Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0652

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М************* ХХК, /РД*************/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. М************* ХХК-ийн Булган аймгийн ************* сумын нутагт ************* нэртэй газарт орших XV-************* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунган бүртгээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг тогтоох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад даалгах[1] гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно..

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрээр М************* ХХК-д Булган аймгийн ************* сумын нутаг ************* нэртэй газар 1399.30 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын XV-************* дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ[2].

2.2. М************* ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрөө 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төлжээ[3].

2.2.2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03/21 тоот албан бичгээр Тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрөө төлж, тусгай зөвшөөрлийн хавсралтад зохих тэмдэглэгээ хийлгэхээр хандахад Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/3507 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Д*************-ээс ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгахаас 1 сарын өмнө...танай компаниас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө ХВ-************* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй тул уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон...[4] гэх хариуг өгчээ.

2.3.М************* ХХК-иас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 04/21, 2021 оны 9 дүгээр сарын 12/21 тоот албан бичгүүдээр тус тус хандахад 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 8/4069 албан бичгээр ... хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан эрхээ эдлээгүй байна...[5], 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/4411 тоот албан бичгүүдээр[6] хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг албан бичгээр илэрхийлсэн тул М************* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гурван үндэслэлээр шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэл зоригоо илэрхийлсэн. Захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн бүртгэлийг хийж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунган бүртгэлгүй орхигдуулсныг нэхэмжлэгч компани 2021 онд дахин сунгалт хийх үедээ олж мэдсэн. Захиргааны байгууллагын хууль бус үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

3.2.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хугацаа сунгуулах өргөдөл, холбогдох баримт бичгийг хавсаргаж, захиргааны байгууллагад гаргах, төрийн захиргааны байгууллага нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан өргөдлийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж өргөдлийг шийдвэрлэх чиг үүрэгтэй байдаг. Хэрэв хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд сунгалтыг хийж, бичиг баримтын бүрдэл дутуу байвал тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж хариу өгөх ёстой. Өргөдөл гаргасан этгээдэд заавал бичгээр хариу өгөхийг хуулиар тусгайлан зохицуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө баримтуудын хамт хуулийн хугацаанд гаргасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэл зоригоо бүрэн хэмжээнд илэрхийлсэн гэж үзэж байна.

3.3.Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгаа нөхцөлд захиргааны акт гардаггүй, тусгай зөвшөөрлийн өргөдлөө хугацаандаа гаргасан ч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хуулийн этгээдийг зөрчлөө арилгах талаар урьдчилан мэдэгдэх сонсох ажиллагаа хийдэг гэж тайлбарладаг. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байгаа нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хангах эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна

3.4.Тусгай зөвшөөрлийн төлбөрөө нэгэнт төлсөн ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бичиг баримтын бүрдэл бүрэн хэмжээнд хангагдаагүй гэж тайлбарлаж байгаа. Зохих журамд нийцүүлээгүй гэж байгаа ч нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргаад өөрт байх хайгуулын ажил хийх боломжгүй нөхцөл байдлаа тодорхойлсон холбогдох баримтуудаа гаргаж өгсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгах хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

3.5.Захиргааны акт гарахгүй учраас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй, тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөл гаргаагүй гэсэн байр суурь илэрхийлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хангах асуудлыг 2 өөр өнцгөөс харж, шийдвэрлэж байгаа хэлбэр гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс хүчин төгөлдөр байдлыг хангах нэг нөхцлийг бүрэн хэмжээнд хангасан. Захиргааны байгууллагаас тавьж байгаа шаардлагад нийцээгүй нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэл зоригийг илэрхийлээгүй, өргөдөл гаргаагүй гэж шууд дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрөл дуусгавар болох нөхцөл байдал бүрдсэн талаар захиргааны байгууллага бидэнд урьдчилан мэдэгдэх ёстой байсан буюу захиргааны акт гаргахаас өмнө сонсох ажиллагаа хийсэнгүй.

3.6.Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хэлбэрээс сонгож хэрэглэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагааны өөр бусад хэлбэрээр тогтооно гэсэн хуулийн зохицуулалттай. Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан тогтоогоогүй учраас бид захиргааны акт гаргах шаардлагагүй гэж тайлбарладаг боловч Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан журмыг энэ тохиолдолд баримтлах ёстой гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн бүртгэлийг дуусгавар болгосон бүртгэл хийж байгаа үйлдэл нь захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа үйлдэл яах аргагүй мөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох учиртай гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, бичиг баримтын бүрдэл дутуу бол Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу ажлын 10 хоногийн дотор хянаж үзээд, шалгах боломжгүй дутуу бичиг баримт байвал мэдэгдэх ёстой байсан... гэжээ.

3.7.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д зааснаар хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой. Төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгүүд, материалуудыг бүрдүүлж өгөх ёстой байдаг. Нэхэмжлэгч компани нь хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн өргөдлийг гаргаж өгөөгүй..

3.8.Нэхэмжлэгч компани 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн. Тухайн төлбөрийг төлсөн захирлын туслах Х.Г*************-ийн хэлснээр үүдний жижүүрт үлдээсэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Б.Б*************-тай viber аппликэйшнээр холбогдож үлдээсэн болох нь тогтоогддог. Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай нэгэн адилаар ойлгож тайлбарлаж байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгадаг буюу 3 жилийн хугацаанд нэг удаа л сунгадаг. Гэтэл уг процессыг жил болгон сунгадаг мэтээр тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан материалыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй болох нь шүүхээс хийсэн үзлэг, нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогддог. 2020 оны ************* сумын Засаг даргын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэсэн тодорхойлолтоор Төрийн захиргааны байгууллагад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт байхгүй, тайлан төлөвлөгөөг батлуулж байгаагүй нь тогтоогддог.

3.9.Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ:, 48.1.1-д хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор, 48.1.2.хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 48.1.3-т энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан аюулгүй ажиллагааны талаарх мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 48.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө, 48 дугаар зүйлийн 48.8-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ, Ашигт малтмалын тухай хуулийн 40` дүгээр зүйлийн 40`1, 40.2-д заасан үүргийг хүлээнэ, өөрийн албан ёсны харилцах хаяг, цахим шуудан, утас, аж ахуйн нэгжийн удирдлага, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор Кадастрын нэгжид мэдэгдэх үүрэгтэй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай 37 дугаар зүйлд заасныг биелүүлээгүй тохиолдолд ашигт малтмал хайх үйл ажиллагааг эхлүүлэхийг хориглоно. Хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргийг биелүүлж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг. Энэ мэдэгдлийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч ээлжит жилийн төлбөрөө төлж, хугацаа сунгуулах өргөдлөө гаргаж, тайлан мэдээллийг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Хэрэгт авагдсан баримтаар М ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-************* дугаартай тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төлсөн ба энэ талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй болно.

4.1.Харин хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлөө 3 жилийн хугацаагаар сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул М************* ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-************* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж, нэхэмжлэгчээс ...сунгуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр захиргааны байгууллагад гаргасан... тайлбарлан маргалдаж байна.

4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д ...ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй, 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан ба тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган ирүүлэхдээ энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухай үе шатны ажлын гүйцэтгэсэн тухай тайлан зэргийг хавсаргахаар заасан байна.

4.3.Үүнээс үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас нэр бүхий баримтыг бүрдүүлэх шаардлагыг хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх нь захиргааны байгууллага, албан тушаалтны эрх бус үүрэг болно.

4.4.Нэхэмжлэгчээс өөрийн тайлбарыг дэмжин 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11/20 дугаар Зөвшөөрөл сунгуулах тухай албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн байна.[7]

4.5.Шүүхээс энэхүү албан бичиг болон маргааны үйл баримттай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэхэд дээрх албан бичиг, холбогдох маягтыг бөглөн хавсралт баримтын хамт гаргаж өгсөн гэх нөхцөл байдлыг тогтоохоор ажиллагаа явуулсан.

