Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

Улсын яллагч Д.Галбадрах,

Хохирогч И.Даваагэрэл,

Шүүгдэгч С.Гарамжавын өмгөөлөгч Г.Наранбаатар /ҮД:0342/,

Шүүгдэгч Л.Баатаржаргалын өмгөөлөгч Ч.Ням / ҮД:097/,

Шүүгдэгч Б.Ганзоригийн өмгөөлөгч Г.Сүхээ  /ҮД:015 /,

Шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүрэнжавын Гарамжав, Лувсанцэрэнгийн Баатаржаргал, Баярын Ганзориг нарт холбогдох эрүүгийн 201624000945 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55/1 дүгээр байрны 49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ТБ87083116 / Боржигон овогт Сүрэнжавын Гарамжав,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн хангамж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 90/1 дүгээр байрны 304 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ШЕ84081316/  Боржигон овогт Лувсанцэрэнгийн Баатаржаргал,

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Хуяг-Очир” хамгаалалтын албанд харуул ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 23 дугаар байрны 01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ХГ66030972/ Дамбийжанцан овогт Баярын Ганзориг,

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нар нь урьдчилан үгсэн тохирч бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө машин механизм  хэрэглэж Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэргэ ван” ХХК-ийн орон байр, агуулах саванд нэвтэрч “ТС-1” шатахууны 2 дугаар савнаас 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн түлш хулгайлан бусдад 2.527.822 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 201624000945 дугаартай хэргээс:

1. Хохирогч И.Даваагэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  "... Би 2014 оны 02 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агаарын хөлгийн шатахууны үйлчилгээ явуулдаг “Мэргэ ван” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллах болсон. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед шатахууны эрхлэгч Р.Мягмардаваа “шатахууны савнуудын дундах шугам хоолойн лац хөдөлсөн, шатахуун гойжиж асгарсан байна” гэхээр нь очтол манай компанийн хашаанд байрлах шатахууны 3 савны хоорондох шугаман хоолойн лац хөндөгдсөн, доор нь шатахуун асгарсан байдалтай байхаар нь шатахууны савнаас шатахуун хулгайд алдагдсан байх гэж сэжиглэн, хяналтын камер шүүсэн. 01 цагийн үед шатахууны сав руу харсан цамхагийн гэрэл унтраалттай шатахууны савны орчим хүн явж байгаа дүрс бичигдсэн байсан. Хяналтын камерын бичлэг их муу хүний дүрс тодорхой харагдахгүй байсан. Мөн зүүн хойд талын хашаан дээгүүр тавигдсан төмөр тор тасарсан байсан. Ингээд шатахууны савнаас агаарын хөлгийн шатахуун хулгайд алдагдсан байна гэж сэжиглэн захирал Виктор Лобановд мэдэгдэж 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захирал Виктор Лобановийн хамт цагдаагийн газар очиж гомдол гаргасан. Тухайн үед 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай компанийн шатахууны савнаас нийт 1644 кг ТС-1 агаарын хөлгийн шатахуун алдагдсан байсан. Өөр эд хөрөнгө алдагдаагүй. Агаарын хөлгийн шатахууныг хамгаалагч С.Ганзоригийг бусадтай хамтран хулгайлсан гэж сэжиглэж байна. Тэр үед шатахуун алдагдсан савнуудыг хамгаалагч С.Ганзориг харж ажиллаж байсан ба цамхагийн гэрлийг унтраасан байсан. ...Манай компаниас урьд өмнө нь эд хөрөнгө бол алдагдаж байгаагүй.

Баазын эрхлэгч Р.Мягмардаваа, нярав Н.Амарзаяа, ерөнхий нягтлан бодогч Д.Болормаа нар шатахууны савнуудын доторхи шатахууныг өндөрийн туузан метрээр хэмжиж орлого зарлагыг тооцоход 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн ТС-1” шатахуун алдагдсан байсан. Нийт 3.791.733 төгрөгний хохирол учирсан. С.Гарамжав, Л.Баатаржаргал нар хохирлоо хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан. С.Гарамжав бол ахлах инженер, Л.Баатаржаргал ээлжийн сумлагч жолооч, Б.Ганзориг диспетчир харуулаар тус тус ажиллаж байсан. Энэ хүмүүс ажлын цагаар тус компани руу нэвтрэн орж ажиллана, өөр бусад цагаар бол нэвтрэх эрх байхгүй.

 Хулгайд алдагдсан шатахууныг 2016.10.19-ний өдрийн эхний үлдэгдэл 621087 кг байсан. Тухайн өдөр 71271 кг буюу 89061 литр шатахуун борлуулсан 549816 кг буюу 685845 литр байсан. Ингээд 2016.10.20-ны өдрийн 08 цагийн үед ирж тооцоо хийхэд 548172 кг буюу 683932 литр шатахуун байсан. Зөрүү 1644 кг буюу 2051 литр дутагдсан. Хохирлын тооцооны хүснэгтэн дээр 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бичигдсэн мэт харагдаж байгаа боловч шатахууны тооцоо урд өдрөөрөө тооцогддог. Уг хэмжилт, шатахууны тооцоог 2017 оны 10 дугаар сарын 20-ны өглөө хэмжиж тогтоосон. 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай компанийн шатахууны сав руу харсан хяналтын камерын бичлэг устаж байхгүй болсон. Учир нь 1 сарын хугацаатай хадгалагддаг юм. Тухайн үед хадгалагдсан бичлэгийг мөрдөн байцаалтанд өгч хэрэгт хавсаргуулсан. Тухайн өдрийн хяналтын камерын бичлэгийн он, сар, өдрийг оруулаагүй байсан учраас он, сар, өдөр нь 2 өдрөөр буруу гарсан байна лээ. Харин цаг, минут нь тохирч байгаа юм...” гэжээ.  / 1-р хавтас 52-55, 56, 194х, 2-р хавтас 43-44х /,

2. Иргэний нэхэмжлэгч Д.Буянзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Би 13-04 УНЭ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй “СОНАТА ҮF" маркийн суудлын автомашиныг Аварзэдийн Сүрэнжав гэдэг хүнээс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 сая төгрөгөөр худалдаж авсан. 2005 онд үйлдвэрлэсэн, 2015 онд Монгол улсад орж ирсэн 437079 км явсан, КМНЕС41МВАА155127 арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй суудлын автомашин байсан. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Цагдаагийн байгууллагаас “уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан” байна гээд прокурорын тогтоолыг танилцуулан Цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн. Одоо би итгэмжлэгдэн хариуцаж байна. Санаатай үрэгдүүлэх, нуух, бусдад шилжүүлж болохгүй гэдгийг ойлгож мэдсэн.  А.Сүрэнжавын хүү нь 2016 оны 10-р сард эзэмшиж байх үедээ хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэсэн...” гэжээ. / 1-р хавтас 60х /,

3. Гэрч Р.Мягмардаваа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “.... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 цагийн үед ажил дээрээ ээлж хүлээлцэхээр агаарын хөлгийн шатахууны сав руу хэмжилт хийхээр нярав Д.Тунгалагтуяагийн хамт очсон. Шатахууны савнуудын хоорондох орлого зарлагын шугам хоолойн лац хөдөлсөн, харалдаа доор газарт шатахуун асгарсан байсныг арчсан байдалтай байхаар нь шатахууны 3 савны шатахууны хэмжээ өндөрийг хэмжиж тэр өдрийн орлого зарлагыг тооцсон. 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн ТС-1 шатахуун дутагдсан байсан. Ингээд оффис руу очиж тооцооны нягтлан бодогч И.Даваа- гэрэлд мэдэгдэж түүний хамт хяналтын камер шүүсэн. 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед шатахууны савнууд руу харсан цамхагийн гэрэл унтарч компанийн зүүн хойд талын харуулын байран дээр байрлуулсан хяналтын камерыг тонгойлгосон 1 хүн явж байгаа жирэлцсэн дүрс харагдаж байсан. Хүний дүрс нь танигдахгүй байсан. Тэгээд шатахуун хулгайд алдагдсан байна гээд ерөнхий нягтлан бодогч Д.Болормаа болон захирал Лобанов нарт мэдэгдэж тэд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай компанийн шатахууны савнуудаас нийт 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн ТС-1 шатахуун хулгайд алдагдсан байсан. Өөр эд хөрөнгө бол алдагдаагүй бүрэн бүтэн байсан. Манай компаний хашаанд байрлах 3 шатахууны савнаас нийт 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн ТС-1 шатахуун хулгайд алдагдсан. Тэр дор нь тооллого тооцоо хийсэн. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед ажил тарах үед лацаа шалгасан зүгээр байсан. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орон нутгийн сонгуулийн өдөр байсан ба амарсан. Тухайн үед сэжиглэж байгаа хүн байгаагүй. Инженер С.Гарамжавыг хулгайлсан гэсэн. Тэр өөрөө шатахуун хулгайлсанаа хүлээж хохирлоо төлсөн гэсэн.

Хяналтын камерын бичлэгт бичигдсэн хүн бол С.Гарамжав шиг л байгаа юм. Тэр өөрөө хяналтын камерыг тонгойлгочихоод, тонгойлгосон камертаа өөрөө бичигдчихсэн явж байгаа байдал, хөдөлгөөн нь С.Гарамжав шиг л байгаа юм. Өөр хэн хэн хамт байсан эсэхийг мэдэхгүй. Тэр үед шатахуун сав руу харсан цамхагийн гэрлийг бол харуул С.Ганзориг унтраасан. “Яах гэж гэрэл унтраасан” гэж асуухаар “гадаа салхитай масслаад байхаар нь түр зуур унтраасан” гэсэн. С.Ганзоригийг энэ үйлдэлд яаж оролцсон эсэхийг мэдэхгүй. Өөр хэн хэн яаж яаж оролцсон эсэхийг мэдэхгүй, ямар ч гэсэн ийм хэмжээний шатахууныг 1 хүн бол хулгайлах боломж байхгүй. Тэгээд ч тээврийн хэрэгсэл ашигласан байх. Баазын эрхлэгч бол компанийн агаарын хөлгийн ТС-1 шатахууны савнуудыг хариуцаж өдөр бүр орлого зарлагыг хэмжиж нарийн тооцож үлдэгдлийг гаргадаг. Тухайн үед ээлжинд гарч байгаа няравууд бас надтай хамт явж савны орлого зарлагыг хэмжээг тооцдог. Би хяналт тавьж ажилладаг юм. Шатахууны орлого зарлагын талаар бол тухайн үед ээлжинд гарсан ээлжийн ахлагч, харуул, жолооч нар бол мэдэхгүй...” гэжээ. / 1-р хавтас 61-62х /,

4. Гэрч Г.Амарзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 цагийн үед ээлж хүлээлцэж агаарын хөлгийн шатахууны саванд хэмжилт хийж, урд өдрийн зарлагыг тооцож үлдэгдэл шатахууны хэмжээг тогтоохоор эрхлэгч Р.Мягмардаваагийн хамт компанийн хашаанд байрлах агаарын хөлгийн “ТС-1” шатахууны саван дээр очсон. Р.Мягмардаваа эрхлэгч “шатахууны савны зарлагын хоолойн лац хөдөлчихсөн байна” гэхээр нь хартал шатахууны савнуудын хоорондох орлого зарлагын шугам хоолойн лац хөдөлсөн, харалдаа доор газарт нь шатахуун асгарсан байсныг арчсан байдалтай байсан. Бид хоёр шатахууны 3 саван доторхи шатахууны хэмжээ, өндөрийг туузан метрээр хэмжиж, тэр өдрийн орлого зарлагыг тооцоход 1644 кг буюу 2051 л агаарын хөлгийн ТС-1 шатахуун дутагдсан байсан.  Тэр дор нь шатахууны савны өндөрийг туузан метрээр хэмжиж тогтоосон. Ер нь шатахууны савны орлого зарлагын хэмжээг өдөр бүр туузан метрээр хэмжиж шатахууны саван доторхи хэмжээг тогтоож орлого зарлагыг тооцдог юм...” гэжээ. / 1-р хавтас 63-64х /,

5. Гэрч Д.Болормаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "... 2016.10.20-ны өдрийн 16 цагийн үед ажилдаа ирсэн тооцооны нягтлан бодогч И.Даваагэрэл, баазын эрхлэгч Р.Мягмардаваа нар “компанийн ТС-1 шатахууны савнаас 1644 кг шатахуун хулгайд алдагдсан байна” гэсэн. Ингээд компанийн хашаанд байрлах 3 шатахууны савнуудад байгаа агаарын хөлгийн “ТС-1” шатахууны хэмжээнд тооцоо хийн шатахууны хэмжээ өндөрийг хэмжиж тэр өдрийн орлого зарлагыг тооцсон 1644 кг буюу 2051 л агаарын хөлгийн ТС-1 шатахуун дутагдсан байхаар нь Цагдаагийн байгууллагад мэдэгдэж гомдол гаргасан. Баазын эрхлэгч Р.Мягмардаваа, тооцооны нягтлан бодогч И.Даваагэрэл нар хяналтын камер шүүсэн. 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед шатахууны савнууд руу харсан цамхагийн гэрэл унтарч компанийн зүүн хойд талын харуулын байран дээр байрлуулсан хяналтын камерыг тонгойлгосон 1 хүн явж байгаа жирэлцсэн дүрс харагдаж, тэр хүний дүрс нь  танигдахгүй байсан. Тухайн үед 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн “ТС-1” шатахуун дутагдсан акт баримтыг танилцуулсан хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан. Манай компаниас агаарын хөлгийн шатахуун хулгайлсан хүмүүс худлаа мэдүүлж байна.

Манай компанийн агаарын хөлгийн “ТС-1” шатахууныг баазын эрхлэгч Р.Мягмардаваа өдөр бүр орлого, зарлагыг хэмжиж нарийн тооцож үлдэгдлийг гаргаж хариуцдаг юм. Хамгийн сүүлд баазын эрхлэгч Р.Мягмардаваа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед ажил тарах үед лацаа шалгасан зүгээр байсан гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орон нутгийн сонгуулийн өдөр байсан ажилд ирээгүй амарсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 цагийн үед шатахууны 3 савнуудын лацаа шалгахад хөдөлсөн шатахуун алдагдсан байсан. Тухайн үед сэжилэж байгаа хүн байгаагүй. Дараа нь инженер С.Гарамжавыг хулгайлсан гэсэн. Тэр өөрөө шатахуун хулгайлснаа хүлээж хохиролоо төлсөн. Хяналтын камерын бичлэгээр инженер С.Гарамжав хулгайлсан нь тогтоогдож байсан. Өөр хэн хэн хамт байсныг мэдэхгүй. Тэр үед шатахуун сав руу харсан цамхагийн гэрлийг харуул Б.Ганзориг унтраасан. “Яах гэж гэрэл унтраасан” гэж асуухаар “гадаа салхи шуургатай масслаад байхаар нь түр зуур унтраасан” гэсэн. Б.Ганзоригийг энэ үйлдэлд яаж оролцсон эсэхийг мэдэхгүй. Өөр хэн хэн яаж оролцсон эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн ийм хэмжээний шатахууныг 1 хүн бол хулгайлах боломж байхгүй...” гэжээ. / 1-р хавтас 65-66х /,

6. Д.Тунгалагтуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутын үед ээлжээ хүлээж аваад агаарын хөлгийн шатахууны савнуудын хувийн жинг шалгаад явж байтал Р.Мягмардаваа эрхлэгч “шатахууны савны зарлагын хоолойн лац хөдөлчихсөн байна” гэхээр нь харсан компанийн хашаанд байрлах агаарын хөлгийн "ТС-1” шатахууны 3 савын хоорондох орлого зарлагын шугам хоолойн лац хөдөлсөн харалдаа доор газарт шатахуун асгарсан байдалтай байсан. Би шатахууны савны хувийн жинг үзсэн. Харин Р.Мягмардаваа эрхлэгч, нярав Г.Амарзаяа хоёр шатахууны 3 саван доторхи шатахууны хэмжээ, өндөрийг туузан метрээр хэмжиж тэр өдрийн орлого зарлагыг тооцсон. Дараа нь “1600 гаруй кг агаарын хөлгийн ТС-1 шатахуун алга болсон байна” гэж ярьж байсан. Шатахууны савны орлого зарлагын хэмжээг өдөр бүр баазын эрхлэгч Р.Мягмардаваа, өдрийн нярав Г.Амарзаяа нар туузан метрээр хэмжиж шатахууны саван доторхи хэмжээг тогтоож орлого зарлагыг тооцдог юм. Өөр эд хөрөнгө алдагдаагүй байсан. Захирал Лобанов хурал дээр “шатахууны савнаас агаарын хөлгийн “ТС-1” шатахуун алдагдсан, Цагдаагийн байгууллага шалгаж байгаа, инженер Гарамжав, сумлагч жолооч Баатараа, харуул С.Ганзориг нар холбоотой байна” гэж ярьж байсан...” гэжээ. / 1-р хавтас 67-68х /,

7. Гэрч Д.Отгонсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Би 2010 оны 8 дугаар сараас эхлэн “Мэргэ ван” ХХК-д шатахууны нярав оператороор ажиллах болсон бөгөөд шатахууны няравууд ээлжээр 24 цагаар онгоцны шатахуун цэнэглэж, шатахууны тооцоолол хийж баримт бичиж ажилладаг, зөвхөн зарлагын хэмжээг тодорхойлдог. Үлдэгдэл шатахууны хэмжээг эрхлэгч Р.Мягмардаваа тооцож гаргадаг юм. 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ээлжийн ажилтай хоноод 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 09 цагийн үед бууж, гэртээ  амарч байтал надтай нэг ээлжинд хонож ажилласан жолооч Намхай утсаар “урьд шөнө манай ээлжин дээр хулгай гарсан байна. Шатахууны савнаас агаарын хөлгийн шатахуун хулгайд алдагдсан байна” гэсэн. Тэгээд маргааш өдөр нь манай ээлжинд ажилтай байсан бүх хүмүүсийг Цагдаагийн газар дээр дуудсан. Би очиж тайлбар өгсөн. Ямар хэмжээний шатахуун алдагдсан эсэхийг мэдээгүй. Дараа нь “инженер С.Гарамжав, харуул Б.Ганзориг нарыг хамтран хулгайлсан байна” гэж ярьж байсан. Тэд нарыг хаанаас ямар байдлаар ямар хэмжээний шатахууныг яаж авсан талаар надад үзэж харсан зүйл байхгүй...” гэжээ. / 1-р хавтас 69-70х /,

8. Гэрч Н.Намхайдорж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө агаарын хөлгийн шатахуун цэнэглэдэг сумлагч жолоочийн ажлаа хийж хоноод 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн үед буугаад гэртээ амарч байтал 13 цагийн үед манай компанийн жижүүрээс “шуурхай хуралтай бүх ажилчдыг дуудаж байна” гэхээр нь ажил дээрээ ирсэн. Урьд шөнө танай ээлжин дээр хулгай гарсан байна. Компанийн хашаанд байрлах шатахууны савнуудын хоорондох хоолойн лац хөдөлсөн шатахуун хулгайд алдагдсан байна цагдаад мэдэгдсэн гэсэн. Тэгээд дараа өдөр нь надтай нэг ээлжинд гарсан бүх ажилчид цагдаагийн газар очиж тайлбар өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай компанийн хашаанд байрлах агаарын хөлгийн шатахууны савнаас шатахуун хулгайд алдагдсан байсан. Ямар хэмжээний шатахуун алдагдсан эсэхийг мэдээгүй... гэжээ. / 1-р хавтас 71-72х /,

9. Гэрч Э.Гансүх мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...С.Гарамжав, Л.Баатаржаргал хоёр ирсэн. Ингээд бид гурав биллярд тоглож байгаад 22 цагийн үед би гэр рүүгээ явсан С.Гарамжав, Л.Баатаржаргал 2 салаад явсан түүнээс хойш юу болсон эсэхийг мэдэхгүй...” гэжээ. / 1-р хавтас 226-227х /,

10. Гэрч Виктор Санжиевич Лобанов мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Шатахууны савнаас 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн “ТС-1” шатахуун алдагдсан байсан. Тэр өдрийн хяналтын камерыг шүүсэн инженер С.Гарамжав хулгайлсан бичлэг байсан. Би С.Гарамжавтай утсаар “чи шатахуун хулгайлсан байна. Эсвэл хулгайлсан шатахуунаа авчирч өг, эсвэл мөнгийг нь төл” гэхэд “за” гэчихээд дараа өдөр нь ирээд “би хулгай хийгээгүй” гээд байхаар нь “камерын бичлэгт тодорхой харагдаж байна. Чи хулгайлсан, холбогдох баримтыг бүрдүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулна” гэсэн. Дараа өдөр нь С.Гарамжавын аав гэх эрэгтэй хүн ирж надтай уулзан “манай хүү хулгай хийж буруу юм хийсэн байна. Хохирлын нь төлье” гээд хохирлыг төлсөн. Манай компанид 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн шатахуун алдагдаж 2.527.822 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлоо төлж барагдуулсан. Одоо манай компанид учирсан хохирол байхгүй. Тэр үед манай компаниас алдагдсан агаарын хөлгийн шатахууны инженерээр ажиллаж байсан С.Гарамжав, жолооч Л.Баатаржаргал, манаач Б.Ганзориг нар үгсэж тохирч хуйвалдаж хамтран хулгайлсан байсан. Энэ талаараа ч манай компанид тайлбар өгч хохирлоо төлж барагдуулсан байгаа. Манай компаниас хулгайд алдагдсан агаарын хөлгийн “ТС-1” шатахууныг зөвхөн агаарын хөлөгт л хэрэглэдэг, түүнээс өөр хэрэгсэлд ялангуяа тээврийн хэрэгсэлд хэрэглэж огт болохгүй, тохирохгүй. Харин дизелиэр ажилладаг тээврийн хэрэгсэлд бол болох байх, өндөр чанартай стандарт нь өөр байдаг...” гэжээ. / 2-р хавтас 52-54х /,

11. Ж.Алтанзул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Мэргэ ван” ХХК-ийн шатахууны чанар хяналтын инженер бол агаарын хөлгийн “ТС-1” шатахуун агаарын хөлөгт тохирч байгаа эсэх, ашиглах боломжтой, боломжгүй эсэхийг тодорхойлон чанарын хяналт тавьж, агаарын хөлөгт тохирч байгаа сорилтын үр дүнгийн үнэн зөв бодит байдалд баталгаажуулалт хийдэг юм. Би уг компанид анх 2010 оны 5 дугаар сард шатахууны чанар хяналтын инженерээр ажилд орж, одоог хүртэл 7 жил шатахууны чанар хяналтын инженерээр ажиллаж байна. Агаарын хөлгийн “ТС-1” шатахууныг зөвхөн агаарын хөлөгт түлшний зориулалтаар ашигладаг. Өөр зүйлд ашиглах боломжгүй, ялангуяа тээврийн хэрэгсэлд ашиглаж огт болохгүй, тохирохгүй. Яагаад гэвэл “ТС-1” шатахууны чанарын үзүүлэлт нь өндөр, стандартууд нь өөр байдаг учраас тээврийн хэрэгсэлд хэрэглэсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн дотоод хөдөлгүүр, цлиндр, поршин гээд бүхий л эд ангийг нь гэмтээж эвдрэл үүсгэнэ. Агаарын хөлгийн “ТС-1” шатахуун бол өөрөө газрын тосны бүтээгдхүүн учраас галын аюултай бүтээгдэхүүнд тооцогддог, хүний бие махбодид хортой байдаг. Манай компанийн агаарын хөлгийн “ТС-1” шатахууныг өдөр бүр шатахууны эрхлэгч Р.Мягмардаваа тухайн өдөр ажилтай байсан шатахууны няравуудын хамт шатахууны савны өндөрийг туузан метрээр хэмжиж тогтоодог. Ер нь шатахууны савны орлого, зарлагын хэмжээг өдөр бүр туузан метрээр хэмжиж шатахууны саван доторхи хэмжээг нарийн тогтоож орлого зарлагыг тооцдог юм...” гэжээ.  / 2-р хавтас 55-56х /,

12. Гэрч Д.Ган-Уяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй Л.Баатаржаргалын эхнэр Анхчимэг утсаар “Л.Баатаржаргал ажлаасаа шатахуун хулгайлсан гэсэн. Хулгайн хэрэгт сэжиглэгдээд байна. Захиралтай нь уулзмаар байна. Орос хүн байдаг гэсэн. Та орос хэл мэддэгээрээ уулзаад, хөөцөлдөөд өгөөч” гэхээр нь би ганцаараа “Мэргэ ван” ХХК дээр очиж захирал гэх орос эрэгтэй хүнтэй уулзахад “ Л.Баатаржаргал муу ажил хийсэн, хулгай хийсэн, итгэл алдсан, хохирол нь 1.895.867 төгрөг , хохирол барагдуул” гэхээр нь хадам ээж, эхнэр ах нартай нь уулзаж ярилцаж байгаад мөнгө , хохирлын 1.895.867 төгрөгийг би компани дээр нь очиж няравт нь хүлээлгэн өгсөн...” гэжээ. / 2-р хавтас 57-58х /,

13. Шүүгдэгч С.Гарамжавыг 2016.11.10-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 94-96х /,  2016.11.23-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 99-101, 102, 235-237х /,

14. Шүүгдэгч Л.Баатаржаргалыг 2016.11.10-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 106-107х /, 2016.11.23-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 110-111, 112, 238-239х /,

15. Шүүгдэгч Б.Ганзоригийг 2016.11.02-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 116-118х /,  2016.12.05-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 120-122, 240-241х /,

16. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 32-34х /,

17. Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 45-49х /,

18. Газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтас 68-71х /,

19. Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 2-р хавтас 71-72х /,

20. Шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хавтас 91, 103, 113х / зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гарамжав, Б.Ганзориг, Л.Баатаржаргал нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Даваагэрэл мэдүүлэхдээ: Би байгууллага дээрээ 20-нд ажилдаа ирсэн. Шатахуун дутсан талаар саванд хичнээн тонн шатахуун дутсаныг шалгасан. Шугам хоолойн хэсгээс авсан байна гэдгийг тогтоогоод, хохирлоо барагдуулж авсан.  1644 кг буюу 2051 литр шатахуун алдагдсан. 2 сая гаран төгрөгийг 1.5 дахин нугалаад төлсөн. С.Гарамжавын аав, Л.Баатаржаргалын эгч нь ирж байгууллагад учирсан хохирлын төлбөрийг төлсөн. Хохирол төлбөрийг төлөх талаар дарамталж шахсан зүйл байхгүй. Өөрсдөө хэргээ хүлээгээд төлсөн. 2051 литр шатахуун алдагдсаныг өглөө болгон хэмжилт хийж шатахууны сав хэмждэг туузан метр, дундаж хувийн жин буюу нягтыг үздэг динаметр зэрэг багажаар тооцож гаргадаг. Няравын хөтөлдөг баримт, эрхлэгчийн хөтөлдөг баримт зэргийг тулгаж гаргаж ирсэн. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Манай “Мэргэ ван” компани 40 гаран ажилчинтай. Харуул хамгаалалтын ажлыг “Сод-Монгол”-ын охин компани хариуцдаг. Ашигтай талбай 76 м2 гэж явдаг. Нэг хаалгаар орж гардаг. Тээврийн хэрэгсэл гарах хаалга, явган хүн гарах хаалга гэж л байдаг. 2 харуултай байсан. Манайх байгууллага 16-н камертай. Камерт бүх зүйл бичигддэг. Камер шүүхэд цамхаг дээр байсан гэрлийг унтраасан хүн байсан.Тэгээд Б.Ганзоригийг дуудаж асуухад салхитай байсан учраас “унтраа” гэхээр нь “унтраасан” гэж хэлсэн. Захирал өөрөө ирж уулзсан. Үнэн зөвөө хэл гэж л захирал хэлж байсан.  Асуугаад хэлэхгүй болохоор “тайлбараа бичиж ир” гэж хэлж байсан.

Анх цагдаад Б.Ганзоригийг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Компанид 2.525.822 төгрөгийн хохирол учирсан, мөн шүүгдэгч нараас  Компаний дотоод журамд заасны дагуу 1.5 хувиар нугалж төлүүлнэ гэсний дагуу нийт 3.791.733 төгрөгийг төлүүлсэн. Хулгайн хэрэгт холбогдуулаад ажлаас чөлөөлсөн. Энэ 3 хүнийг ял шийтгэлийн тал дээр  харж үзээчээ гэж хэлье...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хохирогч, гэрч нарыг болон шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон бөгөөд хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нар нь урьдчилан үгсэн тохирч бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэргэ ван” ХХК-ийн орон байр, агуулах саванд нэвтэрч “ТС-1” шатахууны 2 дугаар савнаас 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн түлш хулгайлан бусдад 2.527.822 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- Хохирогч И.Даваагэрэлийн "... Шатахууны савнаас агаарын хөлгийн шатахуун хулгайд алдагдсан гэж сэжиглэн захирал Виктор Лобановд мэдэгдэж 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захирал Виктор Лобановийн хамт цагдаагийн газар очиж гомдол гаргасан. Тухайн үед 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай компанийн шатахууны савнаас нийт 1644 кг ТС-1 агаарын хөлгийн шатахуун алдагдсан байсан. Нийт 3.791.733 төгрөгний хохирол учирсан. С.Гарамжав, Л.Баатаржаргал нар хохирлоо хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан. С.Гарамжав бол ахлах инженер, Л.Баатаржаргал ээлжийн сумлагч жолооч, Б.Ганзориг диспетчир харуулаар тус тус ажиллаж байсан. Энэ хүмүүс ажлын цагаар тус компани руу нэвтрэн орж ажиллана, өөр бусад цагаар бол нэвтрэх эрх байхгүй...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг  / 1-р хавтас 52-55, 56, 194х, 2-р хавтас 43-44х /,

- Гэрч Виктор Санжиевич Лобановийн “...Шатахууны савнаас 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн “ТС-1” шатахуун алдагдсан байсан. Тэр өдрийн хяналтын камерыг шүүсэн инженер С.Гарамжав хулгайлсан бичлэг байсан. Би С.Гарамжавтай утсаар “чи шатахуун хулгайлсан байна. Эсвэл хулгайлсан шатахуунаа авчирч өг, эсвэл мөнгийг нь төл” гэсэн “за” гэчихээд дараа өдөр нь ирээд “би хулгай хийгээгүй” гээд байхаар нь “камерын бичлэгт тодорхой харагдаж байна. Чи хулгайлсан холбогдох баримтыг бүрдүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулна” гэсэн. Дараа өдөр нь С.Гарамжавын аав гэх эрэгтэй хүн ирж надтай уулзан “манай хүү хулгай хийж буруу юм хийсэн байна. Хохирлыг нь төлье” гээд хохирлыг төлсөн. Манай компанид 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн шатахуун алдагдаж 2.527.822 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлоо төлж барагдуулсан. Одоо манай компанид учирсан хохирол байхгүй. Тэр үед манай компаниас алдагдсан агаарын хөлгийн шатахууны инженерээр ажиллаж байсан С.Гарамжав, жолооч Л.Баатаржаргал, манаач Б.Ганзориг нар үгсэж тохирч хуйвалдаж хамтран хулгайлсан байсан. Энэ талаараа ч манай компанид тайлбар өгч хохирлоо төлж барагдуулсан байгаа. Ажлын бус цагаар С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нар нь компанид нэвтрэх эрхгүй...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг/ 2-р хавтас 52-54х /,

- Гэрч Б.Эрдэнэсүхийн “...2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ЭБШХ-нд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулж, шаардлагатай иргэдээс тайлбар авч материалжуулан мөрдөн байцаалтанд шилжүүлсэн. Уг материалд “Мэргэ ван” ХХК-ийн инженер С.Гарамжав, жолооч Л.Баатаржаргал, харуул Б.Ганзориг нарыг холбогдуулан шалгах явцад жолооч Л.Баатаржаргал, С.Гарамжавтай хамтран шатахуун хулгайлсан талаараа тайлбар өгсөн ба харин С.Гарамжав, Б.Ганзориг нар нь шатахуун хулгайлсан талаараа тайлбар өгөөгүй. “Мэргэ ван” ХХК-иас алдагсан агаарын хөлгийн шатахууны хохирлыг “төл” гэж хэлээгүй, шаардаагүй. Харин дараа нь С.Гарамжавын аав гэх эрэгтэй хүн ирээд “хохирлыг төлчихлөө, одоо асуудал байхгүй биз дээ “ гэж хэлж байсан...” гэх мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 2-р хавтас 61-62 х /,

