Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2020/00003

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2020/00003

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Н даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг дахь Цагдаагийн Газрын  хүсэлттэй,

            Монгол улсын иргэн, 1963 оны 09 сарын 20-ны Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг,Ганзамын 49-01 тоотод оршин суух, Д овогт Т Э /РД:ЧО,,,,,,,,/-д холбогдох

            Албадан эмчилгээ хийлгэх тухай иргэний хэргийг 2019 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Батсүх нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч байгууллага шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Т.Э нь 2005 оноос эхлэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг,ойр орчиндоо түгшүүр төрүүлдэг,бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан удаа дараа албадан эрүүлжүүлэгдсэн, архаг архичдын бүлэг бөөгнөрөл үүсгэдэг,архины хамаарал бүхий этгээд,аймгийн нэгдсэн эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эоүүл мэндийн үзлэгт хамааруулахад согтуурах мансуурах донтой гэдэг нь тогтоогдсон.

Иймд Т.Э Согтууруулах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх тухай хуульд заасны дагуу  албадан эмчилгээнд хамруулахаар хүсэлт гаргав гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Эмнэлгийн дүгнэлтээр архины хамааралтай эмгэгтэй гэсэн дүгнэлт гарсан зэргийг харгалзан албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Т.Э шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Би цэрэгт байхаасаа согтууруулах ундааны зүйл ууж байсан. Одоо бие муу учир хааяа уудаг. Манай хүүхдүүд бүгд том болоод тусдаа гарсан. Том охин маань нас барсан. 2 охин маань Улаанбаатар хотод амьдардаг. Хүүхдүүд маань цагаан сараар л золгох гэж ирдэг. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймаг дахь Цагдаагийн Газар Т.Э архины албадан эмчилгээнд хамруулахыг хүсч шүүхэд ханджээ.

 Т.Э нь “Би цэрэгт байхаасаа согтууруулах ундааны зүйл ууж байсан” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

Т.Э нь 2005 оноос хойш байнга согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэдэг, ар гэрийн тайван, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг алдуулдаг, ахуйн хүрээнд бүлэг бөөгнөрөл үүсэгдэг зэрэг нь иммунологийн шинжилгээ, ийлдэс судлалын шинжилгээ, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Сайншанд сумын 4-р багийн хэсгийн ахлагч Н.Гэрэлтуяагийн тайлбар, цагдаагийн байгууллагын хайлтын системийн тэмдэглэл, фото зураг, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Иймд Т.Э Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Д овогт Т Э /РД:ЧО,,,,,,,,/-ыг албадан эмчилгээнд хамруулсугай.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Т.Э албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Т.Э албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Т.Э  албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.

            6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.Н