| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0225/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/223 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ө.Манзушир,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох 2416002230272 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Г ургийн овгийн Б-н Н
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Н-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын ***** багийн нутагт хохирогч Ц.Н-тэй малын бэлчээрээс үүдэлтэйгээр маргалдан зодолдож түүний биед тархины доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацарт хавдар, баруун хөмсөгний дээд тал, баруун чих, өвчүүнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод, зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт буюу хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Ц.Н-г зодсоноо хүлээн зөвшөөрч байна ... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ц.Н-с уучлал гуйсан, хохирлоо бүрэн барагдуулсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/
2. Хохирогч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 20-ны өглөө малдаа яваад өдөр манай малд байсан Б-н малыг 15, 16 цагийн үед бид хэд ялгаад Н-нд очиж 2 шил 0.5 литртэй архи хувааж уусан. Бид наашлаад Б гэдэг айлд ирсэн. Би тэр үед тасарчихсан байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна ... Тухайн үед Б, Н, Б гэх хүмүүстэй хамт байсан ... Өвөлжөө бууц, малын бэлчээрээс болж Н-тэй маргалдсан ... Миний баруун нүд хавдсан байсан, зүүн чих дотор талдаа шалбарчихсан байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/
3. Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2024 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө **** сумаас 2 унагатай гүү авсан тэр адуугаа Б гэдэг айлд тавих гээд очсон. Тэгээд намайг очтол Н, Н 2 зодолдсон шинжтэй байсан. Тэгээд “...та хэд яагаад зодоон зохион хийгээд байгаа юм нэг нутгийн улсууд байж хоорондоо учраа олсон юм уу...” гэж хэлэхэд Н, Н хоёр хоорондоо учраа олсон гээд тэврэлдэж байгаад салсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/
4. Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2024 оны 08 дугаар сарын 20-нд Н-с малаа ялгаж авсан. Тэгээд би үдээс хойш 13 цагийн үед байх Н-нд очоод цай ууж байхад миний ардаас Н, Б нар ирсэн. Тэгээд цайгаа уучихаад байж байтал Н 1 шил архи гаргаж ирээд тэр хэд хуваагаад уугаад үлдсэн. Би тэр архинаас уугаагүй шууд гэртээ харьсан. Тэгээд 16, 17 цагийн үед Б, Н, Н нар манайд халамцуу ирсэн. Тэгэхээр нь би 2 литрийн Сэнгүр пиво байхаар нь гаргаад өгсөн. Би уугаагүй. Тэр хэд пиво уучихаад Н, Н хоёр хоорондоо өвөлжөө бууцны хэрүүл хийгээд байсан. Би тэгээд адуугаа харах гээд явсан. Намайг явсан хойгуур нэмээд пиво аваад ирсэн байсан. Тэгээд сүүлийн авчирсан пивоноос би жоохон уусан. Бид хэд пиво тойруулаад ууж байгаад Н, Н 2 гараад явсан удалгүй гадаа юм пэд, пад гээд дуугарсан. Тэгээд би ганцаараа гэрээсээ гарахад манай гэрийн баруун талд Н, Н хоёр хоорондоо барьцалдаад авчихсан байхаар нь салгаад гэртээ оруулсан. Тэр хоёр гэрт байж байгаад удалгүй гэрт бас зодолдоод байхаар нь салгаад гэрээсээ гаргасан. Тэгээд Б гэр лүүгээ явсан. Н-н эхнэр нь ирээд бид 2 Н, Н нарыг хоорондоо зодолдоод байхаар нь салгах гээд хүчрээгүй. Тэгээд аймгаас Б ирж салгаад Н-г гэр рүү нь явуулаад Н манайд хоносон... Малын бэлчээрээс болж маргалдсан ... ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/
5. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 229 дугаартай “... Ц.Н-н биед тархины доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацарт хавдар, баруун хөмсөгний дээд тал, баруун чих, өвчүүнд зулгаралт, зүүн нүдний дээд доод, зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н-н үйлдсэн гэмт хэргийн улмаас Ц.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан/хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ бөгөөд түүнд 217,052 (хоёр зуун арван долоон мянга тавин хоёр) төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ байна.
Хохирогч Ц.Н баримтаар хохирол нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед “... Эрүүгийн хэрэгт өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар зэрэглэлийг тодорхойлох шаардлагагүй мөн ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/ гаргасан, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Б.Н 217,052 (хоёр зуун арван долоон мянга тавин хоёр) төгрөг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт/хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Н-н хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүгдэгч Б.Н-д оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Б.Н 217,052 (хоёр зуун арван долоон мянга тавин хоёр) төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 217,052 (хоёр зуун арван долоон мянга тавин хоёр) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА