Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2018/00405

 

 

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2018/00405

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: **********-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: **********-т холбогдох,

**********-ийн эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ********** нь 2004 оны 11 дүгээр сараас ********-т багшаар 2015 оныг хүртэл 11 жил, 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэл эрхлэгчээр, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн багш **********-г эрхлэгчээр томилогдоход **********-н дааж авч байсан анги болох ажлах бүлгийн багшаар томилогдсон болно. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүрэг даалгаврыг хангалттай биелүүлэн үнэнч, шударгаар ажиллаж байсан. Гэтэл тус **********-н эрхлэгч ********** нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснөө мэдэгдсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд уг тушаалыг гарахад миний бие нь 7 сартай жирэмсэн байсан учир хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ***********-н эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хянан үзэж ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

************ миний бие 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр болох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд Улаанбаатар хот эх нялхас эмнэлэгт амаржаад 4 хонож байгаа эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн биеэр оролцож чадахгүй болсон тул миний биеийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ********* сумын иргэн **********-н сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан **********-ийн эрхлэгч ********** миний биеийн хариуцагчаар татан оролцуулж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. ********** миний бие 1982-1990 онд ********** сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, Улаанбаатар хотын МУБИС-ийн харьяа цэцэрлэгийн багшийн сургуульд элсэн суралцаж, 1993 онд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, багш мэргэжлээр 2004-2005 онд Цагаан лавай багшийн дээд сургуульд суралцаж 2005 онд цэцэрлэгийн удирдах ажилтан мэргэжлээр, 2010-2012 оны хичээлийн жилд Засагт хан дээд сургуульд суралцаж Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүний нөөцийн менежментийг сайжруулах нь сэдвээр төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалан тус тус төгссөн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин. ********** миний бие нь 1997-2013 онд тус *********-т багшаар, 2013-2015 онуудад *******-н эрхлэгчээр, 2015-2017 онд багшаар, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/68 тоот захирамжаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн **********-н эрхлэгчээр томилогдон ажилласан ба энэ үед өмнө ********-н эрхлэгчээр ажиллаж байсан **********-г ажлын байраар хангах ямар нэгэн үүрэг даалгавар ирээгүй ба ********** нь ажлын байраар хангуулах ямар нэгэн хүсэлт өгөөгүй болно. Ингээд миний ажиллаж байсан бүлэгт сургуулийн өмнөх боловсролын багш хэрэгтэй болсон тул аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт хүсэлтээ хэлэхэд сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй **********-г аймгийн Боловсрол соёл урлагийн газрын томилолтоор миний оронд бүлгийн багшаар томилсон. Гэтэл манайд багшаар ажиллаж байсан ********* өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 сарын чөлөө авах хүсэлтээ гаргаж өргөдлөө ирүүлснийг багш, ажилтнуудын хурлаар хэлэлцэн чөлөө олгосон. Энэ үед манайд эрхлэгчээр ажиллаж байсан ********** багшаар ажиллаж хүсэлтээ ирүүлсэн тул *******-н оронд багшаар авч ажиллуулсан. Энэ үед мэргэжлийн багш гэдгээр нь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын СӨБ хариуцсан мэргэжилтнээс зөвлөгөө авч мэргэжлийн ав гэсэн зөвлөмжийн дагуу бүр тушаалаар авсан. **********-г 3 сарын чөлөөний хугацаа дуусахад ямар нэгэн мэргэшсэн мэргэжлийн диплом байхгүй байсан тул мэргэшсэний дараа ажлаар хангах зорилгоор багшийн үүрэгт ажлаас чөлөөлж **********-г үргэлжлүүлэн ажиллуулсан. Энэ асуудал **********, ********* нарын гаргасан өргөдөл ажилд томилсон тушаалаас харагдаж байгаа. Гэтэл ******** энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэн **********-н нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар шүүх хуралдаан болж **********-г багшийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан тул танай энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн *******-н эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтыг үндэслэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, **********-г багшийн ажилд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2018/00170 тоот шийдвэрээр багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Мөн нэхэмжлэгч ********** нь эрхлэгчийн албан тушаалын ажлын байранд эргүүлэн тогтоох 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Энэ хэргийн шүүх хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагт болох тов гарсан. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж, суурь тавигдах тул очих боломжгүй байна. Иймээс хуралдаан миний биеийг оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч **********-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ********** нь *********** аймгийн **********-т холбогдуулан **********-ийн эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

********* аймгийн **********-ийн эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 133/ШШ2018/00170 дугаартай шийдвэрийг үндэслэн **********-г 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлах бүлгийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч ********** нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс ******** аймгийн ********** сумын **********-т ахлах бүлгийн багшаар ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б/13 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, *********** аймгийн **********-ийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай **********-г ажилд томилох тухай, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаартай **********-г ажлаас чөлөөлөх тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ********** нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч ********** нь ***********-н эрхлэгч ********** нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснөө мэдэгдсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд уг тушаалыг гарахад миний бие нь 7 сартай жирэмсэн байсан учир хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэж, хариуцагч нь **********-г багшийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан тул танай энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтыг үндэслэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, **********-г багшийн ажилд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2018/00170 тоот шийдвэрээр багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Мөн нэхэмжлэгч ********** нь эрхлэгчийн албан тушаалын ажлын байранд эргүүлэн тогтоох 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад ********** нь ********* аймгийн ********** сумын ***********-т багшаар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цалингүй чөлөө авч, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилд орох хүсэлтээ өгсөн боловч **********-н эрхлэгч нь түүнийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Улмаар **********-г цалингүй чөлөө авсан үеэс буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч ********** нь тус **********-н эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар ахлах бүлгийн багшаар томилогдон ажиллаж байжээ.

Гэвч ********** нь *********-н эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 дугаартай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 133/ШШ2018/00170 дугаартай шийдвэрээр түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.

Иймд **********-г шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон байх тул нэхэмжлэгч **********-н ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч ********** нь урьд нь **********-ийн эрхлэгчээр ажиллаж байгаад чөлөөлөгдсөн бөгөөд уг албан тушаалаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг нөхөн гаргуулахаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, **********-г ********* аймгийн ********** сумын **********-н эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон болох нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0253 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай тогтоол зэргээр тус тус тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн гаргасан тайлбар нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэлээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны удаирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ********** аймгийн ********** сумын *********-т холбогдох ***********-н эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч **********-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