- Гэрч Р.Мягмардаваагийн “.... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед ажил дээрээ ээлж хүлээлцэхээр агаарын хөлгийн шатахууны сав руу хэмжилт хийхээр нярав Д.Тунгалагтуяагийн хамт очсон. Шатахууны савнуудын хоорондох орлого зарлагын шугам хоолойн лац хөдөлсөн, харалдаа доор газарт шатахуун асгарсан байсныг арчсан байдалтай байхаар нь шатахууны 3 савны шатахууны хэмжээ өндөрийг  тэр өдрийн орлого зарлагыг тооцсон. 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн ТС-1 шатахуун дутагдсан байсан. Ингээд оффис руу очиж тооцооны нягтлан бодогч И.Даваагэрэлд мэдэгдэж түүний хамт хяналтын камер шүүсэн. 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед шатахууны савнууд руу харсан цамхагийн гэрэл унтарч компанийн зүүн хойд талын харуулын байран дээр байрлуулсан хяналтын камерыг тонгойлгосон 1 хүн явж байгаа жирэлцсэн дүрс харагдаж байсан. Хүний дүрс нь танигдахгүй байсан. Тэгээд шатахуун хулгайд алдагдсан байна гээд ерөнхий нягтлан бодогч Д.Болормаа болон захирал Лобанов нарт мэдэгдэж тэд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.  Инженер С.Гарамжавыг хулгайлсан гэсэн. Тэр өөрөө шатахуун хулгайлсанаа хүлээж хохирлоо төлсөн гэсэн. Тэр үед шатахуун сав руу харсан цамхагийн гэрлийг харуул Б.Ганзориг унтраасан. Яах гэж гэрэл унтраасан гэж асуухаар “гадаа салхитай масслаад байхаар нь түр зуур унтраасан гэсэн...” “... ямар ч гэсэн ийм хэмжээний шатахууныг 1 хүн бол хулгайлах боломж байхгүй. Тэгээд ч тээврийн хэрэгсэл ашигласан байх ...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг/ 1-р хавтас 61-62х /,

- Гэрч Г.Амарзаяагийн "... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 цагийн үед ээлж хүлээлцэж агаарын хөлгийн шатахууны саванд хэмжилт хийж урд өдрийн зарлагыг тооцож үлдэгдэл шатахууны хэмжээг тогтоохоор эрхлэгч Р.Мягмар-даваагийн хамт компанийн хашаанд байрлах агаарын хөлгийн “ТС-1” шатахууны саван дээр очсон. Р.Мягмардаваа эрхлэгч “шатахууны савны зарлагын хоолойн лац хөдөлчихсөн байна” гэхээр нь хартал шатахууны савнуудын хоорондох орлого зарлагын шугам хоолойн лац хөдөлсөн, харалдаа доор газарт нь шатахуун асгарсан байсныг арчсан байдалтай байсан. Бид хоёр шатахууны 3 саван доторхи шатахууны хэмжээ, өндөрийг туузан метрээр хэмжиж тэр өдрийн орлого зарлагыг тооцсон 1644 кг буюу 2051 л агаарын хөлгийн ТС-1 шатахуун дутагдсан байсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хавтас 63-64х /,

- Гэрч Д.Болормаагийн "... 2016.10.20-ны өдрийн 16 цагийн үед ажилдаа ирэхэд тооцооны нягтлан бодогч И.Даваагэрэл, баазын эрхлэгч Р.Мягмардаваа нар “компанийн ТС-1 шатахууны савнаас 1644 кг шатахуун хулгайд алдагдсан байна” гэсэн. Ингээд компанийн хашаанд байрлах 3 шатахууны савнуудад байгаа агаарын хөлгийн “ТС-1” шатахууны хэмжээнд тооцоо хийн шатахууны хэмжээ өндөрийг хэмжиж тэр өдрийн орлого зарлагыг тооцсон. 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн ТС-1 шатахуун дутагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж гомдол гаргасан. Баазын эрхлэгч Р.Мягмардаваа, тооцооны нягтлан бодогч И.Даваагэрэл нар хяналтын камер шүүсэн 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед шатахууны савнууд руу харсан цамхагийн гэрэл унтарч компанийн зүүн хойд талын харуулын байран дээр байрлуулсан хяналтын камерыг тонгойлгосон 1 хүн явж байгаа жирэлцсэн дүрс харагдаж, тэр хүний дүрс нь  танигдахгүй байсан. “... ямар ч гэсэн ийм хэмжээний шатахууныг 1 хүн бол хулгайлах боломж байхгүй, тэгээд ч тээврийн хэрэгсэл ашигласан байх ...” Тухайн үед 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн “ТС-1” шатахуун дутагдсан акт баримтыг танилцуулсан ба уг хүмүүс хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хавтас 65-66х /,

- Гэрч Д.Тунгалагтуяагийн "...2016 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 30 минутан үед ээлжээ хүлээж аваад агаарын хөлгийн шатахууны савнуудын хувийн жинг шалгаад явж байтал Р.Мягмардаваа эрхлэгч “шатахууны савны зарлагын хоолойн лац хөдөлчихсөн байна” гэхээр нь харсан чинь компанийн хашаанд байрлах агаарын хөлгийн "ТС-1” шатахууны 3 савын хоорондох орлого зарлагын шугам хоолойн лац хөдөлсөн, харалдаа доор газарт шатахуун асгарсан байдалтай байсан. Шатахууны савны орлого зарлагын хэмжээг өдөр бүр баазын эрхлэгч Р.Мягмардаваа, нярав Г.Амарзаяа нар туузан метрээр хэмжиж шатахууны саван доторх хэмжээг тогтоож орлого зарлагыг тооцдог юм. Өөр эд хөрөнгө алдагдаагүй байсан. Захирал Лобанов хурал дээр “шатахууны савнаас агаарын хөлгийн “ТС-1” шатахуун алдагдсан, Цагдаагийн байгууллага шалгаж байгаа, инженер Гарамжав, сумлагч жолооч Баатараа, харуул С.Ганзориг нар холбоотой байна” гэж ярьж байсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хавтас 67-68х /,

- Гэрч Д.Отгонсүрэнгийн “...2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ээлжийн ажилтай хоноод 2016 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед бууж, гэртээ  амарч байтал надтай нэг ээлжинд хонож ажилласан жолооч Намхай утсаар “урьд шөнө манай ээлжин дээр хулгай гарсан байна. Шатахууны савнаас агаарын хөлгийн шатахуун хулгайд алдагдсан байна” гэсэн. Ямар хэмжээний шатахуун алдагдсан эсэхийг мэдээгүй. Дараа нь “инженер С.Гарамжав, харуул Б.Ганзориг нарыг хамтран хулгайлсан байна” гэж ярьж байсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг/ 1-р хавтас 69-70х /,

- Гэрч Н.Намхайдоржийн “... 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө агаарын хөлгийн шатахуун цэнэглэдэг сумлагч жолоочийн ажлаа хийж хоноод 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн үед буугаад гэртээ амарч байтал 13 цагийн үед манай компанийн жижүүрээс “шуурхай хуралтай бүх ажилчдыг дуудаж байна” гэхээр нь ажил дээрээ ирсэн. Урьд шөнө танай ээлжин дээр хулгай гарсан байна. Компанийн хашаанд байрлах шатахууны савнуудын хоорондох хоолойн лац хөдөлсөн шатахуун хулгайд алдагдсан байна. Цагдаад мэдэгдсэн гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай компанийн хашаанд байрлах агаарын хөлгийн шатахууны савнаас шатахуун хулгайд алдагдсан байсан. Ямар хэмжээний шатахуун алдагдсан эсэхийг мэдээгүй... гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хавтас 71-72х /,

- Гэрч Э.Гансүхийн “...С.Гарамжав, Л.Баатаржаргал хоёр ирсэн. Ингээд бид гурав биллярд тоглож байгаад 22 цагийн үед би гэр рүүгээ явсан С.Гарамжав, Л.Баатаржаргал 2 салаад явсан түүнээс хойш юу болсон эсэхийг мэдэхгүй...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг/ 1-р хавтас 226-227х /,

- Гэрч Д.Ган-Уяагийн “...2017 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй Л.Баатаржаргалын эхнэр Анхчимэг утсаар “Л.Баатаржаргал ажлаасаа шатахуун хулгайлсан гэсэн. Хулгайн хэрэгт сэжиглэгдээд байна. Захиралтай нь уулзмаар байна. Орос хүн байдаг гэсэн. Та орос хэл мэддэгээрээ уулзаад хөөцөлдөөд өгөөч” гэхээр нь би ганцаараа “Мэргэ ван” ХХК дээр очиж захирал гэх орос эрэгтэй хүнтэй уулзсан. Тэр хүн “Баатаржаргал муу ажил хийсэн, хулгай хийсэн, итгэл алдсан, хохирол нь 1.895.867 төгрөг гарсан, хохирол барагдуул” гэхээр нь хадам ээж, эхнэр ах нартай нь уулзаж ярилцаж байгаад мөнгө цуглуулан хохирлын 1.895.867 төгрөгийг би компани дээр нь очиж няравт нь хүлээлгэн өгсөн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2-р хавтас 57-58х /

- Иргэний нэхэмжлэгч Д.Буянзаяагийн “... Би 13-04 УНЭ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй “СОНАТА ҮF" маркийн суудлын автомашиныг Аварзэдийн Сүрэнжав гэдэг хүнээс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 сая төгрөгөөр худалдаж авсан. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Цагдаагийн байгууллагаас “уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан” байна гээд прокурорын тогтоолыг танилцуулан Цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн. Одоо би итгэмжлэгдэн хариуцаж байна. Санаатай үрэгдүүлэх, нуух, бусдад шилжүүлж болохгүй гэдгийг ойлгож мэдсэн. А.Сүрэнжавын хүү нь 2016 оны 10-р сард эзэмшиж байх үедээ хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэсэн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг  / 1-р хавтас 60х /,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 32-34 /,

- Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 45-49х /,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтас 68-71х /,

- Камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл / 2-р хавтас 71-72х /зэрэг нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Баатаржаргалын өмгөөлөгч Ч.Ням шүүхийн хэлэлцүүлэгт: “миний үйлчлүүлэгч Л.Баатаржаргал нь энэ гэмт хэргийг үгсэн тохирч бүлэглэн хулгай хийсэн гэж яллаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон асуудал огт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 32-34х /, Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 45-49х /, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтас 68-71х /, Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 50 хувийг Л.Баатаржаргал төлсөн баримт / 1-р хавтас 27-30х /, Гэрч Виктор Санжиевич Лобановын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 2-р хавтас 52-54х /, Гэрч Б.Эрдэнэсүхийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 2-р хавтас 61-62х /,  Гэрч Э.Гансүхийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хавтас 226-227х /, Гэрч Д.Тунгалагтуяагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хавтас 67-68х /, Хохирогч И.Даваагэрэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг  / 1-р хавтас 52-55, 56, 194х, 2-р хавтас 43-44х /, Гэрч Р.Мягмардаваа, Д.Болормаа нар нь мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хавтас 61-62, 65-66х /,  Шүүгдэгч С.Гарамжавын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг  / 1-р хавтас 94-101х /, Шүүгдэгч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн / 1-р хавтас 116-122х / мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Б.Ганзоригийн  өмгөөлөгч Г.Сүхээ шүүхийн хэлэлцүүлэгт: “миний үйлчлүүлэгч Б.Ганзориг нь энэ гэмт хэргийг үгсэн тохирч бүлэглэн хулгай хийсэн гэж яллаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар  хэрэг нь бүрэн нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 32-34х /, Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 45-49х /,  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтас 68-71х /, Камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл / 2-р хавтас 71-72х /, Гэрч Виктор Санжиевич Лобановын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг/ 2-р хавтас 52-54х /, Гэрч Р.Мягмардаваа, Д.Болормаа нар нь мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хавтас 61-62, 65-66х /,  Гэрч Д.Тунгалагтуяагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хавтас 67-68х /, Хохирогч И.Даваагэрэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг  / 1-р хавтас 52-55, 56, 194х, 2-р хавтас 43-44х /,  

- Цаг уур, орчны шинжилгээний газрын 2017.03.28-ны өдрийн 2/247 тоот албан бичигт “ 2016.10.19-ний 20 цагаас 2016.10.20-ны өдрийн 08 цаг хүртэлх цаг агаарын байдал агаарын температур 1.7С, салхины дундаж хурд 4-9 м/сек, хур тунадас ороогүй” гэжээ./ 2-р хавтас 74-75х/,

- UNITEL компаний 2017.02.21-ний өдрийн Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэст явуулсан албан бичиг / шүүгдэгч С.Гарамжавын дугаараас Б.Ганзоригийн дугаар руу залгасан дуудлагын лавлагаа /, / 2-р хавтас 5-7х /, зэрэг мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Түүнчлэн шүүгдэгч С.Гарамжавын өмгөөлөгч Г.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “ Миний үйлчлүүлэгч С.Гарамжавын хувьд бодит хохирол 200 литр шатахуун хулгайлсан үйлдэл байгаа. Харин олсон орлого нь 200.000 төгрөг, өнөөдөр 2.000.000 төгрөг болгоод 10 дахин нэмж төлүүлсэн. 20 литрийн 10 ширхэг саваар нэг удаагийн үйлдлээр шатахуун авсан байдаг” гэж мэтгэлзэж байгаа боловч гэрч В.С.Лобанов, Р.Мягмардаваа, Ж.Алтанзул, Д.Ган-Уяа, Б.Эрдэнэсүх, Г.Амарзаяа, Д.Болормаа, Д.Тунгалагтуяа, хохирогч И.Даваагэрэл нарын мэдүүлэг, мөн “Мэргэ ван” ХХК-ийн хохирол тооцсон тухай баримт хавсралтаар / 1-р хавтас 187-188х /, 2016.01.04-ний өдрийн №02 тоот ТС-1 шатахуун худалдах худалдан авах гэрээний нэмэлт гэрээ / 1-р хавтас 189-191х/, Компани эд хөрөнгө ашиглах, хадгалах, хүлээлцэх, тээвэрлэх, хүлээлгэн өгөх үйл ажиллагааны дотоод журам / 1-р хавтас 193-195х /, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 32-34, 46-49х /, Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 45-49х /, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтас 68-71х /, Камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл / 2-р хавтас71-72х /, төлбөрийн акт, шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн баримтууд, тэдгээрийн мөрдөн байцаалтанд удаа дараа өгсөн мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хавтас  27-30, 33-34х / зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар “Мэргэ ван “ ХХК-ийн шатахууны савнаас  1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн “ТС-1” шатахуун алдагдаж, нийт 3.791.733 төгрөгийн хохирол учирсан болох нь хөтөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, ашиг олох зорилгоор гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлөө тодорхойлж, / шөнийн цагаар “Мэргэ ван” ХХК-ийн гэрэл, прожукторыг унтраасан, камеруудын үзэгдэх орчинд  харагдахгүй  нөхцөл байдал үүсгэж, орон байр, агуулах саванд сэм, нуугдаж нэвтэрсэн, нэвтрэх бололцоогоор хангаж өгсөн,  бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм хэрэглэсэн /аргаа сонгож, тус бүрийн үүргээ хуваарилсан ба өөр өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэн бүлэглэн оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул тэдний үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд:

Иргэний нэхэмжлэгч “Мэргэ ван” ХХК-д 1644 кг буюу 2051 литр агаарын хөлгийн “ ТС-1” шатахуун хулгайд алдагдсан ба 1 кг шатахуунаа тухайн үеийн ханш болох 1537.6 төгрөгөөр тооцож, /1,644тн * 531$  * 2305₮ / + / 1,644тн  * 310.000 / = 2.527.822 ₮ / нийт 2.527.822 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд тус компаний “Эд хөрөнгө ашиглах, хадгалах, хүлээлцэх, тээвэрлэх, хүлээлгэн өгөх үйл ажиллагааны дотоод журам”-ын 2.11-д “ Ажил хүлээлцэхэд тухайн ажилтаны эзэмшиж, ашиглаж байсан хөрөнгөнөөс дутагдсан, эвдэрсэн тохиолдолд компаний дотоод журмын дагуу 1,5-3 дахин нугалж төлүүлнэ “ гэж зааснаар 1,5 дахин нэмэгдүүлж, нийт 3.791.733 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал нар тус бүр 1.895.867 төгрөгийг  төлж, хохирлыг сайн дураараа барагдуулсан байна. Шүүгдэгч Б.Ганзориг нь хохирол төлөөгүй ба иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. / 1-р хавтаст хэргийн 27-30, 232 дугаар хуудас /

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, эсвэл түүний үнийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураахаар заасан тул 13-04 УНЭ улсын дугаартай “HҮUNDAI SONATA-ҮF маркийн тээврийн хэрэгслийг эд зүйлийн үнэлгээний комиссын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 11.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр / 1-р хавтаст хэргийн 232 дугаар хуудас / шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Хэрэг үйлдэх үед унаж явсан 13-04 УНЭ улсын дугаартай “HҮUNDAI SONATA-ҮF маркийн тээврийн хэрэгсэл нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.Буянзаяагийн эзэмшилд шилжсэн болох нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээ лавлагаагаар тогтоогдсон тул / 1-р хавтаст хэргийн 40 дүгээр хуудас, 2-р хавтаст хэргийн 18 дугаар хуудас / Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг, мөн Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7/2167 тоот албан бичигт “ иргэн Б.Ганзоригийн өмчлөлд өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна ” / 2-р хавтаст хэргийн 38 х/ гэсэн байх тул өмчлөгч Л.Нямжавын Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 23 дугаар байрны 1 тоот 1 өрөө орон сууцыг битүүмжилсэн Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал нараас 3.666.666 / гурван сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/  төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар С.Гарамжавын эзэмшлийн 13-97 УНӨ улсын дугаартай “FOTON” маркийн зуурмагийн автомашин, мөн  Л.Баатаржаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 90/1 дүгээр байрны 304 тоот 2 өрөө орон сууц зэрэг мөрдөн байцаагчийн тогтоолоор  битүүмжлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлыг  С.Гарамжав, Л.Баатаржаргал нар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгч нарын ар гэр болон хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Сүрэнжавын Гарамжав, Боржигон овогт Лувсанцэрэнгийн Баатаржаргал, Дамбийжанцан овогт Баярын Ганзориг нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарыг эд хөрөнгө хураахгүйгээр, шүүгдэгч С.Гарамжавыг  2 /хоёр/ жил 3 /гурав / сарын хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Л.Баатаржаргал,  Б.Ганзориг нарыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гарамжавт оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав / сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.Баатаржаргал,  Б.Ганзориг нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох “СОНАТА ҮF" маркийн 13-04 УНЭ улсын дугаартай автомашины үнэ болох 11.000.000 / арван нэгэн сая / төгрөгийг шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 3.666.666 / гурван сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа / төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Буянзаяагийн өмчлөлийн “СОНАТА ҮF" маркийн 13-04 УНЭ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн суудлын автомашиныг битүүмжилсэн Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, Л.Нямжавын өмчлөлийн  Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 23 дугаар байрны 1 тоот 1 өрөө орон сууцыг битүүмжилсэн Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал нараас 3.666.666 / гурван сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/  төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар С.Гарамжавын эзэмшлийн 13-97 УНӨ улсын дугаартай “FOTON” маркийн зуурмагийн автомашин, мөн  Л.Баатаржаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 90/1 дүгээр байрны 304 тоот 2 өрөө орон сууц зэрэг мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд  шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЛЗОД