| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0227/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/225 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ө.Манзушир,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г нарт холбогдох 2416002560275 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ******* сум, ********* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *********** регистрийн дугаартай, С ургийн овгийн Б-н Г.
Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн ********** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн *********** сум, ********** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, С ургийн овгийн З-н М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г З.М нар нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* сумын ************** багийн ******** гэх газарт хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан зодолдож З.М-н биед хутгаар зүсэгдсэн шууны нугалагч шөрмөсний тасарсан ил шарх гэмтэл буюу хүндэвтэр гэмтэл, мөн Б.Г-н биед толгойн тус газар нь аягаар, сандлаар гуя хэсэг рүү цохисны улмаас үүссэн баруун хөмсгөнд шарх, зүүн дал, зүүн гуянд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1. Шүүгдэгч З.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн “... Би гадаа машины хажууд зогсож байсан чинь Г гэрээсээ “...ална...” гээд над руу хүрээд ирэхээр нь машинаа тойроод гүйсэн... Д хүрч ирээд “...юу болоод байна...” гэхээр нь “... Г ална гээд байна...” гэж хэлээд зогсож байсан чинь Г ирээд миний гар луу цохисон... Д хутгаар дүрсэн байна гэж хэлээд Г-с хутгыг нь авах гээд дээр нь дараад хутгыг булааж авч байсан... Тэгээд өглөө цагдаад мэдэгдээд сумаас эмч цагдаа нар ирсэн... Миний биед гэмтэл учирсан. Баруун гарын шууны дотор талд зүсэгдсэн тухайн гэмтлийг Г хутгаар нэг удаа зүсэж учруулсан. Би Г руу аяга авч шидсэн. Тухайн аяга Г-н нүүр хэсэгт онож гэмтэл учруулсан. Өөр цохисон зүйл байхгүй. Д, Г бид гурав байсан. Г бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/
2. Шүүгдэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн “...М бид хоёр маргалдсан... М босож ирээд намайг хойш нь түлхэж унагаагаад аягаар дух хэсэг рүү нэг удаа мөн сандлаар гар гуя руу нэг нэг удаа цохьчихоод гэрээс гараад зугтсан. Би босож ирээд нүүрээ дарсан чинь цус гарч байхаар нь М-г “...чи хүн зоддог хэн бэ...” гэж хэлээд гэрээс гарахдаа ширээний нүдэнд байсан хутга аваад гарсан. Намайг гэрээс гарсан чинь М хашааны нэг ширхэг банз барьчихсан зогсож байхаар нь яваад очсон чинь М намайг барьсан модоороо цохих гэхээр нь би бултаад хутга далайсан. Тэгсэн чинь М энэ чинь хутгатай байна гэсэн чинь гадаа байсан Д ирээд намайг барьж аваад гэр лүү ороод намайг хутгыг аваад орон доогуур хийсэн. Тухайн үед араас М орж ирээд гар хутгалчихлаа одоо би чамайг зодно гэж хэлээд над руу дайраад байсан. Тухайн үед Д бид хоёрын дундуур ороод салгасан юм... Тухайн үед З.М-н биед гэмтэл учирсан. Баруун гараас цус гарч байсан. Тухайн гэмтлийг би хутга бариад далайхад М гараараа хаагаад тухайн гэмтлийг учруулсан... Миний биед гэмтэл учирсан дух болон хамраас цус гарсан мөн зүүн мөр, гуя хөхөрсөн зэрэг гэмтэл байсан. Тухайн гэмтлийг М сандлаар цохиж учруулсан. Тухайн зодоон болох үед М бид хоёр байсан...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/
3. Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г-д орж М-н гаргасан 0,5 л савлагаатай Ерөөл нэртэй архийг хувааж уусан... Г гэртээ ирэхдээ 1 ширхэг 2 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй пиво аваад ирсэн. Тэгээд Г, М бид 3 тэр пивыг хувааж уучихаад М гэр лүүгээ явна гэж байсан. Би түрүүлж гараад бие зассан. Тэгээд удалгүй байж байтал М намайг хутгалчихлаа гээд орилсон. Би яарч сандраад очиход 69 машины урд талд Г хутга барьцан байж байхаар нь хутгыг нь аваад тэр хоёрыг салгаад гэрт оруулсан. Би М-н араас гараад “...гар чинь гайгүй юу...Та 2 чинь юу болов оо...” гэхэд Г намайг хутгалчихлаа гэсэн... ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,
4. Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн үед манай найз М манайд ирээд “...ор засаад өг найз нь унтлаа гэж хэлчхээд...” өөрөө ор засаад унтсан... 07 цаг болж байхад би сэрээд харсан чинь М-н баруун гараас цус гарсан гараа боосон байсан... М Г-д хутгалуулчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/
5.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-н 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 244 дугаартай “...1. 2. З.М-н биед баруун гарын шууны нугалагч шөрмөсний тасарсан ил шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь 2024.09.18-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 5. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 52-53 дүгээр хуудас/
6.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 09 сарын 30-ны өдрийн 246 дугаартай “...1. 2. Б.Г-н биед баруун хөмсгөнд шарх, зүүн дал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь 2024.09.18-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 5. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/
7.2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол/хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч З.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.
Шүүгдэгч З.М, Б.Г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Б.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас З.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан, хохирогч нар баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар хүсэлт /хавтаст хэргийн 14, 16 дугаар хуудас/ гаргасан, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Б.Г 829,635 (найман зуун хорин есөн мянга зургаан зуун гучин таван) төгрөг төлсөн/хх113/ байх тул шүүгдэгч З.М, Б.Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч З.М-н хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Г-н хүлээн зөвшөөрсөн 550(таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 550(таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүгдэгч З.М, Б.Г нарт оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Б.Г 829,635 (найман зуун хорин есөн мянга зургаан зуун гучин таван) төгрөг нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С овогт З-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г, З.М нарт сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Б.Г 829,635 (найман зуун хорин есөн мянга зургаан зуун гучин таван) төгрөг нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, З.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА