд хүрсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.А-ийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын “анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулгатай эсэргүүцлийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                М.НЯМБАЯР

 

 

 

 

           

 

           

 

 

[1] Хэргийн 2 дугаар хавтасны 116 дахь талын арын нүүр.

[2] Хэргийн 2 дугаар хавтасны 27 дугаар дахь талын арын нүүр.

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 178 дахь тал.

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 95 дахь тал.

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 97 дахь тал.

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 98 дахь тал.

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 100 дахь тал.

[8] Хэргийн 2 дугаар хавтасны 43 дахь тал.

[9] Хэргийн 1 дүгээр хавтасны 175 дахь тал.

[10] Хэргийн 1 дүгээр хавтасны 181 дэх тал.  

[11] Хэргийн 1 дүгээр хавтасны 184 дэх тал.

[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 186 дахь тал.

[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 188 дахь тал.

[14] Хэргийн 2 дугаар хавтасны 40-41 дэх тал.

[15] Хэргийн 1 дүгээр хавтасны 12-28 дэх тал.

[16] Хэргийн 1 дүгээр хавтасны 29-32 дахь тал.

[17] Хэргийн 1 дүгээр хавтасны 53-60 дахь тал.

[18] Хэргийн 1 дүгээр хавтасны 104-108 дахь тал.