4.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч М.Г************* ХХК-ийн захирлын туслах, нарийн бичгээр ажиллаж байгаа Х.Г*************гаас ...12 цаг өнгөрөөгөөд цайны цагийн үеэр очсон. Очоод жижүүртэй нь уулзаад тусгай зөвшөөрөл хугацааг сунгуулах талаар хэлэхэд хариуцсан хүн нь цайндаа гарсан байна... 91******* гээд Б************* гээд хариуцаж байгаа хүний утсыг өгсөн. Уг дугаарт холбогдоход тусгай зөвшөөрлийн дугаарыг явуулчих гээд явуулахад бодолтын үнийн дүн, хийх дансны хамт viber -аар явуулсан. Үүний дагуу банкинд тушаагаад Б.Б*************- мэргэжилтэнтэй холбогдоход доор жижүүрт үлдээчих гэсэн. Тэгээд үлдээгээд явсан...[8], гэрч Б.Б*************-аас ...надаас манай тусгай зөвшөөрлийн төлбөр хэд байна хараад өгөөч гэхээр нь төлбөрийг нь харж зөвлөгөө өгсөн байсан...3 жилийн тусгай зөвшөөрлийн сунгалтын асуудал яригдаагүй байсан. Зөвхөн төлбөрийн талаар асууж төлбөрийг нь харж өгсөн.4 дэх жилийн төлбөрийн зөвлөгөө өгсөн... гэх мэдүүлэг[9], гэрч Д.О*************-аас ...дээшээ хүн гаргадаггүй, уулзах хүмүүсийг бичиг баримтыг дор авч үлдээд өрөө үү нь утсаар ярьж ажилтнууд өөрсдөө бууж ирж авдаг байсан. Бичиг баримтыг бид авч үлддэггүй байсан... мэдүүлсэн[10] бөгөөд дээрх мэдүүлгүүдийг тодруулах зорилгоор шүүхээс хариуцагч байгууллагын ирсэн явсан бичгийн бүртгэл, системийн бүртгэл, архивт үзлэг хийхэд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл болон холбогдох баримтууд байгаагүй болно[11].

4.7.Мөн Ашиг малтмал газрын газрын тосны газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13/1849 дүгээр албан бичгээр ...Ашигт малтмалын хайгуулын XV-************* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд М.Г************* ХХК нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэлээ баталгаажуулаагүй[12], Булган аймгийн ************* сумын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/140 дүгээр албан бичгээр М.Г************* ХХК нь 2020 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ************* суманд батлуулаагүй[13] болох нь тогтоогдсон.

4.8.Дээрхээс үзвэл нэхэмжлэгч М************* ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл гаргасан, (маягт К-11) бөглөсөн, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт, Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай баримт, Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувийн хамт гаргаж өгсөн талаарх нөхцөл байдал нотлогдохгүй байна.

4.9.Тэрээр ашигт малтмалын ашиглалтын 10224А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан цагаас 2020 оныг хүртэлх хугацааны Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө үүргээ хэрэгжүүлж байсан атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4.10.Өөрөөр хэлбэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргыг М************* ХХК-ийн Булган аймгийн ************* сумын нутагт ************* нэртэй газарт орших XV-************* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, захиргааны идэвхгүй үйл ажиллагаа гаргасан гэх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй тогтоогдсонгүй.

4.11.Түүнчлэн хариуцагчаас Ашигт малтмалын хайгуулын XV-.************* дугаартай тусгай зөвшөөрөл 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон талаар өөрийн Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудас дээр 2020 оны 09 дүгээр сарын хөдөлгөөний мэдээ нэрээр нийтэд мэдээлж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн байна[14].

4.12.Товчхондоо Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй боломжгүй юм.

4.13.Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах-аар байна.

4.14.Гэвч энэ тохиолдолд захиргааны эс үйлдэхүй хууль бус болох үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргыг нэхэмжлэгч М************* ХХК-ийн Булган аймгийн ************* сумын нутагт ************* нэртэй газарт орших XV-************* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даргад даалгуулан шийдвэрлүүлэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан М************* ХХК-ийн Булган аймгийн ************* сумын нутагт ************* нэртэй газарт орших XV-************* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунган бүртгээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР